| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/01339/и |
| Дугаар | 101/ШШ2021/01572 |
| Огноо | 2021-05-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2021/01572
2021 05 25 101/ШШ2021/01572
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00-р хороо, Сэлбэ 000-р гудамж, 000 тоотод оршин суух, Ц.Хгийн /РД: 00000000, утасны дугаар 0000000/ нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Х,
Гэрч Д.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Х миний бие 1986 оны 3 сарын 15-ны өдрөөс Хувцас захиалга засварын үйлдвэрийн үслэг эдлэлийн тасагт оёдолчиноор ажилласан. Тус үйлдвэр 1989 оны 1 сараас Сүхбаатар дүүргийн Ахуй үйлчилгээний комбинат болж өөрчлөгдсөн ба 1992 оны 8 сарын 12-ны өдрөөс Урт цагаан ББХК болж өөрчлөгдөн 1994 онд хувьчлагдсан.
Одоо тэтгэвэрт гарах болоход дээрх газарт ажиллаж байсантай холбоотой ямар ч баримт архивт байхгүй байна. Иймд намайг 1986 оны 03 сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Хувцас захиалга засварын үйлдвэрт оёдолчин, эсгүүрчинээр ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х нь Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Хувцас захиалга засварын үйлдвэрт 1986 оны 03 сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд оёдолчин, эсгүүрчинээр ажиллаж байсан болохыг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ц.Х нь Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Хувцас захиалга засварын үйлдвэрт 1986 оны 03 сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд оёдолчин, эсгүүрчинээр ажиллаж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Түүний шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
-Гутлын үйлдвэрээс Ц.Хд 1984 оны 12 сарын 22-ны өдөр нээн олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 4 сарын 14-ний өдрийн 11/2725 тоот ...Б.Х, эсгүүрчин, Хувцас захиалга засварын үйлдвэр... , мөн Б.Хгийн овгийг Ц.Х хэмээн овог, нэр өөрчилсөн лавлагаа,
-Гэрч Д.Ц шүүх хуралдаанд өгсөн ... Намайг 1987 оны 11 сард Хувцас захиалга, засварын үйлдвэрийн үслэг эдлэлийн тасагт оёдолчиноор ажилд ороход Ц.Х эсгүүрчинээр ажиллаж байсан. Бид 1990 оны 6 сард хүртэл хамт ажиласан ба намайг жирэмсний амралтаа авахад Ц.Х ажиллаад үлдсэн ... гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүний дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй.
/ХХ-ийн 3, 8-12, 21-41, 54-57 дугаар тал/
Үндэсний төв архивын газрын 2020 оны 1 сарын 24-ний өдрийн 229 тоот лавлагаанд ... сан хөмрөгт Хувцас захиалга засварын үйлдвэр байгууллагын баримт шилжиж ирээгүй тул Б.Хд холбогдох лавлагаа гаргах боломжгүй,
Нийслэлийн архивын газрын 2021 оны 3 сарын 16-ны өдрийн 231 тоот лавлагаанд Тус архивын сан хөмрөгт Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Хувцас захиалга засварын үйлдвэрийн 1986-1988 оны баримтыг шүүн үзэхэд Ц.Хд нэр холбогдох тушаал олдоогүй,
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын 2021 оны 5 сарын 18-ны өдрийн 183 тоот лавлагаанд ... Урт цагаан ХХК нь тус хороонд хаягийн бүртгэлтэй боловч одоогоор үйл ажиллагаа явуулдаггүй ... гэжээ.
Дээр дурдсан байдлаас дүгнэхэд Ц.Хгийн ажиллаж байсан болохыг шүүхийн бус журмаар сэргээх боломжгүй болсон байна.
/ХХ-ийн 5, 6, 42-52 дугаар тал/
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Хгийн Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газрын харьяа Хувцас захиалга засварын үйлдвэрт 1986 оны 03 сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд оёдолчин, эсгүүрчинээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН