Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 973

 

 

 

 

                                                                                                                                   

 

 

 

 

А.Д, А.О нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Отгончимэг,

шүүгдэгч А.Д-ын өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Д, А.О нарт холбогдох эрүүгийн 1908034020264 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М овгийн А-ийн Д, 1992 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхийн хамт .... аймгийн ......... сумын ... дүгээр баг, .... ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ......... дүүргийн ... дүгээр хороо, .......... .. дүгээр гудамжны ... тоотод түр оршин суух, ял шийтгэлтгүй, /РД: НР................./;

2. С овгийн А-ийн О, 1982 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Суман хас” ХХК-нд хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан, ам бүл .., ахын хамт .... дүүргийн .. дугаар хороо, .... дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ИХ............/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 499 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

А.Д нь согтуурсан үедээ А.О-тэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны хуучин эцсийн автобусны буудлын орчимд хохирогч Г.Оюунбаатарын гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж, 215.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн А.Д нь ганцаараа согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Булагийн орчимд хохирогч Б.Рагчаагийн эзэмшлийн “Ай фоне-4” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,  

А.О нь согтуурсан үедээ А.Д-той бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны хуучин эцсийн автобусны буудлын орчимд хохирогч Г.Оюунбаатарын гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж, 215.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, А.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  М  овгийн А-ийн Д,  С  овгийн А-ийн О нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай
ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ыг 2 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-г 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Д-ын цагдан хоригдсон 85 хоногийг, шүүгдэгч А.О-гийн цагдан хоригдсон 56 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д, А.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Д, А.О нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Д, А.О нарын эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс тоолж, А.Д, А.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж, хэргийн талаар анхнаасаа үнэн зөв тогтвортой мэдүүлсэн. Би ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд өөрийн төрсөн хүү, охин хоёроо асран хамгаалах эцэг хүний үүргээ өөрийн бодлогогүй алдаанаасаа болж тодорхой хугацаагаар алдаж байгаад харамсаж байна. Миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн”-ийг минь харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, дээрх хуулийн заалтыг хэрэглэж, надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.О-гийн өмгөөлөгч А.Буяндэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч А.О нь мөрдөн байцаалтын шатнаас хэргээ үнэн зөвөөр мэдүүлдэг, гэм буруугаа хүлээж, маш их харамсдаг. Хохирогчид 60.000 төгрөгийн хохирол учруулсан. А.О нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хүү, охин хоёртой нь тогтоогдсон бөгөөд охин нь оюутан. Иймд түүний гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулсан ялыг 2 дахин багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Д-ын өмгөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаагүй. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд сүрьеэгийн хүнд хэлбэрийн өвчтэй нөхцөл байдалд байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа учир ялаас чөлөөлөх асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх боломжгүй, хүлээлтийн байдалтай байна. Өөр хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Ж.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Ял оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

А.Д нь согтуурсан үедээ А.О-тэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны хуучин эцсийн автобусны буудлын орчимд хохирогч Г.Оюунбаатарын гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж, 215.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн А.Д нь ганцаараа согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Булагийн орчимд хохирогч Б.Рагчаагийн эзэмшлийн “Ай фоне-4” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг, 

А.О нь согтуурсан үедээ А.Д-той бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны хуучин эцсийн автобусны буудлын орчимд хохирогч Г.Оюунбаатарын гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж, 215.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Г.Оюунбаатарын “...2019 оны 9 дүгээр сарын 4-ний шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсийн хотын төв рүү явах автобусны буудлаас такси барихаар гараа өргөөд зогсож байтал 25-30 орчим насны согтуу хоёр залуу хүрч ирээд “ах хаа хүрэх гэж байгаа юм, такси бариад өгөх үү” гэхээр нь “ах нь өөрөө такси бариад явчихна” гэж хэлтэл “бид хоёр энэ хавьд хэнийг ч зүгээр явуулдаг хүмүүс биш” гээд намхан залуу нь өмдний халааснуудыг ухахаар нь би “зүгээр байгаач” гээд эсэргүүцэхэд арай өндөр залуу нь миний хоёр гарыг барьж байтал, намхан залуу цамцны захаас бариад хоолойг минь боож толгой эргээд ухаан алдах үед халаасанд байсан Samsung S-5 маркийн шаргал өнгийн гар утас, бэлэн 60.000 төгрөгийг авсан. Тэр хооронд би хэсэг зуур ухаан алдаад уначихсан. Удалгүй сэртэл нөгөө хоёр залуу миний бүх халаасыг ухаж байхаар нь намхан залууг зуурч аваад “ахынхаа гар утсыг өгчих, миний виза карт гар утастай хамт байгаа, ах нь нэмээд 10.000 төгрөг өгье” гэж гуйгаад зогсож байтал гудамжнаас 5-6 залуучууд гараад ирсэн. Тэгтэл нөгөө намхан залуу миний гар утсыг буцааж өгсөн. Нөгөө залуучуудад “ахыг нь дээрэмдчихлээ” гэж хэлтэл намхан залууг нөгөө залуус “яасан их хөгшин хүн дээрэмддэг юм” гээд бариад авсан. Харин өндөр залуу нь миний 60.000 төгрөгийг аваад зугтаачихсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...Би өөрт учирсан хохирол 60.000 төгрөгийг О-гийн төрсөн эгч Цэрэннадмидаас бүрэн барагдуулж авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 108-113/,

хохирогч Б.Рагчаагийн “...2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3-19 тоотоос гараад автобусны буудал руу алхаж байтал Булагийн ойролцоо 20-25 орчим насны хоёр эрэгтэй халамцуу, архи үнэртүүлчихсэн сууж байснаа нэг нь “ахаа ус уух уу” гэж асуухаар нь “ууя” гээд ус уусан. Ус хийж өгсөн залууд “баярлалаа” гэж хэлчихээд явах гэтэл цамцны араас татахаар нь эргэж хараад тахимдаад бид хоёр газар унасан. Тэр залуу миний ард гараараа хоолой боохоор нь гараас нь татаад “ах нь ухаан алдлаа” гэхэд намайг тавиад “мөнгө байна уу” гэхээр нь “мөнгө байхгүй” гэхэд “тэгвэл утсаа өг” гээд миний өмдний халаасанд байсан “I phone 4” загварын гар утсыг авчихаад “архи авчирч өгөөд аваарай” гэсэн. Хажуугаар өнгөрч байсан танихгүй хүүхэд “таны утсыг авсан хүн Баянхошуу дэлгүүрийн урд сууж байна лээ” гэхээр нь цагдаа нартай очиход утсыг авсан залуу дэлгүүрийн гадаа сууж байсан. Өмднийхөө халааснаас миний утсыг гаргаж ирсэн. Тэр залууг цагдаагийн хэлтэс рүү дагуулж явсан. ...” /1хх 17/

А.Д-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 хороо, Монлаа гэх газар байх “Булаг” дээр 4 найзтайгаа уулзаад 0,75 литрийн 3 шил архи уусан. Тэр залуучууд архиа ууж дуусаад гэр рүүгээ явсан. 40 орчим насны халамцуу ах Булаг дээр ирэхээр нь би “ус уух уу” гэж асуухад “ууя” гээд уусан. Би тэр ахыг “баярлалаа” гээд цаашаа явахаар нь цамцны захаас нь унагаах гээд татсан чинь эргэж хараад намайг тахимдаад, бид хоёр хамт унасан. Газар уначихаад надтай ноцолдохоор нь би ард нь гараад араас нь бооход миний гараас татаад “ах нь бие муутай, ухаан алдлаа” гэсэн. Би тавиад “мөнгө байна уу” гэж асуухад “байхгүй” гэхээр нь “тэгвэл утсаа өг” гээд хар өнгийн биеийн тамирын өмдний халааснаас цагаан өнгийн “Iphone 4” загварын гар утсыг аваад “архи авчирч өгөөд аваарай” гэсэн. Намайг тэр ахтай ноцолдоод, утсыг аваад явуулсны дараа Чинбаа гэх залуу явчихсан байсан. Би гар утсыг аваад Баянхошуу дэлгүүрийн гадаа сууж байтал цагдаа нар ирээд би утсыг өгсөн. ...” /1хх 77-79/,

А.О-гийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 3-ны орой 22 цаг 30 минутын орчим танил Д гэх залуутай тааралдаж, 0,75 литрийн архи уусан. 2019 оны 9 дүгээр сарын 4-ний шөнийн 01 цаг өнгөрч байхад Д бид хоёр Баянхошууны хуучин эцсийн хотын төв рүү явдаг автобусны буудал орчмоор архи олж уух санаатай явж байтал, 50 гаран насны ах автобусны буудал дээр тэр хавьд архи ууж явж харагддаг эмэгтэйтэй такси барих гээд зогсож байхаар нь Д бид хоёр очиж зогсоод “ахаа хоёр дүү нь такси бариад өгөх үү” гэтэл нөгөө ах “хэрэггүй, ах нь өөрөө бариад явчихна” гэхээр нь хажууд нь зогсож байсан чинь хамт явж байсан хүүхэн яваад өгөхөөр нь Д бид хоёр ойр хавьд хүн харж байгаад нөгөө ахын цамцны захнаас Д барьж, боож унагаасан. Би халаасанд нь байсан 4 ширхэг 1000 төгрөг, 1 ширхэг 20.000 төгрөг, 1 ширхэг 5.000 төгрөгийг авсан. Харин Д гар утсыг авчихаад зогсож байсан чинь гудамжнаас танихгүй, нилээн хэдэн залуучууд гарч ирсэн. Нөгөө ах “ахыг нь энэ хоёр залуу дээрэмдчихлээ, туслаарай” гэж хэлэхээр нь би тэр ахын халааснаас авсан мөнгийг аваад гудамж руу ороод зугтааж, шууд гэртээ очиж амарсан. ...” /1хх 196-197/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Г.Оюунбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 104-105/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 125/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 34/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 12/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Д, А.О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Д нь хохирогч Г.Оюунбаатарыг боож унагаасан тухайн агшинд шүүгдэгч А.О нь хохирогчийн халааснаас эд зүйл авсан үйлдлийг,

мөн шүүгдэгч А.Д-ын хохирогч Б.Рагчаагийн хоолойг нь боож, айлган сүрдүүлж гар утсыг нь авсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Д-ын хүч хэрэглэн бусдын эд зүйл авсан 2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн А.Д-ын 2 удаагийн үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Д нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ганцаараа,  2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр шүүгдэгч А.О-тэй бүлэглэн 2 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг 2 удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцов.    

Шүүгдэгч А.О “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан байдлыг минь харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.О, А.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч А.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарыг зөрүүтэй бичсэн зөрчил гаргасныг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                              

                                    ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ