| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/00819/И |
| Дугаар | 102/ШШ2021/02471 |
| Огноо | 2021-10-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2021/02471
| 2021 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2021/02471 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Э-ийннэхэмжлэлтэй,
хариуцагч: Н-д холбогдох,
гуравдагч этгээд: О
хохирол 1 178 642 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, гуравдагч этгээд Д.*******, иргэдийн төлөөлөгч Ц.******* нар оролцож шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний үйлчлүүлэгч БГД-ийн 19-р хороо 57-158 тоотод оршин суудаг бөгөөд дээд давхрын хөрш айл болох 57-162 тоотод амьдардаг хүмүүс /2019 оны 7 сараас хойш/ дээд айлаас хэрэглээний 10 удаа хэрэглээний ус алдаад манай банны өрөөг бүхэлд нь усанд автуулж энэ талаар удаа дараа байрны өмчлөгч Б.*******д болон амьдарч байгаа эмэгтэйд хэлж сануулдаг боловч гомдлыг хүлээж авахгүй хохирлыг барагдуулахгүй байгаа. Одоо амьдарч байгаа гэрийн эзэгтэйд удаа дараа хэлж сануулаад ус алдаад манай байр нилдээ усанд автаад сүүлдээ жижиг өрөөг хүртэл усанд автуулсан. Давхар хооронд цахилгааны утас явж байна. Би дээд давхраас алдсан уснаас болж 8 удаа 00-ийн гэрэлтүүлэх ламп шатсаны улмаас өөрийн мөнгөөр сольж байсан. Ус алдаад цахилгаанаар дамжвал амь биед аюултай нөхцөл байдалд амьдарч байна. Үйлчлүүлэгч маань өөрийн орон байрандаа амгалан тайван амьдарч чадахгүй байна. Учир нь гэрээс байнга чийг үнэртдэг, бохирын үнэр салахаа больсон хичнээн цэвэрлээд ч үнэр нь гардаггүй, өөр бусдад зарж борлуулах боломжгүй үл хөдлөх хөрөнгийн үнийг унагаасан. Миний бие гэр бүл, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд миний хүүхдүүд хүртэл бохир агаар амьсгалж байгаа гэж бодохоор хэцүү байдаг. 162 тоотод амьдарч байгаа эмэгтэй маш бүдүүлэг дээрээс ус алдсан гэж гомдлыг хэлхээр энэ байр миний байр биш ээ, би түрээсээр суудаг хүн, чи хохирлоо чаддаг юм бол эзнээс нь аваарай, би байрыг нь хог болгоод гараад явна мөн Битгий хов зөөгөөд байгаарай, би чамайг шаанаа шүү, чи бол май шүү гэх мэтээр доромжилж биед минь халдаж байсан. Энэ бүдүүлэг авир зан үүгээр үл зогсож халдварт өвчин тархсан аюултай үед дээд давхраас цонхоороо шээдэг, мөн дээрээс нус цэр хаядаг, үдэш оройгүй орилж хашгирч гэртээ хөл бөмбөг, дээс тоглоод, эсвэл хүүхдүүдээ зодож уйлуулдаг огт амгалан тайван байлгадаггүй. Энэ цагдаад гомдол дуудлага өгдөг. Орон байраа засварлуулахад гарах зардалд 997342 төгрөг, мөн үнэлгээ хийлгэсэн зардалд 100.000 төгрөг, гэрлийн ламп авсан 31500 төгрөг , дээд айлаас ус алдаж байгаа нөхцөл байдлыг нотлох үүднээс фото зураг, видео бичлэгийг СD дээр буулгасаны хөлс 39500 төгрөг, мөн нотариатад төлсөн төлбөр 10300 төгрөг нийтдээ 1178642 төгрөгийг хариуцагч Б.*******гээс гаргуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байрны 162 тоотын өмчлөгч Б.******* юм. Д.*******т түрээслүүлэхээр гэрээ хийж хүлээлгэн өгсөн байдаг. Түрээслүүлэх гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Уг нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Учир нь Д.*******т түрээслэх гэрээ байгуулж түрээслэгч нь уг маргааныг хүлээх гэрээний үүрэгтэй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт авагдсан баримт нь Д.******* хүлээх үүрэгтэй учраас нэхэмжлэгчийн гаргасан хохирлоос Б.Нямсүрэн татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Гуравдагч этгээд Д.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Орон сууцанд гаргасан өргөдөл байгаа. Манай байрны даатгал нь Хаан даатгал болон Улаанбаатар даатгал байдаг ямар ч хамаагүй харъяалалгүй, хувийн даатгалаар даатгал хийгдэж үнэлгээг гаргаж тухайн даатгалаар хохирлоо нөхөн барагдуулсан байдаг. Тухайн үед надад 300 000 төгрөг байсан үүнийг та авч бай цаашид гарах мөнгийг би төлнө одоо байгаа нь 300 000 төгрөг байна гэхэд авахгүй гэсэн. Нэхэмжлэгч нь миний нэр төрд халдаж худал мэдүүлэг тайлбар өгч байгаад нь би гомдолтой байна гэв. Манайх хагас автомат угаалгын машинтай байсан. Тэгээд бүрэн автомат угаалгын машин авч хоолой нь задарч ус алдсан. Түрээслэгчийн буруутай үйлдэл. Би буруугаа хүлээн зөвшөөрч гарах төлбөрийг хариуцна. Би төлөхгүй гэж хэлээгүй төлнө гэж хэлсэн. Хамааралгүй хөндлөнгийн даатгалын компаниар үнэлүүлсэн үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байрыг хариуцсан даатгалын компаниар үнэлүүлэхийн бол би хүлээн зөвшөөрч уг хохирлыг төлөх бүрэн боломжтой. Иймд үндэслэлгүй хохирлыг би хүлээн зөвшөөрөхгүй... гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* хариуцагч Б.*******д холбогдуулан хохирол 1 178 642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ...миний өмчилдөг орон сууцанд дээд давхрын хөрш 162 тоотын хариуцагч 2019 оны 07 сараас хойш 10 удаа ус алдсаны улмаас эд хөрөнгөд хохирол учруулсан... гэх үндэслэл зааж ...орон байрны засварын зардал 997 342 төгрөг, хохирлын үнэлгээ хийсэн зардал 100 000 төгрөг, ус орж цахилгааны утас норж гэрлийн ламп шатсаныг шинээр худалдан авсан зардал 31 500 төгрөг, ус алдсан байдлыг баримтжуулж бэхжүүлэхэд гарсан зардал 39 500 төгрөг, нотариатын зардал 10300 төгрөг нийт 1 178 642 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу нэхэмжилнэ... гэх шаардлага гаргасныг,
хариуцагч эс зөвшөөрч ...162 тоот орон сууцыг түрээсийн гэрээгээр Д.*******т хүлээлгэн өгсөн байдаг. Уг маргааныг Д.******* хариуцах гэрээний үүрэгтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.******* Баянгол дүүрэг, 19 хороо, 4 хороолол, 57 байр, 158 тоот хаягт байршилтай, 29 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгөө өөрөө эзэмшиж ашигладаг нь өмчлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 5 дугаар тал/
Хариуцагч Б.******* Баянгол дүүрэг, 19 хороо, 4 хороолол, 57 байр, 162 тоот хаягт байршилтай, 29м2 талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны өмчлөгч бөгөөд тэрээр өөрийн орон сууц үл хөдлөх хөрөнгөө гэрээний үндсэн дээр гуравдагч этгээд Д.*******т эзэмшүүлж ашиглуулдаг болох нь өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 07 сарын 04-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ баримт, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 57-58 дугаар тал/
Зохигчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээд талын хөрш буюу хариуцагчийн орон сууцнаас 2020 оны 07 сараас хойш 10 удаа хэрэглээний ус алдсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар 2 удаагийн ус алдсан тохиолдол үйл баримт тогтоогдож байна. Тодруулбал:
2020 оны 09 сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн 158 тоот орон сууц үл хөдлөх хөрөнгө рүү дээд айл буюу 162 тоот хариуцагчийн өмчлөлийн орон сууц үл хөдлөх хөрөнгөөс хэрэглээний ус алдсан нь Хаан даатгал ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар хавсаргасан баримтууд, 2020 оны 09 сарын 14-ний өдрийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12-ын Техникийн комиссын тодорхойлолт, үзлэг хийсэн тэмдэглэл баримтаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрт 54 000 төгрөг гаргуулан авчээ. /хэргийн 4, 70, 75-83, 85-92 дугаар тал/
Мөн нэхэмжлэгч 2020 оны 09 сарын 13-ны өдөр 162 тоотоос ус алдаж эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээ 997 342 төгрөг болохыг 2020 оны 09 сарын 22-ны өдөр Итгэлт Эстимэйт ХХК-аар тогтоолгожээ. /хэргийн 6, 10-46 дугаар тал/
2021 оны 03 сарын 12-ны өдөр 162 тоот буюу хариуцагчийн орон сууцны суултуурын грамушик резин цоорч нэхэмжлэгчийн 158 тоот орон сууц руу ус алдсан нь 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 40 тоот Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12 ийн шүүхэд ирүүлсэн тоот түүнд хавсаргасан баримтууд, 2021 оны 03 сарын 24-ны өдрийн Техникийн комиссын тодорхойлолт баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 67, 85-92 дугаар тал/
Эдгээр баримтуудаар 162 тоот орон сууц үл хөдлөх хөрөнгийг эзэмшигчийн хэрэглээний ус алдсан буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор хохирол учирсан гэж үзнэ.
Харин 2020 оны 11 сарын 20-ны өдөр 158 тоотоос дээд айл ус алдсан гэх дуудлага өгсөн ба энэ үед шугам сүлжээ хэвийн байсан, 2021 оны 04 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч дээд айлаас ус алдсан гэх дуудлагын дагуу шалгахад 166 тоот айлаас ахуйн хэрэглээний ус алдаж 162, 158 тоот руу ус орсон гэх Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12 ийн шүүхэд ирүүлсэн тоот баримтаар хариуцагчийн өмчлөлийн орон сууцнаас өөр ямар нэг байдлаар ус алдсан байдал тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол төлбөрийг тухайн орон сууц үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч буюу хариуцагч Б.*******гээс нэхэмжилснийг шүүх үндэслэлгүй буюу хариуцагчаас шаардах эрх үүсээгүй, хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэжээ.
Хариуцагч гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг гуравдагч этгээд Д.*******т эзэмшүүлж, ашиглуулж байсан ба уг гэрээний 5.6-д хөлслөгч тал орон сууцыг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашиглаж түүний бүрэн бүтэн байдлыг хангаж, сантехник болон цахилгаан хэрэгслийн аюулгүй ажиллагааг шалгаж, болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй ба буруу эзэмшиж ашигласнаас хөлслүүлэгч болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг бүрэн хариуцахаар тохиролцсон байна. /хэргийн 58 дугаар тал/
Гуравдагч этгээд Д.******* дээрхи гэрээний талаар болон өөрийн ашиглаж байсан 00 өрөөний суултуурын грамушик резин цоорсон, угаалгын машины хоолой задарсан шалтгааны улмаас хэрэглээний ус алдсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч маргаагүй, төлбөрийг хариуцхаа тайлбарласан, харин хохирлын үнэлгээ хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар 162 тоот орон сууцыг гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж байгаа гуравдагч этгээдийн ...сантехник болон цахилгаан хэрэгслийн аюулгүй ажиллагааг шалгаж, болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах... гэрээгээр тохиролцсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай үйлдлийн улмаас ус алдаж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол төлбөр учирсан нь тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч орон сууцанд оршин суух гуравдагч этгээд гэрээний дагуу хохирлыг зөвшөөрч, үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул гэрээний дагуу хохирлыг барагдуулах нь зүйтэй гэжээ.
Иймд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ... 00 өрөөний суултуурын грамушик резин цоорч, угаалгын машины хоолой задарч ус алдсан... үйлдэлд хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй нотлогдохгүй байгаа тул эд хөрөнгөд учирсан хохирол төлбөрийг хариуцагч Б.*******гээс шаардах эрх үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй, 1 178 642 төгрөг гаргуулах тухай М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан гэм хор хохирол төлбөрт 1 178 642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32 837 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.МӨНХТӨР