| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0431/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/516 |
| Огноо | 2024-06-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,
улсын яллагч Ч.Батбаатар /тээврийн прокурор/,
хохирогч Л.Ариунболд,
шүүгдэгч Б.Одонбаатар, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хариад овогт Баяндоржийн Одонбаатарт холбогдох эрүүгийн 2403000000186 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 11-р хороо, Усан сангийн 5-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хариад овогт Баяндоржийн Одонбаатар, /РД: РЮ00261532/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Одонбаатар нь Баянгол дүүргийн 7-р хороо, ГССҮТ-н баруун урд уулзварын замд 2024 оны 03 дугаар сарын 06-ний шөнийн 03 цаг 22 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Prius-30” маркийн 86-52 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа улаан гэрэл дохиогоор орж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 8.9. “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” Мөн дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтуудыг зөрчсөний “Toyota Prius-20” маркийн 54-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Л.Ариунболдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Одонбаатар мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Ариунболд мэдүүлэхдээ: “...Ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний төлбөр, машины төлбөрийг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад “3.25 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 15 дахь тал/,
Хохирогч Л.Ариунболдын:
“...2024 оны 03 дугаар сарын 05-наас 6-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн “Тоёота Приүс” маркийн 54-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа 1-р хорооллоос 3, 4-р хороололд байрлах гэр лүүгээ харих гээд ГССҮТ-н баруун урд уулзвараар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад уулзвар дээр иртэл гэрэл дохио улаан өнгөтэй байхаар нь би гэрэл дохио хүлээгээд зогсож байгаад гэрэл дохио ногоон асахаар нь хөдлөөд уулзвар луу ортол гэнэт зүүн талаас машин хурдтай ирээд мөргөсөн. Тэгээд юу болсныг санахгүй байгаа... Гомдолтой байна. Эрүүл мэнд болон автомашинд учирсан хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 18 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны 3484 дугаартай шинжээчийн:
“Л.Ариунболдын биед зүүн талын 11, 12-р хавирганы зөрөөгүй хугарал, бүсэлхийн 2, 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, бүсэлхийн 2-р нугалмын баруун хөдлөн сэртэнгийн хугарал, дух, зүүн зулайд шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо... Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, / хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
“Бан-Хас” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний “Тоёота Приүс”-20” маркийн 54-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.625.000 төгрөгийн шууд, 5.257.000 төгрөгийн нийт хохирол учирсан..” гэсэн тайлан, /хавтаст хэргийн 48 дахь тал/,
“Бан-Хас” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний ““Тоёота Приүс”-30” маркийн 86-52 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.175.000 төгрөгийн шууд, 5.996.000 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэсэн тайлан, / хавтаст хэргийн 54 дэх тал/,
Тээврийн цагдаагийн албаны 279 дугаартай мөрдөгчийн:
“...Жолооч Б.Одонбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна. Жолооч Л.Ариунболд нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 59 дэх тал/,
Ард аюушийн өргөн чөлөө 3-р эмнэлгийн баруун хойд талын гэрлэн дохионы горим, /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,
Хохирол төлбөр, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Б.Одонбаатар нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “согтуурсан үедээ” үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч Б.Одонбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй. Хохирол төлбөртэй холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн сэтгэл санааны хохирлыг хуульд шинжээчийн дүгнэлтийг харгалзана гэж заасан тул сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Одонбаатарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Одонбаатар нь:
Баянгол дүүргийн 7-р хороо, ГССҮТ-н баруун урд уулзварын замд 2024 оны 03 дугаар сарын 06-ний шөнийн 03 цаг 22 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Prius-30” маркийн 86-52 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа улаан гэрэл дохиогоор орж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 8.9. “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” мөн дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтуудыг зөрчсөний “Toyota Prius-20” маркийн 54-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Л.Ариунболдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирогч Л.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3484 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Бан-Хас” ХХК-ийн Автомашин техникийн тайлан, Тээврийн цагдаагийн албаны 279 дугаартай мөрдөгчийн магадалгаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан “хүндэвтэр” зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд “Toyota Prius-30” маркийн 86-52 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Б.Одонбаатарыг драйгер багаж ашиглан согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 3.25% тоон үзүүлэлт илэрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “согтуурсан үедээ” үйлдсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Одонбаатарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Одонбаатар нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэдсээр байж замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гарган, бусдад эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Одонбаатарыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “согтуурсан үедээ” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ариунболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй, харин тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ болох 5.257.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааны цалин 12.000.000 төгрөг, машин ачуулсны төлбөр 185.000 төгрөг, 65.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг нэхэмжилсэн.
Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хууль ёсны үндэслэл бүхий шаардлага хангаагүй ажилгүй байсан хугацааны цалин 12.000.000 төгрөг, машин ачуулсны төлбөр 185.000 төгрөг, 65.000 төгрөг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ болох 5.257.000 төгрөгийг шүүгдэгч Б.Одонбаатараас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл хувиараа хөдөлмөр эрхэлж, сардаа тогтмол хэдэн төгрөгийн орлого олдог, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд дээрх орлого хамааралтай эсэхийг шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, тодорхой тооцоолол хийх боломжгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээгүй болно.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаал болон Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийн шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ.
Дээрх хамтарсан тушаалын хавсралтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн “гуравдугаар зэрэглэл”-д хамаарч байх тул Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасан “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-д “Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 9-15% тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3484 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Ариунболдын биед зүүн талын 11, 12-р хавирганы зөрөөгүй хугарал, бүсэлхийн 2, 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, бүсэлхийн 2-р нугалмын баруун хөдлөн сэртэнгийн хугарал, дух, зүүн зулайд шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл учирсан бөгөөд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өөрийн эрүүл мэнддээ учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, гомдол, санал болон шүүгдэгчийн гэм буруу зэргийг харгалзан хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 9 хувиар тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660.000 төгрөг байхаар тогтоосон байх бөгөөд 13 дахин нэмэгдүүлэн шүүгдэгчээс 8.580.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ариунболдод олгохоор шийдвэрлэсэн.
Мөн хохирогч Л.Ариунболд нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.
Шүүхээс шүүгдэгч Б.Одонбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “хохирол төлбөр төлөх завсарлага авах тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл завсарлуулсан ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгч Б.Одонбаатар нь хохирогч Л.Ариунболдод тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ болох 5.257.000 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс үлдэх хүний сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 8.580.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ариунболдод олгохоор шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Б.Одонбаатарыг Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол төлбөрийг төлсөн, мөн хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн ажил хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангаж нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.Одонбаатар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”-ээр заасан бөгөөд уг заалтыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба шүүгдэгч Б.Одонбаатарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тэнсэх боломжгүй гэж дүгнэсэн тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Одонбаатарыг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, түүнчлэн түүний хувийн байдал буюу анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Улаанбаатар хотын хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаанд “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Шүүгдэгч Б.Одонбаатар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2403000000186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 86-52 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Одонбаатарт буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Одонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хариад овогт Баяндоржийн Одонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “согтуурсан үедээ” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Одонбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одонбаатар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хүний сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 8.580.000 төгрөгийг шүүгдэгч Б.Одонбаатараас гаргуулж хохирогч Л.Ариунболдод олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Ариунболд нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одонбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 86-52 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Одонбаатарт буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Одонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Одонбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Одонбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ