Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 159/ШШ2022/0028

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                              

Хэргийн индекс: 159/2022/0016/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/161 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч *******г Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан ******* багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

            Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/161 дугаар захирамжаар *******г Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан ******* багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож шийвэрлэжээ. Нэхэмжлэгч дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч ******* 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие ******* нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/10 дугаарай захирамжаар “Дулаанхан ******* баг”-ийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон билээ. Гэвч Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/161 дугаар “Захирамж хүчингүй болгуулах тухай” захирамжийг гарч уг захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/10 дугаарай захирамжийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэсэн байна. Уг захирамжийг эс хүлээн зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн зүйлийн 92-94 дэх хэсэгт зааснаар 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Засаг даргад” мөн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны зөвлөл”-д тус тус гомдол гаргасан билээ. Миний гаргасан гомдлыг хариуд Сэлэнгэ аймгийн Засаг дарга “...гомдлыг хүлээн авах боломжгүй...” гэх хариуг өгсөн. Мөн Сэлэнгэ аймаг дах төрийн албаны зөвлөлөөс “...төрийн улс төрийн албан тушаалтны маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй...” гэх хариг мөн өгсөн.  Дээрх гомдлыг хянах эрх бүхий субъектууд нь гомдлыг хүлээн авахгүй тухай амаар мэдэгдсэн бөгөөд “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ...” гэж заасны дагуу мэдэгдэж байгаагаа тайлбарласан.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Маргаан бүхий захиргааны акт буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/161 дугаар “Захирамж хүчингүй болгуулах тухай” захирамжийн 2 дахь хэсэгт “...Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон...” гэсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.” гэж зааж өгсөн байна.

Гэтэл болсон үйл баримтын хувьд сумын Засаг дарга нь иргэн ******* намайг “Дулаанхан ******* баг”-ийн Засаг даргаар бус түр орлон гүйцэтгэгчээр томилсон үйл баримт байдаг. Учир нь багын Засаг даргыг сонгох “Дулаанхан” тосгоны нийтийн хурал 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр болсон бөгөөд уг нийтийн хурал нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн тул уг хуралдаан хүчингүй болсон. Иймд “Дулаанхан” тосгоны иргэдийн нийтийн хурлыг дахин зарлахаар шийдвэрлэсэн. “Дулаанхан” тосгоны иргэдийн нийтийн хурлыг дахин зарлагдаж багийн Засаг даргыг дахин сонгогдох хүртэлх хугацаанд “Дулаанхан” ******* багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Учир нь өмнөх Засаг дарга болох Ж.Ганболд нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул ажлаас чөлөөлөгдөхөөр болсон тул төрийн алба шуурхай, тасралтгүй байх зарчмын хүрээнд түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Дээрх үйл баримтаас үзэхэд дээд шатны Засаг дарга буюу Шаамар сумын Засаг дарга нь иргэн ******* намайг “Засаг дарга”-аар томилоогүй бөгөөд зөвхөн түр орлон гүйцэтгэгчээр л томилсон үйл баримт тогтоогддог. Мөн дээд шатны Засаг дарга буюу сумын Засаг дарга нь ******* намайг Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилохыг хүлээн зөвшөөрч захирамж гаргасан. Эдгээрээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/161 дугаартай “Захирамж хүчингүй болгуулах тухай” захирамж нь хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарласан, субъектийг буруу тодорхойлсон үүний улмаас ******* миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцгой зөрчсөн гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дах хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилно” гэж зааж өгсөн байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд баг хорооны Засаг даргыг сумын Засаг дарга томилох эрхийг хуулиар олгосон байна. Өөрөө хэлбэл сумын Засаг даргын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга шууд халдсан үйлдэл гэж үзэж байна.

Түүнчлэн “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.5-т “нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх” гэсэн зарчмыг мөн л зөрсөн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/161 дугаар “Захирамж хүчингүй болгуулах тухай” захирамж нь бичгээр гарч буй захиргааны акт болохынхоо хувьд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг заавал хангах ёстой. Гэтэл маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дах хэсэгт зааснаар “Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” шаардлагыг мөн л хангаагүй байна. Уг актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хаана, хэнд, ямар хугацаанд гомдол гаргах нь тодорхой бус байна. Үүнээс үзэхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/161 дугаар “Захирамж хүчингүй болгуулах тухай” захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шаардлагыг хангаагүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/161 дугаар “Захирамж хүчингүй болгуулах тухай” захирамж нь Монгол Улсын Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж гарсан, үүний улмаас ******* миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ямар ч үндэслэлгүйгээр халдсан байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/161 дугаартай “Захирамж хүчингүй болгуулах тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд зааснаар багийн Засаг даргыг тухайн багийн хурлаас нэр дэвшүүлж, харьяалах сумын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилох бөгөөд хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар “... дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.” гэж заасныг зөрчиж Шаамар сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/09, Б/10 дугаар захирамжуудыг гаргасан. Багийн Засаг дарга нь иргэдийн Нийтийн Хурлын сонгуулиар нэр дэвшин сонгогддог улс төрийн албан хаагч бөгөөд дараагийн Засаг дарга томилогдсноор бүрэн эрх дуусгавар болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар Засаг даргыг бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөх, огцруулах шийдвэрийг дээд шатны Засаг дарга гаргана.

Шаамар сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “... ******* ажлаас чөлөөлөх тухай” Б/09 дүгээр захирамжид “... бүрэн эрхийн хугацаа дууссан тул ...” гэж дурьдсан боловч дараагийн Засаг даргыг сумын Засаг дарга томилоогүй байх тул бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй гэж үзнэ. Иймд Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/161 дүгээр захирамжийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд бусад нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар тус сумын Дулаанхан ******* багийн Засаг дарга ******* бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар тус сумын Дулаанхан ******* багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр *******г томилжээ.

            Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/161 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Шаамар сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* ажлаас чөлөөлөх тухай Б/09 дүгээр болон *******г багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/10 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгожээ.

            Нэхэмжлэгч *******гаас “... Шаамар сумын Засаг дарга нь иргэн ******* намайг Засаг даргаар томилоогүй бөгөөд зөвхөн түр орлон гүйцэтгэгчээр томилсон энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй  ... багийн  Засаг даргыг сумын Засаг дарга томилох эрхийг хуулиар олгосон өөрөөр хэлбэл сумын Засаг даргын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд Сэлэнгэ аймгийн Засаг дарга шууд халдсан үйлдэл гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/161 дүгээр “Захирамж хүчингүй болгуулах тухай” захирамж нь ******* миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ямар ч үндэслэлгүйгээр халдсан гэж үзэж байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

Нэг: Шаамар сумын Дулаанхан ******* багийн

иргэдийн нийтийн хурлын тухайд

            Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан ******* багийн иргэдийн нийтийн хурал 2022 оны ******* сарын 23-ны өдөр хуралдаж 01 дугаар “Тооллогын комисс томилох тухай” тогтоол, 02 дугаар “Санал хүчинтэйд тооцох тухай” тогтоолоор нэр дэвшигч С.Мягмартогтохыг 172 сонгогчийн санал буюу 65.9%-ийн саналаар Дулаанхан ******* багийн Засаг дарга бөгөөд тосгоны захирагчаар сонгогдсонд тооцож томилуулахаар Шаамар сумын Засаг даргад уламжилжээ.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог гэж, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Аймаг, сум, багийн төв болох хот, тосгоны удирдлагын бүрэн эрхийг тухайн хот тосгон оршин байгаа засаг захиргааны нэгжийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж заасан, мөн хуулийн 11 дүгээр зүйлд “энэ хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд хот, тосгоны захирагчийг тухайн хот тосгоны сонгуулийн эрх бүхий оршин суугчид нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, 4 жилийн хугацаагаар сонгоно.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудаас харахад Шаамар сумын Дулаанхан ******* багийн Засаг дарга бөгөөд тосгоны захирагчийг сонгохдоо багийн төвийн тосгон гэх үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удидлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар сонгохоор байна.

Иймд Шаамар сумын Дулаанхан ******* багийн 2022 оны ******* сарын 23-ны өдөр Багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж тооллогын комисс байгуулан, тус багийн иргэдийн оролцоог хуульд заасны дагуу хангаж, багийн Засаг дарга бөгөөд тосгоны захирагчийг томилох саналт хураалтыг саналын хуудсаар явуулж, дүнг баталгаажуулан, хурлын тэмдэглэл хөтөлж холбогдох баримтыг дээд шатны Засаг дарга буюу Шаамар сумын Засаг даргад томилуулахаар уламжилсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.” гэж заасантай нийцсэн хууль зөрчөөгүй байна.

Хоёр: Шаамар сумын Засаг даргын Б/09, Б/10 дугаар

захирамжуудын тухайд

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “энэ хуулийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” гэж заасан бөгөөд Шаамар сумын Засаг дарга нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж дээрх Б/09, Б/10 дугаар захирамжуудыг гаргажээ.

Тодруулбал: Шаамар сумын Засаг дарга Дулаанхан ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор Засаг даргад нэр дэвшигч С.Мягмартогтохыг  томилохоос хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй боловч тус багийн Засаг дарга ******* бүрэн эрхийн хугацаа нь хуульд зааснаар дуусгавар болоогүй байхад чөлөөлөөд оронд нь багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  *******г томилох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байна.

Тухайлбал: тус багийн Засаг дарга Ж.Ганболдын бүрэн эрхийн хугацаа дараагийн Засаг дарга томилогдсоноор дуусгавар болох бөгөөд тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас Засаг даргаар нэрийг нь дэвшүүлж уламжилсан С.Мягмартогтохыг Дулаанхан ******* багийн Засаг даргаар Шаамар сумын Засаг дарга томилоогүй мөн татгалзаагүй атлаа *******г багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

Нөгөө талаас Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “энэ хуулийн 10.1.2 /төрийн захиргааны албан тушаал/, 10.1.3-т /төрийн тусгай албан тушаал/ заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ” гэж заасан, мөн хуулийн 4******* зүйлд зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг хуульчилсан бөгөөд багийн Засаг дарга нь багийн иргэдийн Нийтийн сонгуулийн үр дүнд бий болдог улс төрийн албан тушаалтан юм.

Шаамар сумын Засаг дарга иргэн *******г Дулаанхан ******* багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуульд зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж болохоор зохицуулсан бөгөөд улс төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх тухай зохицуулаагүй байна.

Шаамар сумын Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-т “нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх” зарчмыг баримтлалгүй Дулаанхан ******* багийн иргэдийн Нийтийн Хурлаас Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжилсан байхад ямар нэг байдлаар тухайн үйл баримтыг шалгаж тогтоолгүйгээр сонгууль хууль зөрчсөн гэх үндэслэлээр хөндлөнгөөс оролцож дур мэдэн багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч томилсон явдал нь шууд ардчиллын зарчим дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллагын багийн Засаг даргаа сонгох эрхэд ноцтой халдсан хууль бус үйлдэл юм.

Дээрх хууль зөрчсөн болон хуульд нийцээгүй Шаамар сумын Засаг даргын 2022 оны Б/09, Б/10 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/161 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй буруутгах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/161 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР