| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/169 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/169
2024 07 02 2024/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,
улсын яллагч Б.Жамъяндорж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,
шүүгдэгч Б.Лувсанбалдан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Лувсанбалданд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000051 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар баг “Урт булаг” 5 дугаар хороолол 2 дугаар байр 56 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ИИ92042511,
Цагаан гэрүүд овогт Бат-Эрдэнийн Лувсанбалдан.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч Б.Лувсанбалдан нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Монгол Жүюаньли” ХХК-ны уурхайн харуулын байранд урьдын таарамжгүй харилцааны улмаас иргэн Н.Баярбанзрагчийг онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь “толгойн хуйх, нүүр, зүүн чихний урд хэсэг, хамар, баруун хацар, зүүн гарын чигчий хуруунд язарсан шарх, баруун чамархай, зүүн бугалга, нуруунд олон тооны цус хуралт, няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Лувсанбалдан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ээлжийн ахлагч нэг харуулыг архинд явуулсан байсан. Тэрийг нь орой уусан. Би их согтсон байсан Архидан согтуурснаас болж зодолдсон. Хохирогч 50 орчим насны хүн. Н.Баярбанзрагч миний биед халдаагүй. Би галын хутгуурын дэгээ төмрөөр толгой руу нь олон удаа цохисон. Нүүрэнд нь дэгээ төмрөөр цохисон. Над руу хутга барихаар нь хутгыг нь булаах гэж байхад зүсэгдсэн байх. Хутгыг нь аваад шидсэн. Би шал арчуулаагүй. Шалан дээр дуссан цусыг арччих гэж хэлсэн. Би данхтай уснаас гаран дээр нь гоожуулж өгсөн Хамт байсан хүмүүс гараад явчихсан байсан.
Хохирогчид 500,000 төгрөгийг дансаар төлсөн.Энэ миний хэрэглэсэн галын дэгээ, хутга мөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Эрүүгийн 2430000000051 дугаартай хэргээс:
- Яллагдагч Б.Лувсанбалданы: Миний бие 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд үйл ажиллагаа явуулдаг "Монголжуюанли" ХХК-ны харуулын ажил хийгээд амарч байсан, тухайн өдөр битүүний өдөр байсан. Хамт байсан Баянмөнх гэдэг ах” би утасгүй ирчихсэн, барих утасгүй, Түмэнцогт сумын төв яваад нокиа утас худалдаж аваад ирье” гэж зөвшөөрөл аваад явсан. Баянмөнх ах Түмэнцогт суманд очоод ээлжийн ахлах Баярбанзрагч руу “энд нокиа утас байхгүй байна” гэж хэлэхэд Баярбанзрагч “чи наад мөнгөөрөө 2 шил архи худалдаж аваад ирээ би цалин буухаар мөнгийг нь өгнө Цагаан сар болж байгаа юм чинь” гэж хэлээд архи захиж авчруулсан юм билээ. Энэ үед Баянмөнх ах “архи ууж болохгүй гэсэн шүү дээ цалин, мөнгө өгдөггүй” гэсэн гэж хэлсэн чинь Баярбанзрагч “би харуулын дарга мэдэж байна” гээд архи авчруулсан гэж дараа нь Баянмөнх ах надад хэлсэн. Хамгийн өндөр настай Ганбат ахаар идээгээ засуулаад би өөрөө буузаа жигнэж, хамтдаа бөх үзээд сууж байсан чинь Баярбанзрагч “Түмэнцогтоос авчирсан архиныхаа нэгийг нь уучихъя” гэхээр нь би “за битүүний өдөр юм тэгье даа” гээд Баянмөнх, Баярбанзрагч бид 3 хувааж уусан. Ганбат ах гараатай гээд огт архи уугаагүй. Тэгээд 2 дахь архиа задлаад ууж байсан чинь Баярбанзрагч “манай аав 9 оргодлын нэг шүү” гэж хэлээд согтуурхаад Ганбат ах руу “та намайг аавыг мэдэх үү” гэсэн чинь мэднэ гэж хэлээд маргалдаад байхаар нь би ийм зүйл битгий яриа гэсэн чинь Баярбанзрагч хутга бариад надад хандаад “см-ээр хутгалж үзүүлэх үү, манай аав см-ээр хутгалдаг байсан” гээд байхаар нь би уурлаад хутгыг нь булааж аваад “таныг өөрийг чинь ингэчихвэл яах уу” гээд өөдөөс нь дайрсан чинь Баярбанзрагчийн хацрыг нь барьж байсан хутгаар нь зурчихсан, гарыг нь зүссэн байж магадгүй, одоо сайн санахгүй байна. Тэгээд заамдаж байхад Баянмөнх ах “хүн алах гэж байна уу” гээд миний гарыг цохиод хутга унагаахаар аваад ширээн дээр тавьсан. Тэр хооронд Баянмөнх ах Ганбат ахыг дуудах гээд гарах хооронд нь гал хөдөлгөдөг дэгээ төмрөөр Баярбанзрагчийн толгой, нуруу нь хэд хэдэн удаа цохиод, толгой руу нь 2 удаа цохисон. Тэгээд би өдөр нь шалаа угаачихсан байсан учир Баярбанзрагчийн гар, толгойноос гарсан цусыг өөрөөр нь арчуулсан. Харин шээсээр гарыг угаалгасан зүйл бол огт байхгүй. Тэгээд ус дуусчихлаа гэхээр нь чи тэгвэл усандаа яваач гэсэн чинь канистар аваад гарсан. Ганбат, Баянмөнх нар орж ирээд юу болоод байгаа юм гэж асууж байхад удалгүй цагдаа ирээд намайг Баярбанзрагчийн хамт Түмэнцогт сум руу явсан” (хх-ийн 50-52-р хуудас),
- Хохирогч Н.Баярбанзрагчийн: 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг Шар хад гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол жүюаньли” ХХК-ийн уурхайн харуулын байранд байхад, хамгаалагч Баянмөнх надад “барих гар утас байхгүй сумын төв ороод хямдхан байсан ч хамаагүй гар утастай болоод ирье, цагаан сар болж байна, гэр оронтойгоо холбогдох хэрэгтэй байна” гэж хэлээд өглөө 10 цагийн үед Түмэнцогт сум руу явсан. Баянмөнх сумын төвөөс өдөр 12 цагийн үед уурхайн харуулын ажлын пост руу орж байгаа харагдсан юм. Тухайн үед миний нойр булчирхай өвдөөд байсан тул хамгаалагч Ганбат гэх хүнээс өвчин намдаах эм байна уу гээд очиход, харуулын байр дотроосоо түгжээтэй байсан. Би хаалгыг нь тогшоод “өвчин намдаах эм байна уу” гэхэд Лувсанбалдан хаалга нээгээд “эм байхгүй цаашаа яв” гэсэн юм. Намайг хамгаалагч нарын байрладаг амралтын өрөөнд гуталтайгаа орон дээр хэвтэж байхад, 30 орчим минутын дараа постод байсан гурван хамгаалагч гаднаас орж ирсэн. Тэд орж ирэхдээ “Агар” нэртэй 0.75 граммын тал шил архи барьж ирсэн. Лувсанбалдан одоо хэдүүлээ битүүлэх үү гээд идээгээ засчхаад, архинаасаа аяганд хийхдээ “чамайг өнөөдөр шоронгийн амьдралаар амьдруулна, май уу” гээд өгсөн. Би архийг нь айсандаа ууссан юм. Намайг архи уу гэж хэлэхдээ гараараа цээж рүү 2-3 удаа цохисон юм. Би орон дээр эвхрээд унахад, миний зүүн гуя руу хөлөөрөө өшиглөсөн. Намайг Лувсанбалдан “муу гөлөг минь хурдан гүйж яваад миний цүнхнээс нэг шил архи аваад ир” гэсэн. Би айсандаа хажуу өрөөнд байсан Лувсанбалданы цүнхнээс архи аваад ороход “гөлөг минь архиа задал” гээд архийг нь задлаад Лувсанбалданд өгөхөд өөрөө архиа тойруулсан. Лувсанбалдан архи ууж байгаад гэнэт босож ирээд “энэ муу гөлгийг алаад, жалганд булчихад хэн мэддэгийн” гээд хутга аваад хутганы ирний эсрэг талаар миний хоолойнд тулгаж ална гэж айлгасан, мөн иртэй хэсгээр нь миний баруун хацар дээр зурчихсан юм. Би тухайн үед эсэргүүцэн хутгатай гартай нь зууралдаж байгаад зүүн гарын чигчий хуруугаа зүсүүлчихсэн юм. Гэтэл зүсүүлсэн чигчий хуруу, хацар хоёроос их хэмжээний цус гараад гоожиход Лувсанбалдан миний цусыг хараад хутгаа ширээн дээр тавьчихсан юм. Тэгээд шал угаадаг төмөр түмпэнийг над руу өгөөд “өөрийнхөө цусыг өөрөө угаа бууны нохой минь” гэж хэлсэн юм. Би Лувсанбалданаас айсандаа түмпэнд ус хийж шалаа угаасан. Лувсанбалдан “энэ шал нэг ч ширхэг толбогүй байх ёстой шүү” гэсэн. Намайг шал угаах явцад бөгс рүү хэд хэдэн удаа өшиглөсөн, мөн дээшээ доошоо сууж бос гэж хэлээд зодоод байсан юм. Би 60 орчим удаа сууж боссон юм. Би сууж босож чадахгүй байна гэхэд цээж рүү гараараа цохисон юм. Мөн гал түлдэг төмөр дэгээгээр намайг сууж босгох явцад маш олон удаа цохисон. Би сууж босож чадахгүй байтал хаалга руу шахаад төмөр дэгээгээр миний толгой руу 2-3 удаа цохиж хагалсан юм. Миний толгой хагарч цус тогтохгүй нүүр дагаж гоожоод байсан юм. Намайг цусаа угаа гээд дахиад угаалгасан юм. Мөн угаасан угаадсаа асга гээд гаргуулж асгуулсан юм. Намайг угаадас асгах үед зугтаалгахгүй гэж хамт гараад, буцаж орохдоо миний араас орсон юм. Бид хоёрыг ороход өвгөн харуул Ганбат нь Лувсанбалданд хандан “ах нь гарч бие засъя” гэхэд “эндээс хэн ч гарч бие засахгүй” гэхэд,Ганбат ах “тэгвэл пост руугаа явъя” гэхэд “постын ажлыг өнөөдөр би мэдье” гэж хэлээд байрнаас гаргаагүй. Ганбат ахыг “наад хувиндаа шээ” гээд шээлгэсэн юм. Лувсанбалдан дэгээгээр намайг байнга цохиж шал арчуулж байсан. Лувсанбалдан “одоо бос муу гөлөг минь наад гоожсон цус, гараа сайн угаа” гэхэд н, би за гэж хэлээд данхтай ус авч угаах гэтэл данх усгүй байсан юм. Гэтэл Лувсанбалдан намайг зодож байгаад Ганбатын шээсэн шээсээр гарыг минь угаалгасан юм. Тэгснээ Лувсанбалдан намайг “одоо наад шээстэй угаадсыг чинь чамд уулгачих уу” гэснээ нөгөө хоёртоо хандан “энэнд уулгачих уу, яах уу” гэхэд “одоо арай хэтэрнэ, орхичих” гээд орон дээрээ хэвтээд байсан юм. Намайг “ яваад энэ цэнхэр сав, мөн харуулын постонд байгаа сав хоёроор гялс ус аваад ир” гээд явуулахад нь постны хажууд савыг нь хаяад зогоон дагаад зугтаасан юм. Би зугтааж байхдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би зугтаагүй бол намайг өглөө 06 цаг хүртэл шоронгийн амьдралаар амьдруулна, шоронд бол энэ юу ч биш гэж хэлсэн юм. Би үнэхээр их айсан...Би Лувсанбалдан гэх хүнтэй муудаж маргалдаж байгаагүй. Манай хамгаалагч нарын цалин сарын өмнө бууж амжаагүй юм. үүнээс болж надад өс санаж зодсон байх гэж бодож байна. Би цалин олгодог албан тушаалтан биш.Миний толгой хагалж 3 оёдол тавиулсан, мөн зүүн гарын чигчий хурууг хутгаар зүсэж 2 оёдол тавиулсан. Миний нуруу руу маш олон удаа цохисны улмаас хөхөрч хавдсан маш зовуурьтай, зүүн гуя руу өшиглөсний улмаас хөхөрч хавдсан маш хөндүүр хөдөлгөөн хязгаарлагдсан. Миний зүүн мөрийн бугалга хэсэг рүү төмөр дэгээгээр цохисны улмаас хөхөрч хавдсан хөдөлгөж болохгүй байгаа. Миний баруун хацрыг хутгаар зүссэн зүүн чих орчим зурагдсан шархтай байна. Одоо миний бие маш зовуурьтай байна ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14-р хуудас),
- Гэрч Ж.Ганбатын: Баянмөнх пост руу гүйж орж ирээд, нөгөө хоёр чинь зодолдоод байна гэхээр хамт ороход Лувсанбалдан нь Баярбанзрагчиийг орон дээр нь дарчихсан ална чамайг гээд хутга далайгаад ална гээд байж байсан. Баянмөнх, Лувсанбалдангийн хутгийг булааж аваад салгасан.Тэгтэл Баярбанзрагч хаалга руу зугтаах гээд гүйхэд нь Лувсанбалдан төмөр дэгээгээр нуруу руу нь хэд хэдэн удаа цохисон. Намайг орж очиход ийм л зүйл болсон өөр юу болсон талаар мэдэхгүй байна. Лувсанбалдан цалингаа хасуулсан шалтгаан нь Н.Баярбанзрагч дарга руугаа хов хүргэсэнтэй холбоотой асуудалд уурлаад байдаг юм шиг байна лээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18-р хуудас),
- Гэрч Д.Баянмөнхийн: Миний бие 2024 оны 02 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед амрах байрандаа цагаан сар болж байсан тул хамт ажилладаг Лувсанбалдан, Баярбанзрагч, Ганбат нартай агар нэртэй 2 шил архи хувааж уусан юм. Бид нар архи ууж байхад Лувсанбалдан, Баярбанзрагч нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Маргалдах шалтгаан Лувсанбалдан нь Баярбанзрагчийг “чи архи уухаараа дарга нар руугаа согтуу ярьдаг шүү, миний цалинг хаалгасан пизда шүү” гээд агсраад байсан юм. Лувсанбалдан нь Баярбанзрагчийг орон дээр байхад нь шууд очоод хөл рүү өшиглөөд, мөн заамдаж татаж босгож ирээд алгадаад зодож эхэлсэн. Үүдний хаалганы булан руу шахаж байгаад Баярбанзрагчийг заамдаж дарж байгаад нуруу нь дэгээ төмрөөр цохиж зодсон. Би Лувсанбалданыг “болиоч ээ, одоо болно боль чи” гэж хэлэхэд Баярбанзаргчийг заамдаж чирээд орон дээр чирч аваачсан. Би гарч постод байсан Ганбат ахад очиж “нөгөө хоёр чинь зодолдоод байна” гэж хэлээд дагуулаад орж ирэхэд Лувсанбалдан нь Баярбанзаргчийг орон дээр дарчихсан дээрээс нь хутга далайгаад ална гээд байж байсан юм. Би гүйж очин Лувсанбалданг бугуйн дээрээс нь барьж мушгин хутгийг нь булааж авсан. Би хутгийг нь нуухад, Лувсанбалдан нь Баярбанзарагчийг хаалганы буланд шахаж байгаад зодсон. Баярбанзрагчийн хуруунаас цус гараад байсан. Лувсанбалдан, Баярбанзрагчийг цусаа арч гэхэд, Баярбанзаргч шалан дээр гоожсон цусаа арчихад Ганбат, Лувсанбалданд хандан “чи болиоч чи” гээд орон дээрээс босож ирэхэд нь би Ганбатыг “чи настай хүн бас зодуулах гээ юу” гээд түлхээд орон дээр нь суулгасан юм. Б.Лувсанбалдан, Н.Баярбанзрагч нар цалинтай холбоотой асуудлаас болж муудаж маргалдсан. Хоорондоо тааламжгүй харьцаатай хүмүүс байгаа юм. Б.Лувсанбалдан цалингаа хасуулсан шалтгаан нь Н.Баярбанзрагч дарга руугаа хов хүргэсэнтэй холбоотой асуудалд уурлаад байдаг юм шиг байна лээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22-р хуудас)
- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №73 дугаартай “...1. Н.Баярбанзрагчийн биед толгойн хуйх, нүүр, зүүн чихний урд хэсэг, хамар, баруун хацар, зүүн гарын чигчий хуруунд язарсан шарх, баруун чамархай, зүүн бугалга, нуруунд олон тооны цус хуралт, няцрал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34-р хуудас)
- Б.Лувсанбалданы иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 54-57-р хуудас)
- Б.Лувсанбалданы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60-р хуудас)зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Б.Лувсанбалдан нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Монгол Жүюаньли” ХХК-ны уурхайн харуулын байранд иргэн Н.Баярбанзрагчийг баруун хацар, зүүн гарын чигчий хурууг хутгаар зүсэх, гараар цохиж, өшиглөх, мөн толгой, биед галын хутгуур төмөр дэгээгээр олон удаагийн давтамжтайгаар цохиж, зодож эрүүл мэндэд нь “толгойн хуйх, нүүр, зүүн чихний урд хэсэг, хамар, баруун хацар, зүүн гарын чигчий хуруунд язарсан шарх, баруун чамархай, зүүн бугалга, нуруунд олон тооны цус хуралт, няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Миний бие 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баярбанзрагчийн Түмэнцогтоос авчирсан архийг Баянмөнх, Баярбанзрагч бид 3 ууж байхад Баярбанзрагч “манай аав 9 оргодлын нэг шүү,та намайг аавыг мэдэх үү” гээд Ганбат ах руу маргалдаад байхаар нь би “ийм зүйл битгий яриа” гэсэн чинь Баярбанзрагч хутга бариад надад хандаад “см-ээр хутгалж үзүүлэх үү, манай аав см-ээр хутгалдаг байсан” гээд байхаар нь би уурлаад хутгыг нь булааж аваад “өөрийг чинь ингэчихвэл яах уу” гээд өөдөөс нь дайрсан чинь Баярбанзрагчийн хацрыг нь барьж байсан хутгаар нь зурчихсан, гарыг нь зүссэн байж магадгүй, одоо сайн санахгүй байна. Тэгээд заамдаж байхад Баянмөнх ах “хүн алах гэж байна уу” гээд миний гарыг цохиод хутга унагаахаар аваад ширээн дээр тавьсан. Тэр үед Баянмөнх ах, Ганбат ахыг дуудах гээд гарах хооронд нь гал хөдөлгөдөг дэгээ төмрөөр Баярбанзрагчийн толгой, нуруу нь хэд хэдэн удаа цохиод толгой руу нь 2 удаа цохисон. Тэгээд би өдөр нь шалаа угаачихсан байсан тул Баярбанзрагчийн гар, толгойноос гарсан цусыг нь өөрөөр нь арчуулсан. Харин шээсээр гарыг угаалгасан зүйл бол огт байхгүй. Тэгээд ус дуусчихлаа гэхээр нь чи тэгвэл усандаа яваач гэсэн чинь канистар аваад гарсан ” гэх,
хохирогч Н.Баярбанзрагчийн “ Миний бие 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг Шар хад гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол жүюаньли” ХХК-ийн уурхайн харуулын байранд байхад постод байсан гурван хамгаалагч гаднаас орж ирэхдээ “Агар” нэртэй 0.75 граммын тал шил архи барьж ирсэн. Лувсанбалдан “одоо хэдүүлээ битүүлэх үү” гээд идээгээ засчхаад, архинаасаа аяганд хийхдээ “чамайг өнөөдөр шоронгийн амьдралаар амьдруулна, май уу” гээд өгсөн. Намайг архи уу гэж хэлэхдээ, гараараа цээж рүү 2-3 удаа цохисон юм. Би орон дээр эвхрээд унахад, миний зүүн гуя руу хөлөөрөө өшиглөсөн, би айсандаа өгсөн архийг нь уусан. Лувсанбалдан намайг “муу гөлөг минь хурдан гүйж яваад миний цүнхнээс нэг шил архи аваад ир” гээд би айсандаа хажуу өрөөнд байсан Лувсанбалданы цүнхнээс архи аваад ороход “гөлөг минь архиа задал” гэсэн. Лувсанбалдан архи ууж байгаад гэнэт босож ирээд “энэ муу гөлгийг алаад, жалганд булчихад хэн мэддэгийн” гээд хутга аваад хутганы ирний эсрэг талаар миний хоолойнд тулгаж “ална” гэж айлгасан, мөн иртэй хэсгээр нь миний баруун хацар дээр зурчихсан юм. Би тухайн үед эсэргүүцэн хутгатай гартай нь зууралдаж байгаад, зүүн гарын чигчий хуруугаа зүсүүлчихсэн. Гэтэл зүсүүлсэн чигчий хуруу, хацар хоёроос их хэмжээний цус гараад гоожоод, Лувсанбалдан миний цусыг хараад хутгаа ширээн дээр тавьсан. Тэгээд шал угаадаг төмөр түмпэнийг над руу өгөөд “өөрийнхөө цусыг өөрөө угаа бууны нохой минь” гэж хэлсэн. Би айсандаа түмпэнд ус хийж шалаа угаасан, Лувсанбалдан “энэ шал нэг ч ширхэг толбогүй байх ёстой шүү” гэсэн. Намайг шал угаах явцад бөгс рүү хэд хэдэн удаа өшиглөсөн, мөн дээшээ доошоо сууж бос гэж хэлээд зодоод байсан юм. Би 60 орчим удаа сууж боссон юм. Би сууж босож чадахгүй байна гэхэд цээж рүү гараараа цохисон юм. Мөн гал түлдэг төмөр дэгээгээр намайг сууж босгох явцад маш олон удаа цохисон. Би сууж босож чадахгүй байтал хаалга руу шахаад төмөр дэгээгээр миний толгой руу 2-3 удаа цохиж хагалсан. Миний толгой хагарч цус тогтохгүй нүүр дагаж гоожоод байхад намайг “цусаа угаа” гээд дахиад угаалгасан. Мөн “угаасан угаадсаа асга” гээд намайг зугтаалгахгүй гэж хамт гарч, орсон. Бид хоёрыг ороход өвгөн харуул Ганбат нь Лувсанбалданд хандан “ах нь гарч бие засъя” гэхэд “эндээс хэн ч гарч бие засахгүй” гэхэд Ганбат ах “тэгвэл пост руугаа явъя” гэхэд “постын ажлыг өнөөдөр би мэдье” гэж хэлээд байрнаас гаргаагүй. Ганбат ахыг наад хувиндаа шээ гээд шээлгэсэн. Лувсанбалдан дэгээгээр намайг байнга цохиж шал арчуулж байсан. Лувсанбалдан “одоо бос муу гөлөг минь наад гоожсон цус, гараа сайн угаа” гэхэд би данхтай ус авч угаах гэтэл данх усгүй байсан юм. Гэтэл Лувсанбалдан намайг Ганбатын шээсэн шээсээр зодож байгаад гарыг минь угаалгасан. Намайг яваад энэ цэнхэр сав, мөн харуулын постонд байгаа сав хоёроор гялс ус аваад ир гээд явуулахад нь постны хажууд савыг нь хаяад зогоон дагаад зугтаасан юм. Би зугтааж байхдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би зугтаагүй бол намайг өглөө 06 цаг хүртэл шоронгийн амьдралаар амьдруулна шоронд бол энэ юу ч биш гэж хэлсэн юм. Би үнэхээр их айсан юм.Би Лувсанбалдан гэх хүнтэй муудаж маргалдаж байгаагүй. Манай хамгаалагч нарын цалин сарын өмнө бууж амжаагүй юм. Үүнээс болж надад өс санаж зодсон байх гэж бодож байна. Миний толгой хагарч 3 оёдол тавиулсан, мөн зүүн гарын чигчий хурууг хутгаар зүсэж 2 оёдол тавиулсан. Миний нуруу руу маш олон удаа цохисны улмаас хөхөрч хавдсан маш зовуурьтай, зүүн гуя руу өшиглөсний улмаас хөхөрч хавдсан маш хөндүүр хөдөлгөөн хязгаарлагдсан. Миний зүүн мөрийн бугалга хэсэг рүү төмөр дэгээгээр цохисны улмаас хөхөрч хавдсан хөдөлгөж болохгүй байгаа. Миний баруун хацрыг хутгаар зүссэн зүүн чих орчим зурагдсан шархтай байна. Одоо миний бие маш зовуурьтай байна ” гэх,
гэрч Ж.Ганбатын “ Баянмөнх пост руу гүйж орж ирээд “нөгөө хоёр чинь зодолдоод байна” гэхээр хамт ороход Лувсанбалдан нь Баярбанзрагчиийг орон дээр нь дарчихсан “ална чамайг” гээд хутга далайгаад байж байсан. Баянмөнх, Лувсанбалданы хутгийг булааж аваад салгасан. Тэгтэл Баярбанзрагч хаалга руу зугтаах гээд гүйхэд нь Лувсанбалдан төмөр дэгээгээр нуруу руу нь хэд хэдэн удаа цохисон. Намайг орж очиход ийм л зүйл болсон, өөр юу болсон талаар мэдэхгүй байна.Б.Лувсанбалдан цалингаа хасуулсан шалтгаан нь Н.Баярбанзрагч дарга руугаа хов хүргэсэнтэй холбоотой асуудалд уурлаад байдаг юм шиг байна лээ” гэх,
гэрч Д.Баянмөнхийн “...Миний бие 2024 оны 02 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед амрах байрандаа хамт ажилладаг Лувсанбалдан, Баярбанзрагч, Ганбат нартай Агар нэртэй 2 шил архи хувааж уусан юм. Бид нар архи ууж байхад, Лувсанбалдан, Баярбанзрагч нар хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Маргалдах шалтгаан Лувсанбалдан нь Баярбанзрагчийг “чи архи уухаар дарга нар руугаа согтуу ярьдаг шүү, миний цалинг хаалгасан пизда шүү” гээд агсраад байсан юм. Лувсанбалдан нь Баярбанзрагчийг орон дээр байхад нь хөл рүү өшиглөөд, заамдаж татаж босгож ирээд алгадаад зодож эхэлсэн. Үүдний хаалганы булан руу шахаж, Баярбанзрагчийг заамдаж дарж байгаад нуруу нь дэгээ төмрөөр цохиж зодсон. Би Лувсанбалданг “болиоч ээ, одоо болно боль чи” гэж хэлэхэд Баярбанзаргчийг заамдаж чирээд орон дээр аваачсан. Би гарч постод байсан Ганбат ахад очиж “нөгөө хоёр чинь зодолдоод байна” гэж хэлээд дагуулаад орж ирэхэд Лувсанбалдан нь Баярбанзаргчийг орон дээр дарчихсан дээрээс нь хутга далайгаад ална гээд байж байсан юм. Би Лувсанбалдангий бугуйн дээрээс нь барьж мушгин хутгийг нь булааж авсан. Би хутгийг нь булааж авч нуухад, Лувсанбалдан нь Баярбанзарагчийг хаалганы буланд шахаж байгаад зодсон. Баярбанзрагчийн хуруунаас цус гараад байсан. Лувсанбалдан, Баярбанзрагчийг цусаа арч гэхэд Баярбанзаргч шалан дээр гоожсон цусаа арчихад Ганбат, Лувсанбалданд хандан “чи болиоч чи” гээд орон дээрээс босож ирэхэд нь би Ганбатыг “чи настай хүн бас зодуулах гээ юу” гээд Ганбатыг түлхээд орон дээр нь суулгасан. Б.Лувсанбалдан, Н.Баярбанзрагч нар цалинтай холбоотой асуудлаас болж муудаж маргалдсан. Хоорондоо тааламжгүй харьцаатай хүмүүс байгаа юм. Б.Лувсанбалдан цалингаа хасуулсан шалтгаан нь Н.Баярбанзрагч дарга руугаа хов хүргэсэнтэй холбоотой асуудалд уурлаад байдаг юм шиг байна лээ” гэх мэдүүлгүүд
шинжээчийн 73 дугаартай “...1. Н.Баярбанзрагчийн биед толгойн хуйх, нүүр, зүүн чихний урд хэсэг, хамар, баруун хацар, зүүн гарын чигчий хуруунд язарсан шарх, баруун чамархай, зүүн бугалга, нуруунд олон тооны цус хуралт, няцрал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Прокуророос шүүгдэгч Б.Лувсанбалданы, хохирогч Н.Баярбанзрагчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
3. Хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Н.Баярбанзрагчид учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 73 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч Н.Баярбанзрагчийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
4. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ Шүүгдэгч Б.Лувсанбалдан нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Жүюаньли” ХХК-ны уурхайн харуулын байранд “урьдын таарамжгүй харилцааны улмаас Н.Баярбанзрагчийг онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь толгойн хуйх, нүүр, зүүн чихний урд хэсэг, хамар, баруун хацар, зүүн гарын чигчий хуруунд язарсан шарх, баруун чамархай, зүүн бугалга, нуруунд олон тооны цус хуралт, няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Б.Лувсанбалданы дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Мөн тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон үйлдэл хоёр шалтгаант холбоотой байна. Б.Лувсанбалдан нь Хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц, харгис хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй” гэх дүгнэлт гаргасныг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас “Б.Лувсанбалдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй ” гэж,.
шүүгдэгч Н.Лувсанбалданаас “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргаангүй ” гэж хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, зүйлчлэл,гэм буруугийн талаар маргаагүй байна.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.
Мөн дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр хууль тогтоогчоос тогтоожээ.
Прокуророос тухайн хэргийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “онц харгис хэрцгийгээр” -т гэж зааснаар тодорхойлжээ.
Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт “онц харгис хэрцгий арга” гэдэгт хүний биед олон тооны шарх, гэмтэл үүсгэснийг хамааруулан үздэг байна.
6. Хэргийн баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Лувсанбалдан нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа үл ялих шалтгаанаар буюу урьд үүссэн гэх таарамжгүй харьцаанаас шалтаглан бие махбод болоод нас, сэтгэл зүйн хувьд өөрөөс нь илтэд ялгаатай, ахмад хүн болох хохирогч Н.Баярбанзрагчийг “чамайг өнөөдөр шоронгийн амьдралаар амьдруулна” гэж үг хэлээр айлган сүрдүүлэн, тухайн байрнаас гаргалгүй, хамт дагаж гарах зэргээр өөрийн бүрэн эрхшээлд байлгаж, түүнийг босож суулгах, түүний толгой, гараас гарсан цусаар бохирлогдсон шалыг арчуулах, бусдын шээсэн шээсээр гарыг нь угаалгах, баруун хацар, зүүн гарын чигчий хурууг хутгаар зүсэх, гараар цохиж, өшиглөх, мөн толгой, биед галын түлэх хэрэгсэл болох төмөр дэгээгээр олон удаагийн давтамжтайгаар цохиж, зодох зэргээр янз бүрийн хэлбэрээр тарчлаан зовоож, эрүүл мэндэд нь “толгойн хуйх, нүүр, зүүн чихний урд хэсэг, хамар, баруун хацар, зүүн гарын чигчий хуруунд язарсан шарх, баруун чамархай, зүүн бугалга, нуруунд олон тооны цус хуралт, няцрал бүхий ” олон тооны шарх, гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон байна.
Тодруулбал, шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан олон тооны гэмтлийн улмаас хохирогчийг өвдөн шаналж, зовж зүдэрсэн гэж үзэх үндэслэлтэй хийгээд тэрээр энэ талаар “ Миний толгой хагарч 3 оёдол тавиулсан, мөн зүүн гарын чигчий хурууг хутгаар зүсэж 2 оёдол тавиулсан. Миний нуруу руу маш олон удаа цохисны улмаас хөхөрч хавдсан маш зовуурьтай, зүүн гуя руу өшиглөсний улмаас хөхөрч хавдсан маш хөндүүр хөдөлгөөн хязгаарлагдсан. Миний зүүн мөрийн бугалга хэсэг рүү төмөр дэгээгээр цохисны улмаас хөхөрч хавдсан хөдөлгөж болохгүй байгаа. Миний баруун хацрыг хутгаар зүссэн зүүн чих орчим зурагдсан шархтай байна. Одоо миний бие маш зовуурьтай байна” гэж хэрэгт мэдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.
7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Лувсанбалданы, хохирогч Н.Баярбанзрагчийг зодож, цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
8. Шүүх шүүгдэгч Б.Лувсанбалданыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүний хутгаар зүсэх, өшиглөж, гараар цохих, галын төмөр дэгээгээр цохиж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг цохиж зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.
9. Иймд хэргийн баримтаар, шүүгдэгч Б.Лувсанбалданы согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан хохирогч Н.Баярбанзрагчийн баруун хацар, зүүн гарын чигчий хурууг хутгаар зүсэх, гараар цохиж, өшиглөх, мөн толгой, биед галын хутгуур төмөр дэгээгээр олон удаагийн давтамжтайгаар цохиж, зодох зэргээр онц харгис хэрцгийгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдсон, уг үйлдэлд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.Лувсанбалданыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “онц харгис хэрцгийгээр” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1. Шүүгдэгч Б.Лувсанбалданы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Баярбанзрагчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаагүй бөгөөд шүүгдэгчээс хохиролд 500,000 төгрөгийг нөхөн төлсөн гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлжээ.
2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Хохирогч Н.Баярбанзрагч дээрх гэмтлийн улмаас тус аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 151,500 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.03.11-ний өдрийн 21/33 дугаартай албан бичиг, ЭМДЕГ- цахим системийн баримт буюу зардлын түүх зэргээр нотлогдоно.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.
Иймд шүүгдэгч Б.Лувсанбалданаас 151,500 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
4. Хохирогч Н.Баярбанзрагч нь тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохирол, хор уршигтай холбоотой буюу эмчилгээ, үүнтэй холбоотой гарсан зардал, мөн тухайн гэмтлийн улмаас үүссэн сэтгэцэд учирсан хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Лувсанбалданыг хүндрүүлэх нөхцөл байдлаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Лувсанбалданы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Жамъяндоржоос “ шүүгдэгч Б.Лувсанбалданд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Лувсанбалданы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 5 сарын хугацаагаар Эрдэнэт хотоос гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Н.Баярбанзрагч өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсны төлбөр 151,500 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх саналтай. Хохирогч Н.Баярбанзрагч хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул гэмт хэргийн улмаас гарсан болон цаашид гарах зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Энэ хэрэгт хурагдсан галын дэгээ төмөр, хутга зэргийг устгуулах саналтай. Тэрээр өнөөдрийг хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөх боломжтой байсан. Ах нь 500,000 төгрөгийг төлсөн. Торгох ял оногдуулахаас зорчих эрх хязгаарлах нь хувийн байдалтай нь тохирно гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасныг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа “ Б.Лувсанбалдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Энэхүү гэмт хэрэг нь хуульд сонгох санкцитай. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид 500,000 төгрөг төлсөн. Хохирогч гомдолгүй талаар дурддаг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Б.Лувсанбалдан нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид тодорхой мөнгөн төлбөрийг нөхөн төлсөн байгаа боловч тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу урьд үүссэн хоорондын таарамжгүй харьцаа гэх нотлогдоогүй зүйлээр шалтаглан бие махбод, насны хувьд өөрөөс нь илтэд ялгаатай, ахмад хүнийг үг хэлээр айлган сүрдүүлэн, тухайн цаг хугацаанд өөрийн эрхшээлдээ байлгаж, түүнийг босож суулгах, цусаар бохирлогдсон шал арчуулах, бусдын шээсэн шээсээр гарыг нь угаалгах, биед хутгаар зүсэх, гараар цохиж, өшиглөх, мөн толгой, биед галын хутгуур төмөр дэгээгээр олон удаагийн давтамжтайгаар цохиж, зодох зэргээр шууд санаатай үйлдлээр олон тооны шарх, гэмтэл учруулан, хор уршгийг хүсэж, зориуд хүргэсэн нөхцөл байдлыг үндэслэвэл, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ял сонгож, 4 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Тэрээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багийн үндэс харьяат, тус багийн Уртбулагийн 5 дугаар хорооллын 2 дугаар байрны 56 тоотод эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт зэргээр нотлогдох тул түүнд оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээр тогтоосон болно.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “23 см урттай, ажлын хэсэг нь 12.5 см урттай, бариул нь 10.5 см урттай бор өнгийн модон бариултай, бариул дээрээ цагаан өнгийн металл 3 ширхэг 0.6 мм диаметртэй дугуй дүрстэй хадаастай хутга 1 ширхэг,
67 см урттай 0.5 см диаметртэй бөөрөнхий хэлбэртэй, эхлэл хэсгийг нь матаж дэгээ хэлбэрт оруулсан нь 9 см урттай, бариул хэсгийн матаж нугалсан 8.5 см урттай, тухайн төмрийн 2 үзүүрийг 1 см урттай давтаж хавтгайлсан 1 ширхэг дэгээ төмөр” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Лувсанбалдан энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Бат-Эрдэнийн Лувсанбалданыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 2.1-т “онц харгис хэрцгийгээр” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лувсанбалданыг дөрвөн сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лувсанбалданд оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Лувсанбалдан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалтайг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лувсанбалданд шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лувсанбалданаас 151,500 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Баярбанзрагч нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын санд энэ тогтоолоор гаргуулснаас бусад зардал, хохирол, мөн тухайн гэмтлийн улмаас үүссэн сэтгэцэд учирсан хор уршгийг хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “23 см урттай, ажлын хэсэг нь 12.5 см урттай, бариул нь 10.5 см урттай бор өнгийн модон бариултай, бариул дээрээ цагаан өнгийн металл 3 ширхэг 0.6 мм диаметртэй дугуй дүрстэй хадаастай хутга 1 ширхэг,
67 см урттай 0.5 см диаметртэй бөөрөнхий хэлбэртэй, эхлэл хэсгийг нь матаж дэгээ хэлбэрт оруулсан нь 9 см урттай, бариул хэсгийн матаж нугалсан 8.5 см урттай, тухайн төмрийн 2 үзүүрийг 1 см урттай давтаж хавтгайлсан 1 ширхэг дэгээ төмөр” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/17 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Шүүгдэгч Б.Лувсанбалдан энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН