Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                         С.Баянжаргал

             Улсын яллагч                                       Д.Уранчимэг

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                       А.Хандмаа      

                         Шүүгдэгч                                           Н.Хангал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Н.Хангалд холбогдох 201618020246 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, халх, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, Боловсролгүй, Мэргэжилгүй, Ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг Түнхэл тосгоны Хараагийн 5-5 тоотод оршин суух хаягтай, Эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:МЭ:85090153/, Цагаан гэрүүд овогт Нарантуяагийн Хангал.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг, Түнхэл тосгоны Хараагийн 5-5 тоотод оршин суух Н.Хангал нь өөрийн төрсөн хүү болох 5 настай Х.Мөнхдөлийг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Хангал мэдүүлэхдээ: ... Хэзээ юу болсоноо сайн мэдэхгүй байна. Би согтуугаар өөрийн хүү Х.Мөнхдөлийн хөлөн дээр нь гишгээд, тэгэээд эхнэр Алимаа намайг холдуулах гээд ноцолдож байгаад хүүг дарж унаад түүний нурууг нь гэмтээсэн. Тэгээд маргааш нь би Түнхэл тосгоны Буданч гэх уул руу алтанд явсан. 2-3 хоногийн дараа ирэхэд хуучин эхнэр Б.Шүрэндулам хүү Х.Мөнхдөлийг аваад явсан байсан. Өөр хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтанд Насанд хүрээгүй хохирогч Х.Мөнхдөлийн хууль ёсны төлөөлөгч Б.Шүрэндулам мэдүүлэхдээ: ... Манай эмээ Цэвээн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг Түнхэл тосгонд амьдарч байх үед би өөрийн хүү 2 настай Дөлгөөний хамт эмээ дээрээ амьдарч байгаад Хангалтай танилцаад, 2010 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. Бид хоёртой цуг миний дагавар хүү Дөлгөөн хамт амьдардаг байсан. Улмаар би жирэмсэн болж 2011 оны 08 сард Хангал бид хоёрын дундаас хүү Мөнхдөл мэндэлсэн юм. Хамт амьдрах хугацаандаа жирэмсэн байх үеэс минь л архи их уудаг болох нь мэдэгдэж, хүү Дөлгөөнийг минь зодож намайг зоддог байсан. Намайг төрөөд эмнэлэгээс гарах үед Хангалын алтанд явуулдаг босс нь гэр авч өгөөд, Хангалын найз Бат-Эрдэний хашаанд гэрээ бариад амьдарсан. Хангал хамт амьдрах хугацаандаа архи ууж, агсам тавьж, хүү Дөлгөөн болон намайг зоддог байсан тул 2013 оны 10 дугаар сард би хүү Дөлгөөнийг аваад Хангалаас салсан юм. Хүү Мөнхдөлийг авч явах гэсэн боловч Хангал өгөхгүй байсан. Тэгээд ч тэр үед би ажилгүй, амьдрах гэр орон байхгүй байсан учраас хүү Мөнхдөлийг аав Хангалд нь үлдээгээд явсан. Дараа нь манай эмээ Цэвээн над руу утсаар яриад “Танай хүү Мөнхдөл гудамжинд хоол гуйгаад явж байна” гэхээр нь эмээдээ хэлээд, хамаатны ах Дэлгэрийг Хангалын гэр лүү явуулж, хүү Мөнхдөлийг авах гэсэн боловч өгөөгүй, Дэлгэр ах хоёр ч удаа Хангалтай уулзаж, Мөнхдөлийг авах гэсэн боловч өгөөгүй юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сард Хангалын сүүлд суусан эхнэр нь 88265990 дугаарын утаснаас над руу Мөнхдөлийн хүүхдийн мөнгөний асуудлаар ярьж байгаад, дараа нь дахиж тэр хүүхэн яриад “Би чамд үнэнийг нь хэлье, Хангал согтуу ирэх бүртээ Мөнхдөлийг зоддог, Чи хараад хүүгээ танихгүй байх” гэхээр нь би тэр хүүхэнд “Чи надад хүү Мөнхдөлийг аваад өгчих тэгэх үү, Хангал намайг очвол Мөнхдөлийг өгөхгүй, Чи нууцаар ч хамаагүй аваад өгчих” гэхэд тэр хүүхэн зөвшөөрөөд би 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр галт тэргээр Түнхэлд очоод Хангалын сүүлд суусан эхнэрээс хүү Мөнхдөлийг аваад, Зүүнхараад ирээд миний хүү Мөнхдөлийг өргөж авъя гэж байнга гуйдаг байсан нагац ах Батсайхан, бэр эгч Энхзул нарын гэрт ирээд хүүгийнхээ хувцсыг тайлаад харахад толгой, гар, хөл нуруу гээд биеийн ихэнх хэсэгт, хуучин шинэ шарх сорви байхаар нь Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Тухайн өдөр жижүүртэй байсан хүүхдийн эмч Туяацэцэг миний хүү Мөнхдөлийг үзээд, анхны тусламж, эмчилгээ хийгээд, Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Би галт тэргэнд явж байхдаа хүү Мөнхдөлийн толгой, гар дээрх шарх, сорвийг хараад “Миний хүүгийн толгой гаранд ямар их гэмтэл байнаа, хэн ингэсэн юм бэ” гэхэд хүү Мөнхдөл “Аав согтуу ирээд намайг зоддог” гэсэн. Тэгэхээр нь би хүүгээсээ “Хойд ээж нь чамайг зоддог уу” гэхэд хүү маань “Үгүй ээ, хойд ээж намайг зодож байгаагүй” гэж хэлсэн юм гэх мэдүүлэг /XX-н 10 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Алимаа мэдүүлэхдээ: ... Би Хангалтай 2014 оны сүүлчээс эхэлж хамтран амьдарсан. Намайг Хангалтай амьдарч эхлэхэд түүний хүү Мөнхдөл нь 2 нас гарантай байсан. Түүнээс хойш бид гурав цуг амьдардаг байсан. Улмаар 2016 оны 4 дүгээр сард охинтой болсон. Хамт амьдрах хугацаанд Хангал хүү Мөнхдөлтэй энгийн эцэг, хүүгийн харилцаатай байдаг байсан. Ер нь бол манай нөхөр согтуу байхдаа над руу их орилж агсардаг, Мөнхдөл рүү бас орилж загнадаг болохоос нэг их зодоод байдаггүй байсан. Хангалын ээж 9 сард нас барсан юм. Түүнээс хойш Хангал их архи уудаг болсон. Тэгээд 12 сард Мөнхдөлийн ээж Шүрэндулам ирчихсэн гэдгийг Хангал сонсоод орой согтуу орж ирсэн юм. Тэгээд Мөнхдөл хөл нүцгэн зурагтын өмнө зурагт үзээд сууж байснаа эргэж хараад “Аав согтуу ирчихсэн байна” гэхэд Хангал хөл дээр нь санаандгүй гишгэсэн, тэгээд Мөнхдөлийн хөлөөс цус гарсан байсан. Тэгээд Хангал над руу дайраад байхаар нь би түлхсэн, тэгэхэд Мөнхдөл рүү далийхаар нь би Мөнхдөлийг холдуулах гэж байхад Хангал намайг дараад унасан, тэгэхэд Мөнхдөлийг би гараараа дараад унасан байсан. Тэр үед Мөнхдөл “Яаая” гээд орилж байсан. Тэгээд би Хангалтай 20-30 минут ноцолдож байгаад хүлж унтуулчихаад, унтсаных нь дараа хүлээсийг нь тайлсан. Тэгээд Мөнхдөлийн хөлийг харахад цус гоожсон байхаар нь цэвэрлээд эм түрхээд унтуулсан. Маргааш өглөө нь Хангалыг сэрэхээр нь би “Чи согтуу хүүхдийн хөл дээр гишгээд, бас дарж унаад нуруу нь хөхөрсөн байна” гэж хэлсэн. Тэгээд Мөнхдөлийн төрсөн ээж Шүрэндулам 2-3 хоногийн өмнө над руу 95832142 дугаарын утсаар яриад “Би хүүхдийн мөнгөө чам руу шилжүүлье” гэсэн тэгэхээр нь би “Хэрэггүй ээ. Хоёулаа шүүхээр шийдүүлье” гэсэн. Тэгтэл надруу буцаж яриад “Би хүүхдээ ах эгчдээ өргүүлэхээр боллоо” гэхээр нь би хоёулаа шүүхээр яваад яах вэ, тэртээ тэргүй чамайг хүүхдээ хаяад явсныг гэрчлэх олон хүн байгаа. Би адилхан эх хүн, чи бас эх хүн чи хүүхдээ ав ав” гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ирж Мөнхдөлийг авсан. Хангал урьд нь Мөнхдөлийг зодож байгаагүй. Аавын хувиар л ганц нэг удаа цохидог байсан. Ер нь бол архи уудаггүй байж байгаад Хангалын ээж 2016 оны 09 дүгээр сард нас барснаас хойш архи их уудаг болсон юм. Сэтгэл санаагаар унаад архи ууж байгаа байх гэж бодож байна гэх мэдүүлэг /XX-н 11 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтанд Гэрч Д.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: ... Хангал Шүрэндуламтай хамтран амьдарч байх хугацаандаа манай хашаанд амьдарч байсан. Яг хэдэн он гэдгийг сайн санахгүй байна. Манай хашаанд амьдарч байх хугацаанд Хангал, Шүрэндулам хоёр хоорондоо маргалдаж мууталцдаг байсан. Шүрэндуламыг Хангал зоддог байсан эсэхийг мэдэхгүй. Хангалыг Шүрэндулам байнга л орилж, чарлаад загнаад хаячихдаг байсан. Надад бол зодолдож, зодуулж байгаа зүйл ажиглагддаггүй байсан. Манай хашаанд амьдарч байх хугацаандаа Шүрэндулам Мөнхдөлийг төрүүлсэн. Хангал, Шүрэндулам хоёр манай хашаанд 2 жил гаруй амьдрах хугацаанд төрсөн болохоор Мөнхдөл Хангалын төрсөн хүүхэд мөн гэж бодож байна. Манай хашаанд амьдарч байхдаа Хангал хүү Мөнхдөлийг загнаж, зоддоггүй байсан. Манай хашаанд 2 жил шахуу амьдраад эх Шүрэндулам нь Хангалаас салаад 1 нас гарантай хүү Мөнхдөлийг Хангалд үлдээгээд явсан юм. Тэгээд нэг хэсэг Хангалын хүү Мөнхдөл манай гэрт амьдарч байгаад, сүүлд Хангал талийгаач ээж дээрээ аваачиж орхиж байгаад, Алимаатай хамт амьдарч эхлэхдээ хүү Мөнхдөлийгөө өөр дээрээ авсан юм. Хангал хүү Мөнхдөлтэйгээ эцэг, хүүгийн энгийн харилцаатай байсан. Миний нүдэн дээр Хангал хүү Мөнхдөлийг зодож байгаагүй болохоор зодож, загнадаг байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Би Хангалыг хүү Мөнхдөлийг зодож гэмтээсэн талаар хамтран амьдрагч Алимаагаас сонссон. Түүнээс Мөнхдөлийн биед учирсан гэмтлийг бол хараагүй гэх мэдүүлэг /XX 12  дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтанд Н.Хангал мэдүүлэхдээ: ... Би Шүрэндуламтай 2011 оноос эхлэн хамтран амьдарч байгаад, 2013 онд салсан. Шүрэндулам бид хоёр хамт амьдрах хугацаандаа буюу 2011 онд Мөнхдөл гэдэг хүүтэй болсон юм. Мөнхдөлийн ээж Шүрэндулам надаас салахдаа гэрийн хамаг эд хогшил аваад явсан. Би гэртээ ганц ортой л үлдсэн. Шүрэндуламыг салаад явахад нь би өөрийн хүү Мөнхдөлийг өөрөө авч үлдэнэ гээд аваад үлдсэн. Мөнхдөл миний төрсөн хүүхэд мөн. Би Шүрэндуламтай хамтран амьдрах хугацаандаа хоёр удаа зодсон. Намайг Шүрэндулам өөрөө маажаад, зодож, цохидог байсан. 2016 оны 12 сард л байх яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Манай хүү Мөнхдөлийн төрсөн ээж Шүрэндулам Түнхэлд ирсэн байгааг сонсоод бухимдаад архи уусан юм. Тэгээд орой гэртээ согтуу /тасарсан/ орсон. Ухаанаа алдтал согтуу байсан учраас Мөнхдөлийг зодож гэмтэл учруулсанаа санахгүй байгаа юм. Өглөө нь босоход манай эхнэр Алимаа надад “Чи согтуу ирээд Мөнхдөлийн хөл дээр нь гишгэсэн, тэгээд Мөнхдөлийг зодох гээд байхаар чинь би хамгаалахад Чи намайг түлхээд би Мөнхдөлийг дарж унаад, нуруу нь гэмтсэн” гэж хэлсэн. Тэгээд хөл, нурууг нь харахад хоёр хөл нь 2-лаа шалбарсан, нуруу нь шалбараад, хавдсан байсан. Тэгээд би өглөө уул руу алтны шороонд явсан. 2-3 хоноод ирэхэд Мөнхдөлийн хөл, нуруу нь эдгээгүй байсан. Тэгээд дахиад хэд хоног уул руу алтны шороонд явсан байх хооронд манай эхнэр Алимаа Мөнхдөлийг төрсөн ээжид нь өгөөд явуулсан байсан. Тэгэхээр нь би Алимаад “Яагаад өгч явуулж байгаа юм бэ” гэхэд Алимаа “Төрсөн ээж нь авч явна гээд байсан юм” гэж хэлсэн гэх мэдүүлэг /XX-н 25 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн №30 дүгнэлтэнд:

 

1. Мөнхдөлийн биед эрүү, зүүн суга, зүүн дал, баруун бугалга, шуу, зүүн бугалга, зүүн хөлийн шилбэ, баруун, зүүн хөлийн сарвуунд зулгаралт, духны баруун тал, баруун гарын бугалга, шуу, зүүн гарын бугалга, шуу гадна талаар, нурууны нугалам, зүүн хөлийн шилбэ, баруун, зүүн хөлийн тавхайнд цус хуралт, духны баруун тал, баруун гарын бугалга, шуу, зүүн гарын бугалга, шуу гадна талаар, нурууны нугалам, зүүн хөлийн шилбэ, баруун, зүүн хөлийн тавхайнд зөөлөн эдийн гэмтэл, баруун, гарын тохой, шуу, алганы ар хэсэг, зүүн гарын бугалга, тохой, шуу, алганы ар хэсэг, цээж, нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бусдад зодуулсанаар үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

 

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 30 дугаар хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг, Түнхэл тосгоны Хараагийн 5-5 тоотод оршин суух Н.Хангал нь өөрийн төрсөн хүү болох 5 настай Х.Мөнхдөлийг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Н.Хангал хохирогч Х.Мөнхдөлийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, зааж сургах эцэг, эхийн зан заншлын хэм хэмжээг илтэд гажуудуулсан байх ба Х.Мөнхдөлийн бие махбодид эрүү, зүүн суга, зүүн дал, баруун бугалга, шуу, зүүн бугалга, зүүн хөлийн шилбэ, баруун, зүүн хөлийн сарвуунд зулгаралт, духны баруун тал, баруун гарын бугалга, шуу, зүүн гарын бугалга, шуу гадна талаар, нурууны нугалам, зүүн хөлийн шилбэ, баруун, зүүн хөлийн тавхайнд цус хуралт, духны баруун тал, баруун гарын бугалга, шуу, зүүн гарын бугалга, шуу гадна талаар, нурууны нугалам, зүүн хөлийн шилбэ, баруун, зүүн хөлийн тавхайнд зөөлөн эдийн гэмтэл, баруун, гарын тохой, шуу, алганы ар хэсэг, зүүн гарын бугалга, тохой, шуу, алганы ар хэсэг, цээж, нуруунд сорви гэмтэл, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Хангалын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай баримт үйлдэж нотариатаар батлуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх тул Н.Хангалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Хангалд өмнө авсан авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:                                  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Нарантуяагийн Хангалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Хангалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Хангалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Хангал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

4. Н.Хангалд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай. 

                                   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.