| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00585/И |
| Дугаар | 153/ШШ2021/00098 |
| Огноо | 2021-02-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 153/ШШ2021/00098
| 2021 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2021/00098 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 31-494 тоотод оршин суух, Боржигин овогт Цэндээгийн Цэдэндорж /ПЭ77040409/-ийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Жаргалант сумын Наран баг Толхын Ойл 2 дугаар байрны 3-8 тоотод оршин суух, Голшар овогт Баахүүгийн Отгонбаяр /ПГ79061611/-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00585/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нэхэмжлэгч Ц.Цэдэндорж /онлайн/, хариуцагч Б.Отгонбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэдэндорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 05 дугаар сарын 21-ны өдөр охин О.Есүй, 2014 оны 09 дүгээр сарын 17-нд охин О.Есүйгэн нар төрсөн. Б.Отгонбаяр нь амьдарч байх хугацаандаа байнга архи дарс ууж, тогтвортой ажил хөдөлмөр эрхлэхгүй, уух тоолондоо биднийг тайван амраахгүй агсам тавьж, миний хоолой боох, тархи толгой биеийн бүхий л хэсэгт цохиж нүдэн түүгээрч зогсохгүй том охиноо нүдрүүн цохиж хөхрүүлэн, гар дээрэн савтай ус өргүүлж удаан зогсуулах, хүүхдүүдээ айлгаж дарамтлах, хутга шөвгө хайж биднийг ална тална гэж сүрдүүлэх зэрэг үйлдлүүд удаа дараа гаргаж байсан. Гэр бүлийн хүчирхийлэл дор олон жил амьдарсан цаашид энэ бүхнийг тэвчих нөхцөлгүй болоод 2017 онд УБ хотруу 2 охины хамт ах дүүгээ бараадан амьдархаар явсан. Тусдаа амьдраад 3 жил боллоо. Хоёр охиноо бодон уучилж, 10 жил амьдарсан. Намайг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гээд байна би 10 жил энэ хүнтэй амьдрахдаа нэг ч удаа тийм асуудал гаргаж чадаагүй. Одоо цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин О.Есүй, Охин О.Есүйгэн нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Б.Отгонбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулан өгнө үү...гэв.
Хариуцагч Б.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 3 жил тусдаа амьдраагүй. Ц.Цэдэндорж нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс болж бидний дунд асуудал үүссэн. Гэр бүлээ тэжээж байсан амьдралын төлөө л зүтгэж байсан. Ийм асуудлаа яагаад ярихгүй байгаа үндсэндээ гэр бүлээс өөр хүнтэй харилцаатай болсноос хойш намайг гэрээсээ явуулсан. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Цаашид зөв сайн сайхан амьдраасай л гэж хүсэж байна... гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэдэндорж нь хариуцагч Б.Отгонбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид нь 2005 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин О.Есүй, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр охин О.Есүйгэн нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 8-10 дугаар тал/
Нэхэмжлэгч Ц.Цэдэндорж, хариуцагч Б.Отгонбаяр нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлаж, 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин О.Есүй, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин О.Есүйгэн нарыг эх Ц.Цэдэндоржийн асрамжинд үлдээн, эцэг Б.Отгонбаяраас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Отгонбаяраас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин О.Есүй, О.Есүйгэн нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Б.Отгонбаярын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Б.Отгонбаяр нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Ц.Цэдэндорж нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,043 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонбаяраас 146,378 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 11,665 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэдэндоржид олгохоор тогтов.
Хүүхдүүдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ц.Цэдэндорж, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Отгонбаяр нарт тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Голшар овогт Баахүүгийн Отгонбаяр /ПГ79061611/, Боржигин овогт Цэндээгийн Цэдэндорж /ПЭ77040409/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин О.Есүй, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин О.Есүйгэн нарыг эх Ц.Цэдэндоржийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин О.Есүй, 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин О.Есүйгэн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг сар бүр эцэг Б.Отгонбаяраас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг нэхэмжлэгч Ц.Цэдэндоржид, хүүхдийн тэтгэлэгийг цаг хугацаанд нь төлж байхыг хариуцагч Б.Отгонбаяр нарт тус тус үүрэг болгож, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.Отгонбаяр мэдэгдсүгэй.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлж байхыг энэ үүргээ биелүүлэхэд хэн аль нь саад учруулахгүй байхыг зохигч нарт үүрэг болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,043 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонбаяраас 146,378 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 11,665 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэдэндоржид олгосугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ