| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0521/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/543 |
| Огноо | 2024-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,
улсын яллагч З.Наранчимэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт Эдийн засагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* хороо, “*******” гудамж ******* байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /РД: /.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 3******* хороо, “ ” зочид буудлын уулзвар орчим хохирогч УБК улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашин дотор зорчиж явахдаа хэрүүл маргаан үүсгэж улмаар машины дотор талын голын толь, урд салхины шил, салоны паарны сетекний хүрээг хөлөөрөө өшиглөж эвдэн гэмтээж, бага хэмжээнээс дээш буюу 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч нүүр рүү 1 удаа өшиглөж хамар ясны баруун хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл учруулан, машинаас буугаад цээж хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисны улмаас гүүний эрүүл мэндэд баруун хөхөнд цус хуралт, эрүү, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Хохирогч :
“...2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 3******* хороо, “Гранд хилл” орчимд хүн буулгаад 20 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн УБК улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашинтай “ ” зочид буудлын уулзвар өнгөрөөд урагш төв зам чиглэлд түгжрээд, автомашиндаа ганцаараа сууж байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 2 эрэгтэй машинд хаалга онгойлгоод шууд ороод ирсэн. ...хажууд нь сууж байсан согтуу хүн машин дотор хойд хаалга, цонх руу өшиглөөд орилж хашхирахаар нь би “хүүе болиорой” гэж хэлсэн чинь хойд суудлаас над руу өшиглөж, бас урд шилэн дээр байрлах дугуй толийг хугалаад паарны сетик цуулж эвдэхээр нь би машинаас буугаад цагдаад мэдэгдсэн юм. Намайг гадаа зогсож байхад цээж рүү 2 удаа гараараа цохиж, баруун хөлийн шилбэ рүү 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
Хохирогч :
“...2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүүхдээ авахаар модны хоёрын голын замаар өөрийн УБК улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашинтай явж байсан чинь гэрлэн дохио арай хүрээгүй байхад миний машинд согтуу хоёр эрэгтэй хүн орж ирж сууснаа “таксинд явчих” гэхээр нь би “таксинд явахгүй” гэсэн чинь арай эрүүл нь ахын дүү таксинд ярьж байтал араас машин сагналдаад байхаар нь хөдлөөд явтал нэлээн согтуу байсан хүн нь гэнэт хаалга өшиглөөд, хөл нь сандлын голоор орж ирээд голын толь, урд шил хэсэг рүү нь өшиглөөд толийг сууриар нь хугалаад, салоны голын паар үлээдэг сетикийг хагалчихсан. Тэгээд дахиж 2, 3 удаа хөлөөрөө сандлын голоор өшиглөсөн. Би тэр үед нь эргээд хартал миний нүүр рүү 1 удаа өшиглөчихсөн. Тэгээд би машинаасаа буугаад доошоо уначихсан машинаас байсан утсаа нөгөө хаалгаараа тойрч очиж аваад эргэтэл нөгөө 2 залуу бууж байсан тэгээд би нөгөө 2 залууг байж бай цагдаа дуудна гээд явуулахгүй намайг өшиглөсөн залуутай зууралдаж байхад арай эрүүл байсан залуу нь яваад өгсөн. ...Намайг өшиглөсөн залуутай зууралдаж байхад миний цээж рүү гараараа 2 удаа цохисон тэгээд зам дээр байсан хүмүүс надад туслаад нөгөө залууг барьж байх үед цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү, авч явсан. Намайг өшиглөсөн залууг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлнэ гэж байсан. Миний машины голын толь хугарч эвдэрсэн, салоны голын паар үлээдэг сетикний хүрээ хагарсан, урд салхины шил цуурсан байсан..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1782 дугаартай шинжээчийн:
“... биед хамар ясны баруун хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөхөнд цус хуралт, эрүү, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн БГ1-24-31 дугаартай:
“... приус 20 маркийн тээврийн хэрэгслийн дотор талын голын толь-20,000 төгрөг, салоны паарны сетекний хүрээ-80.000 төгрөг, урд салхины цуурсан шил-250.000 төгрөг, нийт 350.000 төгрөг” гэсэн тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч эд хөрөнгийг санаатай гэмтээж бага хэмжээний дээш хохирол учруулсан, мөн хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Батсуурийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь:
2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 3******* хороо, “ ” зочид буудлын уулзвар орчим хохирогч УБК улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашин дотор зорчиж явахдаа хэрүүл маргаан үүсгэж улмаар машины дотор талын голын толь, урд салхины шил, салоны паарны сетекний хүрээг хөлөөрөө өшиглөж эвдэн гэмтээж, бага хэмжээнээс дээш буюу 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч нүүр рүү 1 удаа өшиглөж хамар ясны баруун хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл учруулан, машинаас буугаад цээж хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисны улмаас гүүний эрүүл мэндэд баруун хөхөнд цус хуралт, эрүү, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай болох нь хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” Хөрөнгө үнэлгээний газрын БГ1-24-31 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1782 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хууль зүйн хувьд “эд хөрөнгө гэмтээх” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг хамааруулна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө буюу хохирогчийн автомашиныг гэмтээж 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Батсуурийн нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Батсуурийг “бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгө буюу авто машинд 350.000 төгрөгийн хохирол, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсны улмаас эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 310.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь дээрх хохирол төлбөрүүдийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Хохирогч эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх албан бичиг, төлбөрийн мэдээлэл бүхий 2 хуудас баримтыг гаргаж, шүүгдэгчээс “эрүүл мэндийн даатгалын санд учирсан 165.000 төгрөгийг гаргуулах” тухай дүгнэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж мэдүүлэг аваагүй байх тул дээрх хохирлыг гаргуулах боломжгүй юм.
Харин хохирогч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийг нэхэмжлэх прокурорын эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, уг торгох ялыг нэмж нэгтгэн нийт 2.050.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 165.000 төгрөгийг гаргуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй, учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, төрийн байгууллагад ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.
Гэтэд шүүгдэгч ******* нь нэг газар, цаг хугацаанд хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр, өөр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн байхад Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу хэргийг зүйлчлээгүй орхигдуулсан байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Батсуурийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийн зүйлчлэлийг зөвтгөн зүйлчилсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”-өөр заасан бөгөөд уг заалтыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба шүүгдэгч Б.Батсуурийн тухайд хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүний эрүүл мэндийн халдашгүй байдал”, “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүдийг үйлдсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Батсуурийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, дээрх торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1.350.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Шүүгдэгч Б.Батсуурийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2405006540523 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Батсуурийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсуурийг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хохирогч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийг нэхэмжлэх прокурорын эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ