Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1823

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01151 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Мгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э Яаманд холбогдох,

 

Урд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, 2017 оны 8 дугаар сараас хойшхи ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сард Эрүүл мэнд спортын яаманд Төрийн эахиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны албаны Гадаадын зээл тусламжийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/157 тоот тушаалаар жирэмсэний болон амаржсаны амралтаа авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасны дагуу 120 хоногийн амралтаа дуусаад, хүүхэд харах хүнгүйн улмаас өөрөө хүсэлт гаргаж 2016 оны 9 дүгээр сард хүүхэд асрах чөлөө хүссэний дагуу чөлөө авсан. 2017 оны 08 дугаар сарын 09-нд хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу ажилдаа орохоор хүсэлт гаргасан. Гэтэл Э Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний 2/311-ө тоот албан тоотоор ажлын байрны сул орон тоо байхгүй гэсэн хариу ирүүлсэн. Миний хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бодож, ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож тус байгууллагаас төлж байгаа. Намайг ажиллаж байх үед Эрүүл мэнд спортын яам гэж байсан. 2016 оны 07 дугаар сарын 27-ны Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 3, 13 дугаар тогтоолоор Э Яам болж, бүтэц зохион байгуулалт, орон тоо шинэчлэгдсэн. Гэхдээ миний ажлын байр хэвээр хадгалагдаж үлдсэн байгаа. Миний ажиллаж байсан ажлын байр байгаа бөгөөд жирэмсэний болон амаржсаны амралтаа эдэлж, хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа орохоор хүсэлт гаргасан. Ажлын байрны сул орон тооны асуудал надад хамааралгүй гэж үзэж байна. Гэтэл намайг ажилд буцаан авахгүй, ажлын байрны сул орон тоо байхгүй гэж тайлбарлаад ямар нэгэн тушаал шийдвэр эрх зүйн акт гаргахгүй байгаа болно. Иймд миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Урьд ажиллаж байсан Гадаадын зээл тусламжийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, сарын 592 000 төгрөгийн цалин хөлс авч байсан, 2017 оны 8 дугаар сард ажилд орох өргөдөл гаргаснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 9 дүгээр сард Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны албаны Гадаадын зээл тусламжийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан талаар бичжээ. Гэтэл Н.Мг тус яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Гадаадын зээл тусламжийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1 жил хүртэл туршилтын хугацаагаар томилсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 3 дугаар тогтоол, 13 дугаар тогтоолоор Эрүүл мэнд, спортын яам нь Э Яам болон бүтэц, зохион байгуулалт, орон тоо шинэчлэгдсэн. Энэхүү бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Э Яам нь албан хаагчдыг шинэ бүтцээр байршуулан томилсон. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 58 дугаар тогтоолоор Э Яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталсан бөгөөд энэхүү тогтоолын дагуу Э Яамны Төрийн нарийн бичгийн даргын Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай А/72, Албан тушаалд томилох тухай А/95 дугаар тушаалаар aлбaн хаагчдыг шинэ бүтцээр байршуулан томилоод байна. Иймд дээрх бүтцээр Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэс болон Бодлого, төлөвлөлтийн газарт Гадаадын зээл тусламжийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мг хариуцагч Э Яамны Гадаадын зээл тусламжийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Э Яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 215 764 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Мд олгон, хариуцагч Э Яаманд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Мгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э Яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 114 402 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Н.М нь түр томилогдон ажиллаж байсан бөгөөд тус яамны бүтэц, орон тоо нь Засгийн газрын шийдвэрийн дагуу өөрчлөгдөж, 2015 онд иргэн Н.Мгийн түр томилогдсон албан тушаал болох Гадаадын зээл тусламжийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаал одоогийн Төрийн захиргааны удирдлагын газар болон Бодлого төлөвлөлтийн газарт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Э Яаманд холбогдуулан Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаадын зээл тусламжийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Э Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаадын зээл тусламжийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдаагүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Эрүүл мэнд спортын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Яамдын зохион байгууллалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоол, 13 дугаар тогтоолоор Э Яам болж, бүтэц зохион байгуулалт, орон тоо шинэчлэгдсэн боловч миний ажлын байр хэвээр хадгалагдаж үлдсэн байгаа” гэж, хариуцагч нь татгалзаж буй үндэслэлээ “...Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 58 дугаар тогтоолоор Э Яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталсан бөгөөд энэхүү тогтоолын дагуу Э Яамны Төрийн нарийн бичгийн даргын “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай” А/72, “Албан тушаалд томилох тухай” А/95 дугаар тушаалаар албан хаагчдыг шинэ бүтцээр байршуулан томилсон. Уг бүтцээр Э Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаадын зээл тусламжийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо батлагдаагүй” гэж тус тус тайлбарласан байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай тушаалууд болон бусад холбогдох баримтуудыг хавсаргав гэх тайлбар ирүүлсэн байх ба шүүх уг 75 хуудас нотлох баримтыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна. /хх 24-25/

            Анхан шатны шүүх зохигчдын маргаж буй ажлын байр бүтцийн өөрчлөлт хийгдснээр одоо бодитойгоор байгаа эсэхийг тодруулах, түүнтэй холбоотой нотлох баримтыг зохигчдоос гаргуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд “хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах” ажиллагааг явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01151 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                       

                                    ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН