Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 159/ШШ2022/0026

 

 

 

                              

 

 

                                                                                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                              

Хэргийн индекс: 159/2022/0017/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамж хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч *******ыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Эрдэнэжавын Саранбаатарыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилох тухай” Б/81 дүгээр захирамжаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилжээ.

            Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамж хүчингүй болгож, Эрдэнэжавын Саранбаатарыг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр захирамж гарч, түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж түүнд захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шуудангаар хүргүүлснийг хүлээн авч, захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамж хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/11 тоот захирамж гарсныг тушаалын хуулбараар 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шуудангаас хүлээж авсан.

Тус тушаалд “... *******ыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс чөлөөлсүгэй ...” гэжээ. Гэтэл миний зүгээс аймгийн Засаг даргад ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул үндэслэлгүйгээр дээрх захирамж гарсан гэж үзэж тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “... Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө ...” гэж заасан байна.

             Надад дээрх хуульд заасан ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаанууд байхгүй учраас хүсэлт гаргах шаардлагагүй байсан. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан сумын Засаг даргаас огцруулах үндэслэлүүд тогтоогдоогүй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргаас огцруулах талаар саналыг Засаг даргад гаргаагүй болохыг дурьдаж байна.

             Гэтэл дээрх аймгийн Засаг даргын захирамж гарснаар Засаг дарга болсноос хойш тус сумандаа хийж бүтээж байгаа ажлуудыг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болгож байна гэж ойлгож байна. Мөн Засаг даргын захирамж нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гарсан хэрнээ 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж байгаа нь ойлгомжгүй байна.

             Иймд хууль бусаар гарсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамж хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... *******ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулах захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Эрдэнэжавын Саранбаатарыг “Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилох тухай” аймгийн Засаг даргьн Б/81 дүгээр захирамжид холбогдох асуудлаар Зүүнбүрэн сумын иргэн Э.Төмөрбат, А.Дашням нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж гомдол гаргасны дагуу дээрх шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/-ийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан шаардлагыг хангаагүй, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05/13120 тоот дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх зарчмыг баримтлахаар заасантай тус тус нийцэхгүй байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т зааснаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах, 60.1.21-д зааснаар хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх зааснаар аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг гаргасан.

2.3ахиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу дээрх захирамжийн “... өөрийн хүсэлтийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэснийг” өөрийн хүсэлтийн дагуу гэснийг хасч, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг гэснийг” 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр болгон захиргааны актын бичилтийн алдааг залруулах боломжтой. Мөн ******* аймгийн Засаг даргад ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахаа амаар хэлсэн гэдгийг дурьдах нь зүйтэй.

Иймд аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамж хүчингүй болгож, Эрдэнэжавын Саранбаатарыг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд бусад нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Засаг даргыг томилох тухай” 08 дугаар тогтоолоор *******ыг нийт төлөөлөгчдийн 90 хувийн саналаар Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад уламжилжээ.

Авлигатай тэмцэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” 05/13120 дугаар албан бичгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад ирүүлжээ. Тус албан бичигт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн *******, Шаамар сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Ф.Серикбол нар нь /хуучнаар/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан “ ... аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх ...” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул тус албан тушаалуудад холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн этгээдийг нэр дэвшүүлэн томилохыг анхаарна уу гэжээ.

Дээрх Авлигатай тэмцэх газрын албан бичгийг харгалзан үзэлгүйгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/81 дүгээр захирамжаар Эрдэнэжавын Саранбаатарыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар томилжээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамж хүчингүй болгож, Эрдэнэжавын Саранбаатарыг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр захирамжаар Зүүнбүрэн сумын Засаг дарга *******ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 66 дугаар зүйлийн 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 28 дугаар зүйлийн 28.1.3, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... миний зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад ямар нэг хүсэлт гаргаагүй ...” Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндийн болон ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаанууд байхгүй учраас хүсэлт гаргах шаардлага байхгүй. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамж хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж маргажээ.

Зүүнбүрэн сумын Засаг дарга *******ыг ажлаас чөлөөлсөн тухайд

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэж заасан бөгөөд шүүхээс Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны ирсэн бичгийн бүртгэлд хийсэн баримт бичгийн үзлэгээр нэхэмжлэгч *******ын зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж, Зүүнбүрэн сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт бүртгэгдээгүй болох нь тогтоогддог, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаж байгаагүй тухай дурьдсаныг хариуцагч тал үгүйсгээгүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Нөгөө талаас хариуцагчийн зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч ******* нь үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ амаар гаргасан гэх боловч энэ нь ямар нэг баримтаар тогтоогдохгүй байна.

Захиргааны акт утга агуулгын хувьд ойлгомжтой, хуульд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага тавигддаг бөгөөд Б/11 дүгээр захирамж уг шаардлагыг хангахгүй байна.

Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-т “захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал , хууль зүйн үндэслэлийг заана” 40.3-т “захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” 40.4-т “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” 47 дугаар зүйлийн 47.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай” гэж тус тус заасан бөгөөд маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Засаг даргын Б/11 дүгээр захирамжид захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тодорхой заагаагүй, захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заагаагүй байна.

Тодруулбал захирамжид нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон бодит шалтгаан нөхцөл нь юу болох талаар тодорхой заагаагүй, хоёр өөр утга агуулга илэрхийлсэн хуулийн зүйл заалтыг хамтад нь үндэслэл болгон баримталсан, мөн Засаг даргын захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гаргасан боловч хэрэгжиж эхлэх хугацааг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хэрэгжихээр заасан зэрэг нь ойлгомжгүй байна.

 Нэхэмжлэгч ******* эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаагүй байхад чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үзэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн атлаа мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж заасныг давхар баримталсан нь утга агуулгын хувьд алдаатай хоёрдмол салаа утгаар ойлгогдохоор байна.

Дээрх үндэслэлүүдээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга маргаан бүхий Б/11 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3  /нөхцөл байдлыг тогтоох/, 28 дугаар зүйлийн 28.1.3-т /сонсох ажиллагааг хийхгүй байх/ гэж заасныг үндэслэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр бодит нөхцөл байдлыг тогтоох талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй,  мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-28.1.6-д заасан сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл тогтоогдоогүй байх бөгөөд хариуцагч дээрх сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа нотолж чадаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамж хүчингүй болгож, Эрдэнэжавын Саранбаатарыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, *******ыг Зүүнбүрэн сумын Засаг даргаар эгүүлэн тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР