Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 00013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                                Ч.Ариунсайхан

 Улсын яллагч                                              Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                              А.Хандмаа

 Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч           М.Саруултуяа

             Насанд хүрээгүй шүүгдэгч                  Б.Төгөлдөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Төгөлдөрт холбогдох 201618020224 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 2000 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 16 нас, 4 сартай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Хараагийн 2-45 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РД: /МР:00283114/ Чандмань овогт Батгэрэлийн Төгөлдөр.

 

Б.Төгөлдөр нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21-22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Түнхэл тосгоны ерөнхий боловролын сургуулийн няравын өрөөний цонхны салхивчаар нэвтрэн орж нярав ажилтай Б.Энхчимэгийн ширээн дээр байсан “Samsung” загварын зөөврийн компьютер хулгайлж 500000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Б.Төгөлдөр мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед сургууль дээр очсон. Манай ангийн Мөнхчимэг анги цэвэрлэж байсан. Би ангийнхаа Мөөгийг цочоох санаатай сургуулийн ардуур тойрч очоод цонхоор хартал Мөнхчимэг зөрөөд босоод явсан. Би сургуулийн ард хураасан байсан ширээн дээр авираад цонхон дээр гарч Мөөгийг цочооё гэж бодоод цонх руу авирч гарах гэж байгаад хальтирч унахдаа би гараараа няравын өрөөний цонхийг нь цохиод онгойлгосон. Тэгээд буцаагаад хаах гээд оролдож байгаад хартал цонхны тавцан дээр Notebook компьютер байж байсан. Тэгээд тухайн үед юм бодохгүй авсан юм. Тэр орой буцаагаад аваачаад тавьчихъя гэж бодсон боловч баригдчих юм болов уу гэж айсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэв.

                  Мөрдөн байцаалтанд Хохирогч Б.Энхчимэг мэдүүлэхдээ: … 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 18 цагт ажлаа дуусгаад хаалгаа цоожлоод гарсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өглөө нь ажилдаа ирээд өрөөгөө онгойлгоод ороход ширээн дээр байсан Notebook байхгүй байхаар нь ажиглаад харсан чинь цонхны салхивч онгорхой байсан... Эвдрэл гэмтэл харагдаагүй, хаагаад түгжихэд зүгээр түгжигдэж байсан... Тэгээд хулгай авчихсан байна гэдгийг мэдсэн. Би өрөөнийхөө цонхыг онгойлгодоггүй юм. Гэтэл онгойчихсон байсан... Надад үзүүлж байгаа компьютер нь миний Notebook мөн, залгуур нь ч гэсэн мөн байна.... Би эд зүйлээ хүлээн авсан... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-н 10-11 дүгээр хуудас/.

                  Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Мөнхбат мэдүүлэхдээ: … Б.Төгөлдөр нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сургуулийн жижүүрийн өрөөнд компьютер тавихад миний хажууд байсан, мөн нярав Б.Энхчимэгийн өрөөнд интернет тавьж өгөхөд бас миний хажууд явж байсан. Тэгээд гараад явахад дагаад гараад явсан. Б.Төгөлдөр нь ер нь бол компьютер, интернетэд сонирхолтой, заримдаа багшийнхаа компьютерийг порматлаад явж байгаа харагддаг... Энэ талдаа их сонирхолтой хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг /ХХ-н 16-17 дугаар хуудас/

                  Мөрдөн байцаалтанд Гэрч З.Энхтуяа мэдүүлэхдээ: … 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед 12 дугаар ангийн Төгөлдөр сургууль руу хар өнгийн цүнх үүрчихсэн байдалтайгаар орж ирээд надаас “аяга байна уу” гэж асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд “манай ангийг хэн цэвэрлэж байгаа юм бэ” гэж асуухаар нь танай ангийн Мөнхчимэг цэвэрлэж байгаа гэж хэлсэн. Тэгээд уулзах гэж байгаа бололтой яваад 10-20 минутын дараа сургуулиас гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь Нярав өрөөндөө ороод Notebook алдагдсан байна гэсэн” гэх мэдүүлэг /ХХ-н18 дугаар хуудас/

                  Мөрдөн байцаалтанд Б.Төгөлдөр мэдүүлэхдээ: … Тухайн өрөөний доторхи орчин сарны туяанд бүдэг харагдаж байсан. Цонхны давцан дээр хар өнгийн Notebook байж байхаар нь тэр үедээ шууд аваад явсан юм. Уг нь яг тухайн үедээ авалгүй буцаагаад байранд нь тавьчихдаг юм уу гэж бодсоноо үлдээчихвэл цонх нь онгорхой юм чинь өөр хүн аваад явчих ч юм болов уу гэж бодоод аваад явчихсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/

                   Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 6-8 дугаар хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн гэрэл зураг /ХХ-13-14 дүгээр хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-22 дугаар хуудас/

                   2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хохирогч Б.Энхчимэг Б.Төгөлдөрөөс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /ХХ-н 43 дугаар хуудас/.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-35 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны 12 жилийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн Нийгмийн ажилтан Ч.Ганчөдөрөөс гаргаж өгсөн тодорхойлолт /ХХ-ийн 41 дүгээр хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 37 дугаар хуудас/, Төрсөний гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 30 дугаар хуудас/ зэрэг болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч  Б.Төгөлдөр нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21-22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Түнхэл тосгоны ерөнхий боловролын сургуулийн Няравын өрөөний цонхны салхивчаар нэвтрэн орж нярав ажилтай Б.Энхчимэгийн ширээн дээр байсан “Samsung” загварын зөөврийн компьютер хулгайлж 500000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч  Б.Төгөлдөр нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, орон байранд нэвтэрч, шунахай сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгчид яллах дүгнэлтэнд дурьдагдсан зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нь насанд хүрээгүй байхдаа  анх удаа, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшин хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа, хохиролоо нөхөн төлсөн хохирогч нь гомдол саналгүй, хууль ёсны төлөөлөгчөөс өөрсдийн хараа хяналтандаа авах хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан насанд хүрээгүй шүүгдэгчид хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан хугацаагаар хойшлуулж, засарч хүмүүжихийг даалган, хууль ёсны төлөөлөгчийнх нь хараа хяналтанд өгөх нь зүйтэй байна.

Хохирогч нь хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Төгөлдөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

            1. Насанд хүрээгүй шүүгдэгч Чандмань овогт Батгэрэлийн Төгөлдөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасныг баримтлан эд хөрөнгө хураахгүйгээр Б.Төгөлдөрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар  Б.Төгөлдөрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Төгөлдөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурьдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Төгөлдөрт 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулсугай. 

            6. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Төгөлдөрийг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааанд түүний засрал хүмүүжилд анхаарч, хараа хяналтандаа байлгах үүргийг түүний ээж хууль ёсны төлөөлөгч М.Саруултуяад хариуцуулан даалгасугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Төгөлдөрт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.