| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2021/00106/И |
| Дугаар | 153/ШШ2021/00214 |
| Огноо | 2021-05-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 153/ШШ2021/00214
| 2021 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 153/ШШ2021/00214 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* *******, ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ий ,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт Дүгэржавын нарт холбогдох 26,090,152.17 /хорин зургаан сая ерөн мянга нэг зуун тавин хоёр төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр барагдуулах, шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан түүний банкин дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Б.тай 2018 онд цалингийн зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр Б. зээлээ графикийн дагуу төлж байгаад 2020 оны 06 дугаар сараас Ковид-19 цар тахалтай холбогдуулан орлого буурсан учраас зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах хүсэлт гаргасан. Үүний дагуу манай банк гэрээ байгуулж зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан. Гэрээнд зээлийнхээ хүүг төлнө, үндсэн зээлээ 6 сарын дараагаас эхэлж төлнө гэж гэрээ байгуулж зээлдэгч Б. болон хамтран зээлдэгчид нь мэдэгдэж гарын үсэг зурсан. Иймд хүүг хөнгөлөх чөлөөлөх боломжгүй. Би анх 2021 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Тухайн үед хүүг тооцоолж гаргахдаа тухайн үед хуримтлагдсан хүүг нэхэмжилсэн. Түүнээс хойш шүүхийн шийдвэр гарахгүй 4-5 сар болсон байна. Уг хугацаанд хүү хуримтлагдсан боловч уг хүүг нэхэмжлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжилсэн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна... гэв.
Хариуцагч Б., Д. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Би ******* банкнаас 2010 оноос хойш цалин барьцаалсан зээл авч, харилцаж ирсэн. 2010 онд эргэн төлөлт 939,786.39 төгрөг, 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,810,849.44 төгрөгийн зээл хаасан байна. Бүгд 2,750,635.83 төгрөг төлсөн. ******* банктай хийсэн гэрээний дагуу 2024 оны 10 дугаар сарын 02-ныг хүртэл 38 сарын хугацаанд сард 608,869 төгрөгөөр төлж барагдуулна. Хүү болох 2,953,152.17 төгрөгийг төлж чадахгүй... гэжээ.
Хариуцагч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* банкнаас 2010 оноос хамтран ажиллаж зээл авч байсан. Хамгийн сүүлд 2015 онд зээл авч, 10,409,940,71 төгрөгөөр бүрэн төлж хаасан. Энэ хугацаанд би ******* банкинд 16,142,347,76 төгрөгийг хүүнд төлсөн. Нийт зээлсэн мөнгө нь хүүтэй нийлээд 36,610,347,76 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгасан. Дараагийн зээл нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээл авсан. 2018 онд 4,303,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 6,312,000 төгрөгийн зээл авч нийт 32,345,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл би 23,430,055 төгрөгийг төлснөөс хүүнд 16,833,152,17 төгрөгийг төлсөн. Иймд уг банк миний үндсэн зээлээс 6,000,000 төгрөг хасагдаад 16,833,152,17 төгрөгийг хүүнд төлсөн байна. Миний тэтгэвэр 750,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс миний тэтгэврийн зээл дуусаж байгаа учраас 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 608,000 төгрөг төлөхөөр тооцож төлөхөөр хариу тайлбартаа бичсэн. Үндсэн зээлээ 38 сарын хугацаанд 608,000 төгрөгөөр төлж барагдуулна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Б., Д. нараас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 111900143113 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-ний үлдэгдэл 23.137.000,00 төгрөг, хүү 2.953.152,17 төгрөг, нийт 26.090.152,17 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах, шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан түүний банкин дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авах тухай шаардлагыг тус тус гаргасан байна. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн 3 дахь шаардлагаа багасгасан болно.
Хариуцагч Б., Д. нар нь ...Би зөвхөн хүүд 16.882.152,17 төгрөг төлсөн байна. Ковид-19 өвчинтэй холбоотой зээл төлөхөд бэрхшээл гарсан. Би өөрөө тэтгэврийн зээлтэй, 2021 оны 07 дугаар сарын 02-нд дуусна. Цаашид ******* банкны үндсэн зээлийн 23.137.000,00 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ******* банктай хийсэн гэрээний дагуу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 38 сарын хугацаанд сард 608.869 төгрөгөөр төлж барагдуулна. Хүү болох 2.953.152,17 төгрөгийг төлж чадахгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.
Хариуцагч буюу зээлдэгч Б., хамтран үүрэг гүйцэтгэгч Д. нар нь ******* банк ХХК-иас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 28,610,000 /хорин найман сая зургаан зуун арван мянган/ төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар, жилийн 20,40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлээр авсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 111900143113 дугаартай зээлийн гэрээ болон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, мөн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнүүдээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргасан зээлдэгч Б. Д. нар ******* банк ХХК-иас зээл авч, уг зээлийн барьцааны зүйлд Ү-1617001497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй 2 өрөө орон сууц бүхий өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан.
Хариуцагч Б., Д. нар нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 111900143113 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 23.137.000,00 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн зөвхөн хүү төлөх хугацааг 8 сар хэтрүүлсэн байх ба 2020 оны 06 дугаар сараас гэрээгээр тохиролцсон хуваарь, хэмжээний дагуу төлөлт хийгээгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь нэхэмжлэгчийн зүгээс зээлийг хугацаандаа төлөх талаар удаа дараа мэдэгдэж ирсэн нь хэрэгт авагдсан дансны хуулга, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар урьд нэмэлт хугацаа тогтоож байсан учир талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлагдсан байна гэж үзэв.
Хариуцагч Б., Д. нар нь ...зөвхөн хүүд 16.882.152,17 төгрөг төлсөн, хүү болох 2.953.152,17 төгрөгийг төлж чадахгүй... гэж тайлбарлаж, зээлийн хүү төлөгдсөн гэх боловч 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд 119.737 төгрөг төлсөн болох нь ******* банк ХХК-иас шүүхэд нотлох баримтаар гаргасан зээлдэгч Б.ын ******* банк дахь зээлийн дансны хуулга, хариуцагч Б.ын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн өөрийн харилцах дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.
Иймд хариуцагч Б., Д. нараас 111900143113 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 23.137.000,00 төгрөг, хүү 2.953.152,17 төгрөг, нийт 26.090.152,17 /хорин зургаан сая ерөн мянга нэг зуун тавин хоёр төгрөг, 17 мөнгө/ төгрөгийг гаргуулан ******* банк ХХК-д олгож, хариуцагч Б., хамтран үүрэг гүйцэтгэгч Д. нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Ховд аймаг, Жаргалант сумын 6-р баг, Жаргалан 2-80 айлын 36 тоотод байрлах, Ү-1617001497 улсын бүртгэлийн дугаартай, 42 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,401 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Б., Д. нараас 288,401 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Д.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б. болон хамтран үүрэг гүйцэтгэгч Д. нараас үндсэн зээл 23,137,000 төгрөг, хүү 2,953,152 төгрөг, нийт 26,090,152.17 /хорин зургаан сая ерөн мянга нэг зуун тавин хоёр төгрөг, 17 мөнгө/ төгрөгийг гаргуулан ******* банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б. болон хамтран үүрэг гүйцэтгэгч Д. нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Ховд аймаг, Жаргалант сумын 6-р баг, Жаргалан 2-80 айлын 36 тоотод байрлах, Ү-1617001497 улсын бүртгэлийн дугаартай, 42 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,401 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б. болон хамтран үүрэг гүйцэтгэгч Д. нараас 288,401 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН