Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/546

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2405005850604 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 30-р хороо ******* байрны *******т******* оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 30-р хорооны засаг даргын байранд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын өмчлөлийн буюу тус хорооны нийгмийн ажилтан ******* эзэмшлийн “Dell”загварын компьютерын дэлгэцийг санаатайгаар хагалсан үйлдлийн улмаас Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын эд хөрөнгөд 422.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунгэрэлийн:

“...Баянгол дүүргийн хэмжээнд 2023 оны 01 дүгээр сард шинээр ирсэн компьютер хуваарилж өгсөн. Үүнд 2023 оны 01 дүгээр сард БГД-ийн 30 дугаар хороон дээр “Дэлл” загварын 1 ширхэг дэлгэж хүлээлгэн өгсөн. Тухайн уг үед уг дэлгэцийг 999.900 төгрөгөөр авч байсан. Өгөхдөө хүлээлгэж өгсөн талаар акт үйлдэж 30 дугаар хорооны зохион байгуулагч нь гарын үсгээ зурж хүлээн авч байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

Гэрч *******:

“... 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажил болох Баянгол дүүргийн 30-р хорооны байран дээр байх үед гаднаас үл таних 40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд хорооны засаг даргыг асуусан. Би засаг дарга дүүрэг дээр хуралтай гэж хэлтэл тухайн хүн “би сая Засаг даргын гэрээс ирлээ, миний Ай фоне 11 загварын гар утсыг авчихлаа, хаана байна” гээд өрөөгөөр тойрч явж байгаад миний урд ирээд суусан. Миний урд ирээд “танай засаг дарга ажлаа хийхгүй байна” гэх мэтээр уурлаад “даргыгаа дууд би даргатай чинь уулзмаар байна” гэх мэтээр уурлаад байсан. Тухайн хүн нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бид нар даргыг дуудах боломжгүй байна гэж хэлсэн боловч тухайн хүн тоохгүй уурлаж байснаа “танай өрхийн эмнэлэг утсаа авахгүй байна, та нар миний хүүхдийг алсан, та нар алуурчид” гэх мэтээр уурлаад өөдөөс гараараа чичээд цохих гээд байсан. Манай хорооны зохион байгуулагчийн урд байсан тараах материалуудыг авч нүүр рүү нь шидээд, өрхийн бүртгэлийн дэвтрийг авч шидээд агсам тавиад, ойр хавьд байсан цаасыг авч шидээд байсан. Манайд орж ирсэн хүмүүс рүү бас агсам тавиад, миний ширээн дээр байсан “Dell” дэлгэцийг аваад над руу ширээний буланд цохигдоод дэлгэц нь хагарсан. Тухайн хүнийг дийлэхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Гэрч :

“...”танай засаг дарга миний гар утсыг аваад явчихсан” гэсэн. Мөн хэл амаар доромжлоод манай нийгмийн ажилтан Анхтуяагийн ажлын компьютерын дэлгэцийг авч шидээд хагалсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Гэрч :

“... 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ажлын байран дээрээ байх үед нэг эрэгтэй хүн гаднаас орж ирээд манай засаг даргыг асуусан. Тэгээд манай хорооны нийгмийн ажилтан, зохион байгуулагч хоёр руу асраад байсан. Дараа нь засаг даргыг байхгүй байна гэтэл өрөө рүү нь шагайж үзээд буцаж хүрч ирээд зохион байгуулагч хуу цаас шидэж нийгмийн ажилтан руу дайраад компьютерын дэлгэцийг аваад шидчихсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны БГ2-24-117 дугаартай “Dell” загварын компьютерын дэлгэцийг 422.400 төгрөгөөр” үнэлсэн тайлан /хавтаст хэргийн 29-32 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 55-67 дахь тал/,

Баянгол дүүргийн 30-р хорооны засаг даргын газрын байрны 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 50-54 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эд хөрөнгийг санаатай гэмтээж бага хэмжээний дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

Баянгол дүүргийн 30-р хорооны Засаг даргын байранд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын өмчлөлийн буюу тус хорооны нийгмийн ажилтан ******* эзэмшлийн “Dell” загварын компьютерын дэлгэцийг санаатайгаар хагалсан үйлдлийн улмаас Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын эд хөрөнгөд 422.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оюунгэрэл, гэрч М.Анхтуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, “Дамно” Хөрөнгө үнэлгээний газрын БГ2-24-117 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хууль зүйн хувьд “эд хөрөнгө гэмтээх” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг хамааруулна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө буюу компьютерын дэлгэцийг гэмтээж 440.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг “бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт 422.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 422.400 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405005850604 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс 422.400 төгрөгийг гаргуулж хохирогч Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ