| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0429/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/486 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,
улсын яллагч Ч.Батбаатар /тээврийн прокурор/,
хохирогч *******,
иргэний нэхэмжлэгч *******,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цамхагт кранист мэргэжилтэй, “Оч ололт” ХХК-д кранист ажилтай, ам бүл 1, ******* аймгийн ******* сум ******* баг, тоотод бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 9-р хороо, Зүүн Нарангийн 83-15 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* Даваа, /РД: *******/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 13-р хороо, “Өргөө” кино театрын зүүн талын явган хүний гарцан дээр 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 цагийн орчимд “Toyota Aqua” маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч *******ын эрүүл мэндэл хөнгөн, *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “....Хохирол төлбөрт 3.000.000 төгрөгийг авсан. Сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэхдээ: “...Хохирол төлбөрт 3.000.000 төгрөгийг хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 06-10 дахь тал/,
Хохирогч *******ийн:
Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороонд байрлах 1- тоотод байх гэртээ харихаар “Өргөө” кино театрын ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний гэрэл дохиотой уулзвараар Лхагважав, Жигжидлхам нарын хамт зам хөндлөн гарсан. Тухайн үед Жигжидлхам нь хоцорч явсан болохоор машинд мөргүүлээгүй харин Лхагважав бид хоёр “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас газар унасан. Босож ирэх үед миний толгой аймаар өвдөөд юм харахаар дотор муухай оргиод нүд чилээд байх шиг санагдсан. Тэгээд уг тээврийн хэрэгслийн жолоочтой гэмтлийн эмнэлэг явсан... Гомдолтой байна гадуур их явдаг ажилтай учир уг ослоос болж цалингаа бүтэн авч чадаагүй тул 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч *******ын:
“....Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хороонд байрлах “Өргөө” кино театрын ертөнцийн зүгээр баруун зүүн талын явган хүний гарц дээр шөнийн 03 цагийн орчим “Toyota Aqua” маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн уг тээврийн хэрэгсэлд мөргүүлээд бид хоёр газар унасан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд бид хоёртоо уулзсан, уулзаад эндээ гайгүй тохиръё гэж ярьсан. Тэр өдөр бид хоёр нөгөө жолоочийн хамт “Мөнгөн гүүр” эмнэлэг орж томографын толгойн зураг авхуулсан. Маргааш нь буюу 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Пүрэвхишигийн хамт эмнэлгээр явж үзүүлэх гэтэл эмчилгээний төлбөр нь 700.000 гаруй мянган төгрөг болоод байхаар нь нөгөө залуугаас мөнгийг нь авах гэтэл надад мөнгө алга маргааш 1 сая төгрөг шилжүүлье гэсэн тухайн үед цуг яваад эмчилгээний төлбөр хэд болсныг ч мэдэж байгаа. ...Ослоос болж эмнэлгийн байгууллагаар явсан зардлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 597 дугаартай шинжээчийн:
“...*******ын биед баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тавхайн ядам хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 90 дугаартай шинжээчийн:
“...*******ийн биед баруун хацар ясны нумын зөрөөгүй хугарал, зүүн тохой, баруун өвдгөнд зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
Мөрдөгчийн магадалгаа, /хавтаст хэргийн 84-85 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ******* нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ” хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь:
Баянгол дүүргийн 13-р хороо, “Өргөө” кино театрын зүүн талын явган хүний гарцан дээр 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 цагийн орчимд “Toyota Aqua” маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч *******ын эрүүл мэндэл хөнгөн, *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 597, 90 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Шүүхээс шүүгдэгч *******г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх ажиллагааг нэмж хийх шаардлагатай” гэж үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасныг дагуу шүүх хуралдааныг хойшлуулж дээрх ажиллагааг нэмж хийхийг даалгасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг хийхэд “Цагдаагийн Ерөнхий Газрыг Бүртгэл Хяналтын Төв”-с ирүүлсэн албан бичгээр шүүгдэгч ******* нь жолоочийн бүртгэлгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь тогтоогдсон байна.
Дээрх гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байна.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарт тус бүрд 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа болон ажил хөдөлмөр эрхэлдэг газар болох Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах” ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал, түүнчлэн түүний хувийн байдал буюу анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Улаанбаатар хотын хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг нь харгалзан нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаанд “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2403001000207 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Давааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ