Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2021/00059

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2021/00059

******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газар /*******/-т холбогдох, Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газрын ажилтнуудын өндөр насны тэтгэвэрт гарахад 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт тусгуулж, Д.*******д ногдох 9,545,640 /есэн сая таван зуун дөчин таван мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн төлөөлөгч Л.Дорждэрэм, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.******* тус байгууллагад 2012-2020 он хүртэл нийт 9 жил ажилласан. Би 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарах ёстой. Би өндөр насны тэтгэвэрт гарахдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 хүртэлх сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй. Гэтэл Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газар нь манайх төрийн өмчит газар биш гээд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан буцалтгүй тусламжийг төсөвт тусгуулж гаргаж өгөхгүй байна. Энэ нь бидэнд хохиролтой байна.

....Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2-т Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ" гэж заасан. ....Гэтэл Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газар нь бидэнд 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийг гаргаж өгөхгүй байгаад гомдолтой байна.....Төрийн албаны тухай хуульд зааснаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийн мөнгө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоогийн байдлаар 5,000,000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл 4,545,640 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа Д.******* эгч Төрийн үйлчилгээний 36 сарын хугацааны буцалтгүй тэтгэмжийг аваад тэтгэвэрт гарна гэсэн боловч Ховд аймгийн Хот тохижуулах газрын зүгээс холбогдох материалыг нь бүрдүүлээд аймгийн төрийн сан руу өгсөн. Гэтэл аймгийн төрийн сан Сангийн яам руу явуулаад батлуулах ёстой байтал батлуулж ирүүлээгүй. ...Манай байгууллага 360,000,000 төгрөгийн төсөвтэй, төсөвтөө багтааж асуудлыг ярина, тэрнээс биш төсвөөс дээшээ давсан асуудлыг зохицуулж чадахгүй байгаа. .... Манай байгууллага 2020 оны төсвөө 2019 оны 12 дугаар сард төсвийн төслөө явуулдаг. Тухайн оны төсөвт суугдаж ирээгүй бол олгогдох боломжгүй. Сүүлд 2019 оны 12 дугаар сард аймгийн Засаг дарга хөөцөлдөөд хүмүүсийг хохироож болохгүй гэдэг байдлаар хүн бүрт 5,000,000 төгрөгийг төсөвт суулгаж өгсөн.... гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газрын ажилтнуудын өндөр насны тэтгэвэрт гарахад 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт тусгуулж, Д.*******д ногдох 9,545,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газар нь нэхэмжлэгчид 5,000,000 сая төгрөгийг олгосон тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газрын ажилтнуудын өндөр насны тэтгэвэрт гарахад 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт тусгуулах шаардлагаасаа таглалзаж, Д.*******д ногдох 9,545,640 төгрөг гаргуулах шаардлагаа багасгаж 4.545.640 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн болно.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.******* нь 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Ховд хотын захирагчийн ажлын албанд талбайн үйлчлэгчээр ажилд орж 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тухайн байгууллагад ажиллаж байсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаартай тушаал зэргээр тогтоогдож байна. /хэргийн материалын 6-р тал, 49-р тал/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна гэж, мөн хуулийн 15.З-т Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ гэж тус тус хуульчилсан байх тул хариуцагч Ховд аймгийн ******* сумын хот тохижуулах газар нь улсын төсөвт үйлдвэрийн газар байх ба энэ нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 00031885 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. / хэргийн материалын 54-р тал/

Энэхүү улсын төсөвт үйлдвэрийн газарт ажиллаж буй ажилчид нь төрийн үйлчилгээний алба хаагч байх ба Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна гэж, мөн хуулийн 14.1.1-т төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал гэж тодорхойлж заасан байна. Иймээс нэхэмжлэгч нь Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газрын ажилтан ба төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарч байна.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгч Д.******* нь өндөр насны тэтгэвэрт гарахдаа энэхүү нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь энэхүү нэг удаагийн тэтгэмжид хариуцагчаас 9,545,640 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламжинд 5,000,000 төгрөг олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4,545,640 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2-т ... төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ гэж зохицуулсан ба нэхэмжлэгч Д.******* нь тухайн байгууллагат 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш ажилласан, мөн хариуцагч байгууллага нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын төсөвт үйлдвэрийн газар болсон байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.******* нь энэ журмын шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өөрийн Нийгмийн даатгалын дэвтрээ хэрэгт нотариатаар гэрчлүүлж хуулбарыг нь ирүүлсэн байна. Энэхүү дэвтэр болон хариуцагчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаас үзэхэд нэхэмжлэгч нь 2012 оны 4 дүгээр сараас эхлэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 8 жил 9 сар, Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлээр 9 жил, нийт 17,9 жил улсад ажилласан болох нь тогтоогдож байна.

Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.1-д нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно гэж зохицуулсан ба хариуцагчаас нэхэмжлэгчийн сүүлийн 3 жилийн дундаж цалинг тооцож ирүүлсэн түүврээс нэхэмжлэгчийн сүүлийн 3 жилийн буюу 2018, 2019, 2020 оны нэг сарын дундаж цалин нь 477282 төгрөг байна. /хэргийн материалын 28-р тал/ Мөн тогтоолын 2.2-т зааснаар үндсэн цалингийн дунджийг төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор зохицуулснаар тооцоход 17,9*477282 төгрөг=8,543,347 төгрөгийн тэтгэмж олгогдохоор байна. Үүнээс нэхэмжлэгчид хариуцагч нь 5,000,000 төгрөгийг олгосон байх тул энэхүү 5.000.000 төгрөгийг хасч 3,543,347 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 1,002,293 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь энэ нэхэмжлэлийг аймгийн Төрийн санд холбогдуулж гаргах нь зүйтэй гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгчийн ажил олгогч нь Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газар ба тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг тухайн байгууллага олгох ёстой байна. Иймээс ч тэтгэмж болох 5,000,000 төгрөгийг

хариуцагчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаартай тушаалаар олгохоор шийдвэрлэж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид олгосон нь 00236 дугаартай Төлбөрийн хүсэлтээр тогтоогдож байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 167,681 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3,543,347 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж байх тул энэ хэсэгт холбогдох тэмдэгтийн хураамж болох 71,643 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Харин илүү нэхэмжилсэн болон нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хэсэгт холбогдох тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар 3,543,347 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,002,293 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газрын ажилчтнуудын өндөр насны тэтгэвэрт гарахад 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт тусгуулах, тэтгэмжийн 5,000,000 төгрөгийг гаргуулах хэсгээс татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Хот тохижуулах газраас улсын тэмдэгтийн хураамжид 71,643 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Х.ОТГОНЖАРГАЛ