Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2021/00328

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2021/00328

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:*******,*******анд байрлах, ******* регистрийн дугаартай,*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг,*******,*******од оршин суух бүртгэлтэй, одоо*******,*******,*******,*******,,од оршин суух, регистрийн дугаартай, Хөгшнийхөн овогтгийн Өлзийхишигт холбогдох,

Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежид учирсан хохирол 5.155.000 /таван сая нэг зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******ийн захирал /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн захирал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь төрийн аудитын газрын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 1/31 тоот албан бичгийн дагуу овогтой Өлзийхишиг нь тус сургуулийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 06 дугаар сарын 7-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр мөнгөн хөрөнгө илүү шилжүүлсэн гэх нийт 5.155.000 төгрөгийн бараа материалын хохирлыг нөхөн төлөөгүй байгаа тул овогтой Өлзийхишиг / /-ээр гаргуулж*******ид учирсан дээрх хохирлыг барагдуулж өгнө үү.

...Миний бие 2013 оноос эхлээд*******ийн захирлаар ажиллаж байна. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, 2017 оны 4 дүгээр сард буцаан томилогдсон байдаг. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дахин чөлөөлөгдсөн. Шүүхэд хандаж 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буцаан томилогдсон байдаг. Энэ хугацаанд тухайн Хөгжил Политехник коллежид аудитын шалгалт орж 2018 онд шалгалтад ороход энэхүү зөрчил илэрч, зөрчилтэй гэсэн санал, дүгнэлттэй актуудыг тавьсан байдаг. Энэхүү шалтгаан нөхцлийг судлаад үзэхэд удаа дараа төлөгдөх зайлшгүй шаардлагатай гээд байгууллагад хугацаа зааж аудитаас М.Өлзийхишигт өөрт нь дуулгах, эсхүл шүүхэд хандаж*******ийг хохиролгүй болгох албан шаардлага өгсөн. Үүнийг судлаад үзэхэд аудитаас албан акт тавигдах үед өмнө нь няраваар ажиллаж байсан С.Мөнхбат нь чөлөөлөгдсөн байсан бөгөөд түүний оронд шинэ ажилчид орчихсон байдаг. Тухайн ажилчид нь ажлаа нарийн сайн мэдэхгүй байсны үндсэн дээр тухайн аудитад гаргаж өгөх ёстой албан бичиг шаардлагаа дутуу гаргаж өгсөн байсан. ...Бид бүх архивыг ерөнхий нягтлан, ерөнхий нярвуудыг байлцуулж дахин нарийн шүүж үзсэн. Шүүхээс бид нарт холбогдох бичиг баримтуудыг гаргаж өг гэсний үндсэн дээр бүх албан бичгүүдийг шүүж үзэхэд нотолгоонууд нь гарч ирсэн. Тухайн байгууллагын ямар нэгэн хохиролгүй, тухайн үед тэр бараа материалыг авсан бүх албан бичиг, орлого давсан, зарлага гаргасан бүх бичиг баримт нь одоо бүрэн байгаа тул*******ийн зүгээс холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Аудитаас албан шаардлага өгсөн тул үүнийг эцэслэн шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан... гэв.

Хариуцагч М.Өлзийхишиг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж нь М.Өлзийхишиг надад холбогдуулан 5,155,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Миний бие нь*******ид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

2017 оны 6 дугаар сарын эхээр байгууллагад засварын материал авах гэж******* дахь Баруун бүсийн төв зах дээр барилгын материалын худалдаа эрхэлдэг Б.Сундуйжав гэдэг хүнээс бараа материал авахаар 5,155,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Намайг ажлаас чөлөөлөгдөх үед байгууллагын засвар бүрэн хийгдээгүй, зарим материал ирээгүй байсан.

Надаас нэхэмжилж буй 5,155,000 төгрөгийг төрийн сангийн гүйлгээгээр Б.Сундуйжавын дансруу шилжүүлж бараа материал авсан тул би хариуцахгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.

Миний бие*******од амьдарч байгаа, улс оронд үүссэн нөхцөл байдал, хөл хорионы улмаас*******т хүрэлцэн очих боломжгүй байгаа тул намайг эзгүйд миний сонгон авсан өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэж өгнө үү. Өмгөөлөгч нь шүүхэд хүсэлт болон холбогдох нотлох баримтыг гарган өгөх болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт цугларсан баримтуудаар Хөгжил Политехник коллежийн хариуцагч М.Өлзхийхишигт холбогдуулан гаргасан 5.155.000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй. 2017 оны 6 дугаар сард Хөгжил Политехник коллеж нь засвар үйлчилгээ хийлгэх зориулалтаар Б.Сундуйжав гэх хүний данс руу 2 удаагийн гүйлгээгээр 5.155.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ үеэр тус сургуулийн удирдлага болон нягтлангууд солигдож 2018 оны 02 дугаар сард Төрийн аудитын газар шалгалт хийж, шалгалтаар Б.Сундуйжав гэх хүнээс илүү мөнгө шилжүүлсэн тул Б.Сундуйжаваас уг мөнгийг гаргуулж төсвийн орлогод хийлгэх тухай албан шаардлага ирүүлсэн. Энэхүү албан шаардлагыг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тус мөнгө шилжиж байгууллагад мөнгө нэхэмжлэл ирсэн. Тухайн нягтлан, дарга солигдож шинээр ажилд орсон хүмүүс баримтуудыг дутуу бүрдүүлсэн учир уг акт ирсэн. Төрийн аудитын газраас ирүүлсэн шаардлага нь нягтлан М.Өлзхийшигтэй холбогдуулан шаардлага ирүүлсэн зүйл байхгүй бөгөөд Б.Сундуйжав гэх хүнтэй холбогдуулан шаардлага ирүүлсэн боловч Б.Сунджуйжав бараа материал нийлүүлсэн. Гэтэл Хөгжил Политехник коллеж нь М.Өлзийхишигт холбогдуулан 5.155.000 төгрөг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь хариуцагч овогтой Өлзийхишигт холбогдуулан*******ид учирсан хохирол 5.155.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар ...хариуцагч М.Өлзийхишиг нь*******ид Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр уг ажлаасаа чөлөөлөгджээ. Энэхүү ажиллаж байх хугацаандаа******* нь байгууллагадаа засвар хийсэн ба 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр бараа материалын үнэ гэж тус аймгийн Баруун бүсийн төв захад барилгын материалын худалдаа эрхэлдэг иргэн Б.Сундуйжавт 5.155.000 төгрөгний шилжүүлэг хийж байсан нь... талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч байгууллага уг 5.155.000 төгрөгийг илүү шилжүүлсэн нь******* дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 1/31 тоот албан бичгээр нотлогдож байх тул тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан хариуцагч М.Өлзийхишигээс 5.155.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд,

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/84 тоот Аудитын гэрчилгээний Аудитын гол асуудал хэсэгт ...Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.4-т хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар эсхүл анхан шатны баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх гэсэн заалтыг зөрчин бэлтгэн нийлүүлэгчид 5.0 сая төгрөгийг илүү олгосон, бараа материалын тайланг эд хариуцагчийн гаргасан тайлангаар гаргалгүйгээр шууд тооллогын үлдэгдлээр тайлагнасан... гэж,

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1/36 тоот Аудиторын актад ...иргэн Б.Сундуйжавт мөнгөн хөрөнгө илүү шилжүүлсэн нийт 2.171.800 төгрөгний зөрчил илэрлээ..., Тогтоох нь: 1. Иргэн Б.Сундуйжаваас илүү төлсөн хөрөнгийг суутган авч Төрийн сан банкин дахь бусад нэр зааж ангилагдаагүй орлогын 1001600000955 тоот дансанд төвлөрүүлэх, 2. Тогтоосон төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч төлбөрийн актын биелэлтийг******* дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Хөгжил политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Дэлгэрсайхан, нягтлан бодогч Н.Жавзанханд нар тус тус хариуцуулав... гэж,

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/31 тоот Аудиторын албан шаардлагад ...аж ахуйн материалыг зардалд бүртгэхдээ шаардах хуудас болон няравын тайланг үндэслэн гаргахгүйгээр бараа материалын тооллогоор бараа материалын тайланг гаргаж зөрүүг нь шууд зардалд бүртгэсэн байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.4-т хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар эсхүл анхан шатны баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэгхүй байх гэсэн заалттай нийцэхгүй байна... гэж тус тус тусгагдсан байна.

Мөн 3.230.000 төгрөг, 1.925.000 төгрөг нь 2 удаагийн төрийн сангийн гүйлгээгээр*******ийн данснаас иргэн Б.Сундуйжавын Голомт банкны харилцах 5610003215 дугаартай дансанд нийт 5.155.000 төгрөг шилжүүлэгдсэн нь хэрэгт авагдсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №346, №348 төлбөрийн хүсэлт бүхий баримтаар нотлогдож байна.

Дээрх үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудаас харахад,*******ид хохирол учирсан гэхээс илүүтэйгээр тухайн оны тайланг гаргахдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчих, анхан шатны баримтуудыг бүрэн гүйцэт бүрдүүлэх, бараа материалын тайланг эд хариуцагчийн гаргасан тайлангаар гаргаагүй зэрэг ажил үүргийн хариуцлагатай холбоотой алдаа дутагдал гарсан байна гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал, энэхүү үйл баримттай холбогдуулан******* дахь Төрийн аудитын газрын аудиторын акт, албан шаардлага гарсан байх боловч хариуцагч М.Өлзийхишигийн шууд гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч байгууллагад бодит хохирол учирсан болох нь нотлогдохгүй байна.

Нөгөө талаар, хариуцагч М.Өлзийхишиг нь 5.155.000 төгрөгийг*******ийн төсвөөс гаргуулан авч, иргэн Б.Сундуйжавт дур мэдэн илүү мөнгөн хөрөнгө шилжүүлж, бусдад болон өөртөө давуу байдал бий болгож, хариуцагч байгууллагад хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч М.Өлзийхишиг*******ид Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр бараа материалын үнэ гэж 5.155.000 төгрөгийг иргэн Б.Сундуйжавт шилжүүлсэн байх ба уг 5.155.000 төгрөгний бараа материалыг иргэн Б.Сундуйжаваас*******ид нийлүүлэгдсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн шаардах хуудас, бараа материалын захиалгын хуудас зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч*******ийн захирал шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...анхан шатны баримтууд дутуу гэсэн үндэслэлээр манай байгууллагад Аудитын акт тавигдаж байсан боловч одоо тухайн анхан шатны баримтуудыг бүрэн гүйцэт бүрдүүлж, актад тавигдсан зөрчил арилсан гэж үзэж байгаа буюу 5.155.000 төгрөгний бараа материалыг иргэн Б.Сундуйжав гэх хүнээс хүлээн авч, байгууллагын засвар үйлчилгээг хийсэн тул манай байгууллага хохиролгүй болсон, гагцхүү дээрх акт тавигдсан учраас шүүхээр нэг мөр шийдвэрлүүлье гэх үүднээс нэхэмжлэл гаргасан юм... гэх тайлбарыг дурдвал зохино.

Иймд, хариуцагч М.Өлзийхишиг нь*******ид Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд иргэн Б.Сундуйжавт 5.155.000 төгрөг илүү шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, нөгөө талаар түүний гэм буруугийн талаар ямар нэгэн эрхийн акт байхгүй, нэхэмжлэгч байгууллагад бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд бичгийн нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, хавтаст хэргийн 8-28 дугаар хуудаст авагдсан баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч овогтой Өлзийхишигт холбогдох 5.155.000 /таван сая нэг зуун тавин таван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  зааснаар нэхэмжлэгч******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН