Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/00949

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/00949

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын 0 дүгээр багийн 000 тоотод оршин суух, О овогт Цийн С (Р0000000)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн А төвд холбогдох

Хөвсгөл аймгийн А төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн А төвийн архив, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2021/00751/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, нэхэмжлэгч Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мягмарсүрэн, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц овогтой С нь Хөвсгөл аймгийн А төвийн дарга Ц.Бы 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаартай тушаалаар тус байгууллагын ажилд томилогдон, мөн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/00 дугаар тушаалаар архив бичиг хэргийн ажилтны үүрэгт ажилд томилогдон ажиллаж байгаад А төв-ийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Сийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Би энэ шийдвэрийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1.    Даргын үүрэг гүйцэтгэгч М.С нь тушаал буюу захирамжлалын баримт бичгийг гаргахдаа Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн журам-ыг баримтлаагүй. Тухайлбал энэ журмаар байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой захирамжлалын баримт бичгийг Б шийдвэрээр гаргана гэж зохицуулсан байдаг. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй.

2.    Даргын үүрэг гүйцэтгэгч нь дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг удирдлага болгосон байна. Энэ нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай зохицуулалт байх ба үүрэг гүйцэтгэгч нь дээрх тушаалынхаа үндэслэлд ...буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь дотоод хяналтаар тогтоогдсон тул гэжээ.

Би энэ байгууллагын архив-бичиг хэргийн ажилтны үүрэг гүйцэтгэж байсан, байгууллагын мөнгө, хөрөнгийг хариуцдаггүй, энэ нь миний ажил үүргийн хуваарьт хамаардаггүй. Гэтэл намайг байгууллагын мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан гэсэн субьектэд хамааруулан ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд А төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021.06.04-ний өдрийн 00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг тус байгууллагын архив-бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.С нь а төвийн Ц.Б даргын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаартай тушаалаар зохион байгуулалтын ажилтнаар анх томилогдон ажиллаж байгаад мөн даргын тушаалаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдсон ажиллаж байгаад А төвийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч М.С даргын тушаалаар 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний албан тушаал нь архив, бичиг хэргийн ажилтан болохоос биш эд хөрөнгө хариуцсан ажилтан биш бөгөөд намайг ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байгаа учраас ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Асруулагч нарт олгох тэтгэвэр тэтгэмжийг бүрэн олгодоггүй байсан гэх асуудлын хувьд бол бүрэн олгодог байсан бөгөөд дотоод хяналттай итгэмжлэлийнхээ дагуу асруулагч нарт гар дээр нь тэтгэвэр, тэтгэмжийг нь олгодог байсан. Харин витаминжуулалтын орц найрлага, тун хэмжээний тухайд бол би мэргэжлийн хүн биш учраас сайн мэдэхгүй. Манай байгууллагын өмнөх дарга Ц.Б витамин авчирч өгөөд лац ломботой чигээр нь эмчид хүлээлгэж өгөөрэй гэсэн би тэр чигээр нь эмчид хүлээлгэж өгсөн. Намайг байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон нь миний нэмэлт үүрэг бөгөөд миний үндсэн албан тушаал нь архив, бичиг хэргийн ажилтны үүрэг биш. Миний хувьд асруулагч нарт тэтгэвэр, тэтгэмж дутуу олгож байсан асуудал байхгүй. Ажлаас халагдах тушаалаа би өөрөө бичсэн учраас ажлаас халагдаж байгаагаа 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн. Би тушаалаа биччихээд М.С даргад танилцуулах гэтэл 17 цаг өнгөрөөгөөд дарга гараад явчихсан байсан. Уг өдөр 5 дахь өдөр байсан учраас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр буюу 1 дэх өдөр тушаалаа гардаж авсан гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн А төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.С нь нэхэмжлэгч Ц.Сс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Би 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Х аймгийн Засаг даргын А/00 тоот захирамжаар Аймгийн а төв-ийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.

Ц.С нэхэмжлэлдээ: Би энэ байгууллагын архив бичиг хэргийн ажилтны үүрэг гүйцэтгэж байсан, байгууллагын мөнгө, хөрөнгийг хариуцдаггүй, энэ нь миний ажил үүргийн хуваарьт хамаардаггүй. Гэтэл намайг байгууллагын мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан гэсэн субьектэд хамааруулан ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна гэжээ. Гэтэл Ц.С нь А төв-ийн даргаар ажиллаж байсан Ц.Бы 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/00 дугаар бүхий тушаалаар Тус төвийн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа тэтгэврээ авах боломжгүй иргэдийн тэтгэврийг банкнаас хүлээн авч 30 хувийг төрийн сангийн банкинд байрших нэмэлт дансанд тушааж, үлдсэн 70 хувийг үйлчлүүлэгч тус бүрт олгож гарын үсэг зуруулан баримтжуулах байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилтнаар /Ц.С/-ийг томилсугай.

2. Байгууллагын захиргаа аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн, байгууллагын захиргаанд сар бүр танилцуулж ажиллахыг байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, архив бичиг хэргийн ажилтан /Ц.С/-т даалгасугай гэсэн тушаалын дагуу С нь үйлчлүүлэгч, асруулагч нарын тэтгэвэр тэтгэмжийг банкнаас итгэмжлэлээр авч, 30 хувийг байгууллагын дансанд тушааж, 70 хувийг асруулагч нарт, байгууллагын хяналтын комисстой хамтран асруулагч нарт гарт нь буюу хадгаламжинд хийх шаардлагатай байсан байхад, хяналтын комиссыг байлцуулахгүйгээр Ц.С ганцаараа асруулагч нарт мөнгийг бүрэн олгож байгаагүй нь асруулагч, ээлжийн ажилчдын гомдол, мэдээллээр нотлогдсон. Түүгээр ч зогсохгүй түүний нөхөр Т.Б, эхнэр Ц.Сээ хамтран байгууллагын эд хөрөнгийг ашигласан байдал нь тодорхой болсон тул түүний хууль бус үйлдлийг нь шалгуулахаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад байна.

Мөн би Ц.Сг ажлаас чөлөөлөх тушаалыг гар ноорог үйлдэн түүнд /тухайн үед Ц.С бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан/ тушаалыг бичүүлэхэд С зөвхөн тушаалыг шивж оруулж ирэн надаар гарын үсэг зуруулахаар нь би дугаар дээр А шийдвэрийг дугаартай нь бичээрэй гэж хэлээд гаргасан. Гэтэл С нь өөрийнхөө ажлаас халагдах тушаал дээр санаатайгаар Б шийдвэр тавиад үүнийгээ шүүх дээр миний буруу болгож байгаа нь тухайн хүн ямар хүн бэ гэдэг нь харагдаж байна.

Ц.С нь төрийн байгууллага, асруулагчдыг хохироож байгааг нь миний зүгээс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс түүнийг ажлаас халсан. Би өөрийнхөө гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Ц.Сн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэж хариу тайлбарыг гаргаж байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр А төвд эрх зүйчээр томилогдон 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хөвсгөл аймгийн ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч М.С нь Х аймгийн засаг даргын захирамжаар 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн томилогдон албан тушаалын чиг үүргийг гүйцэтгэж байгаа. Ажиллах явцдаа зарим ажилчдын алдаа дутагдалтай ажиллаж байсан нь тогтоогдсонтой холбоотойгоор ахмад настны асрамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч М. С нь архив, бичиг хэргийн ажилтан Ц.Сг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа байгууллагын мөнгө хөрөнгийг хариуцдаггүй миний ажил үүрэгт хамааралгүй гэж дурдсан байдаг боловч нэхэмжлэгч Ц.С нь байгууллагын өмнөх дарга болох Ц.Бы 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар томилогдон тухайн төвийн байнгын асрамжид байдаг тэтгэврээ авах боломжгүй иргэдийг төлөөлж банкнаас тэтгэврийг нь авч 30 хувийг төрийн сангийн дансанд байршуулж, 70 хувийг нь үйлчлүүлэгч тус бүрд олгож гарын үсэг зуруулж баримтжуулах үүрэгтэй болсон байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч асруулагч нарт тэтгэврийг нь олгохдоо байгууллагын комиссыг байлцуулах шаардлагатай байхад нэхэмжлэгч Ц.С хяналтын комиссыг байлцуулахгүйгээр ганцаараа олгодог байсан бөгөөд олгохдоо бүрэн олгож байгаагүй талаар асруулагчид болон ээлжийн ажилчдын гомдол мэдээлэл ирсэн байдаг. Мөн нэхэмжлэгчтэй холбоотой витаминжуулалтын асуудал бас байдаг. Асруулагч нарт тэтгэвэр, тэтгэмжийг дутуу олгож байсан талаар асруулагчдын мэдүүлэг байгаа. Уг асуудлаар асруулагч нараас гэрчийн мэдүүлгийг Бямбасүрэн шүүгч туслахтайгаа очиж авсан ба хавтаст хэрэгт авагдсан байдаг. Энэ асуудал нь дан ганц хөдөлмөрийн маргаанаар шийдэгдэх асуудал биш гэж үзэж байна. Ц.Сн гаргасан үйл баримттай холбоотойгоор байгууллагын дарга М.С 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт өргөдөл, гомдол гаргасны дагуу нэхэмжлэгч Ц.С нь албан тушаалыг ашиглаж өөртөө давуу байдал үүсгэсэн нь гэмт хэргийн шинжтэй байсан тул 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Х аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлт нээж хариу албан тоот явуулсан. Ийм учраас иргэний хэрэг нэг мөр шийдэгдэх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Сн өмгөөлөгчөөр оролцож байна. Ажил олгогчоос хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн байна. Энэ нь улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.5 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэж заасан. Мөн тогтоолын 15.5.1. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн хэсгийн 15.5.2-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно гэж хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг ойлгоно гэж заасан. Иймд миний үйлчлүүлэгч нь Хөвсгөл аймгийн ахмад настны асрамж үйлчилгээний газрын архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байснаас биш эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан биш юм. Мөн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ болон хариуцлагын гэрээ байгуулалгүй эрхэлж байгаа ажил үүрэг дээрээ нэмэлтээр гүйцэтгэж байсан. Уг албыг гүйцэтгэж байхдаа ямар нэгэн алдаа гаргасан болон зөрчилд холбогдсон асуудал тогтоогдоогүй байхад ажил олгогчийн хувийн таагүй харилцаанаас болоод ажлаас чөлөөлөгдсөн нь харагдаж байна. Иймээс Хөвсгөл аймгийн ахмад настны асрамж үйлчилгээний даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч М.Сн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Ц.Сг Х аймгийн а төвийн архив, бичиг ажилтнаар тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Б.Ганчимэг би өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөр оролцож байна. Миний зүгээс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/00 дугаартай Хөвсгөл аймгийн а даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Сн гаргасан тушаал үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Ц.С нь хуульд заасан эрх үүргийнхээ дагуу өөрийгөө нотолж чадахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан үйлдэл ямар байдлаар тогтоогдоод байгаа вэ гэхээр Х аймгийн санхүү аудитын албаны Хөвсгөл аймгийн а төвд хийсэн санхүү аудитын албаны шалгалтаар тогтоогдож байгаа. Ц.С нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан ба түүний удирдлага доор нөхөр Б нь ажиллаж байсан. Энэ нь байгууллагын санхүүтэй холбоотой албан тушаалд нэг гэр бүлийн хүмүүс ажиллаж байгаа нь хуульд нийцэхгүй. Мөн Ц.С, Б нар нь санхүүтэй холбоотой зөрчлийг гаргасан байдаг. Уг асуудлыг шалгуулахаар Хөвсгөл аймгийн а төв нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Уг гомдолтой холбоотойгоор Хөвсгөл аймгийг Цагдаагийн байгууллага 2021 оны 8 дугаар сарны 17-ны өдөр 46/000000 дугаартай тоотоор Цагдаагийн дэд хурандаа Бс ирүүлсэн албан тоотоор тус Цагдаагийн газар шалгагдаж байгаа Г533 дугаартай гомдол мэдээлэлд мөрдөн шалгар ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 210000000 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэх хариу өгсөн. Уг гомдол нь гэмт хэргийн шинжтэй учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Б, Ц.С, Б нарт холбогдуулан хэрэг үүсгэн шалгаж өнөөдрийн байдлаар авлигатай тэмцэх газарт үргэлжлүүлэн шалгагдаж гэрчийн мэдүүлэг авч байгаа учраас холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж, яллагдагчаар татаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Ийм учраас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байна. Мөн тушаал гардаж авснаас хойш 1 сарын дотор холбогдох байгууллагад хандах ёстой байсан боловч нэхэмжлэгч хугацаа хэтрүүлж гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацааг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Хөвсгөл аймгийн А төвд холбогдох Хөвсгөл аймгийн А төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн А төвийн архив, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

Хариуцагч ...төрийн байгууллага, асруулагчдыг хохироож байгааг нь миний зүгээс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс түүнийг ажлаас халсан. Би өөрийнхөө гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Ц.Сийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэж маргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хуулийн зохицуулалттай ба нэхэмжлэгч Ц.С нь дээрх ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргажээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь гомдлоо ажлаас чөлөөлсөн тушаалыг авснаас хойш нэг сарын дотор гаргах ёстой байтал энэ хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцсэн боловч нэхэмжлэгч Ц.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа ажлаас халагдах тушаалаа би өөрөө бичсэн учраас ажлаас халагдаж байгаагаа 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн. Би тушаалаа биччихээд М.С даргад танилцуулах гэтэл 17 цаг өнгөрөөгөөд дарга гараад явчихсан байсан. Уг өдөр 5 дахь өдөр байсан учраас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр буюу 1 дэх өдөр тушаалаа гардаж авсан,

Түүнчлэн хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хэзээ гардаж авсан талаархи баримтыг гаргаж ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ц.С нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд гаргах эрхтэй юм.

Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн А төвийн архив бичиг хэргийн ажилтны үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байгаад хариуцагч байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн А төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай тушаал /хх-ийн 5-р тал/, Хөвсгөл аймгийн А төвийн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/05 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 7-р тал/, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх учиртай.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Сг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дугаар заалтуудыг тус тус үндэслэн архив, бичиг хэргийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д ажил олгогч санаачилсан гэж хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг,

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч Ц.Сг ажлаас чөлөөлсөн тушаалаас үзвэл ажил олгогч өөрөө хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэл болгосон нь хуульд нийцсэн гэж үзэхээр боловч хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримталсан нь үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" нь ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан байх,

"ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх нөхцлийг тус тус ойлгоно.

Хэрэгт авагдсан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/05 дугаар Ц.Сийг ажилд томилох тухай тушаал /хх-ийн 7-р тал/, Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт /хх-ийн 8-11-р тал/, ажил олгогчоос нэхэмжлэгч Ц.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 12-15-р тал/ зэргээс үзвэл нэхэмжлэгч Ц.С нь тухайн байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Саранчимэгийг Хөвсгөл аймгийн А төвийн даргын 2019 оны 3 дугаар сарын 01-ний А/00 дугаар тушаалаар байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажилтнаар томилсон боловч түүний үндсэн ажилтай хавсран гүйцэтгүүлэх тушаал, түүнтэй мөнгө эд хөрөнгө хариуцах ажлыг гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулаагүй байх тул мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж үзэхгүй.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Сийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар тушаалд Ц.С нь...мөнгө хариуцсан ажилдаа асруулагч нарын мөнгөнд хариуцлагагүй хандаж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь байгууллагын дотоод хяналтаар тогтоогдсон тул 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс архив, бичиг хэргийн үүрэгт ажлаас чөлөөлж гэсэн нь нэхэмжлэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, архив бичиг хэргийн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажилд хариуцлагагүй хандсан гэж ажил олгогч үндэслэлээ тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчжээ.

Мөн Хөвсгөл аймгийн А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Сийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаар тушаалд ...ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйн байгууллагын дотоод хяналтаар тогтоогдсон тул гэсэн боловч хариуцагч, түүний төлөөлөгчөөс байгууллагын дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон талаархи баримтыг ирүүлээгүй, энэ талаархи нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Шүүх ажил олгогчийн ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж дүгнэв.

Иймд хариуцагч Хөвсгөл аймгийн А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Сийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Сийг А төвд архив, бичир хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

Хавтас хэргийн 50-111-р талд авагдсан аймгийн Санхүүгийн хяналт аудитын байгууллагаас хариуцагч байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийсэн баримт, дүгнэлт, хариуцагч байгууллагын жилийн ажлын төлөвлөгөө зэрэг баримтууд авагдсан ба нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй учир уг баримтуудыг,

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга,цагдаагийн дэд хурандаа С.Болдбаярын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 46/2-2690 дугаар албан бичиг /хх-ийн 120,133-р тал/, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хурандаа М.Очирхуягийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 46/8-3182 дугаар /хх-ийн 206-р тал/ албан бичгүүд хэрэгт хамааралгүй тул дээр баримтуудыг тус тус шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч байгууллагаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Сг Хөвсгөл аймгийн А төвийн архив, бичиг хэргийн ажилтны үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн А төвөөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА