Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 1851

 

 

 

 

 

 

 

 

 

Бтрын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01306 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Бтрын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А Э Б ХХК-д холбогдох,

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 802 301 188.60 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Сайнбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А Э Б ХХК нь 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 5284163 тоот регистрийн дугаартай гадаад худалдаа, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ирсэн. А Э Б ХХК нь 2014 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 802 301 188.60 төгрөгийн өрийг тайлагнасан. Өнөөдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн татварт 802 301 188.60 төгрөгийн өртэй байна. Бид дээрх татварын тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Монгол улсын Татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн харилцах банкин дахь дансыг хаасан боловч өр төлбөр барагдаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцаалах болон битүүмжлэх ажиллагааг хйиж гүйцэтгэх гэхэд А Э Б ХХК-ийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байхгүй байх тул боломжгүй байна. Хөрөнгөгүй болох нь эрх бүхий байгууллагаас авсан лавлагаа, татварын болон авто тээврийн газрын нэгдсэн сүлжээний баазаас авсан лавлагаа зэргээр нотлогдож байгаа болно. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу А Э Б ХХК-д холбогдох нийт 802 301 188.60 төгрөгийн татварын өрийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А Э Б ХХК-ийг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй байсныг огт мэдэлгүй авсан. Компанийг шилжүүлэн авахаас өмнө тус өрийн асуудал үүссэн, шалгагдаж байсан байна. Эрүүгийн Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хуулийн дагуу шалгагдаж, миний бие холбогдолгүй болох нь тогтоогдсон болно. Мөн тухайн аж ахуйн нэгжүүд нь нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалт хийснээр прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 70 дугаар зүйлийн 70.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч А Э Б ХХК-иас 261 503 123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бтрын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас      540 798 065 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар 1 465 466 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүүргийн 2 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд дээрх А Э Б ХХК-ийн хуулийн этгээдийн хувьд Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгч татвараа өөрөө тайлагнаж тушаана гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан татварын өр болно. Дээрх татварын өр нь Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд заасаны дагуу хугацаандаа төлөөгүй татварын өр учир хуульд заасан процесс ажиллагааг хийж гүйцэтгэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт авагдсан материалд үнэлэлт дүгнэлт өгч 540 798 065 төгрөгийг хүчингүй болгож, 261 503 123 төгрөгийг төсөвт төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Бтрын хэлтэс нь хариуцагч А Э Б ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын өр 802 301 188.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “энэ асуудлыг 2015 онд эрүүгийн журмаар шалгаж, холбогдох аж ахуйн нэгжүүд нь НӨАТ-ын тайландаа залруулга хийж, татварын өр төлбөр бүрэн төлөгдсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн, хэргийн 64-70 дугаар талд авагдсан баримтууд нь өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэгээр баталгаажуулсан, мөн 95-140 талд авагдсан баримтуудын зарим нь бичвэрийн хувьд унших боломжгүй байхаас гадна “шүүхийн хуулбар үнэн” тэмдэгээр баталгаажуулан ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг нь хэсгийн зохицуулалт нь хэргийн оролцогчид хамаарахгүй юм.

 

Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байтал шүүх дээрх баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                        ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                   

                                                                                            Д.ЦОГТСАЙХАН