Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/526

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Энэрэл,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түмэннасан,

шүүгдэгч Г.Цэцэгдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганпүрэвийн Цэцэгдэлгэрт холбогдох эрүүгийн 2205034040438 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Грийн индастри” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо, 104-р байрны 79 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганпүрэвийн Цэцэгдэлгэр, /РД: ГЙ85062004/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Цэцэгдэлгэр нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүрэг”-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1 “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”,

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтад “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 27.3.2 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих”,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина”,

Монгол улсын стандарт, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт” MNS 4969:2000 стандартын 4.10 “Ажлын байрны анхан шатны зааварчилгааны дараа зааварчилгаа өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие даан ажиллах зөвшөөрөл олгоно”,

“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Сургалт зохион байгуулалт, Үндсэн журам” MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө”,

MNS 4969:2000 стандартын 4.9 дэх заалт “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэсэн заалтуудыг мөрдөж биелүүлээгүйн улмаас 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Грийн индастри” ХХК-ийн агуулахад ачигчаар ажиллаж байсан Н.Батбэх нь хураасан гурилд дарагдаж, эрүүл мэндэд нь зүүн сүүжний дэлбээ, зүүн талын ууц сүүжний үе дайрсан, умдаг яс, ууцны 1, 2 дугаар нугалам, бүсэлхийн 4 дүгээр нугалмын их биеийн, цээжний зүүн талд 4, 6, 7 дугаар хавирга, дух, зүүн нүдний ухархайн хананы хугарал, ууцанд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цэцэгдэлгэр мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түмэннасан мэдүүлэхдээ: “...Манай компанийн зүгээс хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 24-28 дахь тал/,

Хохирогч Н.Батбэхийн:

“...Би 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөр зуучаас лапша гоймонгийн үйлдвэрт ажиллахаар явсан. Өглөө 9 цагт агуулах дээр нь очсон. Тэгсэн нярав юм уу нягтлан гэж хэлсэн эмэгтэй нь ажилдаа гар гэж хэлсэн. Тухайн үед хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгөөгүй, шууд ажилд гарсан. Агуулахад ороод гурил хурааж байсан. Цаад талд байсан өндөр хураасан байсан гурил нь шууд нураад намайг дарсан. Тухайн үед надтай хамт байсан үл таних залуу хамт дарагдсан. Би орилоход миний дээрээс дарсан гурилыг аваад намайг гаргасан. Тэгээд түргэн тусламж дуудсан. ...Түргэн ирээд намайг гэмтлийн эмнэлэг авч ирж өгсөн. Үзүүлтэл нуруу хугарсан, аарцаг хугарсан, хавирга гэмтсэн гэж хэлсэн. “Грийн групп” ХХК нь надтай хөдөлмөрийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Мөн надад аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулсан зүйл байхгүй. Тухайн өдөр хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал хариуцсан инженер болон захирал нь надтай уулзаагүй. Надад хувцас хэрэглэл өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Гэрч Б.Оюун-Эрдэнийн:

“...Миний ажилладаг газар нь “Грийн” группийн “Грийн индастри” буюу лапша гоймон, хэрчсэн гурил хийдэг. Компанид би 2022 оны 05 дугаар сараас хойш нярваар ажиллаж байна. “Лапша” гоймонг хийхийн тулд түүхий эд буюу гурилыг хүлээн авч, үйлдвэрт хэрэгцээтэй байгаа түүхий эдийг хүргэж өгөх үндсэн үүрэгтэй ажилладаг. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өглөө 9 цагт манай ажил буюу Баянгол дүүргийн 20-р хорооны агуулахад танай хүний нөөцөөс ачигч нарыг олоод өнөөдөр агуулахаас хураасан байсан гурил буулгахаар 11 хүн ирсэн байсан. Үүний дагуу би агуулахад өрөөтэй байсан гурилуудыг ингэж зөөнө, болгоомжтой байх талаар хэлж ярьж байсан. Тэгтэл 11 чагийн үед би ачигч нарын ууж байсан ус нь дууссан болохоор усанд явсан хойгуур нэг ачигч гурил зөөж байгаад гурилд даруулсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Гэрч А.Дагийсүрэнгийн:

“...Би гэртээ амарч байсан. Менежер болох Сувд-Эрдэнэ залгаад гурил зөөж байсан хоёр ачигч гэмтсэн байна, би одоо гэрээсээ гарах гэж байна гэж хэлсэн. Осол болсон газар болох лапша 1 үйлдвэрийн агуулах руу очоод нярав болох Оюун-Эрдэнийг дуудаад ослын зураглал хийсэн. Оюун-Эрдэнэд та өдөр тутмын зааварчилгаа өгсөн үү гэж асуусан. Хэрвээ өгсөн бол зааварчилгаа өгсөн баримтаа аваад ир гэж хэлсэн чинь Оюун-Эрдэнэ надад зааварчилгаа өгсөн баримт гээд нэг хуудас баримт гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал/,

Гэрч Б.Баярмаагийн:

“...Өнөөдөр агуулах суллуулах гээд хөлсний ажилчдыг самушил гэх газраас 23 ажилчин авч ажиллуулсан. Би өглөө ажил эхлэхээс өмнө аюулгүй байдлын зааварчилгаа өгөөд ажлаа 9 цаг 30 минутын үед эхлүүлсэн. Би үйлдвэрт сав баглаа боодлоо үйлдвэрт хүлээлгэж өгчхөөд гурил зөөж байгаа агуулах руу очоод машинаасаа бууж байх үед 2 хүний дээрээс гурил унаад гэмтчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад тэр хүн гэмтсэн гэх агуулах руу явж байх замдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер рүүгээ ярьж ослын мэдээллээ өгч зааварчилгаа авсан. Тухайн осол болсон газар очоод ...зөвлөгөөний дагуу тухайн хоёр хүнийг байрнаас нь хөдөлгөхгүй байлгаж 103 дуудсан. Түргэн тусламж ирээд бэртсэн хүмүүсийг үзээд эмнэлэг авч явсан. ...Би бол зааварчилгаа шүү, уншиж танилц гэж хэлээд цаас өгөөд дамжуулж танилцаад гарын үсгээ зураарай гэж хэлсэн. Буцаагаад зааварчилгаагаа аваад үзсэн бүгд зурсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/,

Гэрч Б.Мөнхзаяагийн:

“... “Грийн индастри” компанид 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ороод одоо хүний нөөц хариуцсан албан тушаал дээр ажиллаж байгаа. Миний үүрэг бол хүний нөөцийн бүрдүүлэлт, ажилтантай хөдөлмөрийн харилцаа болон гэрээ хийх үүрэгтэй. Манай байгууллага “Самушил” ХХК нэртэй хөдөлмөр зуучийн компанитай гэрээтэй юм. Тус байгууллага нь нэг өдрийн ажил хийх хүмүүсийг олж өгдөг. Тухайн өдөр ажил хийхээр ирсэн хүмүүсийг тооцооны нягтлан, түүхий эдийн нярав хүлээж аваад хийх ажлыг нь танилцуулаад аюулгүй ажиллагааны зааварчилган дээр гарын үсэг зуруулаад ажилд нь оруулдаг. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Самушил” нэртэй компани руу “2022 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 9 цагаас 19 цаг хүртэл ажиллах 28 хүн хэрэгтэй байна” гэсэн захиалга явуулах үед боломжтой гэсэн хариу ирээд манай байгууллагаас хөлс мөнгөө өтөөд захиалгаа баталгаажуулсан. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бямба гариг байсан учир би гэртээ амарч байх үед тооцооны нягтлан Баярмаа миний дугаар руу залгаад манай байгууллага дээр ажил хийх 28 хүн ирсэн байна гэж хэлсэн. Би Баярмаад хандаж, наад ирсэн хүмүүс дунд чинь ажил хийж чадахгүй бие нь өвддөг, өөрийн хүсэлтээр буцах хүн байвал надад хэлээрэй гэж хэлсэн чинь за гэсэн хариу хэлсэн. ...11 цагийн үед захирал Цэцэгдэлгэр миний дугаар руу залгаад агуулах дээр осол гарсан гэж Баярмаа над руу ярьсан, түргэн ирж байгаа гэсэн, чи “Самушил” руу залгаад осол гарсан талаар мэдэгд гэж хэлсэн. Би Баярмаа руу залгаж осолд орсон хүний нэрийг мэдээд “Самушил” руу мэдэгдээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очсон. Намайг очиход осолд орсон Батбэх үзлэгт орж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/,

Гэрч Н.Эрдэнэбатын:

“...Би ажил олгогч компани буюу “Самушил” ХХК-аар дамжуулан ажил хийдэг. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тухайн компаниар дамжуулан Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лапша” гоймонгийн үйлдвэрт ажиллахаар 10 хүн явсан. “Лапша” гоймонгийн үйлдвэр дотор оруулсан. Нярав эмэгтэй ...хувцсаа солиод ажилдаа гар гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувцсаа солиод гарсан. Гараад байж байтал тухайн нягтлан гэх нэг үл таних эмэгтэй цаас өгөөд нэрээ бич гэж хэлсэн. Тухайн цаасан дээр бичсэн зүйлтэй уншиж танилц гэж хэлээгүй. Тухайн үед би өөрийнхөө нэрийг бичихдээ Батбэхийн нэрийг давхар бичсэн. Учир нь би Батбэхийг таньдаг учраас нэрийг нь бичсэн. Зүгээр нэрсээ өгч байна гэж бодоод бичсэн. Түүнээс аюулгүй байдлын зааварчилгаа өгч байна гэж бодоогүй. Тэгсэн машинд гурил ач гэж тухайн нярав хэлсэн. ...Гурилаа ачиж дууссан чинь нярав эмэгтэй агуулах руу орж подоон дээр гурил өрж тавь гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батбэхтэй хамт ...гурил дээш нь өрж эхэлсэн. Тэгээд байж байтал гурил гэнэт нураад ороод ирэх шиг болсон. Нэг мэдсэн хүмүүс гурил доороос татаж гаргаж ирсэн. ...Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хөдөлмөр аюулгүй байдлын инженер гэх хүн байгаагүй, нярав, нягтлан, жолооч 3 хүн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал/,

Гэрч Л.Мөнхөөгийн:

“...Улаанбаатар хотод 40-өөс дээш насны хүмүүст ажлын байр олдоггүй тул манайх дотооддоо өдөрт нь хөдөлмөр зуучлах ажлыг 2018 оноос эхэлж нэвтрүүлж эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. ...Батбэхийн хувьд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай “Драгон” салбар дээр ирээд ажил асууж байгаад “Грийн групп” дээр гурил буулгах ажил байна, явах уу, хийж чадах уу гэхэд Батбэх нь уг ажлыг хийж чадна гээд 9 хүний хамт “Грийн индастри” руу манай баталгаажуулах баримт дээр нэрээ бичүүлээд явсан. ...Ажил зуучлуулсан иргэд тухайн ажлын байран дээрээ очсоны дараа тус ажилд шаардлагатай хөдөлмөр аюулгүйн зааварчилгааг тус байгууллагын мэргэжлийн хүнээс нь авч гарын үсэг зуран ажилдаа гардаг. Манайхаас, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулдаггүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй, нэг удаагийн хувцас хэрэгслээр хангахгүй. Захиалагч байгууллагын шаардлагын дагуу ажилтныг л явуулдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг ажил хийлгэж байгаа байгууллага, хувь хүн хариуцна. Мөн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, нэг удаагийн хувцас хэрэгслээр хангана. Энэ талаар манай баталгаажуулах баримтын арын хэсэгт “Заавал мөрдөх дүрэм журам”-д тусгасан байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн 15034 дугаартай шинжээчийн:

“...Н.Батбэхийн биед зүүн сүүжний дэлбээ, зүүн талын ууц сүүжний үе дайрсан, умдаг яс, ууцны 1, 2 дугаар нугалам, бүсэлхийн 4 дүгээр нугалмын их биеийн, цээжний зүүн талд 4, 6, 7 дугаар хавирга, дух, зүүн нүдний ухархайн хананы хугарал, ууцанд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/,

2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01-07/12 дугаартай шинжээч Д.Баасандоржийн:

“...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь заалтад “Үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21 дэх заалтад “Үйлдвэрлэлийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг хэлнэ”, “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалтад “ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг” гэж тодорхойлсон байдаг. Н.Батбэх нь ажил олгогч буюу “Грийн индастри” ХХК-ийн үйлдвэрлэлийн орчин, ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт “ажлын байрандаа ажил үүрэг гүйцэтгэж байх үед” хамаарч байгаа тул үйлдвэрлэлийн осол мөн байна.

...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүрэг”-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1 “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” заалтыг биелүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” заалтыг биелүүлж ажиллаагүй, Монгол улсын стандарт, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт” MNS 4969:2000 стандартын 4.10 “Ажлын байрны анхан шатны зааварчилгааны дараа зааварчилгаа өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие даан ажиллах зөвшөөрөл олгоно” гэсэн заалтыг зөрчин ажил үүрэг шууд гүйцэтгүүлсэн байна.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 27.3.2 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих” заалтын дагуу хяналт тавьж ажиллаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэсэн заалтыг биелүүлээгүй, “Грийн Индастри” ХХК болон ажил олгогч, гүйцэтгэх удирдлага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтад “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, буруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, “Грийн индастри” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүрэг”-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1 “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэсэн заалтыг биелүүлээгүй, “Грийн индастри” ХХК болон ажил олгогч, гүйцэтгэх удирдлага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 27.3.2 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих” гэсэн заалтын дагуу хяналт тавьж ажиллаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол гарсан байна. “Грийн Индастри” ХХК болон ажил олгогч, гүйцэтгэх удирдлага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэсэн заалтыг биелүүлж ажиллаагүй байна. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйл “Хөдөлмөрийн гэрээний хэлбэр” 48.3 “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэсэн заалтын дагуу байгуулсанд тооцно. ...Ажил олгогч “Грийн индастри” ХХК болон гүйцэтгэх удирдлага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэсний дагуу дотоод хяналтыг тавьж ажиллаагүй байна. ...”Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Сургалт зохион байгуулалт, Үндсэн журам” MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө”-д заасныг ажил олгогч хэрэгжүүлээгүй, MNS 4969:2000 стандартын 4.9 дэх заалт “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэсэн заалтын дагуу бичгээр танилцуулж зааварчилгаа өгөөгүй байна. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэсэн заалтыг биелүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг мөрдөөгүй, ажлын хувцас хувийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллуулсан, эрсдэлтэй орчин нөхцөлд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 78-85 дахь тал/,

Шинжээч Д.Баасандоржийн:

“...Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм. ...8.3.8 дахь заалт “Хайрцагтай ачааг вагон, төмөр замын болон бусад агуулахуудад нуруулдаж, тогтвортой байдлаар хураана. Ачааны нурууны өндөр нь гараар ачилт хийхэд 3 м, механикжсан аргаар ачилт хийх нөхцөлд 6 метрээс тус тус хэтрэхгүй байвал зохино. Хайрцаг багцтай ачааг битүү агуулахад нуруу хоорондын явах хэсгийн хоорондын зай 3 метрээс багагүй байхаар хураана” гэх норм дүрмийн дагуу хураана. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэсэн заалтын дагуу “Грийн индастри” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам, норм стандартыг сахин ажиллах үүргээ биелүүлээгүй, мөрдүүлж ажиллаагүйн улмаас осол гарах нөхцөл шалтгаан болсон байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2021 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн 2022.10.14 гэсэн огноотой “ХАБЭА-н ур чадвар тогтоох, сургалтыг зохион байгуулах журмын Хавсралт №08 гэсэн баримтын №03 дугаартай мөрний “10 сар 15 өдөр” гэсэн баганад зурагдсан байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Н.Батбэхийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай бүтцийг илэрхийлэх шинж тэмдгээрээ өөр байх тул харьцуулан шинжлэх боломжгүй. Харин дээрх 2022.10.14 гэсэн огноотой “ХАБЭА-н ур чадвар тогтоох, сургалтыг зохион байгуулах журмын Хавсралт №08 гэсэн баримтын №03 дугаартай мөрний “10 сар 15 өдөр” гэсэн баганад зурагдсан байх гарын үсэг нь Н.Батбэхийн гэх бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 4/6970 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 208-212 дахь тал/,

“Грийн индастри” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08/19 дугаартай “Грийн индастри” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Ганпүрэв овогтой Цэцэгдэлгэрийг томилсугай” гэсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, нууц хадгалах тухай 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 12-СЕО-GIN-NX-018 дугаартай гэрээ, 12-СЕО-GIN-ED-018 эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 12-СЕО-Cont-C3-018 дугаартай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 245, 248, 249, 250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-5 дахь тал/,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түмэннасангийн:

“...Компанийн зүгээс 6,383,500 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн байгаа, цаашид Батбэх нь баримт гаргаж өгөх юм бол баримтын дагуу хохирлыг барагдуулна” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Г.Цэцэгдэлгэр нь хохирогч Н.Батбэхийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Цэцэгдэлгэрийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Цэцэгдэлгэр нь:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүрэг”-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1 “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтад “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 27.3.2 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих”,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалт “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина”,

Монгол улсын стандарт, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт” MNS 4969:2000 стандартын 4.10 “Ажлын байрны анхан шатны зааварчилгааны дараа зааварчилгаа өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие даан ажиллах зөвшөөрөл олгоно”,

“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Сургалт зохион байгуулалт, Үндсэн журам” MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө”,

MNS 4969:2000 стандартын 4.9 дэх заалт “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэсэн заалтуудыг мөрдөж биелүүлээгүйн улмаас 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Грийн индастри” ХХК-ийн агуулахад ачигчаар ажиллаж байсан Н.Батбэх нь хураасан гурилд дарагдаж, эрүүл мэндэд нь зүүн сүүжний дэлбээ, зүүн талын ууц сүүжний үе дайрсан, умдаг яс, ууцны 1, 2 дугаар нугалам, бүсэлхийн 4 дүгээр нугалмын их биеийн, цээжний зүүн талд 4, 6, 7 дугаар хавирга, дух, зүүн нүдний ухархайн хананы хугарал, ууцанд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Н.Батбэх, гэрч Б.Оюун-Эрдэнэ, А.Дагийсүрэн, Б.Баярмаа, Б.Мөнхзаяа Н.Эрдэнэбат, Л.Мөнхөө нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15034 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01-07/12 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Д.Баасандоржийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2021 дугаартай шинжээчийн дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 4/6970 дугаартай албан бичиг, “Грийн индастри” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08/19 дугаартай хөдөлмөрийн гэрээ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргээс гэм буруугийн хэлбэрээр ялгаатай ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний субьектив санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа зэргийг харгалзан үздэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн талаар хуульчилсан, 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчлан тогтоожээ.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.Цэцэгдэлгэр нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Грийн индастри” ХХК-ийн агуулахад ачигчаар ажиллаж байсан Н.Батбэхтэй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, аюул эрсдэлийг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах, арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй, холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөний улмаас хохирогч Н.Батбэх нь ажил гүйцэтгэх явцдаа хураалгаастай байсан гурилд дарагдаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Цэцэгдэлгэрийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байх шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Батбэхийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт нийт 20.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Н.Батбэх нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасны дагуу “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв” эмнэлгээс хохирогч Н.Батбэхийн төрийн үйлчилгээний төлбөр болох 4.222.900 төгрөгийг иргэний хариуцагч “Грийн Индастри ХХК-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлж, иргэний хариуцагч “Грийн индастри” ХХК нь өөрт учирсан хохирлын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг,

Мөн хохирогч Н.Батбэх нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдав.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Цэцэгдэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Г.Цэцэгдэлгэр нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Цэцэгдэлгэрийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар “Бизнесийн удирдлага” мэргэжлээр ажиллах эрхийг хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Г.Цэцэгдэлгэрт оногдуулсан 1 жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205034040438 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Цэцэгдэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганпүрэвийн Цэцэгдэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэцэгдэлгэрийг 1 жилийн хугацаагаар “Бизнесийн удирдлага” мэргэжлээр ажиллах эрхийг хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэцэгдэлгэрт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэцэгдэлгэр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Батбэх нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар иргэний хариуцагч “Грийн Индастри ХХК-иас 4.222.900 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэцэгдэлгэрт оногдуулсан 1 жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Цэцэгдэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Цэцэгдэлгэрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цэцэгдэлгэрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ