| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0192/э |
| Дугаар | 2024/ШЦТ/195 |
| Огноо | 2024-06-24 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгч Т.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хавхчин овогт Төмөр-Очирын Өсөхбаярт холбогдох эрүүгийн 2421001650212 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Очир-Хүрээ гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хавхчин овогт Төмөр-Очирын Өсөхбаяр. /РД: ЖЗ99010210/
Шүүгдэгч Т.Өсөхбаяр нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 28 дугаар байрны гадна зогсож байсан хохирогч А.Мягмарын эзэмшлийн 09-01 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуйг хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устган гэмтээсний улмаас 480,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Өсөхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Т.Өсөхбаяр нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 28 дугаар байрны гадаа байсан хохирогч А.Мягмарын эзэмшлийн 09-01 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуйг хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устган гэмтээсний улмаас 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Т.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 29-ний орой ...22 цаг өнгөрч байхад Аззаяа эгчийн охин болох Мягмарын гэрийнх нь гадаа ...очиход Мягмарын 09-01 ДОР улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд миний хувьд уур хүрээд газраас иртэй төмөр аваад машиных нь баруун талын дугуйнуудыг нь хагалаад явсан. Би Мягмар гэх эмэгтэйтэй 2021 онд танилцаж, түүний амьдардаг байранд хамт амьдардаг байсан юм. Харин түүний ээж Аззаяа нь тухайн байрнаас зүүн тийшээ хороололд амьдардаг. Би Мягмартай хамт амьдарч байхдаа түүнд 2 сая төгрөгөөр тусалж, дэлгүүр түрээслэн хамт ажиллуулсан бөгөөд Мягмар нь тухайн дэлгүүрийн ашгаасаа өгөхгүй, хий хоосон ажиллуулаад байсан явдлаас болж бид 2 холбоогоо таслах болсон. Ингээд би энэ үйл явдлаас болж түүнд уурлаж ийм үйлдэл хийх болсон. Миний буруутай үйлдлээс болж учирсан хохирлыг Мягмарт төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч А.Мягмарын “...Миний хувьд гэрийнхээ гадаа өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 09-01 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг унтраагаад үлдээсэн. Тухайн өдрийн маргааш өглөө гэрээсээ 10 цагийн орчимд гарч ирээд хүүгээ бэлтгэлд нь хүргэж өгөх гээд машиндаа суухад 4 дугуй хагарсан байсан. Тэгэхээр нь дугуйны хий нь гарсан байна гээд хийлж үзсэн боловч иртэй зүйлээр дугуйны гадна талаас нь хатгаж хагалсан байсан. Засварын газарт очсон чинь уг дугуйг дахин засварлаж нөхөх боломжгүй болсон гэж хэлсэн. Үнэлгээний байгууллагаар 4 ширхэг дугуйгаа үнэлүүлэхэд 480,000 төгрөг болсон. ...Миний машины дугуйг хэн нэгэн хагалж байгааг хараагүй. Гэхдээ тэр орой миний өмнө нь хамтран амьдарч байсан Өсөхбаяр гэх залуу манай гэрийн гадаа явж байгаа харагдсан. Мөн Өсөхбаяр нь надтай холбоо барих гэж залгаж байсан бөгөөд би түүний утсыг блок хийсэн учир Өсөхбаяр нь над руу инстаграмм хаягаар “сайн явахыг чинь харна” гэх утгатай дуут зурвас явуулсан байсан. Ийм учраас би Өсөхбаярыг миний машины дугуйг хагалсан гэж бодож байсан. ...Миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй учраас Улаанбаатар хот руу явж дүгнэлт гаргуулах шаардлагагүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, автомашин техникийн шинжээчийн дүгнэлт, хохирол төлбөр төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.Өсөхбаяр нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Мягмарын эд хөрөнгөд 480,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Т.Өсөхбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Хавхчин овогт Төмөр-Очирын Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч Т.Өсөхбаяр нь бага боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хавхчин овогт Төмөр-Очирын Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төмөр-Очирын Өсөхбаярыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өсөхбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА