Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 159/ШШ2022/0027

 

 

 

                              

 

 

                                                                                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                              

Хэргийн индекс: 159/2022/0002/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Сэлэнгийн герефорд” ХХК,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/108, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/109 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Сэлэнгийн герефорд” ХХК нь иргэн *******оос Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар Сэвд могой нэртэй газар өвөлжөө барих зориулалтаар 7800 м.кв газрыг шилжүүлэн авчээ.  

            Гэтэл хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга иргэн *******ид анх газар эзэмшүүлсэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/55 дугаар захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/108 дугаар захирамжаар, мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн шилжүүлэн авсан 7800 м.кв газрыг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/59 дүгээр захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/109 дүгээр захирамжаар тус тус хүчингүй болгожээ.

            Иймд “Сэлэнгийн герефорд” ХХК-иас дээрх захирамжуудыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

“Сэлэнгийн герефорд” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... “Сэлэнгийн герефорд” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд бүртгэлтэй мал, аж ахуй эрхлэх, фермерийн аж ахуй эрхлэх зэрэг эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой 2-р багийн нутагт Сэвд могой нэртэй газарт 7800 м.кв газрыг 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан. Улмаар бид 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тус газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгө барьж, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, өөрсдийн фермдээ Австрали болон Оросын Холбооны Улсаас ирсэн КЦТ, герефорд үүлдрийн үхрийг үржүүлэн тэжээж, газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд ийнхүү дээрх газар дээрээ үйл ажиллагаа явуулахтай холбоотой их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад байна.

           Гэтэл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/109 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар “... Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дугаар “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болсонд тооцсугай” гэж, 2 дахь заалтаар “Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн 324451 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг тус тус хүчингүйд тооцсугай гэж шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна.

           Тус сумын Засаг даргын 2021 оны А/109 дүгээр захирамжийн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.1-д “ утга агуулгын илэрхий алдаатай” гэж, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж тус тус заасан “захиргааны актыг хүчингүй болгох” болон “захиргааны акт илт хууль бус байх” агуулга бүхий зохицуулалтыг дурьдсан нь хоорондоо зөрчилдөж байх бөгөөд хуульд нийцэхгүй байна.

           Мөн "Сэлэнгийн герефорд" ХХК нь иргэн *******оос Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт байрлах 7800 м.кв газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу шилжүүлэн авсан байхад маргаан бүхий А/109 дүгээр захирамжийн үндэслэлд “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоол”-г үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр гаргасан хүсэлтийн дагуу 1 иргэний 3 нэгж талбарын 7800 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хавсралтад заасны дагуу шилжүүлэн авагчдад анх олгосон хугацаагаар шилжүүлсүгэй” гээд, тус захирамжийн хавсралтаар иргэн *******ийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Мөнхтолгой 2-р баг, Сэвд нэртэй газарт байрлах 7800 м.кв газрыг "Сэлэнгийн герефорд" ХХК-нд 60 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, иргэн *******ид газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/55 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

          Ийнхүү Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны А/59 дүгээр захирамжаар  "Сэлэнгийн герефорд" ХХК-нд газар эзэмших эрх шилжүүлэн олгосон нь аливаа хууль, дүрэм журмыг зөрчөөгүй бөгөөд утга агуулгын хувьд алдаагүй байхад маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2021  оны А/109 дүгээр захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5-д тус тус заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

          Мөн дээрх Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2021 оны А/109 дүгээр захирамжийн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох” тухай зохицуулалтыг дурдсан байх боловч “Сэлэнгийн герефорд” ХХК-нд газар эзэмших эрхийг иргэн *******оос шилжүүлэн олгосон Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны А/59 дүгээр захирамж нь ямар хууль тогтоомжид нийцээгүй талаар тодорхой дурдаагүй байдаг.

         Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан боловч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/109 дүгээр захирамжтай холбоотойгоор манай компанид сонсох ажиллагаа огт явуулаагүй бөгөөд тус захирамжийг манай компанид албан ёсоор гардуулаагүй болно. Захиргааны байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй.

           Гэтэл манай компанийн хөрөнгө оруулалт хийн, герефорд үүлдрийн үхрийг үржүүлэн тэжээж, газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байх явцад дээрх байдлаар захирамж гаргаж газар эзэмших эрх үүсгэсэн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх ба Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” гэж, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тус тус заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/55 дугаар захирамжаар иргэн *******ид Сэвд могойд өвөлжөөний зориулалтаар 7800 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд дээр дурдсанчлан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар тус “Газар эзэмшүүлэх тухай” А/55 дугаар захирамжийг нэгэнт хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад дахин хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн зүгээс маргаан бүхий захиргааны акттай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр /2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэж бичсэн/ урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргасан боловч дээд шатны захиргааны байгууллагаас тус гомдлын хариуг холбогдох хуульд заасан 30 хоногийн дотор гаргаж өгөөгүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

            Иймд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/108 дугаар, А/109 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Иргэн *******ид 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/55 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дур мэдэж олгосон байдаг. *******ид олгогдсон дээрх газар нь хууль бус. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг нягтлан шалгахгүйгээр 2018 онд “Сэлэнгийн герефорд” ХХК-нд шилжүүлсэн нь мөн хууль бус шийдвэр байсан. “Сэлэнгийн герефорд” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 40.6-д тус тус заасан 2 болон түүнээс дээш жил газрын төлбөр төлөөгүй. Уг газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй болох нь дээрх газрыг хүчингүй болгох үндэслэл болно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хууль бус буулгах өвөлжөөний газруудад уг өвөлжөөний газар орсон байдаг.

            Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар газрын эрх шилжүүлэхдээ сумын Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжийг хүчингүй болгосон байдаг. Энэ захирамж нь иргэн Б.Юмчинсүрэнд газар олгох тухай байдаг. Иймд уг захирамжаар 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/55 дугаар захирамжаар хүчингүй болгож иргэний эрх зөрчигдсөн хууль бус захирамж болсон байдаг.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “... Хушаат сумын Засаг даргын 2021       оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухайА/108 дугаар захирамжаар 2018 оны А/59 дүгээр захирамж Хушаат сумын Сэвд хэмээх газар байрлалтай “Сэлэнгийн герефордХХК-ийн өвөлжөөний газар/-ийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг захиргааны шийдвэр гаргах ажиллагааны дагуу дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан 12 дугаар тогтоол, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан 05 дугаар тогтоол/Сэлэнгийн герефорд ХХК-ийн өвөлжөөг татан буулгах/, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны А/30 дугаар “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” тогтоол зэргийг хэрэгжүүлэхээр эрх зүйн үндэслэл болгосон. Мөн утга агуулгын илэрхий алдаатай буюу иргэн *******оос Сэлэнгийн герефорд ХХК-нд Сэвд дэх 7800 м.кв өвөлжөөний газрыг шилжүүлэхдээ 2016 оны А/55 дугаар захирамж /*******ид анх өвөлжөөний газар олгосон/-ийг хүчингүй болгоогүй. 2010 оны А/22 дугаар буюу өөр байгууллагаас иргэнд шилжсэн захирамжийг хүчингүй болгож илэрхий утгын алдаа гаргасан учир Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг хуулийн үндэслэл болгосон.

Хушаат сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийнЗахирамж хүчингүй болгох тухайА/109 дүгээр захирамжаар 2018 оны А/55 дугаар захирамж /иргэн *******ид Сэвд хэмээх газарт өвөлжөөний зориулалтаар олгосон 7800 м.кв газар/-ийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлэх заалтын дагуу дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан 12 дугаар тогтоол, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан 05 дугаар тогтоолуудыг үндэслэн газрыг гаргасан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5 дахь заалтууд нь уг 2016 оны А/55 дугаар захирамж утга агуулгын илэрхий алдаа буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад тусгагдсан хэмээн бичсэн, төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгох, хяналт тавихыг шаардсан. Мөн А/59 дүгээр захирамжаар иргэн *******оос Сэлэнгийн герефорд ХХК-нд Сэвд дэх 7800 м.кв өвөлжөөний шилжүүлэхдээ 2016 оны А/55 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй, 2010 оны А/22 дугаар буюу өөр байгууллагаас иргэнд шилжсэн захирамжийг хүчингүй болгосон байсан тул захирамжийг хүчингүйд тооцон гаргасан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Сэлэнгийн герефорд” ХХК нь иргэн *******оос Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дүгээр захирамж[1]-аар Сэвд могой нэртэй газар өвөлжөө барих зориулалтаар 7800 м.кв газрыг шилжүүлэн авчээ. 

            Гэтэл хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга иргэн *******ид анх газар эзэмшүүлсэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/55 дугаар захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/108 дугаар захирамж[2]-аар, мөн “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн шилжүүлэн авсан 7800 м.кв газрыг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/59 дүгээр захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/109 дүгээр захирамж[3]-аар тус тус хүчингүй болгосон тул “Сэлэнгийн герефорд” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргад холбогдуулан түүний 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/108, мөн өдрийн А/109 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргаас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/108, мөн өдрийн А/109 дүгээр захирамжуудыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5 болон Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоол зэргийг тус тус үндэслэн гаргажээ.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актуудыг гаргах болсон үндэслэлээ шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа: ...анх иргэн *******ид Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/55 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн газрын төлбөр төлөөгүй гэж маргаан бүхий актад дурьдаагүй зөрүүтэй үндэслэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрэв хариуцагчаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно. гэж зохицуулсныг үндэслэж байгаа бол Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргаас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/108, мөн өдрийн А/109 дүгээр захирамжуудаар хүчингүй болгож буй Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/55 дугаар, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны А/59 дүгээр  захирамжуудаар газар эзэмшигч ******* болон Сэлэнгийн герефорд ХХК нь ямар хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн талаар тодорхой дурьдах ёстой.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ. гэж заасныг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан 12 дугаар тогтоол, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан 05 дугаар тогтоол, болон мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” А/30 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор маргаан бүхий актыг гаргасан гэж тайлбарладаг.

Гэтэл хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т дурьдсан дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх гэдэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэр хамаарахгүй. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3“Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1“Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус зааснаас үзвэл сумын Засаг дарга нь дээд шатны захиргаа болох аймгийн Засаг даргаас өгсөн үүргийг биелүүлж, захиргааны акт гаргахаар байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх эрх шилжүүлэхдээ  иргэн *******ид газар олгосон Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/55 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй, сумын Засаг даргын 2010 оны А/22 дугаар захирамжаар буюу өөр байгууллагаас иргэнд шилжсэн захирамжийг хүчингүй болгож илэрхий утгын алдаа гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг хуулийн үндэслэл болгосон” гэж тайлбарлах боловч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралт[4]-д *******ийн 7800 м.кв өвөлжөө барих зориулалт бүхий газрыг Сэлэнгийн герефорд ХХК-нд шилжүүлж, *******ид газар эзэмшүүлсэн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/55 дугаар захирамжийн хавсралтын *******ид холбогдох хэсэг, 613498 дугаар газар эзэмших гэрчилгээ болон газрын гэрээг хүчингүй болгожээ.

Харин Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дүгээр захирамжийн дөрөв дэх заалтад Сумын Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22 тоот захирамжийн холбогдох заалт, дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг тус тус хүчингүйд тооцсугай гэх боловч уг 22 дугаар захирамжид хамаарах иргэнд шилжүүлсэн газар нь нэхэмжлэгчийн маргаж буй Мөнх толгой 2-р баг, Сэвд гэх газар байрлах, 7800 м.кв газартай давхцалгүй, түүнд хамааралгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй. гэж заасны дагуу захиргааны актын бичилтын алдааг хариуцагч өөрөө засах үүрэгтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж зааснаар гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн маргаан бүхий актуудын үндэслэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбарт ...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5 дахь заалтууд нь уг 2016 оны А/55 дугаар захирамж утга агуулгын илэрхий алдаа буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад тусгагдсан хэмээн бичсэн, төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгох, хяналт тавихыг шаардсан. Мөн А/59 дүгээр захирамжаар иргэн *******оос Сэлэнгийн герефорд ХХК-нд Сэвд дэх 7800 м.кв өвөлжөөний газрыг шилжүүлэхдээ 2016 оны А/55 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй, 2010 оны А/22 дугаар буюу өөр байгууллагаас иргэнд шилжсэн захирамжийг хүчингүй болгосон байсан тул захирамжийг хүчингүйд тооцон гаргасан”[5] гэж байгаагаас захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй, хоёрдмол утгатай гэж үзэхээр байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд захиргааны актын агуулга ба хэлбэрийн талаар зохицуулсан бөгөөд 39.1“Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж зохицуулжээ. Өөрөөр хэлбэл захиргааны актын агуулга, гаргаж буй шийдвэр, түүний үндэслэл нь эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээд болон бусад оролцогч талуудын хувьд бүрэн гүйцэд, тодорхой, ойлгомжтой байх ёстой. Захиргааны акт ойлгомжгүй, тодорхойгүй байгаагийн хариуцлагыг захиргааны байгууллага өөрөө хариуцах бөгөөд хоёрдмол агуулгатай зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Иймд хариуцагч маргаан бүхий актуудын үндэслэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох, мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг нэгэн зэрэг тусгасан нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/108, мөн өдрийн А/109 дүгээр захирамжуудыг эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

Хоёр. Хариуцагч шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргаас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/108, мөн өдрийн А/109 дүгээр захирамжуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй. Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болоод хэрэгт нотлох баримтаар авагдсан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/108, мөн өдрийн А/109 дүгээр захирамжуудын хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас[6] зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга нь Сэлэнгийн герефорд ХХК болон түүнд газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн этгээдийн газар эзэмших эрхийг хязгаарласан 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/108, мөн өдрийн А/109 дүгээр захирамжуудыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулж, нэхэмжлэгч Сэлэнгийн герефорд ХХК-нд тайлбар, санал гаргах боломж олгоогүй байх тул Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/108, мөн өдрийн А/109 дүгээр захирамжууд нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй.

Энэ бүгдээс дүгнэвэл хариуцагч дээр дурьдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; гэж тус тус заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг шийдвэр гаргахдаа хэрэгжүүлж ажиллаагүй байх тул Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/108, мөн өдрийн А/109 дүгээр захирамжуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.4, 25 дугаар зүйлийн 25.1,  26, 27 дугаар зүйл,  39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус баримтлан Сэлэнгийн герефорд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/108, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/109 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Сэлэнгийн герефорд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

 

   
 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 136-р хуудас

[2] Хавтаст хэргийн 78-р хуудас

[3] Хавтаст хэргийн 79-р хуудас

[4] Хавтаст хэргийн 136-р хуудсны ар талд

[5] Хавтаст хэргийн 147-р хуудас

[6] Хавтаст хэргийн 108-121-р хуудас