| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 107/2020/1256/Э |
| Дугаар | 935 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 935
2020 7 28 2020/ДШМ/935
Г.Э-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Болор-Эрдэнэ,
яллагдагч Г.Э-,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/2120 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цэрэнжамцын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 69 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Э-д холбогдох эрүүгийн 2006000001291 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Чойжилжав овгийн Ганбаатарын Э-, 19.. оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............ хамт ...тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД............................../;
Г.Э- нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уулын замд “замд тавьж өгөөгүй” гэх шалтгаанаар Б.Бямбахүүгийн жолоодож явсан иргэн С.А-ийн эзэмшлийн 51-22 УНЗ улсын дугаартай “Daiwoo PC57D1” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуу шидэн хагалж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Хэргийн 62 дугаар талд яллагдагч болон түүний түүний өмгөөлөгч нар 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “хэргийн материалтай танилцав... мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу байх тул прокурорт хүсэлтийг бичгээр гаргаж шийдвэрлүүлнэ. Салхины шилийг хагалаагүй тул шалгуулж өгнө үү.” гэсэн хүсэлтийг гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч мөрдөн шалгаж ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчид хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтас хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ”, 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “хэргийн материалтай танилцах үед ... оролцогчоос гаргасан хүсэлт гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана” гэжээ. Гэтэл мөрдөгч хуульд заасан ажиллагааг хийлгүйгээр хүсэлтийг шийдвэрлэлгүй хэргийг прокурорт тухайн өдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн, прокурор мөн өдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлджээ.
Энэ нь оролцогчийн гомдол, хүсэлт гаргах, хавтас хэргийн материалтай танилцах хугацаа, боломж нөхцөлөөр хангаагүй мөрдөгчийн үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхийг зөрчсөн байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
Прокурор Г.Цэрэнжамц бичсэн эсэргүүцэлдээ: “... Мөрдөгч нь мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган яллагдагч болон түүний өмгөөлөгч нарт хавтас хэргийн материал танилцуулсан байдаг. Мөн яллагдагчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт, гомдол гаргаагүй тул тус хуулийн 32.8 дугаар зүйлд заасан “хавтас хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно” гэх нөхцөл байдал үүсээгүй байх тул хяналтын прокурор тус хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно” гэж заасны дагуу хавтас хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаахдаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагаа хийж гүйцэтгэх талаар дурьдаагүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Яллагдагч Г.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Прокурор яагаад эсэргүүцэл бичээд байгааг сайн ойлгохгүй байна. Мөрдөгч нар нь мөрдөн шалгах ажиллагаагаа сайн явуулаагүй шүү дээ. Иймд шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Б.Болор-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эсэргүүцлийг дэмжиж байна. Эсэргүүцэлд нэмж хэлэх тайлбар байхгүй. ... ” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Г.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн гомдол, хүсэлт гаргах, хавтас хэргийн материалтай танилцах хугацаа, боломж нөхцөлөөр хангаагүй мөрдөгчийн үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхийг зөрчсөн байна” гэж үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Уг шүүгчийн захирамжийг “хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурор Г.Цэрэнжамцын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 69 дугаартай эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Учир нь, хэргийн 61-62 дугаар талд авагдсан “Хавтаст хэргийн материалыг танилцуулсан тухай тэмдэглэл”-д хохирогч С.А-, яллагдагч Г.Э- нарт танилцуулж гарын үсэг зуруулжээ.
Харин, яллагдагч Г.Э-д танилцуулсан тэмдэглэлд “...мөрдөн шалгах ажиллагаа дутуу тул прокурорт хүсэлт гаргана. Өмгөөлөгч Т.Цэен-Ойдов” гэсэн бичиглэл байх бөгөөд үүнийг нь хэргийн оролцогчдоос гаргаж байгаа албан ёсны хүсэлт гэж үзэх боломжгүй байна.
Улмаар, тухайн хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн /хх 70/ бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж заажээ.
Энэ хугацаанд оролцогчдоос ямарваа нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй байна.
Иймд яллагдагч Г.Э-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/2120 дугаартай шүүгчийн захирамжаар дээрхээс өөр үндэслэл заагаагүй боловч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахад яллагдагч Г.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/2120 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Э-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ