Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/570

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Д.Хонгорзул /томилолтоор/,

хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2405006670776 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ХХК-нд үйлчилгээний ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ******* тоотод оршин суух, урьд

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6-р ны нутаг дэвсгэрт байрлах “Коко банана” баарны үүдэнд иргэн *******ын биед “тамхи асуухад өгсөнгүй” гэсэн шалтгаанаар халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 4-5 удаа цохиж, толгой хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж, биед нь тархи доргилт, зүүн зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхинд шарх, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн дээд 1-р шүдний эмтрэл, зүүн дээд 2-р шүдний хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Эмчилгээний зардалд 2.163.036 төгрөг, листний зөрүү 700.000 төгрөг, шүдний имплант хийлгэх зардалд 8.440.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 7.920.000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Хохирлоо төлчихвөл гомдол саналгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ын:

“...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Коко банана баарны үүдэнд такси барьж буугаад тухайн баар руу орох гэж байсан боловч баар хаалттай байсан бөгөөд баарнаас гарч явсан 7-8 үл таних залуусын нэг нь надаас тамхи асуусан. Би тухайн үл таних залууд тамхи байхгүй гэтэл “тамхи өгөөч ямар сүртэй юм” гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж эхэлсэн. Маргалдаж байтал тухайн үл таних залуу баруун гараараа зүүн нүд рүү 2 удаа цохисон. Би цохиулсны улмаас доошоо тонгойж суухад толгой руу 2-3 удаа дахиж өшиглөхөд би газар унасан. Гэтэл газар унасны дараа нүүр рүү 4-5 удаа өшиглөсөн. Тухайн үл таних залуу 165 см өндөртэй, халимаг үстэй, цайвар шаргал өнгийн хувцастай, хар гуталтай залуу байсан. Одоогоор миний 1 шүд хугарсан, 2 шүд хөдөлсөн, зүүн нүд хавдсандаа болоод харж чадахгүй байна, хамар далийсан, зүүн нүднээс цус алдаад байгаа учир зүүн нүд яасан эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Гэрч :

“...Тухайн баарны гадаа 7-8 орчим хүн байсан бөгөөд тухайн үед хүмүүс хоорондоо хэрэлдээд байх шиг байсан бөгөөд манай найз чимээгүй болооч гэж орилоход үл таних хүн хүрч ирээд манай найз Нямбаярыг өшиглөөд цохиж авсан. Манай найз Нямбаяр босож ирээд куртикээ аваад байж байтал тухайн зодоод байсан залуу хажууд нь зогсож байгаад баруун гараараа далайж байгаад нэлээн хүчтэй цохисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 42-63 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1478 дугаартай шинжээчийн:

“...*******ын биед тархи доргилт, зүүн зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхинд шарх, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн дээд 1-р шүдний эмтрэл, зүүн дээд 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 450 дугаартай шинжээчийн:

“...*******ын биед тархи доргилт, зүүн зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхинд шарх, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн дээд 1-р шүдний эмтрэл, зүүн дээд 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Зүүн ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарлыг имплантаар нөхөн мэс ажилбар хийгдсэн байна. Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн нэмэлт дүгнэлт /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

Хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулахад 1-6 дугаарласан 6 хүний зургаас 6 дугаартай болон 1 дугаартай хүний зураг ******* буюу намайг зосдон хүн мөн байна гэж таньсан талаарх тэмдэглэл баримт /хавтаст хэргийн 91-96 дахь тал/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон баримт /хавтаст хэргийн 100 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн:

“...Эрүүл мэндийн даатгалын сангаас 634.240 төгрөг гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дахь тал/,

Хохирол төлбөртэй холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, хохирол төлбөрт баримтаар тогтоогдож байгаа 6.747.276 төгрөг, Сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж шүүгдэгчээс гаргуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийн улмаас зүүн ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал гэмтэл учирсан бөгөөд хамар дайварын хөндийн хагалгаанд орсон бөгөөд найтаах болон хоолой засахыг хүртэл хориглодог. Хагалгааны өмнөх шинжилгээний зардлыг нэхэмжлээгүй, харин эмчийн зааврын дагуу баримттай хохирол төлбөрийг хэрэгт гаргаж өгсөн. Иймд эмчилгээний зардалд 2.163.036 төгрөг, листний зөрүү 750.000 төгрөг, шүдний имплант хийлгэх зардалд 8.440.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 7.920.000 төгрөгийг тус тус гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй. Харин хохирол төлбөрөөс баримтаар тогтоогдож байгаа 214.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бусад гаргаж өгсөн баримтууд нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэлд хэрэглэгдэхгүй, хамааралгүй эм тарианы баримтууд болон бусад хүнсний баримтуудыг хавсаргасан байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6-р ны нутаг дэвсгэрт байрлах “Коко банана” баарны үүдэнд иргэн *******ын биед “тамхи асуухад өгсөнгүй” гэсэн шалтгаанаар халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 4-5 удаа цохиж, толгой хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж, биед нь тархи доргилт, зүүн зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхинд шарх, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн дээд 1-р шүдний эмтрэл, зүүн дээд 2-р шүдний хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч Одбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1478, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 450 дугаартай шинжээчийн  дүгнэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, уг гэмтэлтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эм тариа авч эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт нийт 2.161.350 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Үүнээс хууль ёсны үндэслэл бүхий шаардлага хангаагүй ус, ундаа, бензин гэх мэт төлбөрийн баримтуудаас 207.850 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1.953.500 төгрөгийг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.  

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаал болон Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийн шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ.

Дээрх хамтарсан тушаалын хавсралтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн “хоёрдугаар зэрэглэл”-д хамаарч байх тул Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасан “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-д “Хөнгөн гэмтлийн улмаас  хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 4-8% тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1478 дугаартай дүгнэлтээр хохирогч *******ын биед тархи доргилт, зүүн зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхинд шарх, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн дээд 1-р шүдний эмтрэл, зүүн дээд 2-р шүдний хугарал гэмтэл, зүүн ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарлыг инплантаар нөхөн мэс ажилбар хийгдсэн” гэсэн дүгнэлт, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өөрийн эрүүл мэнддээ учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, гомдол, санал болон шүүгдэгчийн гэм буруу зэргийг харгалзан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний ны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660.000 төгрөг байхаар тогтоосон байх бөгөөд 7 дахин нэмэгдүүлэн шүүгдэгчээс 4.620.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх хохирогч *******ын төрийн үйлчилгээний төлбөр болох 634.240 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос ирээдүйд гарах эмчилгээ хийлгэх үнийн санал болох 8.440.000 төгрөг, листний зөрүү 700.000 төгрөг, нийт 9.140.000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч цэвэрлэгээний *******ийн компанид ажилдаг бөгөөд Улаанбаатар хотын дүүрэг бүрд очиж ажилдаг мөн гэр бүлийн хувьд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Иймд хохирогчийн хохирол төлбөр барагдуулах, ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргав.  

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405006670776 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 4.620.000 төгрөг, эмчилгээний төлбөрт 1.953.500 төгрөг, нийт 6.573.500 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.140.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******аас 634.240 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ