| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0541/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/559 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Одгариг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол 30-р байрны 36 тоотод оршин суух, урд
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181,2.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД:*******/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 32-р хороо, 12-р байрны гадаа байрлуулсан иргэн ******* эзэмшлийн тээврийн хэрэгслийн толийг цохиж эвдлэх үед хохирогчоос “болиоч, яагаад миний машиныг цохиж эвдэж байгаа юм” гэх зүй ёсны шаардлага тавихад ******* нүүрэн тус газарт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь тархины баруун чамархайн хатуу хальсан дээрх ялтаслаг хэлбэрийн цус хуралт, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч *******:
“... 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хороо 12 дугаар байрны 244 тоотод гэртээ байж байтал 18 цагийн үед цонхоор гадаа байсан машины дохиолол маш чангаар дуугараад байсан. Цонхоороо хартал үл таних эрэгтэй тухайн үед байрны явган хүний зам дээр байрлуулсан миний өөрийн эзэмшлийн Metsubushi Delika Д-5 маркийн ******* УНИ дугаартай машины жолооч талын толийг үл таних эрэгтэй хүн хөлөөрөө өшиглөөд байсан. Би тэр эрэгтэйд хандан “хүүе ээ, болиоч ээ” гээд хэд хэдэн удаа орилоод тэр хүн ерөөсөө тоосон шинжгүй улам хүчтэй цохиод, урд салхины шилийг цохиод эхлэхээр нь би сандраад гэрээсээ гараад очсон. Тэгтэл машин цохиод байсан хүн харагдахгүй байхаар нь ойр хавьд байсан хүмүүсээс асуухад нэг эмэгтэй хүүхэд “хогийн цэг рүү явсан” гэж хэлэхээр нь тэр газарт очтол 180-185см өндөртэй цагаан царайтай 35-40 орчим насны эрэгтэй байсан бөгөөд би түүнд хандан “чи яагаад манай машиныг цохиод, эвдээд байгаа юм бэ гэж хэлтэл үгийн зөрүүгүй “муу авгай минь” гэж хэлээд миний толгойн зүүн дээд хэсэг рүү нэг удаа цохиж аваад, араас нь үргэлжлүүлээд толгой руу удаа дараа цохисны улмаас би газар унасан. Газар унасан байхад зүүн гуяны хэсэг рүү хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед миний ухаан санаа тогтворгүй шоконд орсон байдалтай байсан бөгөөд босоод ирсэн чинь миний хажууд 10 жилд сурдаг гэмээр эмэгтэй хүүхэд уйлчихсан намайг зодсон залууд хандаад “чи намайг зодлоо” гээд чангаар уйлаад байсан. Тэр охин аавтайгаа яриад “би хүн зодуулчихлаа, хурдан ир ааваа” гээд орилоод уйлаад байсан. Тэр хооронд нөгөө залуу юу ч болоогүй юм шиг яваад өгөхөөр нь би нөгөө эмэгтэй хүүхдэд “хоёулаа энэ хүнийг алдаж болохгүй, араас нь явъя” гээд дагасан. Тэгтэл тэр залуу бид хоёрыг хэл амаар доромжлоод ..., бид хоёр дээр хүрч ирээд миний нүүрэн тус газарт нэг удаа цохиж, нөгөө охины гэдэс руу өшиглөчихсөн. Дээрх байдлаар явсаар байгаад 9 давхар 30-р байрны 1-р орцны үүдэнд нэлээн удаа зогсож, хоргоосны эцэст нөгөө охины аав нь ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэр залуу тухайн үед архи уучихсан, жаахан халамцуу байдалтай байсан. Миний эзэмшлийн ******* УНИ дугаартай машины жолооч талын толь хугарч эвдэрсэн бөгөөд би өөрөө засуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Гэрч *******:
“... би 18 цагийн үед автобусны буудал дээрээс автобусанд суух гээд байж байтал урд талын байрны машин явдаг замын хажуу талын явган хүний зам дээр байсан машиныг нэг үл таних дээгүүрээ хар өнгийн малгайтай, саарал өнийн хүрэм, дотуураа хөх өнгийн цамцтай эрэгтэй машины жолооч талын хаалган дээр байдаг жижиг толийг хөлөөрөө цохиод байхаар нь би тэр машин дээр гүйж очоод машины дээрх утасны дугаар луу залгаж машиныг нь цохиж байгаа талаар хэлэх гэтэл утас нь дуудаад ерөөсөө авахгүй байсан. Тэгтэл тэр байрны дээд давхраас нэг үл таних эмэгтэй “чи болиоч ээ” гэж олон удаа орилоход тэр эрэгтэй ерөөсөө тоохгүй байсан. Байрны орцноос нөгөө цонхоор орилоод байсан эмэгтэй гарч ирээд “нөгөө машины толийг цохиод байсан эрэгтэй хаана байна” гэж асуусан. Би тэр эрэгтэй хогийн цэг байрладаг зүг рүү явсан, тэнд байна гэж тэр эмэгтэйд хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй нөгөө эрэгтэй дээр очоод “чи яагаад манай машиныг эвдээд цохиод байгаа юм бэ” гэхэд үгийн зөрүүгүй нөгөө эгчийн толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Мөн газар унагааж байгаад цохиод байхаар нь би салгах гээд очтол намайг үгийн зөрүүгүй тэр үл таних эрэгтэй баруун гараараа хацар, толгой хэсэг рүү маань удаа дараа цохисон. Тэр эрэгтэй бид хоёрыг зодчихоод юу ч болоогүй юм шиг яваад өгөхөөр нь би хоёр тэр хүнийг алдахгүй гээд араас нь дагаад явсан. Эргэж хараад бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан. Тэр эрэгтэй нэг байрны орц руу орох гээд байсан бөгөөд тэр эгчийн нүүр лүү нь ахиад нэг цохисон, миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Би аав Баян-Эрдэнийг дуудсаны дараа цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудаст “... ******* дугаарын утаснаас согтуу хүн миний машины гэрлийг цохиж хагалаад, намайг бас зодчихоод явчихлаа” гэсэн дуудлагыг шалгахад ******* регистрийн дугаартай ******* гэгч байсныг тогтоож, Гүнт 120-д эрүүлжүүлэн ажиллав...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5968 дугаартай шинжээчийн:
“...Ш.Жавзансүрэнгийн тархины баруун чамархайн хатуу хальсан дээрх ялтаслаг хэлбэрийн цус хуралт, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн:
”... 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нагац ах Гантулгын гэрт очиж 0,5 литрийн 2 шил архи хувааж уусан. 18 цагийн үед гэр лүүгээ харих болоод өөрийн мөнгөндөө тааруулаад такси барьсан. Тэгээд Өргөө кино театрын урд буугаад гэр лүүгээ алхахаар болсон. Хорооллын эцсийн Дүүхээ дэлгүүрийн урд байрлах 12 дугаар байрны ойролцоо явж байхад явган хүний зам дээр, олон хүний суух зориулалт бүхий машиныг явган хүний зам дээр тухайн байрлуулсан байсан. Тэгэхээр нь тэр машины хажуугаар өнгөрөхдөө жолооч талынх нь толийг цохичихсон. Тэгтэл нэг хүн дээрээс орилоод “чи байж байгаарай” гэж хэлсэн. Тэр хүнийг хүлээгээд..., машины толь цохисон гэдгээр маргалдаж улмаар би тэр хүний биед халдаж, толгой хэсэг рүү нь цохисон. Хэдэн удаа цохисон гэдгээ ерөөсөө санахгүй байна. Яагаад гэвэл би тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэчихсэн байсан тул ухаан санаа орж гараад байсан. Хэсэг хугацааны дараа жаахан ухаан ороод байж байтал 2 цагдаа хүрч ирээд эрүүлжүүлэх байранд хүргэсэн.” гэсэн хэргээ хүлээн мэдүүлсэн...” мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь:
2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 32-р хороо, 12-р байрны гадаа байрлуулсан иргэн ******* эзэмшлийн тээврийн хэрэгслийн толийг цохиж эвдлэх үед хохирогчоос “болиоч, яагаад миний машиныг цохиж эвдэж байгаа юм” гэх зүй ёсны шаардлага тавихад ******* нүүрэн тус газарт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь тархины баруун чамархайн хатуу хальсан дээрх ялтаслаг хэлбэрийн цус хуралт, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Жавзансүрэн, гэрч З.Гэгээнхүслэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5968 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөрт 541.410 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Н.Жавзансүрэн нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдав.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч *******тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2405018090819 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг, мөн хохирогч Н.Жавзансүрэн нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ