Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2021/00086

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2021/00086

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан хуралдаанаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 120 мянгатын 3-14 тоотод оршин суух Боржигон овогт Энхтайваны Дорждэрэм /ШЗ82051077/-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн цэргийн ангийн байрны 12-04 тоотод оршин суух Шандан овогт Батаагийн Отгонсүрэн /ЙЮ83122769/-д холбогдох, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны  01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Э.Дорждэрэм нар оролцов. Хариуцагч Б.Отгонсүрэн нь эзгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Дорждэрэм нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2007 онд Б.Отгонсүрэнтэй албан ёсоор гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд миний эхнэр болох Б.Отгонсүрэн нь Б.Батпүрэв гэгчтэй нэр холбогдож, одоо түүний хүүхдийг тээж байгаа болно. Энэ 2 хүнийг хамтран амьдарч эхлэх үед миний бие Улаанбаатар хотод сургуульд сурч байсан болно. Бид 2-ын дундаас гарсан хүүхдүүдээ хоёр талд авч амьдраад 1 жил гаруй болсон. Миний бие том охиноо өөрөө авсан. Ямар ч эд хөрөнгийн маргаан бид хоёрын дунд байхгүй. Өмнөговь аймагт миний бие ажилладаг тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй учир шүүх хуралдааныг онлайнаар явуулж өгнө үү. Хуулийн дагуу гэрлэлтийг минь цуцлаж өгнө үү...Бид 2019 оны 4 сараас хойш тусдаа амьдарч байна. Би уг нь эхнэртэйгээ эвлэрье гэж бодоод төрсөн өдрөөр нь эхнэрийнхээ амьдарч байгаа газар очсон боловч том гэдэстэй намайг хүлээж авсан. Чамайг уучлая гэж хэлсэн боловч эргэж надтай амьдрахгүй гэсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд гэрлэлтийг цуцлаж өгнө үү, охиноо өөр дээрээ авна, хүүгээ ээжид нь үлдээхээр бид тохирсон... гэв.

Хариуцагч Б.Отгонсүрэн нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардпагаас гэрлэлт цуцлуулах хэсгийг хүлээн зөвшөөрнө. Хүүхдийн асрамж, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгийн талаар маргаан байхгүй.

.....Б.Отгонсүрэн миний бие цэргийн жинхэнэ албан хаагч бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Ховд аймгийн төв Жаргалант суманд байршилтай Зэвсэгт хүчний 123 дугаар ангид томилогдон ирж ажиллаж байна. Э.Дорждэрэмийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Дорждэрэм нь хариуцагч Б.Отгонсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Б.Отгонсүрэнд шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн ба нэхэмжлэгч Э.Дорждэрэм нь хариуцагчийн эзгүйгээр шүүх хуралдааныг хийх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэлээ.

Гэрлэгчид нь 2007 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсон нь 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Д.Аялгуу, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүү Д.Аминдурал нар төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 5-6, 7 дугаар тал/

Нэхэмжлэгч Э.Дорждэрэм, хариуцагч Б.Отгонсүрэн нар нь эвлэрч, цаашид хамтран амьдрах боломжгүй, хариуцагч Б.Отгонсүрэн нь өөр бусадтай хамтран амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид нь хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй бөгөөд 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д.Аялгууг эцэг Э.Дорждэрэмийн асрамжид үлдээхээр, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Аминдуралыг эх Б.Отгонсүрэнгийн асрамжид үлдээхээр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн санал зэргийг харгалзан үзэж 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д.Аялгууг эцэг Э.Дорждэрэмийн асрамжид үлдээхээр, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Аминдуралыг эх Б.Отгонсүрэнгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д.Аялгууг эцэг Э.Дорждэрэмийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Отгонсүрэнгийн хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй, мөн 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Аминдуралыг эх Б.Отгонсүрэнгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Э.Дорждэрэмийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Э.Дорждэрэм, эх Б.Отгонсүрэн нараас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эцэг Э.Дорждэрэм, эх Б.Отгонсүрэн нар нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгч Э.Дорждэрэмээс нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, олгохоор тогтов.

2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д.Аялгууг эцэг Э.Дорждэрэмийн асрамжид, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Аминдуралыг эх Б.Отгонсүрэнгийн асрамжид тус тус үлдээхээр гэрлэгчид харилцан тохиролцсон ба түүнд хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг зохигчид нь гаргаагүй тул шийдвэрлэх боломжгүй байна. Энэ талаар цаашид нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Боржигон овогт Энхтайваны Дорждэрэм /ШЗ82051077/, Шандан овогт Батаагийн Отгонсүрэн /ЙЮ83122769/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д.Аялгууг эцэг Э.Дорждэрэмийн асрамжид, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Аминдуралыг эх Б.Отгонсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлээгүй, эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хуулид заасан эцэг, эхийн үүргээ биелүүлж байхыг нэхэмжлэгч Э.Дорждэрэм, хариуцагч Б.Отгонсүрэн нарт, энэ үүргээ биелүүлэхэд хэн аль нь саад учруулахгүй байхыг үүрэг болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонсүрэнгээс 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.

7.Гэрлэгчид нь эвлэрсэн тохиолдолд шүүхэд хүсэлтээ гаргаж гэрлэлтээ сэргээх боломжтой болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ