Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/545

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Д.Хонгорзул /томилолтоор/,

шүүгдэгч Ж.Хангай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Дүүдээ овогт Жамьянсүрэнгийн Хангайд холбогдох эрүүгийн 2405014100763 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 26-р хороо, 4-76 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дүүдээ овогт Жамьянсүрэнгийн Хангай, /РД: ШЗ80071879.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Хангай нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 8-р байрны гадна хохирогч Ж.Болормаагийн эзэмшлийн “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы 2 ширхэг нугас, баруун хойд хаалга, баруун дунд багана зэргийг цохих, хөших, өшиглөх зэргээр хууль бусаар гэмтээж 440.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Хангай мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч Ж.Болормаагийн:

“...2024 оны 03 дугаар сарын 30-ны орой миний эзэмшлийн 28-86 УБЛ дугаартай сувдан цагаан өнгийн приус-20 маркийн машиныг охин А.Нямдарь оройхон авч гараад, өглөө нь надад таны машиныг нэг хүн гараа өргөж байхад нь эмэгтэй найз болох Сувдаатай явж байгаад нарны хороололд хүргэж өгөх үед агсам тавиад бууж ирээд машин өшиглөж цохиж гэмтээсэн гэж хэлсэн. Вьетнам засварт нийт 590.000 төгрөгийн засвар хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх  тал/,

Гэрч А.Нямдарийн:

“...2024 оны 03 дугаар сарын 30-ны шөнө найз Гансувдын хамт таксинд 28-86 УБЛ дугаартай сувдан цагаан өнгийн приус-20 маркийн машиныг жолоодоод явж байсан. Туушин зочид буудлын урд талд 01 цагийн үед 180 см орчим өндөртэй, хар куртиктэй, бор саарал өнгийн өмдтэй, 40 гаран насны хүн гараа өргөөд зогсож байхаар нь автомашиндаа суулгасан. Автомашинд суухад согтуу байгааг нь мэдсэн. Тэгээд нарны хороолол руу явъя гэж хэлсэн. Замын цагдаа руу шалгалт хийж, цагдаагийн багаж руу үлээхэд арын сандал сууж байсан ах гэнэт байж байснаа чи чинь яасан гоё үлээдэг пизда вэ, яаж зүгээр гарчихваа гэж хэлээд найз Гансувдын үснээс зулгаагаад өндийгөөд босоод ирсэн. Удалгүй Баянгол дүүргийн 26-р хороо Нарны хороолол дээр ирээд зогссон. Таксины мөнгөө гээд хэлсэн чинь мөнгөө өгөхгүй, хэл амаар доромжлоод, бид хоёроос гар утсаа нэхэж эхэлсэн. Агсан тавиад байхаар нь цагдаагийн байгууллага руу залгасан. Арын сандал дээр сууж байсан ах машины хойд талын хаалгыг дотроос нь өшиглөөд байсан. Тэгээд хаалгыг өшиглөөд буугаад ирсэн. Бууж ирэнгүүтээ хаалга савж хааснаа цаашаа алхаж байгаад буцаж ирээд автомашины хойд талын хаалгыг нугасных нь эсрэг хөшиж татаж эхэлсэн. Болиулах гэхээр намайг цохих гээд байсан. Буцаж автомашин руу очингуутаа жолооч талын урд тал, хойд талын цонх хаалга руу цохисон. Би төлбөрийг чинь барагдуулна, автомашиныг чинь эвдсэн гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Гэрч Г.Гансувдын:

“...Би найз А.Нямдарийн хамт гадуур явж байхад Туушин зочид буудлын урд талд 01 цагийн үед ах гараа өргөж байхад нь манай найз автомашиндаа суулгасан тухайн хүн нарны хороолол орно гээд тэгээд нарны хороололд ирэх үед манай найз А.Нямдарь таксины мөнгө асуухад нөгөө хүн уурлаад хэн та хоёрыг явуулсан гээд уурлаж эхэлсэн, тэгээд миний утас байхгүй байна гээд А.Нямдарь бид хоёроос утсаа нэхээд тэгээд та буучих мөнгө хэрэггүй гэхэд буухгүй хаалга онгойлгоод сууж байснаа буугаад машин өшиглөөд хаалганы нугасны эсрэг тал руу хөшиж, баруун хойд хаалгыг өшиглөсөн, гаднаас нь гараараа цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Дамно хөрөнгийн үнэлгээний 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн БГ1-24-58 дугаартай:

“...Шинжилгээний объектын /баруун хойд хаалганы 2 ширхэг нугас, баруун хойд хаалга, баруун дунд багана/ зэрэг 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 440.800 төгрөг гэсэн...” тайлан /хавтаст хэргийн 26-30 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ж.Хангай нь хохирогч Ж.Болормаагийн эд хөрөнгийг санаатай гэмтээж бага хэмжээний дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Баясгалан хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Хангайн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ж.Хангай нь:

2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 8-р байрны гадна хохирогч Ж.Болормаагийн эзэмшлийн “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы 2 ширхэг нугас, баруун хойд хаалга, баруун дунд багана зэргийг цохих, хөших, өшиглөх зэргээр хууль бусаар гэмтээж 440.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ж.Болормаа, гэрч А.Нямдарь, Г.Гансувд нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” хөрөнгө үнэлгээний газрын БГ1-24-58 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хууль зүйн хувьд “эд хөрөнгө гэмтээх” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг хамааруулна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө буюу хохирогчийн автомашиныг гэмтээж 440.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Хангайг “бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Болормаад 440.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ж.Хангай нь хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Хангайтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүгдэгч Ж.Хангай нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Ж.Хангайн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Ж.Хангайн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405014100763 дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Хангай нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дүүдээ овогт Жамьянсүрэнгийн Хангайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хангайг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хангайд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хангай нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Хангай нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Хангайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Хангайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ