| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 186/2020/0133/Э |
| Дугаар | 972 |
| Огноо | 2020-08-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 972
Г.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ууганбаатар,
шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1911 02592 1036 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н овгийн Г-ийн А, 19... оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, хүргэн, дүүгийн хамт ............ дүүргийн ... дугаар хороо, .... ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УК........../,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 48 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагтай дүйцүүлэн тооцож, эдлэх ялаас 384 цагийг эдэлсэнд тооцож, нийт биечлэн эдлэх ялыг 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон;
Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фреш” нэртэй худалдааны төвийн гадаа автомашины зогсоолд зогсож байсан тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Т.Чойсүрэндоржийн эзэмшлийн “Самсунг А50” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан,
мөн 2019 оны 9 дүгээр сарын 11-нээс 19-ний хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рийч” зочид буудал доторх өрөөнд, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Зүүн нарангийн 1-3б тоотод хохирогч Г.Сарантуяаг бусадтай хардан, суран бүсний арал хэсгээр толгойн тус газар нь цохих, гараараа болон хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун зүүн зулайд шарх, баруун бугалга, умдаг, гадна бэлэг эрхтэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-ийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Г.А-д шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон нийт 90 хоногийн ялд шилжүүлэн, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Г.А-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 9 сарын хорих ялд урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, үүнээс эдлээгүй үлдсэн 116 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялд тооцон, нийт 14 хоногийн хорих ялд шилжүүлэн, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 9 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Г.А-ийн цагдан хоригдсон нийт 77 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт үлдээж, Г.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие энэ хэрэгт анх холбогдож, шалгагдаж байх хугацаандаа гэм буруугаа анхнаасаа үнэн зөвөөр хүлээж, хохирогчийг хохирол гомдолгүй болгосон. Г.А би амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ахархан бодолдоо хөтлөгдөн ийм хэрэг хийсэндээ маш ихээр харамсаж гэмшиж байна. Би хорих ангиас гарч эрх чөлөөтэй болоод эхнэр хүүхэдтэй болж, ажил хийж, өөрийн хүч хөдөлмөрөөр амьдарч, олон олон залууст үлгэр дууриалал болно гэдгээ амлаж байна. Иймд миний гэм буруугаа ойлгон ухаарч гэмшиж байгааг минь харгалзан, мөн зорилго, ирээдүй, мөрөөдлийг минь ойлгож ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.А нь тухайн хэрэгт шалгагдах явцдаа буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд сайн дураараа үнэнээ мэдүүлдэг. Хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан. Энэ хэргийн улмаас 77 хоног цагдан хоригдсон. Хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Иймд түүний дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан эдлэх ялаас нь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийн нөхцөл байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.А хулгайлах болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тогтоосон. Мөрдөн байцаалтын болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан ял тохирсон учир шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.А-ийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фреш” нэртэй худалдааны төвийн гадаа автомашины зогсоолд зогсож байсан тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Т.Чойсүрэндоржийн эзэмшлийн “Самсунг А50” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан,
мөн 2019 оны 9 дүгээр сарын 11-нээс 19-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рийч” зочид буудал доторх өрөөнд, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 1-3б тоотод хохирогч Г.Сарантуяаг бусадтай хардан, суран бүсний арал хэсгээр толгойн тус газар нь цохих, гараараа болон хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун зүүн зулайд шарх, баруун бугалга, умдаг, гадна бэлэг эрхтэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтын хүрээнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн Арвандолдугаар бүлэгт “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг тогтоон хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.А-ийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фреш” нэртэй худалдааны төвийн гадаа автомашины зогсоолд зогсож байсан тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Т.Чойсүрэндоржийн эзэмшлийн “Самсунг А50” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Шүүгдэгчийн хувьд бусдын өмч хөрөнгийг хамгаалж байгаа объектод нэвтрэхийг зөвшөөрөөгүй байхад дураараа нэвтрэх эрхгүй бөгөөд тухайн орон зайд хадгалагдаж байсан эд хөрөнгийг өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэх талаар нэг мөр шалгаж, уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийсний дараа шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.А нь Т.Чойсүрэндоржийн автомашинд хүнгүй байгааг мэдмэгцээ түүний хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд хаалгыг нь онгойлгон дотогш орж эд зүйл авсныг хууль бус нэвтрэлт гэж үзэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.
Учир нь, “Агуулах сав” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг,
мөн “орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдэгт түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсон байхыг тус тус хамааруулан ойлгох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.А “Фреш” дэлгүүрийн урд “Эм Си Эс” ХХК-ийн бараа түгээлтийн ачааны автомашинаас хохирогч Т.Чойсүрэндорж дэлгүүрт бараа буулгаж байх хооронд хаалгыг нь онгойлгож гар утас авч буй үйлдэлд хүний хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр заасан үйлдэл байгаа эсэхийг бүрэн мөрдөн шалгаагүй, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянаагүй байна гэж дүгнэлээ.
Иймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.А-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Г.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.А-ийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.А-д холбогдох хэргийг мөн шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Г.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ