Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/485

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

хохирогч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт т холбогдох эрүүгийн 2305025022044 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1998 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүрэг, “*******-16”-д байрлах “*******” орон сууцны барилгад мужаан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сумын 1-р багт оршин суух хаягтай боловч одоо ******* дүүргийн ******* хороо, байрны тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ” хоолны газрын орчимд 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр болгоомжгүйгээр хохирогч *******ыг түлхсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд гавлын баруун зулай, титэм, суман заадас, зүүн чамархай дух, суурь ясны хугарал, зүүн зулай, чамархай, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн шуу, богтос ясны зөрөөтэй хугарал, баруун тохой, баруун мөрөнд зулгаралтын нөсөө гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчим би ажлын байрныхаа гадаа тамхи татаад зогсож байхад хохирогч нь манай байгууллага руу цай ууна гээд, гартаа 10 төгрөг барьсан, хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгэхээр нь би “Алтан төгрөг” дэлгүүрийн шатаар гаргаад араас нь түлхэхэд газарт унасан. Тэгэхээр нь би очиж босгоод ажил руу оруулж цай, хоотдог өгөөд гаргасан. Тухайн үед цус гараагүй, зүгээр гэж надад хэлсэн. Тухайн өдрийн 16 цагийн орчмын үед хэрэг болсон байхад шөнө гэртээ очсон гэсэн мэдүүлэг байдаг. Хаана, ямар хүнтэй байсан талаар мэдэх боломжгүй байна. Би зүгээр эсэхийг асуухад надад зүгээр гэж хэлж байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр бага зэрэг халамцуу байсан хэдий ч болсон зүйлийг бүгдийг сайн санаж байна. Би тухайн газар луу цай уух гэж орсон боловч энэ залуу намайг хөтөлж гаргаад түлхсэн. Би унахдаа баруун гарынхаа бугуйгаа хугалж, мөн толгойдоо гэмтэл авсан. Гэртээ очоод толгой хүчтэй өвдөөд, явж чадахгүй байхаар нь маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Манай ах тэтгэврийн зээл авч өгөөд би хагалгаанд орсон. Тархины хагалгаанд орж толгойн ясаа авхуулсан. Одоо эмчилгээний зардалд нийт 20 сая төгрөг нэхэмжилж байна. Мөн их гомдолтой байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Иргэн С.Заяабатаас гаргасан гэмт хэргийн талаарх бүртгэлийн Г-5788 дугаартай “...манай дүү ******* нь согтуу, тархиндаа гэмтэл авсан байдалтай орж ирээд, гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна...” гэсэн гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Хэргийн газрын нөхөн үзлэгийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-8 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “зургаар таньж олуулах ажиллагаа эхлэхийн өмнө хохирогч ******* таних гэж байгаа хүнийг ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньж олох гэж байгааг асуухад”, “би бага зэрэг архи уусан байсан ч намхан богино үстэй байсан гадаад төрхийг хараад шууд танина гэв. Хохирогч *******т 1-4 хүртэлх дугаартай зургаас таньж олуулахад энэ хүмүүс дотор намайг шатнаас түлхэж унагаасан хүн 1 гэсэн дугаартай зураг дээрх хүн мөн байна гэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

Хохирогч *******ын:

“...хамгаалагч залуу намайг яах гээд байгаа юм гэж хэлснээ түлхсэн. Би шууд хараад танина. Намхан буюу 165 см өндөр, туранхай, үс нь хойшоогоо самнасан, саарал өнгийн цамц, жинсэн өмдтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-20 дахь тал/,

Хохирогч *******ын дахин өгсөн:

“...Би өмнө нь 2017-2018 оны хооронд муруй хамраа тэгшлүүлэх гэж хамрын хагалгаанд 1-р эмнэлэг дээр орж байсан. Толгойдоо өмнө нь гэмтэл авч байгаагүй, ямар нэгэн хагалгаанд орж байгаагүй. Сая шатнаас унаж гэмтээд тархины хагалгаанд орж толгойны зүүн талын ясаа авхуулсан. Би өмнөх өдөр нь архи уусан тэр өдөр бага зэрэг архи уусан байсан. Шатнаас унаж босоод шууд гэр лүүгээ явсан. Гэрт ороход ах С.Заяабат байсан. Шөнө нь миний толгой их өвдөж хоносон. Өглөө шууд гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. нэртэй хоолны газрын ажилтан намхан, богино үстэй, саарал цамцтай байсан санаж байна тэр залуу цай уух гээд орсон эндээс гар яв гэж хэлээд миний хоёр гараараа цээж рүү түлхсэн. Түлхүүлээд унахдаа би толгойгоороо шат мөргөсөн. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дүгээр тал/,

Гэрч :

“...дүү Батбаяр 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээсээ гарч яваад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шөнө гэртээ ирсэн хэдэн цагт ирснийг санахгүй би тухайн үед ганцаараа архи уусан байсан. Батбаяр толгойгоо дараад миний толгой өвдөөд байна гээд толгойгоо дараад байсан. Би толгойгоо яасан юм бэ гэж асуусан чинь намайг намхан залуу зодсон байх гэж хэлсэн. Манай дүү Батбаяр хийсэн ажилгүй гадуур архи уугаад явж байдаг. Хаана уусан талаар мэдэхгүй гадуур таарсан хүнтэйгээ архи уудаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-28 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9400 дугаартай шинжээчийн:

“...*******ын биед гавлын баруун зулай, титэм, суман заадас, зүүн чамархай, дух, суурь ясны хугарал, зүүн зулай, чамархай, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, аалзан хальсан доорх цус харвалт /2023.07.13-ны амь насны заалтаар тархины зүүн талын бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авч тархи дарагдал чөлөөлөх мэс засал/, зүүн шуу, богтос ясны зөрөөтэй хугарал, баруун тохой, баруун мөрөнд зулгаралтын нөсөө гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Шинж тэмдэг илрэх, тархи дарагдах хүртэл үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт, хавсаргасан баримтууд, танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 36-60 дахь тал/,

Гэрч :

“...2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд санаж байна би ажлын байран дээрээ ажлаа тойроод солонгос хоолны газрын хаалгаар дамжаад Кебаб хоолны газар руу орсон чинь байхгүй байсан. Хаачсан юм бол гэж бодоод гараад хартал насыг нь болон хувцсыг нь санахгүй байна согтуу эрэгтэй хүнийг касс хийдэг “Алтан төгрөг” дэлгүүрийн шатан дээр гаргаж өгөөд буцаад явж байсан тэр үед тэр согтуу хүн араас нь хараагаад үглээд байсан. Би хараад буцаад орсон. ээс яасан юу болсон талаар асуухад согтуу хүн орж ирээд гарахгүй болохоор нь гаргаж өгсөн гэсэн юм яриад өнгөрсөн. халуун газ дээр ажилдаг болохоор үе үе гарч тамхи татах буюу сэрүүцдэг. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Би үргэлжлүүлээд ажлаа шалгаад тойроод яваад өгсөн. миний хараад өнгөрснөөр биед нь халдаагүй. Шат руу гаргаж өгөх гээд явж байгааг л харсан. Намайг ажилд ороход ажиллаж байсан би 1 жил болж байгаа. Миний мэдэхийн архи уудаггүй тамхи татдаг. Би урдаас нь биш араас нь хальт харсан болохоор насыг нь болон хувцсыг нь хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-35 дахь тал/,

Гэрч :

“...Би 2012 оноос одоог хүртэл “Тэмүүлэл-Од” ХХК-д ажиллаж инженерээр ажиллаж байна. Манай байгууллага гадаа орц, гарц харах 24 ширхэг камертай. Манай камерын ачаалал, тоо, нягтаршлаас шалтгаалан 23-24 хоног хадгалдаг. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн камерын бичлэг хадгалагдаагүй учраас байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 139-140 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн:

“...Дээрх гэмт хэргийн улмаас *******ын эрүүл мэндийн төвөөс үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.887.990 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг *******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 148-150 дахь тал/,

Хохирол төлбөртэй холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ” хоолны газрын орчимд 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр болгоомжгүйгээр хохирогч *******ыг түлхсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд гавлын баруун зулай, титэм, суман заадас, зүүн чамархай дух, суурь ясны хугарал, зүүн зулай, чамархай, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн шуу, богтос ясны зөрөөтэй хугарал, баруун тохой, баруун мөрөнд зулгаралтын нөсөө гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч *******, гэрч С.Заяабат, О.Гомбосүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9400 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч *******ийн хохирогчийг өөрөөсөө холдуулахаар түлхсэн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байх шинжийг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт нийт 4.047.350 төгрөгийн зардал гарснаас хагалгааны төлбөр болох Эрүүл мэндийн Даатгалын сангаас 3.305.650 төгрөг, хохирогч *******аас 741.700 зардал гарсан байх тул шүүгдэгч *******ээс 741.700 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2.2 дахь заалтад “...Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно...” гэж заасан байх бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 372 дугаартай дүгнэлтээр хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэсэн дүгнэлт гарсан байна.

Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.4, 4 дэх хэсэгт заасан “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-д хоёрдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэгийг 4-8% тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан байна. 

Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9400 дугаартай дүгнэлтээр хохирогч *******ын биед биед “гавлын баруун зулай, титэм, суман заадас, зүүн чамархай, дух, суурь ясны хугарал, зүүн зулай, чамархай, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, аалзан хальсан доорх цус харвалт /2023.07.13-ны амь насны заалтаар тархины зүүн талын бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хурааг авч тархи дарагдал чөлөөлөх мэс засал/, зүүн шуу, богтос ясны зөрөөтэй хугарал, баруун тохой, баруун мөрөнд зулгаралтын нөсөө учирсан” гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өөрийн эрүүл мэнддээ учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, гомдол, санал болон шүүгдэгчийн гэм буруу зэргийг харгалзан хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 8 хувиар тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 550.000 төгрөг байхаар тогтоосон байх бөгөөд 12.99 дахин нэмэгдүүлэн шүүгдэгчээс нийт 7.144.500 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв” эмнэлгээс хохирогч *******ын төрийн үйлчилгээний төлбөр болох 3.887.990 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн ******* дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн ******* дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305025022044 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн ******* дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 7.144.500 төгрөг, эмчилгээний зардалд 741.700 төгрөг, нийт 7.886.200 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ээс 3.887.990 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ