| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0550/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/569 |
| Огноо | 2024-07-03 |
| Зүйл хэсэг | 17.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,
улсын яллагч Д.Хонгорзул,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000444 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Өгөөж чихэр боов” ХХК-нд савлагч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 1******* *******, ******* ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай боловч одоо Чингэлтэй дүүрэгт байрлах нийтийн орон сууцанд оршин суух, урьд
- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2-1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ******* овогт ******* /РД: /.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2-р *******ны нутаг дэвсгэрт байрлах “Эрдмийн Хишиг” бүрэн дунд сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч “төмөр хашаа руу ороод муур аваад ирээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн “Самсунг а20е” загварын гар утсыг авч залилсан,
- 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 2-р *******ны нутаг дэвсгэрт байрлах “Эрдмийн хишиг” бүрэн дунд сургуулийн баруун талд насанд хүрээгүй хохирогч “ахын дүү хашаа даваад муур аваад өгөөд, 10.000 төгрөг өгнө шүү” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн “Самсунг А12” загварын гар утсыг авч залилсан,
- 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 34-р *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кастел” гэх нэртэй баарны хойд талд насанд хүрээгүй хохирогч “төмөр хашаа руу ороод муур аваад ирээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн “Самсунг А7” загварын гар утас болон пүүз, цүнхийг авсан,
- 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 34-р *******ны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 40-р сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч “төмөр хашаа руу ороод муур аваад ирээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн “Рэдми А9” загварын гар утсыг авч залилсан,
- 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн ******* *******ны нутаг дэвсгэрт байрлах “Монгол цонх” компанийн урд талд насанд хүрээгүй хохирогч “нэг хашаан дээр муур гацчихсан байна ахын дүү нар аваад өгөөч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний өмчлөлийн “Самсунг Эс6” загварын гар утсыг авч залилсан,
- 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн ******* *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Приско” гэх нэртэй дэлгүүрийн орчимд насанд хүрээгүй хохирогч нүүр хэсэгт гараараа 1 удаа алгадаж хүч хэрэглэн түүний өмчлөлийн “Самсунг А31” загварын гар утсыг авч дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учирсан хохирлыг ажил хийж төлж барагдуулах болно...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч :
“...2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 30 минутад үед Баянгол дүүргийн 20-р сургууль дээр хичээлээ тараад гэртээ харих гээд Б.Сэлэнгэ найзтайгаа хамт явж байхдаа “Богд ар” *******ллын баруун хойно талд нэг эрэгтэй хүн тааралдаад гар утсаараа ганц яриулчих гэж хэлээд дагаад яваад байсан. Тухайн үед найзын гар утас унтрах гээд байсан тул би гар утсаа өгсөн. Миний утсаар нэг хүнтэй яриад намайг дагуулаад *******ллоор явж байгаад бэгэрийн дээд талын зам дээр “би гар утсаа авъя” гэж хэлтэл миний гар утсыг өгөхгүй, намайг алгадаад гар утас аваад зугтаагаад гүйгээд яваад өгсөн би тухайн хүнийг “Бөмбөгөр”-н харалдаа хүртэл хөөгөөд барьж авч чадаагүй. Хар куртиктэй, хар чихэвчтэй, бор өнгийн ороолттой, бор гуталтай 150 см гаруй см өндөртэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн:
Уг тэмдэглэлд 1 гэж дугаарласан зурагт /РД:/ Б.Отгонхишиг, 2 гэж дугаарласан зурагт /РД:/ Б.Батбилэг, 3 гэж дугаарласан зурагт /РД:/ П.Золбаяр, 4 гэж дугаарласан зурагт /РД:/ ******* гэх 4 хүний зургийг 1-4 хүртэл дугаарлан эгнүүлэн ижил хэмжээтэй байрлуулж таньж олуулах ажиллагааг явуулахад хохирогч Т.Ананд нь 4 дугаартай хүнийг зургийг хараад шөвгөр туранхай царай, арьсны өнгө зэргээр шууд заасныг тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 19-26 дахь тал/,
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, /1 дүгээр хавтаст хэргийн 29-дэх тал/,
Насанд хүрээгүй хохирогч :
“...би 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн орчим Баянгол дүүргийн 15-р *******ны нутаг дэвсгэрт байрлах 40-р сургуулиас дүүгээ авах гээд очиход тарах болоогүй байхаар нь гэр лүүгээ алхаж явтал үл таних хир болсон цагаан тэди цамцтай, малгайтай цамцтай ах дуудахаар нь очиход өөр бас нэг хүүхэд дуудсан байсан ба бид хоёрыг “нэг муур байгаа ахын дүү нар аваад өгчих ах нь багтахгүй байна” гэхээр нь дагаад явтал Баянгол дүүргийн 34-р ******* “Кастле” баарны хойд талын төмөр хашаа луу бид хоёрыг ороод муур аваад ир харин гар утаснуудаа үлдээчих муур аваад ирэхээр чинь өгье гэхээр нь би гар утсаа өгөөд тухайн хашааг давчхаад ямар ч муур байхгүй байхаар нь буцаад гараад ирсэн нөгөө ах байхгүй болсон байсан. Миний алдсан гэх гар утас цагаан өнгийн “Самсунг А7” загварын гар утас байсан ба ямар нэгэн онцлог содон шинж тэмдэг байхгүй. Хир болсон цагаан тэди цамцтай, бор өнгийн малгайтай, дундаж өндөртэй хацрын яс нь нэлээн том хүн байсан ба би харвал шууд танина...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49 дэх тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн:
Уг тэмдэглэлд 1 гэж дугаарласан зурагт Г.Золжаргал, 2 гэж дугаарласан зурагт Х.Баяндэлгэр , 3 гэж дугаарласан зурагт М.Анхбаяр, 4 гэж дугаарласан зурагт Г.Сүхбат, 5 гэж дугаарласан зурагт Я. нарын зургийг нэг эгнээд ижил хэмжээнд 1-5 хүртэл дугаарлан байрлуулж насанд хүрээгүй хохирогч Б.Энхмэндээр таньж олуулах ажиллагааг явуулахад 5 дугаартай хүнийг солир дуу нүд, арзайсан их үс, хацрын том ясаар нь хараад таньсныг тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 54-62 дахь тал/,
“Ашид Билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 66-68 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч :
“...Би 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 17-р *******нд байрлах “Мөнх гал” ХХК барилгын хажуугаар найз Б.Соёмбын хамт явж байхад нэг эрэгтэй хүн “ахын 2 дүү ахынхаа муурыг бариад өгөөч ах нь 2 дүүдээ тус бүрд нь 10.000 төгрөг өгнө” гэж хэлээд бид хоёрыг дагуулаад явсан. Явж байхдаа замдаа ангийн найз болох Төгс-Очиртой таараад хаачих гэж байгаа юм гэхээр нь муур барих гэж байна гэж хэлсэн чинь хажууд байсан ах хүн нэмэхгүй шүү гэж хэлээд бид 3 яваад өгсөн. Баянгол дүүргийн 2-р *******нд байрлах “Эрдмийн хишиг” сургуулийн баруун талд ирэхэд танихгүй эрэгтэй наад төмөр хашаагаа даваад ороод муур бариад авчих гэж хэлэхээр нь бид 2 тойроод оръё гэж хэлсэн чинь зүгээр давчих аа гэж хэлээд та 2 наад утсаа цүнхэндээ хийчих гар утас чинь унаад алга болчхож магадгүй гэж хэлээд бид 2 Соёмбын цүнхэнд 2 гар утсаа хийгээд хашаа руу ороод гараад ирсэн чинь танихгүй ах алга болсон байсан. Тэгээд бид 2 гар утсаа шалгасан чинь бид хоёрын гар утас байхгүй болсон байхаар нь ээждээ хэлээд цагдаагийн байгууллагад хандсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл. Уг тэмдэглэлээр “1 дугйарт Баатаржав овогтой Отгонхишиг, 2 дугаарт Батчимэг овогтой Батбилэг, 3 дугаарт Пүрэвдорж овогтой Золбаяр, 4 дугаарт Лхамсүрэн овогтой нарын зургуудыг 1-4 гэж ижил хэмжээтэй эгнүүлэн байрлуулж, таньж олуулах ажиллагааг явуулахад насанд хүрээгүй хохирогч Э.Мөнх-Эрдэнэ нь 4 дугаартай зургийн хүн буюу Лхамсүрэн овогтой мөн болохыг түүний шөвгөр туранхай царай төрх, нүд зэргээр шууд таньсан” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 90-97 дахь тал/,
2024 оны 05. дугаар сарын 24-ний өдрийн хяналтын камерт үзлэг хийсэн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 108-110 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэбулганы:
“...2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай хичээл 12 цаг 30 минутад тарсан миний гар утасны гарах эрх нь хаагдсан байсан болохоор сургууль руу буцаж ороод утсаар ярих гэж байхад нэг ах намайг дуудаад ахын дүү хашаа давж чадах уу гэхээр нь чадна гэсэн чинь “тэнд хашаан дотор нэг муур байгаа ах нь орж чадахгүй байна” гээд бас нэг хүүхэд дуудаад тэгээд найз Энхмэндийн хамт Баянгол дүүрэг 34-р *******ны нутаг дэвсгэрт байрлах “Өндөг” гэдэг нэртэй дэлгүүрийн ард байрлах тоосгон байшингийн хашаа даваад аваад өг, намайг орох гэхээр нэг эмээ хулгайч байна гээд оруулахгүй байна, та хоёр өөрсдийн гар утсаа Энхмэндийн цүнхэнд хийгээд тэр эмээд чинь түр өгчихвөл та 2-ыг хулгайч гэж бодохгүй гэсэн. Миний алдсан гар утас Редми а9 загварын гар утас, 2020 онд 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн хүнийг би харвал танина 160-165 см өндөртэй, бор царайтай, цагаан өнгийн тэди, хар өнгийн ороолт бор өнгийн малгайтай цамц өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 154 дэх тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл. Уг тэмдэглэлд 1 гэж дугаарласан зурагт Б.Отгонхишиг, 2 гэж дугаарласан зурагт Б.Батбилэг, 3 гэж дугаарласан зурагт П.Золбаяр, 4 гэж дугаарласан зурагт ******* нарын зургийг нэг эгнээд ижил хэмжээнд 1-4 хүртэл дугаарлан байрлуулж насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэбулганаар таньж олуулах ажиллагааг явуулахад 4 дугаартай хүнийг шөвгөр туранхай царай, нүдийг хараад таньсныг тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 130-133 дахь тал/,
“Ашид Билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 114-146 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Соёмбын:
“...2024 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 17-р *******нд байрлах “Мөнх гал” ХХК барилгын хажуугаар найз Мөнх-Эрдэнэтэй хамт явж байхад эрэгтэй хүн ахын 2 дүү ахынхаа муурыг бариад өгөөч ах нь 2 дүүдээ тус бүрд нь 10.000 мянган төгрөг өгнө гэж хэлээд бид хоёрыг дагуулаад явсан. Явж байхдаа замдаа ангийн найз болох Төгс-Очиртой таараад хаачих гэж байгаа юм гэхээр нь муур барих гэж байна гэж хэлсэн чинь хажууд байсан ах хүн нэмэхгүй шүү гэж хэлээд бид 3 явсан. Баянгол дүүргийн 2-р *******нд байрлах “Эрдмийн Хишиг” сургуулийн баруун талд ирэхэд танихгүй эрэгтэй наад төмөр хашаагаа даваад ороод муур бариад авчих гэж хэлэхээр нь бид 2 тойроод оръё гэж хэлсэн чинь зүгээр давчих аа гэж хэлээд та 2 наад утсаа цүнхэндээ хийчих гар утас чинь унаад алга болчхож магадгүй гэж хэлээд бид 2 миний цүнхэнд 2 гар утсаа хийгээд хашаа руу ороод гараад ирсэн чинь тэр ах алга болсон байсан. Тэгээд бид 2 гар утсаа шалгасан чинь бид хоёрын гар утас байхгүй болсон байхаар нь ээждээ хэлээд д цагдаагийн байгуулаад хандсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 192 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл. Уг тэмдэглэлд 1 гэж дугаарласан зурагт Б.Отгонхишиг , 2 гэж дугаарласан зурагт Б.Батбилэг , 3 гэж дугаарласан зурагт П.Золбаяр /РД:/, 4 гэж дугаарласан зурагт ******* нарын зургийг нэг эгнээд ижил хэмжээнд 1-4 хүртэл дугаарлан байрлуулж насанд хүрээгүй хохирогч Б.Соёмбоор таньж олуулах ажиллагааг явуулахад 4 дугаартай хүнийг шөвгөр туранхай царай, нүдийг хараад таньсныг тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 194-195, 204-209 дэх тал/,
“Ашид Билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 199-201 дэх тал/,
Насанд хүрээгүй хохирогч ийн:
“...Би 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн ******* *******ны нутаг дэвсгэрт байрлах байрныхаа гадаа найзын хамт сууж байх үед нэг ах ирээд орцны код асууснаа тэнд нэг хашаан дээр муур гацчихсан байна ахын дүү нар аваад өгөөч гэсэн. Тэгэхээр нь тэр хашааны тэнд нь очоод байж байсан чинь хашаа давчих гэхээр нь давах гэтэл болгоомжтой авираарай гар утсаа унагаачихна ахдаа үлдээчих гэхээр нь гар утсаа өгөөд хашааны цаана гараад хартал тэр ах байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл. Уг тэмдэглэлд “1 дугаарт Баатаржав овогтой Отгонхишиг //, 2 дугаарт Батчимэг овогтой Батбилэг //, 3 дугаарт Пүрэвдорж овогтой Золбаяр //, 4 дугаарт Лхамсүрэн овогтой // нарын зургуудыг 1-4 гэж ижил хэмжээтэй эгнүүлэн байрлуулж, таньж олуулах ажиллагааг явуулахад насанд хүрээгүй хохирогч Г.Тэмүүлэн нь 4 дугаартай зургийн хүн буюу Лхамсүрэн овогтой мөн болохыг түүний шөвгөр туранхай царай төрх, нүд зэргээр шууд таньсан” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 221-228 дахь тал/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 231-234 дэх тал/,
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн:
“...Би 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүрэгт байрлах “Приско” гэдэг нэртэй дэлгүүрийн хажууд явж байгаад 3-4 ангийн гэмээр эрэгтэй Ананд гэдэг хүүхэдтэй тааралдсан, ингээд би тэр хүүхдээс цаг асуухад гар утасныхаа цагийг хараад надад хэлж өгсөн. Тэгэхлээр нь би дэлгүүрийн хашаан дотор миний муур орчихсон хөл нь гэмтчихсэн, гарч чадахгүй байна миний дүү ороод аваад гаргаад өгөөч би оронд нь 10.000 төгрөг өгье гэж хэлсэн чинь тэр хүүхэд би чадах юм уу гэхлээр нь би өргөөд өгье чи чадна гэж хэлээд хашааг давуулж оруулсан. Тэр дэлгүүрийн хашаа нь блокон хашаа байсан ба дээр гарч суусныхаа дараа нь би тэр хүүхдээс гар утсаа надад түр өгч бай тэгэхгүй бол утас чинь дугараад муур цочоод зугтаачих байх гэж хэлсэн чинь хүүхэд өөрөө надад гар утсаа май гээд өгсөн. Харин цүнхээ хашаан дээр үлдээгээд буусан. Ингээд нөгөө хүүхэд муур чинь хаана байгаа юм бэ гэхлээр нь би өөдөөс за за би нөгөө талаас нь яваад очъё гэж хэлээд гар утсыг нь аваад зугтаасан юм. Тэгээд би гар утсыг нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Теди” төвийн гадна байх танихгүй хүнд 60-70 орчим мянган төгрөгөөр зарж мөнгөөр нь архи уусан, хувийн хэрэглээнд хэрэглээд дуусгасан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг дээрх хуульд зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч Б.Энхмэнд, Э.Мөнх-Эрдэнэ, М.Эрдэнэбулган, Б.Соёмбо, Г.Тэмүүлэн нарыг залилсан гэх үйлдэл дээр маргахгүй байгаа. Харин насанд хүрээгүй хохирогч гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэж авсан зүйл байхгүй. Хохирогчийн гар утсыг авахдаа түүний нүүр рүү алгадаад зугтаасан гэдэг үйл баримтыг хангалттай тогтоож чадаагүй. Шүүгдэгч ******* нь “дэлгүүрийн хашаан дотор миний муур орчихсон хөл нь гэмтчихсэн, гарч чадахгүй байна, миний дүү ороод аваад гаргаад өгөөч” гэж хэлэхдээ хохирогчийн гар утсыг авсан байдаг. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч эд хөрөнгө буюу гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, эргэлзээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж өгсөн бөгөөд “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” бол энэ гэмт хэргийн үндсэн шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч эд хөрөнгө буюу гар утсыг авахдаа эхлээд цаг асуусан, дараа нь “дэлгүүрийн хашаан дотор миний муур орчихсон хөл нь гэмтчихсэн, гарч чадахгүй байна, миний дүү ороод аваад гаргаад өгөөч би оронд нь 10.000 төгрөг өгье” гэж, дараа нь “гар утсаа түр өгч бай, тэгэхгүй бол утас чинь дугараад муур цочоод зугтаачих байх” гэж хэлж түүний гар утсыг хуурч, зохиомол байдлыг зориудаар болгон бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж авсан болох нь насанд хүрээгүй хохирогч Т.Ананд, шүүгдэгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдгаараа дээрэмдэх гэмт хэргээс ялгагдана.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч *******ын насанд хүрээгүй хохирогч эзэмшлийн эд хөрөнгө болох “Самсунг А31” загварын гар утсыг авч 225.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь:
2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2-р *******ны нутаг дэвсгэрт байрлах “Эрдмийн Хишиг” бүрэн дунд сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч “төмөр хашаа руу ороод муур аваад ирээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн “Самсунг а20е” загварын гар утсыг авч залилсан болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Соёмбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, “Ашид Билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар,
- 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 2-р *******ны нутаг дэвсгэрт байрлах “Эрдмийн хишиг” бүрэн дунд сургуулийн баруун талд насанд хүрээгүй хохирогч “ахын дүү хашаа даваад муур аваад өгөөд, 10.000 төгрөг өгнө шүү” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн “Самсунг А12” загварын гар утсыг авч залилсан болох нь насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хяналтын камерт үзлэг хийсэн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл, “Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар,
- 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 34-р *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кастел” гэх нэртэй баарны хойд талд насанд хүрээгүй хохирогч “төмөр хашаа руу ороод муур аваад ирээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн “Самсунг А7” загварын гар утас болон пүүз, цүнхийг авсан болох нь насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, “Ашид Билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар,
- 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 34-р *******ны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 40-р сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч “төмөр хашаа руу ороод муур аваад ирээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүний өмчлөлийн “Рэдми А9” загварын гар утсыг авч залилсан болох нь насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэбулганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, “Ашид Билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар,
- 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн ******* *******ны нутаг дэвсгэрт байрлах “Монгол цонх” компанийн урд талд насанд хүрээгүй хохирогч “нэг хашаан дээр муур гацчихсан байна ахын дүү нар аваад өгөөч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний өмчлөлийн “Самсунг Эс6” загварын гар утсыг авч залилсан болох нь насанд хүрээгүй хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, “Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар,
- 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн ******* *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Приско” гэх нэртэй дэлгүүрийн орчимд насанд хүрээгүй хохирогч “Самсунг А31” загварын гар утсыг “дэлгүүрийн хашаан дотор миний муур орчихсон хөл нь гэмтчихсэн, гарч чадахгүй байна, миний дүү ороод аваад гаргаад өгөөч би оронд нь 10.000 төгрөг өгье”, “гар утсаа түр өгч бай, тэгэхгүй бол утас чинь дугараад муур цочоод зугтаачих байх” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Анандад 225.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Энхмэндэд 334.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч 245.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Соёмбод 250.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэбулганд 250.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Г.Тэмүүлэнд 50.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс нийт 1.354.000 төгрөгийг гаргуулж, дээрх нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй. Мөн хохирогч нар учирсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял буюу 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү..” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч ******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2405000000444 хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 77 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос нийт 1.354.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Т.Анандад 225.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Энхмэндэд 334.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч 245.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Соёмбод 250.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Эрдэнэбулганд 250.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Г.Тэмүүлэнд 50.000 төгрөг тус тус олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчид, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ