Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2021/00274

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2021/00274

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-р 80 айлын орон сууцны 78 тоотод оршин суух, ПО78062414 регистрийн дугаартай, Тоос овогт Буянхишигийн Бямбадоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг, Динатос 12 айлын орон сууцны 10 тоотод оршин суух, ПЮ82040315 регистрийн дугаартай, Баттулгын Амартүвшинд холбогдох,

9,315,200 /есэн сая гурван зуун арван таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бямбадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бямбадорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Б. Амартүвшинтэй 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, зээлийн хугацааны эцэст үндсэн зээл, хүүгийн хамт 14,310,000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулж 13,500,000 (арван гурван сая таван зуун мянган) төгрөг зээлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад Б.Амартүвшин нь зээлсэн мөнгөө өгөөгүй. Харин 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс хэсэгчлэн төлж эхэлсэн боловч бүрэн барагдуулаагүй байна. Үндсэн зээл, хүү, алдангиа бүрэн төлж барагдуулалгүй удсан учраас 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр эвлэрүүлэн зуучлалд хандахад Б.Амартүвшин нь эвлэрүүлэн зуучлал дээр ирэхгүй бултан зайлсаар байсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж чадалгүй дуусгавар болсон.

Иймд Б.Амартүвшингээс үндсэн зээл 6,560,000 төгрөг, зээлийн хүү, алданги 2,755,200 төгрөг, нийт 9,315,200 (есөн сая гурван зуун арван таван мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж өгнө үү.

...Б.Амартүвшин нь зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлж явсаар 8 сарын дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг авч ирж өгсөн. Энэ хүртэлх хугацааны үндсэн зээл, хүү, алданги нийлээд 21,060,000 төгрөг болсон ба өгсөн 10,000,000 төгрөгийг хасаад 11,060,000 төгрөг үлдсэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлдэгч Б.Амартүвшин надад 2,000,000 төгрөг, дараа нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөгийг өгсөн ба энэ 4,500,000 төгрөгийг хасаад 6,560,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл үлдсэн. Улмаар сүүлийн 4,500,000 төгрөгийн төлөлт хийгдсэн өдрөөс хойших зээлийн хүүгийн төлөлт хийгдээгүй. Зээлдэгч Б.Амартүвшинтэй холбогдох гэж олон удаа оролдсон боловч утсаа авахгүй, зайлсхийж явсаар байсан. ...Тухайн үед нэхэмжилсэн үндсэн зээл 6,560,000 төгрөг, зээлийн хүү 2,755,200 төгрөг, нийт 9,315,200 төгрөг гарсан. Зээлдэгч 10,000,000 төгрөг өгснөөс хойш буюу 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгэр сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны алдангийг бодоогүй. Шүүхэд 2019 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргасан боловч тухайн онд шийдвэрлэгдээгүй, 2020 онд мөн адил шийдвэрлэгдээгүй сунжирсаар байна... Үндсэн зээл 13.500.000 төгрөгнөөс үндсэн зээлийн үлдэгдэл 6.560.000 төгрөг, 1 сарын хүү 393.600 төгрөг болох бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс хойшхи хүү 2.755.200 төгрөг нэхэмжилж байгаа... Анх алданги тооцож, зээлдэгчийн төлөлтөөс алданги хасагдсан. Хэрэв дээрх мөнгөн дүнг буюу нэхэмжилж буй зээлийн үлдэгдлийг алдангийн хэмжээнд бодвол ойролцоо дүн гарна, алданги гэж тооцсон ч болно гэв.

Хариуцагч Б.Амартүвшин нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баттулга овогтой Амартүвшин миний бие нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Бямбадоржоос 13,500,000 /арван гурван сая таван зуун мянган / төгрөгийг 1 сарын хугацаагаар 6 хувийн хүүтэй зээлж авсан.

1. 3ээлсэн мөнгийг хугацаандаа эргүүлэн төлж чадаагүй нь үнэн боловч 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банкнаас цалингийн зээл авч иргэн Б.Бямбадоржид бэлэн 10,000,000 /арван сая/ төгрөгийг банкны торонд хийн WINNERS ресторанд бэлнээр аваачиж өгч, миний эхнэр Н.Тунгалаг иргэн Б.Бямбадорж бид гурав хоол идсэн.

2. 2018 оны 10 сард миний эхнэр болох Н.Тунгалаг иргэн Б.Бямбадоржид 2,000,000 /хоёр сая/ төгрөг бэлнээр Ховд Их сургууль дээр аваачиж өгсөн.

3. 2018 оны 11 дүгээр сард миний эхнэр Н.Тунгалаг иргэн Б.Бямбадоржид 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг данс руу нь шилжүүлсэн.

Анх авсан 13,500,000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөгийг хүү болох 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хамт барагдуулж нийт 14,500,000 төгрөг иргэн Б.Бямбадоржид өгсөн нь үнэн болно.

Иргэн Б.Бямбадоржоос анх мөнгө зээлэхдээ 1 сарын хугацаатай зээлсэн бөгөөд иргэн Б.Бямбадорж нэхэмжлэлдээ үндсэн төлбөр болон хүү алданги бүрэн барагдуулаагүй, бултан зайлсан гэсэн нь илт гүтгэсэн хэрэг бөгөөд түүний нэхэмжлэлд дурдагдсан 9,315,200 /есэн сая гурван зуун арван таван мянга хоёр зуун/ төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчээс хэднээс хэдний өдөр хүртэлх хүүг бодсон нь сайн ойлгомжгүй байна. Хариуцагч нь зээлийн үндсэн мөнгийг өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бямбадорж нь хариуцагч Б.Амартүвшингээс гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 6.560.000 төгрөг, зээлийн хүү, алданги 2.755.200 төгрөг, нийт 9.315.200 төгрөгийг гаргуулж өгөхийг шаарджээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... миний бие Б.Амартүвшинтэй 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 13.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдсэн, энэхүү зээлийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл үндсэн зээл, 1 сарын хүү 810.000 төгрөгний хамт 14.310.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон боловч хугацаа хэтрүүлж, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2.500.000 төгрөг төлсөн. Иймд энэ хүртэлх хугацааны алданги 6.750.000 төгрөг болсноор үндсэн зээл, хүү, алданги нийлээд 21.060.000 төгрөг болсон ба Б.Амартүвшингийн төлсөн 14.500.000 төгрөгийг хасаад 6.560.000 төгрөг үлдсэн юм. Улмаар сүүлийн төлөлт хийгдсэнээс хойш буюу 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд хандах 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 7 сарын хүү 2.755.200 төгрөг болсон. Иймд Б.Амартүвшингээс нийт 9.315.200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...анх авсан 13.500.000 төгрөгийг хүү 1.000.000 төгрөгний хамт барагдуулж, 14.500.000 төгрөгийг иргэн Б.Бямбадоржид өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 9.315.200 төгрөгийг төлөх үндэслэлгүй... гэж маргана.

Нэхэмжлэгч Б.Бямбадорж, хариуцагч Б.Амартүвшин нарын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.Бямбадорж нь зээлдэгч Б.Амартүвшинд 13.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлдэгч нь зээлдүүлэгчид гэрээнд заагдсан зээлсэн мөнгийг хугацаандаа төлөхөөр, зээлдэгч үүрэг биелүүлэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 6.560.000 төгрөг, хүү, алданги 2.755.200 төгрөг, нийт 9.315.200 төгрөг гаргуулахыг хүссэн боловч шүүх хуралдааны явцад 6.560.000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл гэж тооцохгүйгээр алданги гэж тооцсон ч болно, тооцооны хувьд ялгаа гарахгүй гэх тайлбарыг шүүхээс үндэслэл болгосныг дурдаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ...Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ... гэж заажээ.

Тэрээр, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6-д зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байх ба гэрээнд үүрэг гүйцэтгэх эцсийн хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байхаар тусгасан байна. Үүрэг гүйцэтгэгчийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлснийг тооцоход 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс хариуцагчийн анхны төлөлт хийх хүртэлх хугацаа буюу 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 212 хоног хэтэрсэн байх ба гүйцэтгээгүй үүргийн дүн болох 13.500.000 төгрөгний алданги нь 14.310.000 /13.500.000 х 0.5% х 212 хоног = 14.310.000/ төгрөг байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нэхэмжлэгчээс алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 13.500.000 төгрөгний 50 хувь болох 6.750.000 төгрөгийг үндсэн зээл, хүүгийн хамт нэхэмжилсэн нь үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Б.Бямбадорж хариуцагч Б.Амартүвшингээс төлбөр барагдуулах гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 6.750.000 төгрөгийг шаардах эрхтэй байх ба хариуцагч гэрээнд зааснаар үндсэн зээл, хүүгийн хамт 14.310.000 төгрөг төлөх ёстойгоос 14.500.000 төгрөг төлснөөр үүнээс 190.000 төгрөгийг алдангид төлсөн гэж үзээд 6.560.000 төгрөгийг гаргуулах боломжтой байна.

Гэвч талуудын байгуулсан гэрээнд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байгаа хэдий ч дээрх зээлийн гэрээний хугацаанд биш ч гэсэн өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд Ковид-19 цар тахал үүссэн нөхцөл байдалтай давхцсан, мөн хариуцагч нэхэмжлэгчээс авсан зээлээ барагдуулахын тулд Голомт банкны Ховд аймаг дахь салбараас 10.700.000 төгрөгний зээл авч байсан зэргийг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д ...Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно... гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн хэмжээг /6.560.000 төгрөгийг 50 хувь багасгаж тооцсон/ дахин 50 хувь багасгаж тогтоож, нэхэмжлэгчээс хариуцагчид 3.280.000 төгрөгийг олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүү болох 2.755.200 төгрөгийг доорх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д ...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана... гэж зохицуулсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр гэрээ боловч зээлийн гэрээний хугацаа дууссанаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасан үндэслэлээр зээлдүүлэгч зээлийн хүү авах эрхээ алдана. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь 1 сарын хугацаатай байх ба энэхүү 1 сарын хугацааны хүүг л шаардах эрхтэй байна. Тиймээс зээлийн гэрээний тохиролцсон хугацаа дууссанаас хойшхи хугацаанд зээлийн хүү шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан бөгөөд энэхүү тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь, хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх ба гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жил гэж заасан байна. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулж, эргэн төлөлтийн хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болохоор тусгагджээ. Улмаар нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хуульд заасан шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн алданги 3.280.000 төгрөгийг хангаж, үлдэх үлдэх 6.035.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Амартүвшингээс зээлийн алданги 3.280.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бямбадоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.035.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.993 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Амартүвшингээс 62.950 төгрөг гаргуулан Б.Бямбадоржид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН