Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 971

 

 

 

 

 

 

 

Э.Х-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Болор-Эрдэнэ,

хохирогч Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч Э.Х,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/532 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Бүрэнжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Х-д холбогдох эрүүгийн 2008 00000 0555 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Э-ийн Х, 19... оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Улаанбаатар такси” ХХК-нд такси түрээсийн ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... дүүргийн .. дугаар хороо, ..... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ЧС.............../,

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 10.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Э.Х нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 55 дугаар гудамжны 10 тоот хашаан дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ж.Бүрэнжаргалтай “хүүхэд загналаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаан эрүүл мэндэд нь “...баруун шанаанд зулгарал, баруун нүдний алим, хоёр нүдний зовхинд цус хуралт...” бүхий хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Х-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Э.Х-ыг шүүхээс тогтоосон торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ж.Бүрэнжаргал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Э.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.Бүрэнжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би нөхөр Э.Хтай гэр бүл болоод 19 жил болсон ба бид хоёр 4 хүүхэдтэй. Э.Х нь урьд өмнө намайг зодож байгаагүй, огт архи уудаггүй, эхнэр, хүүхдүүддээ халамжтай сайн хань, сайн аав юм. Хэрэг гарсан өдөр би найзуудтайгаа пиво уусан байсан болохоор хэрүүл хийх болон гэмт хэрэг гарахад миний буруу бас байгаа. Нөхөр Э.Х-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ж.Бүрэнжаргал би нэхэмжлэх зүйлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эдийн засгийн хямралтай байгаа зэрэг байдлыг харгалзан үзээд торгох ялын хэмжээг багасган 450.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчлөлт оруулж, бидний амьдралд бага ч гэсэн тус дэм болохыг хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Х: “...Шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Т.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдээ загнаж шаардлага тавьсан. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэдгийг харгалзан үзэж 450.000 төгрөгөөр торгох нь зүйтэй гэсэн санал гаргасан. Гэвч анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж 800 нэгж буюу 800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Э.Х нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 55 дугаар гудамжны 10 тоот хашаан дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ж.Бүрэнжаргалтай “хүүхэд загналаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаан эрүүл мэндэд нь “...баруун шанаанд зулгарал, баруун нүдний алим, хоёр нүдний зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Бүрэнжаргалын “...2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ дөрвөн хүүхдээ хараад байж байхад найз эмэгтэй болох Мягмарсүрэн манай гэрт 17 цагийн үед ирсэн. Бид хоёр юм ярьж сууж байгаад пиво уухаар болж, 0.5 литрийн Сэнгүр пиво дөрвийг авч уусан. 20 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна, нөхөр Х над руу залгаад “би очиж байна” гэж хэлсэн. Манай найз явахаар болж хашааны гадаа гараад зогсож байхад нөхөр ирсэн. Бид 2 нөхрийн машинд суугаад, найзыгаа таван шард байдаг гэрт нь буулгасан. Тэгээд гэртээ ирээд байж байхад би хүү Анандын хичээлийг давтуулах гээд “чи өдөр гарсан теле хичээлээ ямар учраас тэмдэглэж аваагүй юм бэ” гэхэд нөхөр уурлаад “чи юундаа хүүхэд загнаад байгаа юм бэ” гэхээр нь би “чи тэгвэл хичээлийг нь хийлгэ” гээд хэрүүл болсон. Тэгтэл манай нөхөр явна гээд гэрээс гараад машиндаа суухаар нь би машиных нь өмнө зогсоод явуулахгүй гэтэл машинаасаа гарч ирээд миний баруун нүд рүү нэг удаа цохиод би газарт унасан. Ингэж унахдаа баруун шанаагаа зулгалсан. Нөхөр бид 2 гэр бүл болоод 19 жил болж байна. Бид 4 хүүхэдтэй. Манай нөхөр намайг зодож байсан удаагүй, анх удаа зодсон, хүүхдүүдээ загнаж зоддог зүйл байхгүй, эхнэр хүүхдүүддээ халамжтай, огт архи уудаггүй хүн байгаа юм.” /хх 18-22/,

Э.Х-ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 25-ны орой 21 цагийн орчимд ажлаасаа тараад гэр рүүгээ явж байхдаа эхнэр Бүрэнжаргал руу залгаад “очиж явна” гэхэд “найз Мягаагийн хамт гэрийн хойд талын гудамжинд явж байна, Мягааг хүргээд өгчих” гэхээр нь би очоод эхнэр Бүрэнжаргал, найз Мягааг нь машиндаа суулгаад Таван шард байдаг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд эхнэр бид 2 гэртээ ирээд, би зурагт үзээд хэвтэж байхад эхнэр 1 дүгээр ангийн хүү Анандыг хичээлээ хийсэнгүй гээд загнаад байхаар нь би “чи эрүүлдээ хүүхдэд хичээл зааж өг, согтуудаа битгий хүүхэд загнаад бай” гэж хэлсэн чинь “чи ямар өөрөө хүүхдэд хичээл зааж өгдөг биш” гэсэн. Би хашаанд байсан машиндаа суугаад хөдлөх гэсэн боловч эхнэр машины хаалга татаад байхаар нь нэг удаа баруун нүд рүү нь цохиход эхнэр газар унасан. Тэгэхдээ баруун шанаа нь зулгарсан. Эхнэр Бүрэнжаргалын биед учирсан гэмтлийг би учруулсан. ...” /хх 41-44/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4053 дугаартай “Ж.Бүрэнжаргалын биед баруун шанаанд зулгаралт, баруун нүдний алим, хоёр нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 33-34/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, уг нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Х-ыг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ж.Бүрэнжаргалтай маргалдаж, улмаар түүний баруун шанаанд зулгаралт, баруун нүдний алим, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд шалтгаан нь үл ялих зүйл болон тодорхой шалтгааны аль алинаар үйлдэгдэж болдог.

Шүүгдэгч Э.Х нь хамтран амьдрагч Ж.Бүрэнжаргалыг зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй буюу тодорхой нөхцөл байдлын улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь баримтаар тогтоогдсон, харин Э.Х нь хамтран амьдрагч Ж.Бүрэнжаргалд байнгын шинжтэй бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж, Ж.Бүрэнжаргал нь сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон, хохирч байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арван нэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Э.Х-ыг хамтран амьдрагч хохирогч Ж.Бүрэнжаргалыг зодсон нэг удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Х-ыг хамтран амьдрагч Ж.Бүрэнжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж байхгүй байна гэж үзэв.

Иймээс прокуророос шүүгдэгч Э.Х-д “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв.

Шүүгдэгч Э.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

Иймд хохирогч Ж.Бүрэнжаргалын “...торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/532 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Х-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ховгийн Э-ийн Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,  

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.       

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                          Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                          Б.АРИУНХИШИГ