| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0458/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/489 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,
улсын яллагч Т.Баянмөнх,
шүүгдэгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, дуу хөгжмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, 33-р байрны 05 тоотод оршин суух, урьд
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, Ачнууд овогт Намжилын Эрдэнэчимэг, /РД: УС70042748/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Эрдэнэчимэг нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03 цагаас 04 цагийн үед Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын 306 тоот өрөөнд хамт архи ууж байсан С.Амаржаргалыг согтоод унтсаны дараа түүний “Хаан” банкны 57581800** дугаартай данснаас 4 удаагийн үйлдлээр нийт 2.700.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 52550020**, 50276825** тоот данс руу шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Иргэн С.Амаржаргалаас “Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудалд үл таних хоёр хүнтэй архи хувааж ууж байгаад 2.700.000 төгрөг алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04-05 дахь тал/,
Хохирогч С.Амаржаргалын:
“...Би 2023 оны 12 сарын 09-ний орой 22 цагийн орчим Налайх руу гэр лүүгээ явахаар Бичлээс таксинд суухад эмэгтэй хүн байсан. Тэгээд би танилцаад Баянгол дүүргийн 12-р хорооны “Эрхэс” зочид буудалд 306 өрөөнд ороод 1 шил “Соёрхол” гэдэг архи ууж байсан чинь хамт байсан эмэгтэйн найз нь гээд эрэгтэй орж ирсэн. Тэгээд бид 3 юм ярьж байхад нөгөө эмэгтэй та надад регистрийн дугаараа хэлчих гэхээр нь би регистрийн дугаараа хэлсэн. Би тасарчихсан, нэг сэрсэн чинь өрөөндөө ганцаараа сэрсэн. Миний санаж байгаагаар 0558 гэсэн саарал өнгөтэй приүс 40 маркийн автомашин байсан. Тэгээд тэр хоёр хүн өөрийнхөө гар утсаар миний интернэт банк руу ороод миний мөнгийг авсан байх. Яагаад гэвэл миний интернэт банкны нууц үг нэвтрэх нэр миний хэтэвч дотор цаасан дээр бичээстэй байсан. Тэгээд би тэр хоёрт мөнгө төгрөг гаргаж өгөхөд миний тэр цаасан дээр байсан нууц үгийг харсан байх. ...0558 улсын дугаартай приус 40 маркийн машин жолоодож явсан эмэгтэй ирж зогсоод ах хөлдөж үхлээ суу гэж хэлсэн тэгэхээр нь би суугаад хоорондоо энгийн яриа өрнүүлсэн тэгтэл ах гаагүй байна ш дээ ганц архи хувааж ууя гэсэн тэгэхээр нь за гэж тохиролцоод дагаад явсан тэгтэл хороололд байрлах “Эрхэс” буудлын 306 тоот өрөөд орж тухайн эмэгтэй надад 1 шил архи авч өгөөд хувааж уусан. Тэгээд намайг архи авах боломж байна уу гэхээр нь би бичиг баримтаа хаясан талаар хэлж миний түрүүвчинд цаасан дээр банкнаас бичиж өгсөн нэвтрэх нэр код байгааг хэлсэн. Тухай үед товчлууртай утастай байсан учраас тухайн эмэгтэйн гар утасны интернэт банкаар би өөрийн 57581800** дугаарын дансаар нэвтэрч орох болоод орсон тэгтэл тухайн эмэгтэй надаас миний регистрийн дугаар асуусан би юм бодолгүй регистрийн дугаараа хэлсэн тэрнээс хойш санахгүй байгаа. Тэгээд шөнийн 00 цагийн үед сэрэхэд би бүхэл хувцастайгаа ганцаараа хэвтэж байсан тэгээд босоод эд зүйлээ шалгаж эхэлсэн миний утсанд мөнгө шилжигдсэн баримтууд ирсэн байсан тул гарч буудлын ресейпшнтэй уулзсан тэгтэл цуг орсон хүмүүс удалгүй гараад явсан тэгээд би маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдлөө өгсөн. ...Махлаг шар царайтай 160 орчим өндөртэй шаргал юм уу бор өнгийн үстэй нүдээрээ инээсэн эмэгтэй байсан. Би харвал шууд танина. Миний тэтгэврийн зээлийг миний дансаар нэвтэрч 2.700.000 төгрөг шилжүүлж авсан байсан. Ямар нэгэн байдлаар бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй. Мөнгө өгөх талаар ямар ч яриа хийгээгүй зөвхөн хоол унд болон архи авах талаар ярьсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 15-16 дахь тал/,
Гэрч Р.Доржийн:
“...2023 оны 12 дугаар сарын 08-ны орой би Бичил хорооллын ойролцоо бага зэргийн архи уучихсан ганцаараа явган явж байтал миний танил Эрдэнэчимэгтэй таарсан бөгөөд хоёр тортой юм барьчихсан явж байхаар нь ахдаа нэг шил архины мөнгө байвал өгөөч гэхэд Эрдэнэчимэг хамт буудал орж архи уух уу гэхээр нь би зөвшөөрч Бичил хороололд байрлах /нэрийг нь санахгүй байна/ зочид буудал руу дагаж орсон бөгөөд өрөө рүү ороход надтай ойролцоо насны эрэгтэй хүн ганцаараа байж байсан бөгөөд тухайн эрэгтэй хүн нэлээд согтуу, тасарчихсан шахуу согтолттой, ярьж байгаа зүйл нь ойлгогдохгүй байдалтай байж байсан. Тэгээд Эрдэнэчимэг надад тухайн эрэгтэй хүний ууж байгаад үлдсэн бололтой тал шил архинаас цаасан аяганы талаар 3 удаа хийж өгөхөөр нь би өгсөн архийг нь уучхаад өрөөнөөс гарах гэхэд Эрдэнэчимэг надад тамхи авч татаарай гээд цүнхнээсээ 10.000 төгрөг өгөхөөр нь би өгсөн мөнгийг нь аваад, буудлаас гарч явсан. Намайг буудлаас гарахад Эрдэнэчимэг хамт байсан настайвтар согтуу эрэгтэй хүнтэйгээ хоёулхнаа үлдсэн. Миний хажууд Эрдэнэчимэг болон тухайн эрэгтэй хоёр хоорондоо ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал огт яриагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Хохирогч С.Амаржаргалын эзэмшдэг 57581800** дугаартай “Хаан” банкны дансны хуулга /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
“Хаан” банкны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29/348 дугаартай “52550020**, 50276825**тоот дансыг УС70042748 регистрийн дугаартай Намжил Эрдэнэчимэг эзэмшдэг...” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
Намжил Эрдэнэчимэгийн эзэмшлийн “Хаан” банкны 52550020**, 53276825** тоот дансуудын хуулга /хавтас хэргийн 37-44 дэх тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-27 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Н.Эрдэнэчимэг нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч С.Амаржаргалд 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Н.Эрдэнэчимэг нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Эрдэнэчимэгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Н.Эрдэнэчимэг нь:
2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03 цагаас 04 цагийн үед Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын 306 тоот өрөөнд хамт архи ууж байсан С.Амаржаргалыг согтоод унтсаны дараа түүний “Хаан” банкны 57581800** дугаартай данснаас 4 удаагийн үйлдлээр нийт 2.700.000 төгрөгийг интернэт банкаар өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 52550020**, 50276825** тоот данс руу шилжүүлэн авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Амаржаргал, гэрч Р.Дорж нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Амаржаргалын эзэмшдэг 57581800** дугаартай “Хаан” банкны дансны хуулга, “Хаан” банкны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29/348 дугаартай албан бичиг, Н.Эрдэнэчимэгийн эзэмшлийн “Хаан” банкны 52550020**, 53276825** тоот данснуудын хуулга, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Н.Эрдэнэчимэг нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй шунахайн сэдэлттэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Эрдэнэчимэгийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Амаржаргалд 2.700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Н.Эрдэнэчимэг нь хохирогчид хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Эрдэнэчимэгтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Н.Эрдэнэчимэг нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Н.Эрдэнэчимэгийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Шүүгдэгч Н.Эрдэнэчимэг нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2405001390703 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Эрдэнэчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ачнууд овогт Намжилын Эрдэнэчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэчимэгийг 6 /зургаан/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эрдэнэчимэг нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Эрдэнэчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Эрдэнэчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эрдэнэчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ