Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/00165

 

 

Г-ы нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

           

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00844 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2024/00806 дугаар магадлалтай           

Г-ы нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б , хариуцагчийн өмгөөлөгч Х , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г нь хариуцагч Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00844 дүгээр шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Г, Б нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн хүү Б ийг эх Г-ы асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Б ийг 11 нас хүртэл бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээг 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг эцэг Б-аас гаргуулж тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөгүйгээр бол эцэг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх саад учруулахгүй байх үүрэгтэйг даалгаж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ...  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, ...  байрны ...  тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г-, хүү Б  нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн үнийн ногдох хэсэг болох 26,509,500 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б-д олгож, эрхийн улсын бүртгэлийн ...  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, ...  байрны ...  тоот хаягт байршилтай 58.95 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Г, хүү Б  нарын өмчлөлд бүртгэхийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 625,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 493,245 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75,130 төгрөгийг гаргуулж улсын орлогод, энэ хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэмжид нэг жилийн хугацаанд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 75,130 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2024/00806 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00844 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Б-аас 14,817,977 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г-д олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 7 дахь заалтыг 6 гэж дугаарлан, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 625,800 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 555,600 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгч Г-д олгож, хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г-д буцаан олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 8, 9, 10, 11 гэсэн дугаарлалтыг 7, 8, 9, 10 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.19-ний өдрийн 210/МА2024/00806 дугаар магадлалыг хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг анхаарч үзээгүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, хууль хэрэглээний зөрүүг арилгах нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “... маргаан бүхий орон сууцны зээлийн үлдэгдэл 2022.12.08-ны өдрийн байдлаар 57,355,534 төгрөг байсан ба хариуцагч Б  нь орон сууцыг Б т худалдсан мөнгөн хөрөнгийг өөртөө зарцуулаагүй буюу 57,355,534 төгрөгийн зээлийг орон сууц худалдсан мөнгөн хөрөнгөнөөс төлж барагдуулсан байна. Иймд орон сууцны үнэ 79,582,500 төгрөгөөс зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 57,355,534 төгрөгийг хасаж үлдэх 22,226,500 төгрөгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзнэ...“ гээд 14,817,977 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасан зохицуулалтад нийцнэ” гэж дүгнэжээ. Харин хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа “....үлдэгдэл 56,522,500 төгрөгийг сар бүр төлж байгаад 14,000,000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байсан ... ажлаас гарснаас болоод эгчдээ “ипотекийн зээлийг төлж чадахгүйгээс болоод хар жагсаалтад орлоо, та энэ зээлийг хаагаад өгчих, би танд байраа шилжүүлээд өгье” гэсэн. Тэр хүний амьдралаа болгох гэж байгаа мөнгийг би амьдралдаа зарцуулчхаад тэр хүнд хүний үнэргүй хандаж болохгүй гэж үзээд ипотекийн зээлээ хаалгаад эгчдээ 50 сая төгрөгөөр зарсан ... охины эмчилгээний зардлыг Г-ы талаас ч гаргаж байсан...” гэх тайлбаруудыг өгдөг. Гэтэл давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр хамтран өмчлөх дундын өмч хөрөнгийг 22,226,500 гэж тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Түүнчлэн 2015 онд 79,582,500 төгрөгөөр тооцож авч байсан орон сууцыг 2022 онд 50,000,000 төгрөгөөр зарсан гэх баримт нь бодит байдалд нийцэх боломжгүй үйл баримт болохыг анхаарч үзээгүй нь хүүхдийг эцэг, эх амьдрах орон байр нөхцөлөөр хангах, мөн хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар төрийн чиг үүргийг шүүх хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2024/00806 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.06.13-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00788 тогтоолоор нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Г нь хариуцагч Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, үндэслэлээ “...зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2019 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, Б өөр хамтран амьдрагчтай болж, үр хүүхэдтэй болсон, ...хамтран амьдрах хугацаандаа ...58.95 м.кв 2 өрөө орон сууцыг 79,528,500 төгрөгөөр авсан, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг хариуцагч төлсөн, үлдэх хэсгийг банкны зээлээр авсан, зээлийн эргэн төлөлт хийж байсан, ... дундын өмчийг дур мэдэн бусдад зарсан тул ногдох хэсгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй ” гэсэн агуулгаар тайлбарласан.

Хариуцагч нь дээрх шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, харин гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч, “...2015.10.31-ний өдөр гэрээ байгуулж уг орон сууцыг авахдаа байрны урьдчилгаа 13,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 56,522,500 төгрөгийг сар бүр төлж байгаад 14,000,000 төгрөгөөр өөрийн талийгаач охины Энэтхэг улсад эмчлүүлэх мөнгө шаардлагатай болж, эгч Б ээс зээлж байсан. ...банкны зээл төлөх боломжгүйгээс 2022.12.09-ний өдөр байрыг эгчдээ 50,000,000 төгрөгөөр зарж, банкны үлдэгдэл зээл болон эгчийнхээ өрийг төлж дуусгасан. Байр худалдсан гэрээ хүчин төгөлдөр, өөр хүний өмчлөлд шилжсэн” гэж маргажээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх  гэрлэлт цуцлуулах болон  хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд хүү Б , охин Б  нар төрсөн, охин нь  2020.02.04-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон байна. Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэсэн, шүүхийн шийдлийн энэ хэсэгт зохигчоос гомдол гаргаагүй байна.

8. Харин гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулах шаардлагын тухайд хоёр шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийж, ялгаатай шийдэл гаргасан байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлоос хангах үндэслэлтэй гэж үзэв.

9. Анхан шатны шүүх “...хоёр өрөө орон сууцыг 79,582,500 төгрөгөөр худалдан авахдаа урьдчилгаанд 13,000,000 төгрөгийг хариуцагч төлж, Хаан банктай 2016.03.29-ний өдөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулахад хамтран зээлдэгчээр Г   оролцсон, зээлийн эргэн төлөлтөд сард 543,000 төгрөгийг хариуцагчийн дансаар төлж байсан ба энэ нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч, гэр бүлийн гишүүд хөрөнгөө хамтран өмчлөх эрхтэй. Б нь  уг орон сууцыг өөрийн төрсөн эгч Б т 2022.12.09-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээгээр 50,000,000 төгрөгөөр борлуулсан нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3-т зааснаар уг  хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар ...хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г  , хүү Б  нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн үнийн ногдох хэсэг болох 26,509,500 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.    

10. Давж заалдах шатны шүүх дээрх  шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн, ... орон сууцны зээлийн үлдэгдэл 2022.12. 08-ны өдрийн байдлаар 57,355,534 төгрөг байсан ба хариуцагч Б нь орон сууцыг Б т худалдсан мөнгөн хөрөнгийг өөртөө зарцуулаагүй буюу 57,355,534 төгрөгийн зээлийг орон сууц худалдсан мөнгөнөөс төлж барагдуулсан байх тул орон сууцны үнэ 79,582,500 төгрөгөөс зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 57,355,534 төгрөгийг хасаж, үлдэх 22,226,966 төгрөгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө” гэж дүгнээд, үүнээс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсэг нь 22,226,966 : 3 = 7,408,988 төгрөг байх тул  нэхэмжлэгч Г, хүү Б нарт ногдох 14,817,977 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.  

11. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд худалдах-худалдан авах гэрээний нөгөө тал болох Б оролцоогүй байхад Б болон Б  нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь алдаатай, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь уг орон сууцнаас ногдох хэсгээ шаардсан байхад орон сууцыг нэхэмжлэгчид үлдээхээр шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Харин давж заалдах шатны шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлохдоо орон сууцыг худалдан авахаар банкнаас зээлсэн зээлийн өрийг хүүхдэд  хуваасан алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой юм. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийхэд  маргааны зүйл болж буй орон сууц нэгэнт гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байх тул орон сууцыг анх худалдан авсан үнэ 79,582,500 төгрөгийн хэмжээнд гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг тооцох нь зүйтэй. Энэ хэмжээг  гэр бүлийн гурван гишүүнд  хуваахад нэг хүнд 26,527,500 төгрөг ногдож байгаа. 2022.12.08-ны өдрийн байдлаар буюу орон сууцыг бусдад худалдах үед ипотекийн зээлийн үлдэгдэл 57,355,000 төгрөгийг өртэй байсан ба энэ үүргийг гэр бүлийн насанд хүрсэн хоёр гишүүн буюу нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваахад талууд дундын хөрөнгө  болон орон сууцны зээлийн тухайд харилцан өглөг, авлагагүй болно. Харин насанд хүрээгүй гишүүн болох хүү Б т ногдох 26,527,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-д нийцнэ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр оролцуулах талаар хүсэлтийг зохигч гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд  гаргаагүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2024/00806 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “14,817,977 төгрөгийг” гэснийг “26,527,500 төгрөгийг” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтын “56.2, 58 дугаар зүйлийн 58.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.1 гэж,  “хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200” гэснийг “ хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 360,787” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 349,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                

              

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ  

                        ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                  П.ЗОЛЗАЯА

                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                             Х.ЭРДЭНЭСУВД