Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2021/00928

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 1986 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 40-04 тоотод оршин суух, дугаар регистртэй, Шар овогт Болдын Ггийн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 18-25 тоотод оршин суух, дугаар регистртэй, эрэгтэй, Гүнчин овогт Батбаярын Сд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2021/00910/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Б.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Стэй 2004 онд танилцан үерхэж байгаад 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүү С.Б, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин С.Сү нар төрсөн. Бид өөрсдийн орон гэртэй болоогүй, хоёр талын эцэг, эхийндээ ирэн очин 10 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд Б.С ажил төрөл хийхгүй, архи ууж гадуур хонон, хардаж зоддог, сүүлдээ 2 хүүхдийнхээ хажууд хутга мэс барьж ална гэж сүрдүүлдэг болсон. 2016 оноос хойш тусдаа амьдарч, холбоогүй болсон. Бид цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүү С.Б, охин С.Сү нарыг өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.Ггийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Бид 2004 онд танилцаад, хамт амьдарсан. 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүү С.Б, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин С.Сү нар төрсөн. Таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдраад 4, 5 жил болж байна. Цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна. Хүү С.Б, охин С.Сү нарыг эх Б.Ггийн асрамжид үлдээнэ. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид болох Б.Г, Б.С нар 2016 оноос хойш гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргалгүй удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Б.Г, Б.С нар 2006 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны олгосон Эрэгтэй: РД: РЭ80101419, Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, овог: Гүнчин, эцэг /эх/-ийн нэр: Батбаяр, нэр: С, Эмэгтэй: РД: РЭ86052209, Монгол улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, овог: Шар, эцэг /эх/-ийн нэр: Болд, нэр: Г нар 2006 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 229 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй №0050041 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 3 дугаар хуудас)

тэдний дундаас хүү С.Б 2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД:, Гүнчин овогт С-ийн Б, хүү, 2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Мөрөн-ИБМ төрсний бүртгэлд 2006 оны 2 дугаар сарын 21-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №0116831/93 дугаар, охин С.Сү 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД:, Гүнчин овогт С-ийн Сү, охин, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Мөрөн-ИБМ төрсний бүртгэлд 2011 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №Г-36 дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд ( хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудас), хүүхэд эрүүл бойжиж буй тухай Хөвсгөл Энх-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолтууд, ГХГС-тай ерөнхий боловсролын Ирээдүй XXI зуун сургуулийн сургалтын менежерийн С овогтой Б нь ГХГС-тай ЕБ-ын Ирээдүй XXI зуун сургуулийн 10б ангид сурдаг нь үнэн болно гэх бичилттэй, ерөнхий боловсролын Титэм сургуулийн сургалтын менежерийн С овогтой Сү нь ерөнхий боловсролын Титэм сургуулийн 5в ангид суралцдаг нь үнэн гэх бичилттэй тодорхойлолтууд, (хавтаст хэргийн 7 дугаар хуудас) зохигчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, хүүхдүүд одоо эхийн асрамжид амьдарч байгаа, тэдний санал, амьдарч дассан орчин нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү С.Б, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин С.Сү нарыг төрүүлсэн эх Б.Ггийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хүү С.Б, охин С.Сү нар төрүүлсэн эх Б.Ггийн асрамжид үлдэж байгаа нь эцэг Б.Сайн-Эрдэнийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү С.Б, охин С.Сү нартай эцэг Х.Эрдэнэбаяр хэдийд ч уулзаж, дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх бөгөөд үүнд эх Б.Г ямар нэг хориг тавихгүй байхыг ойлгоно.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Иймд Б.Г, Б.С нарын гэрлэлтийг цуцалж, хүү С.Б, охин С.Сү нарыг төрсөн эх Б.Ггийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Б.Ггийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сэс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.С шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шар овогт Болдын Г, Гүнчин овогт Батбаярын С нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү С.Б, 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин С.Сү нарыг эх Б.Ггийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.С, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Г нарт тус тус даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сэс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА