Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2021/00367

 

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2021/00367

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, Жаргалант сум, Буянт багийн Цэргийн хотхоны 24 айлын орон сууцны 23 тоотод оршин суух, Самбуу ноён овогт Олдохын Сэрчмаа /РД:ПЖ80051106/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, Жаргалант сум, Цамбагарав багийн ЭСБА-ийн 2 дугаар 80 айлын 31 тоотод оршин суух, Боржигон овогт Дагвасүрэнгийн Очирхуяг /РД:ПВ78090118/-д холбогдох, Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Сэрчмаа, хариуцагч Д.Очирхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Сэрчмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2002 оны 8 дугаар сард хариуцагч Д.Очирхуягтай танилцсан. Үүнээс хойш бид хоёр дотно харилцаатай байж, 2005 оны 6 дугаар сард жирэмсэн болсон. Нэхэмжлэгч О.Сэрчмаа би 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Д.Очирхуягаас хүү Ц.Батцэнгэлийг төрүүлсэн. Тухайн үед бид гэр бүл болоогүй, гэрлэлтээ бүртгүүлээгүй.

Хариуцагч Д.Очирхуяг нь хүү Ц.Батцэнгэлийг өсгөн хүмүүжүүлээгүй, тэжээн тэтгээгүй, эцэг хүнийхээ хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдийг хүрсэн. О.Сэрчмаа миний нөхөр Ц.Золбаяр нь Ц.Батцэнгэлийг өөрийнхөө нэрээр овоглон бүртгүүлж, өсгөн хүмүүжүүлсэн.

Ц.Батцэнгэл нь Ховд аймгийн*******ын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг бөгөөд О.Сэрчмаа би нөхөр Ц.Золбаяр, хүү Ц.Батцэнгэлтэй харилцан зөвшилцөж, ярилцсаны үндсэн дээр Д.Очирхуягт холбогдуулан нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй О.Сэрчмаа, Д.Очирхуяг бидний дундаас төрсөн хүү Ц.Батцэнгэл нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу ПВ78090118 регистрийн дугаартай, Боржигон овгийн Дагвасүрэнгийн Очирхуягийг ПЮ06230134 регистрийн дугаартай Алаг адуу овгийн Золбаярын Батцэнгэлийн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүсэлтэй байна. 2006 оны 03 дугаар сард хүү маань төрсөн. Тухайн үед би бүх зүйлийг хариуцагчид хэлж байсан. Би 2005 оны 11 дүгээр сард Удирдлагын академийн сургалтад явсан. Хот руу сургалтад явж ирээд хариуцагчид хандан Хүүхэд төрсөн, хүүхэдтэйгээ уулзана уу гэхэд утсаа аваагүй. Үүний дараагаар амаржсаны дараа 14 хоногийн дараа миний талаар худал цуурхал гарсан талаар аав, ээжээсээ сонссон. Тус явдлаас хойш огт холбогдоогүй. 11 жилийн турш тэвчээртэй хүлээсэн. 2017 оны 11 дүгээр сард утсаар ярьж Хүүхдээ ах дүүтэйгээ танилцуул гэж хэлсэн. Хүүхэд шилжилтийн насанд хүрч байгаа тул хүүхэддээ анхаарал хандуулаарай гэж хэлэхэд мөн тоогоогүй. 2018 оноос хойш 3 жилийн турш хариуцагчид хандаж байсан. Хүүхдээ 5 настай байхад одоо хамт амьдарч байгаа н.Золбаяр гэх хүнтэй танилцаж, хүүгээ н.Золбаярын нэрээр овоглосон... гэв.

Хариуцагч Д.Очирхуяг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч О.Сэрчмаатай миний бие 2004 онд танилцаад ажлын зав чөлөөгөөр хааяа нэг уулздаг байсан бөгөөд хамт амьдарч байгаагүй. Тухайн үед О.Сэрчмаа Ховд аймгийн Төрийн сангийн хэлтэст ажиллаж байсан бөгөөд төрийн сангийн хэлтсийн дарга Н.Батаатай бэлгийн байнгын харьцаатай байсныг би мэдэж О.Сэрчмаагаас харьцаагаа тасалснаас хойш нэг ч удаа уулзаж бэлгийн харьцаанд орж байгаагүй.

О.Сэрчмаа Н.Батаа нарын хувийн харьцааг тухайн үед төрийн сангийн хэлтэст ажиллаж байсан хүмүүс бүгд мэддэг байсан бөгөөд зарим нэг хүмүүс надад хандаж тэр хоёрын хоорондын харьцааны талаар ярьж байсан. Тухайлбал, О.Сэрчмаа 2006 онд Н.Батаагийн хүүхдийг төрүүлсэн гэж дуулдаж байсан бөгөөд хүүхэд төрсний дараа Н.Батаагийн гэргий Хартолгой тухайн хүүхэд Н.Батаагийн хүүхэд мөн эсэхийг мэдэх зорилгоор шинжилгээ хийлгүүлэхээр очиход О.Сэрчмаа хүү Батцэнгэлээ аваад Хартолгойгоос зугтааж шинжилгээ хийлгүүлэхээс татгалзсан байдаг.

О.Сэрчмаа нь хүүхэд төрүүлсэн тухайгаа надад огт хэлээгүй байж байгаад Н.Батааг нас барснаас хойш гэнэт нэхэмжлэл гаргаж байгаад нь маш их гайхаж байна.

Нас барсан Н.Батаагийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн архивт байгаа Н.Батаагийн эд эстэй, О.Сэрчмаагийн хүү Батцэнгэлийн цус, шүлсийг харьцуулан ДНК тогтоолгох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. О.Сэрчмаагийн хувийн байдлыг тогтоох зорилгоор тухайн үед төрийн сангийн хэлтэст ажиллаж байсан Ганчимэг /одоо Бадамлах дөл ХХК-ийн ерөнхий нягтлангаар ажиллаж буй/ болон талийгаачийн гэргий Хартолгой нарыг гэрчээр зайлшгүй байцаах шаардлага үүсч байгаа юм.

...Би нэхэмжлэгчтэй 2003 оны 11 дүгээр сард Прокурорын газрын даргын жолоочоор ажиллаж байхдаа танилцсан. н.Ганчимэг гэх хүнтэй хамт нэг өрөөнд сууж ажилладаг байхад нь гэрт нь хүргэж өгдөг байсан. Тэгэхэд н.Ганчимэг гэх хүн надад Залуу хүн учраас наад хүнээсээ холд. О.Сэрчмаа нь байгууллагын дарга н.Батаа гэх хүнтэй дотно харилцаатай гэж хэлж байсан. Улмаар би нэхэмжлэгчээс зайгаа барьсан. Харин хамт амьдарч, нэг гэрт орсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь н.Батаа гэх хүнтэй дотно харилцаатай байсан, хүүхдийг нь гаргасан, хамт амьдардаг тухай яриа гарсан. Тэгээд н.Батаа гэх хүний эхнэр нь шинжилгээ авах гэхэд нэхэмжлэгч нь хүүхдээсээ шинжилгээ авахуулаагүй. Уг асуудлыг н.Батаа гэх хүний эхнэр н.Хартолгой мэдэж байгаа. Тухайн үед миний хүүхэд гэсэн яриа гарч байгаагүй. 11 жилийн дараа миний хүүхэд гэсэн яриа гарч байна. Энэ хүн нэг айлын амьдралаар тоглосон. Дахин нэг айлын амьдралаар тоглох гэж байна. Энэ хүн өөрөө хариуцлага хүлээх ёстой. Айлын 3 хүүхдийг өнчрүүлсэн хүн... гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Сэрчмаа нь хариуцагч Д.Очирхуягт холбогдуулан Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.Сэрчмаа, хариуцагч Д.Очирхуяг нар нь 2004 онд танилцаж, үерхэж байсан бөгөөд харин гэрлэлтээ батлуулаагүй, тэдгээрийн дундаас 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүү З.Батцэнгэл төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Хариуцагч Д.Очирхуяг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардан авсны дараа 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү З.Батцэнгэлийг өөрийн хүү биш гэсэн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Сэрчмаагаас Д.Очирхуягийг З.Батцэнгэлийн эцэг мөн эсэх талаар шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 153/З2021/00428 дугаартай Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч О.Сэрчмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Очирхуягт холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт хүүхдийн эцэг тогтоолгохоор ДНК-ийн шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжээч нь 2006 оны 03 дугаар сарын 01-ны өдөр төрсөн, ПЮ06230134 регистрийн дугаартай, эрэгтэй, Алаг адуу овогт Золбаярын Батцэнгэлийн биологийн эцэг нь хариуцагч*******г /ПВ78090118/ мөн эсэх талаар дүгнэлтээ бичгээр гарган ирүүлэхийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд даалгаж, уг шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Гантуяагийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1811 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.Очирхуяг нь З.Батцэнгэлийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,9%-ийн магадлалтай байна гэх дүгнэлтийг тус шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нас барсан гэх Н.Батаагийн эд эстэй, О.Сэрчмаагийн хүү Батцэнгэлийн цус шүлсийг харьцуулан ДНК тогтоолгох зайлшгүй шаардлагатай талаар гаргасан хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх буюу хариуцагч нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Гантуяагийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1811 дугаартай шинжээчийн дүгнэлттэй огт маргаагүй, энэхүү шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар болон дахин шинжилгээ хийлгүүлэхээр хүсэлт, гомдол гаргаагүй болохыг дурдаж байна.

Түүнчлэн талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч О.Сэрчмаа жирэмсэн болохоос өмнө 2005 онд О.Сэрчмаа болон Д.Очирхуяг /шүүх хуралдааны тэмдэглэл: Хариуцагчаас асуулт асуух, хариулт авах хэсгээс: 2005 оны 08 дугаар сард гэр бүл болсон. Түүнээс өмнө харилцаанд орсон байх/ нар нь эр эмийн харилцаанд орж байсан болохыг илэрхийлсэн болно.

Иймд хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, ПЮ06230134 регистрийн дугаартай, эрэгтэй, Алаг адуу овогт Золбаярын Батцэнгэлийн биологийн эцэг нь хариуцагч*******г /ПВ78090118/ мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Хүү З.Батцэнгэл нь төрсөн цагаасаа хойш эх О.Сэрчмаагийн асрамжид байгаа талаар талууд маргаагүй юм. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэнэ.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-д заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Д.Очирхуягаас хүү З.Батцэнгэлд  олгох тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү З.Батцэнгэлийг эх О.Сэрчмаагийн асрамжид байгаа нь эцэг, эхийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой болохыг дурдвал зохино.

Мөн хариуцагч талаас хүүхэд төрснөөс хойш өнөөдрийг хүртэл яагаад шүүхэд хандаж эцэг тогтоолгоогүй вэ? гэх асуултын хүрээнд нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан ...Тухайн үед би шинжилгээ хийлгэх санал гаргахад аав, ээж маань Нэгэнт амьдралаа бодсон хүний араас ингэж болохгүй. Дахин нэг гэр бүлд асуудал үүснэ. Хүн зовлонгоо дааж амьдардаг гэж ярьсан. Мөн хариуцагчийн хадам аав нь манай аавын найз байсан. Аав, ээж маань тэвчих хэрэгтэй гэж байсан. Мөн Бид хүүхдийг чинь өсгөж өгнө гэж хэлсэн тул би үгэнд нь орсон. Тухайн үед шинжилгээ хийлгэх боломж байсан. Мөн би шинжилгээ хийх санал гаргасан. Аав ээжийн үгийг дагахаас өөр арга байгаагүй. Би 2018 оны 03 дугаар сард хүү маань өсвөр насанд хүрээд ирэхэд эцэг хүн эрэгтэй хүүхдэд хэрэгтэй гэж бодоод хариуцагчтай ярьсан. Үүнээс хойш хариуцагчтай дахиж холбогдож чадаагүй, хариуцагч сэтгэл гаргаагүй тул хуулийн дагуу шүүхэд хандана гэж хэлсэн. Хариуцагчийн ямар хүн гэдэг талаар өөрт нь хэлсэн. 11 жил хүлээгээд, 3 жилийн хугацаанд араас нь явсан... гэх тайлбар нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд хүүхдийн эцгийг шүүхийн журмаар тогтоолгох, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах талаар шүүхэд хэдий үед ч нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, ПЮ06230134 регистрийн дугаартай, эрэгтэй, Алаг адуу овогт Золбаярын Батцэнгэлийн биологийн эцэг нь хариуцагч*******г /ПВ78090118/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү З.Батцэнгэлийнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Очирхуягаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.Сэрчмаад даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 125,969 төгрөг гаргуулан 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 55,769 төгрөгийг төрийн санд тус тус олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ТАСХЫН