| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2021/00141/И |
| Дугаар | 153/ШШ2021/00284 |
| Огноо | 2021-06-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 153/ШШ2021/00284
| 2021 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2021/00284 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух,******* регистрийн дугаартай,*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг,*******, Наран багт байрлах,******* регистрийн дугаартай, Ховд аймгийн*******ын хот тохижуулах газарт холбогдох,
Ховд аймгийн*******ын Хот тохижуулах газрын ажилтнуудын өндөр насны тэтгэвэрт гарахад 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт тусгуулж,*******д ногдох 15,750,306 /арван таван сая долоон зуун тавин мянга гурван зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Мөндөрсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь тус байгууллагад 1997-2020 он хүртэл нийт 24 жил жил ажиллаж байна.
Би 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарах ёстой. Би өндөр насны тэтгэвэрт гарахдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 хүртэлх сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй. Гэтэл Ховд аймгийн*******ын Хот тохижуупах газар нь манайх төрийн өмчит газар биш гээд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан буцалтгүй тусламжийг төсөвт тусгуулж гаргаж өгөхгүй байна. Энэ нь бидэнд хохиролтой байна.
Би 2019 оны 11 дүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж хүсэлт илгээсэн. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын даргаийн №1/3716 дугаартай Хариу хүргүүлэх тухай хуудсаар Ховд аймгйин*******ын Хот тохижуулах газрыг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Улсын төсөвт үйлдвэрийн газраар бүртгүүлэн №000131885 дугаар гэрчилгээ авч, 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Мөн Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2-т Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тарсралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ гэж заасан тул 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэр бүхий ажилтнуудын нэг удаагийн тусламж авах эрх үүсэхээр байна гэж шийдвэрлэсэн. Гэтэл Ховд аймгийн*******ын Хот тохижуулах газар нь бидэнд 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийг гаргаж өгөхгүй байгаад бид гомдолтой байна.
...Төрийн албаны тухай хуульд заасны дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн нийт 15,750,306 төгрөг авахаас 5,000,000 төгрөгийг надад олгосон бөгөөд үлдэгдэл болох 10,750,306 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд Ховд аймгийн*******ын Хот тохижуулах газар-аас 36 хүртэл сарын буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл болох 10,750,306 төгрөгийг гаргуулж өгнө үү...
...Би 1982 онд 8-р ангиа төгсөн Барилгын техник, мэргэжлийн сургуульд элсэн орж 1984 онд төгсөж, барилга угсралтын трестэд 1991 он хүртэл ажилласан. Үүний дараагаар Хот тохижуулах газарт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2020 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд ажиллаж тэтгэвэртээ гарсан... гэв.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн******* Хотын Захирагчийн ажлын албаны дарга Я.Сэнгэдоржийн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01-р тушаалын дагуу нийтийн эзэмшилийн зам талбайн цэвэрлэгчээр томилогдон ажилласан байна. 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл захирагчийн ажлын албанд зам талбайн үйлчлэгч, 2014 онд ХХЗАА-ны төрийн үйлчилгээний ажилтнуудыг Ховд Эрч Хүч ОНӨААТҮГ-т нэгтгэн ажиллуулах шийдвэр гарсны дагуу Ховд Эрч Хүч ОНӨААТҮГ-н даргын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №6 тушаалаар ажилчдыг томилсон шийдвэр гаргасан. Ховд Эрч Хүч ОНӨААТҮГазрыг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 75 тогтоолоор татан буулгаж мөн өдөр, Хот тохижуулах газрыг үүсгэн байгуулагдсан.******* нь улсад 36 жил ажиллаж, үүнээс Хот тохижуулах газарт 24 жил ажилласан. Тэтгэвэрт гарах эрх үүссэн ба өөрийн хүсэлт өргөдлийн дагуу 2019 онд 2020 оны төсвийн төслийг батлуулахад төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийг 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож явуулсан боловч аймгийн Төрийн сангийн мэргэжилтэн н.Батнасан Монгол Улсын Их Хурлын 80 дугаар тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа тул тэтгэмж батлагдаж ирээгүй гэсэн хариу өгсөн. 2020 оны төсвийн төсөлд дахин тэтгэмж бодож явуулсан боловч адилхан хариу өгсөн. Аймаг, орон нутгаас нэг хүнд 5,000,000 төгрөгний тэтгэмж олгохоор шийдвэр гаргасны дагуу мөнгөн тэтгэмжийг олгосон.... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч******* анх шүүхэд Ховд аймгийн*******ын Хот тохижуулах газарт холбогдуулан Ховд аймгийн*******ын Хот тохижуулах ажилтнуудын өндөр насны тэтгэвэрт гарахад 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт тусгуулж,*******д ногдох 15,750,306 /арван таван сая долоон зуун тавин мянга гурван зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 10,750,306 төгрөг гаргуулахаар өөрчилсөн. Мөн шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаас татгалзсан тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэжлэлийн зарим хэсгээс татгалзаж, багасгасан шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Би өндөр насны тэтгэвэрт гарахдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 хүртэлх сарын нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Хариуцагч Ховд аймгийн*******ын Хот тохижуулах газар нь******* нь улсад 36 жил ажиллаж, үүнээс Хот тохижуулах газарт 24 жил ажилласан. Тэтгэвэрт гарах эрх үүссэн ба өөрийн хүсэлт өргөдлийн дагуу 2019 онд 2020 оны төсвийн төслийг батлуулахад төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийг 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож явуулсан боловч аймгийн Төрийн сангийн мэргэжилтэн н.Батнасан Монгол Улсын Их Хурлын 80 дугаар тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа тул тэтгэмж батлагдаж ирээгүй гэсэн хариу өгсөн. 2020 оны төсвийн төсөлд дахин тэтгэмж бодож явуулсан боловч адилхан хариу өгсөн. Аймаг, орон нутгаас нэг хүнд 5,000,000 төгрөгний тэтгэмж олгохоор шийдвэр гаргасны дагуу уг мөнгөн тэтгэмжийг олгосон... гэжээ.
Ховд аймгийн*******ын Хот тохижуулах газрын эрх зүйн байдал, хариуцлагын хэлбэрийн хувьд:
Хэрэгт авагдсан Ховд аймгийн*******ын Хот тохижуулах газрын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 00031885 дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр хариуцлагын хэлбэр нь Улсын төсөвт үйлдвэрийн газар, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Хот суурин газрын хог тээвэрлэх, устгах, ногоон байгууламжийн тохижилт, арчлалт, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг угсралт, зам талбайн тохижилт, үйлчилгээ гэж тус тус тэмдэглэгдсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д ...Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна..., мөн хуулийн 15.3-т ...Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ... гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Ховд аймгийн*******ын Хот тохижуулах газар нь Улсын төсөвт үйлдвэрийн газар болохын хувьд улсын төсвөөс санхүүждэг, үндсэн үйл ажиллагааны чиглэлийн хувьд зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлчилгээ эрхэлдэг болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн тэмдэглэлд тусгагдсан үйл ажиллагааг эрхэлсэнээр өөрийн үйл ажиллагаанаасаа ашиг, орлого олдоггүй бөгөөд 100 хувь төрөөс санхүүжилтээ авдаг байгууллага байна. Энэ нь, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Ховд-Эрч хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай 75 дугаартай тогтоол, Ховд аймгийн*******ын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хот тохижуулах газрын бүтэц, орон тоог батлах тухай А/288 дугаартай захирамж, түүний хавсралт, мөн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хот тохижуулах газар байгуулах тухай А/232 дугаартай захирамж, мөн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/17 дугаартай захирамж, түүний хавсралт, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/19 дугаартай захирамж, түүний хавсралт, Ховд аймгийн Хот тохижуулах газрын 2019, 2020, 2021 онуудын төсвийн төслийн хөтөлбөр, арга хэмжээ, төсөөллийн хөтөлбөр, Хот тохижуулах газрын 2020 оны төсвийн шууд зардлын хуваарилалт, Хот тохижуулах газрын цалин, нэмэгдэл цалин ба нийгмийн даатгалын шимтгэлийн төсөв зэрэг баримтуудаар улсын төсвөөс 100 хувь санхүүждэг, төсвийн байгууллага болох нь давхар нотлогдож байна.
Ховд аймгийн*******ын Хот тохижуулах газрын албан хаагчид төрийн албан хаагч мөн эсэх, төрөөс цалин, хөлс авч байсан талаарх:
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ...төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг..., 10 дугаар зүйлд төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т ...Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал хамаарна..., 14.1.1-т ...Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал... гэж тус тус тодорхойлсноос үзэхэд, Хот тохижуулах газарт ажиллаж байсан, ажиллаж байгаа ажилтан нь төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарч байна гэж дүгнэв.
Энэ нь, хавтаст хэрэгт авагдсан Ховд хотын Захирагчийн ажлын албаны даргын 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилон ажиллуулах тухай 01 дугаартай тушаалын 2 дахь заалтаар*******г хот нийтийн эзэмшлийн талбайн үйлчлэгчээр томилж, 3 дахь заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 13 дугаар тогтоолын дагуу цалинжуулж байснаар, Ховд-Эрч хүч ОНӨААТҮГазрын захирлын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд түр томилон ажиллуулах тухай 1/6 дугаартай тушаалын 2 дахь заалтаар*******г хот нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгч үйлчлэгчээр томилж, 3 дахь заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаартай тогтоолын дагуу цалинжуулж байснаар, Ховд аймгийн*******ын Хот тохижуулах газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилон ажиллуулах тухай 14 дугаартай тушаалын 2 дахь заалтаар*******г хот нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгч үйлчлэгчээр томилж, 4 дэх заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаартай тогтоолын дагуу цалинжуулж байснаар тус тус тогтоогдож байх бөгөөд*******гийн Хот тохижуулах газарт ажиллаж байсан бүх хугацааг нь төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллаж, ТҮ-1 цалингийн шатлалаар цалин хөлс авч байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч*******гийн төрийн албанд ажилласан хугацааны хувьд:
- Ховд аймгийн Барилга угсралтын конторт 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг дуустал засал чимэглэлчингээр 6 жил 11 сар 4 хоног,
- Ажилласан жилийг нөхөн тооцуулсан хугацаа 1991 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 4 жил 6 сар 24 хоног,
- Ховд хотын Хот тохижилт Иргэдийн үйлчилгээний газарт 1997 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл талбайн үйлчлэгчээр, Ховд хотын Захирагчийн ажлын алба, Ховд-Эрч хүч ОНӨААТҮГазар, Ховд аймгийн*******ын Хот тохижуулах газарт тус тус 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зам талбайн үйлчлэгчээр 23 жил 11 сар 16 хоног, ингээд төрийн албанд нийт 33 жил ажилласан болох нь Лхамсүрэнгийн Мөндөрсүрэнгийн нэр дээрх №075801 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №513389, №А0152773 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрүүд болон ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалуудаар тус тус нотлогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д ...төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бол нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно..., 60.3-т ...нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нөхцөл, журмыг Засгийн газар тогтооно... гэж тус тус заажээ.
Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2-т төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй байх ба дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд нэхэмжлэгчийг төрийн албанд нийт 33 жил ажилласан тул энэ журмын шаардлагыг хангасан гэж үзнэ.
Мөн уг журмын 2.1-д нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно, 2.2-т үндсэн цалингийн дунджийг төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж тус тус зохицуулсан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн сүүлийн 3 жилийн дундаж цалинг тооцож ирүүлсэн түүврээр нэхэмжлэгчийн 2018, 2019, 2020 онуудын 1 сарын дундаж цалин нь 477,282 төгрөг байх бөгөөд (33 жил*1 сарын дундаж цалин 477,282 төгрөг)=15,750,306 төгрөгний тэтгэмж олгогдохоор байна. Үүнээс нэхэмжлэгчид хариуцагч байгууллага 5,000,000 төгрөгийг олгосон байх тул энэхүү 5,000,000 төгрөгийг хасч 10,750,306 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Ховд аймгийн*******ын Хот тохижуулах ажилтнуудын өндөр насны тэтгэвэрт гарахад 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул шүүхээс уг шаардлагатай холбоотой хэсэгт дүгнэлт хийгээгүй болохыг дурдвал зохино.
Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийг эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн*******ын Хот тохижуулах газраас 10,750,306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгосугай.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 36 хүртэлх сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг 2020 оны төсөвт суулгуулах тухай хэсгээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,702 /хоёр зуун гучин зургаан мянга долоон зуун хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 186,955 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН