Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2024/00171

 

 

                                                      “МИАТ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00798 дугаар шийдвэр,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00771 дугаар магадлалтай,

“МИАТ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

        Э.Эт  холбогдох

Сургалтын зардал болох 27,371,710 төгрөг, 2023 оны ээлжийн амралтын зөрүү мөнгө болох 10,707,879 төгрөг, нийт 38,079,589 төгрөгийг гаргуулах, тус шаардлагаас 2023 оны 08 дугаар сарын олгоогүй цалин 2,264,449 төгрөгийг хасаж, үлдэх 35,815,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК нь Э.Эт холбогдуулан сургалтын зардал болох 27,371,710 төгрөг, 2023 оны ээлжийн амралтын зөрүү мөнгө болох 10,707,879 төгрөг, нийт 38,079,589 төгрөгөөс олгоогүй цалин 2,264,449 төгрөгийг хасаж, үлдэх 35,815,140 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00798 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т зааснаар хариуцагч Э.Эаас 34,096,185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,718,985 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 328,425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00771 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00798 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан хариуцагч Э.Эаас 8,985,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК-д олгож, үлдэх 27,371,710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцагчаас 328,425 гэснийг хариуцагч Э.Эаас 158,725 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,431 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р хяналтын шатны журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00771 дугаартай магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

Э.Э нь 2014.02.13-ны өдрөөс "МИАТ” ТӨХК-д Нислэгийн хэлтэст Боинг 737-800 агаарын хөлгийн 2 дугаар нисгэгчээр, Гүйцэтгэх захирлын 2017.05.19-ний өдрийн Б/390 тоот тушаалаар Боинг 737-800 агаарын хөлгийн даргаар томилогдон, харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсан болон цалин хөлсөнд өөрчлөлт орсонтой холбогдуулан 2022.10.31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Хариуцагч нь 2023.07.30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн ба хүсэлтийг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2023.08.30-ны өдрийн Б/423 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн 2022.02.05-ны өдрөөс 2022.02.12-ны өдрийн хооронд, 2022.09.21-ний өдрөөс 2022.09.28-ны өдрийн хооронд, 2023.03.29-ний өдрөөс 2023.04.05-ны өдрийн хооронд сургалтад хамрагдсан нийт зардал 27,371,710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон дүгнэлт хийхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан сургалтын хэлбэр хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэрэг нөхцөлийг нарийвчлан тусгаагүй байна гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Бодит нөхцөл байдал дээр ажлын байрны сургалтын шаардлага, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хангалттай тодорхойлогдсон, хэдийгээр нэмэлтээр сургалтын гэрээ байгуулагдаагүй боловч талууд харилцан хамаарал бүхий хөдөлмөрийн гэрээг талууд гол нөхцлөө тохироод байгуулсан, энэхүү харилцан тохиролцоог тодруулбал сургалтын агуулга, хугацаа, сургалтын зардал, томилолт буюу олговрын хэмжээ тодорхой, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалсан, сургалтын дараа ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулсан ажил олгогчийн үйлдэл бодитоор хэрэгжээд дууссан талаар нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан байхад хариуцагч хариуцлага хүлээх үндэслэлгүй хэмээн дүгнэлт хийж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө.” гэж заасан.

Хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар бүлэгт ажилтны эрх, үүргийг тодорхойлж өгсөн байдаг бөгөөд 6.2.12-т “Ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачилгаар болон сахилгын шийтгэл гарган хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор сүүлийн хоёр жилд хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар компанид буцаан төлнө.” гэж заасан.

Мөн хөдөлмөрийн гэрээний 8.5-д “Хөдөлмөрийн гэрээний үйлчлэх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачлан дуусгавар болгосон эсхүл энэхүү гэрээний 10.4 дэх хэсэгт заасны дагуу ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдан гэрээг цуцалсан тохиолдолд сүүлийн хоёр жилийн дотор хамрагдсан сургалтын зардлыг ажил олгогч талд нөхөн төлнө.” гэж заасан.

Нэхэмжлэгчийн хувьд дээрх хууль, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлээ болгосон бөгөөд хариуцагч нь 2022-2023 онуудад 3 удаагийн сургалтад хамрагдсан байх бөгөөд ажлаас чөлөөлөгдөж ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг тооцоолон /ажилласан хугацаанд ногдох зардлыг хассан/ хувь тэнцүүлэн нэхэмжилсэн нь хуульд нийцэж байгаа болно. “МИАТ” ТӨХК нь нисгэгчдийг бэлтгэхэд жил бүр төлөвлөгөө гарган, төсөв баталж, Иргэний нисэхийн дүрэм болон олон улсын агаарын тээвэрлэгчдийн хүлээсэн үүргийг биелүүлж, нисгэгчдийг шаардлагатай мэргэжлийн сургалт, хөтөлбөрт хамруулан ажилладаг. Нисгэгчдийг бэлтгэхэд багагүй хэмжээний цаг хугацаа болон зардал мөнгө гаргадаг ба нислэгийн ид ачааллын үед олон жил бэлтгэсэн боловсон хүчин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнд харамсалтай байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/00820 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК нь хариуцагч Э.Эт холбогдуулан сургалтын зардал 27,371,710 төгрөг, 2023 оны ээлжийн амралтын зөрүү мөнгө 10,707,879 төгрөг, нийт 38,079,589 төгрөгөөс олгоогүй цалин 2,264,449 төгрөгийг хасаж, үлдэх 35,815,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... Э.Э нь 2014.02.13-ны өдрөөс "МИАТ ТӨХК-ийн Нислэгийн хэлтэст Боинг 737-800 агаарын хөлгийн 2 дугаар нисгэгчээр, 2017.05.19-ний өдрөөс Боинг 737-800 агаарын хөлгийн даргаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Тэрээр гүйцэтгэх захирлын 2023.08.30-ны өдрийн Б/423 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. "МИАТ” ТӨХК нь нисгэгчдийг бэлтгэхэд багагүй хэмжээний цаг хугацаа болон зардал мөнгө гаргадаг бөгөөд хөдөлмөрийн гэрээний 6.2.12, 8.5, 10.4 дэх хэсэгт заасны дагуу сүүлийн хоёр жилийн дотор хамрагдсан сургалтын зардлыг ажил олгогч талд нөхөн төлөхөөр заасан. ... 2022 оны нисгэгчийн хаврын давтан сургалтын зардлаас 4,154,733 төгрөг; 2022 оны нисгэгчийн намрын давтан сургалтын зардал 8,415,117 төгрөг; 2023 оны нисгэгчийн давтан сургалтын зардал 14,801,859 төгрөг, 2023 оны ээлжийн амралтын олговор 10,707,879 төгрөгийг гаргуулна...” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тайлбарын үндэслэлээ ... Хариуцагчийн зүгээс ээлжийн амралтын зөрүү 10,707,879 төгрөгөөс 8,985,925 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, энэ дүнгээс аваагүй цалингийн үлдэгдэл 2,264,449 төгрөгийг хасаж үлдэх 6,721,476 төгрөгийг төлнө. ... Агаарын тээвэрлэгч компани нь нислэгийн аюулгүй ажиллагааг  хангахын тулд 6 сар тутамд нисэх багийн гишүүдийг давтан сургалтанд хамруулдаг, ... нисгэгчийн 4 төрлийн сургалт хийгддэг бөгөөд энэ сургалтын хувьд агаарын тээвэрлэгчийн үндсэн үүргийнхээ хүрээнд дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хамруулсан давтан сургалт ... ийм сургалтын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Миний бие АНУ-ын нисгэгчийн сургуульд өөрийн хувийн зардлаар суралцаж нисгэгчийн эрхээ авсан. Бүх шалгуурыг хангаж “МИАТ” ТӨХК-д орсон ба хариуцагч байгууллагын зүгээс шинээр сургалтад хамруулсан зүйл байхгүй. ... Э.Э нь мэргэжил дээшлүүлэх бус, давтан сургалтанд суусан нь хуваарь баталсан тушаалаас харагдаж байх ба ямар байгууллагад хэдэн төгрөг төлсөн талаарх баримт байхгүй. Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд эрсдлийн 5 хувь байдаг ба сургалтын асуудал тухайн эрсдлээрээ шийдэгдэнэ.”   гэж тодорхойлсон.        

9. Анхан шатны шүүх хариуцагч Э.Эт холбогдох шаардлагаас 34,096,185 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,718,985 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “... Хөдөлмөрийн гэрээний 6.2.12, 8.5, 10.4 дэх хэсэгт заасны дагуу сүүлийн 2 жилийн дотор хамрагдсан сургалтын зардлыг ажил олгогч талд нөхөн төлнө, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 т заасны дагуу нэхэмжлэгч сургалтын зардлын ажилтан ажиллагаагүй хугацаанд ногдох хэсгийг ажил олгогч нэхэмжлэх эрхтэй. ... ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлэн тооцоолсон баримт нь үндэслэл бүхий байна. Хөдөлмөрийн гэрээг 2023.08.31-ний өдөр цуцалж, талуудын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байх тул ээлжийн амралтын олговроос ажиллаагүй хугацаанд ногдох 2023 оны 8, 9, 10, 11, 12 сар, 2024 оны 1, 2 сард ногдох нийт 12.81 өдрийн ээлжийн амралтын цалингийн зөрүү болох 10,707,879 төгрөгөөс хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 8,985,925 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй. Хариуцагчаас сургалтын зардалд 27,371,710 төгрөг, ээлжийн амралтын олговорт 8,985,925 төгрөг, нийт 36,357,635 төгрөг болох ба үүнээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан олгоогүй гэх 2023 оны 8 дугаар сарын цалин 2,264,449 төгрөгийг хасахаар 34,096,185 төгрөгийг хангаж, үлдэх 1,718,985 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйд нийцнэ …” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх хариуцагч Э.Эаас 8,985,925 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, үлдэх 27,371,710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан. Магадлалд “... 2017.05.19-ний өдрийн 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээний 3.3-т Аль нэг тал гэрээний хугацааг дуусгавар болгох тухай мэдэгдэл өгөөгүй бол анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцохоор заасан бөгөөд гэрээг сунгасан талаар баримт хэрэгт авагдаагүй тул гэрээний хугацаа 2019.05.19-ний өдөр дууссан гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний 6.1.12-т заасны дагуу сургалтын зардлыг ажилтнаас шаардах эрхгүй. 2022.10.31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.2.12, 8.5, 10.4-т заасны дагуу гэрээг цуцалсан тохиолдолд сүүлийн хоёр жилийн дотор хамрагдсан сургалтын зардлыг ажил олгогч талд нөхөн төлнө. Гэрээний 8.5-д заасан гэрээний үйлчлэх хугацааг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал, гэрээ байгуулсан 2022.10.31-ний өдрөөс тоолохоор байна.Талууд хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг буюу сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг нарийвчлан тусгаагүй тул хамрагдсан сургалтын төлбөрийн зардлыг хариуцагч Э.Эаас шаардах эрхгүй...” гэж дүгнэсэн байна.

11. Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэг заасан ажил олгогчийн шаардах эрхийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч хяналтын журмаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

12. Нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК нь хариуцагч Э.Эт холбогдуулан сургалтын зардал, ээлжийн амралтын олговрыг буцаан нэхэмжилж, ийнхүү сургалтын зардал шаардах эрхийн урьдчилсан нөхцөл болох ажилтан өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн байх, сургалтын зардлыг ажил олгогч төлсөн байх, ажилтан сургалтад хамрагдсан байх нөхцлүүдийг хангасан гэж үзжээ. Харин хариуцагч шаардлагыг эс зөвшөөрөхдөө дээрх нөхцлүүд хангагдсан ч сургалтын төрлөөс шалтгаалан ажилтан хариуцахгүй, сургалт нь заавал хамрагдах шинжтэй, ажил олгогчийн үүрэгт хамаарах сургалт бөгөөд мэргэжил олгосон, ахиулсан сургалт биш гэж үзжээ.

13. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт буюу хариуцагч сургалтад хамрагдсан, сургалтын төлбөрийг ажил олгогч төлсөн, ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нөхцөл байдлыг зөрүүгүй тогтоосон байх боловч хууль ба гэрээний холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэсэн байдлаараа ялгаатай байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, хөдөлмөрийн гэрээнд заасан заалтууд нь сургалтын төлбөрийг буцаан шаардах эрхийг ажил олгогчид олгоно гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 73.4 дэх хэсгүүд хангагдсан гэж үзэн сургалтын төлбөрийг буцаан гаргуулсан бол давж заалдах шатны шүүх холбогдох харилцааг зохицуулсан бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үйлчлэл тасалдсан, хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээнд тусгавал зохих заалтуудыг хангалттай тусгагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсгийн шаардах эрх үүсээгүй гэж үзжээ.

Ийнхүү хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа, тэдгээрийн зохицуулалт, үйлчлэх хүрээний талаарх шүүхүүдийн дүгнэлт ялгаатай байх ба үүний улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг өөр өөрөөр хэрэглэжээ.

14. Зохигчийн хэн аль нь хариуцагч Э.Эыг 2014.02.13-ны өдрөөс "МИАТ” ТӨХК-ийн Нислэгийн хэлтэст Боинг 737-800 агаарын хөлгийн 2 дугаар нисгэгчээр, 2017.05.19-ний өдрөөс Боинг 737-800 агаарын хөлгийн даргаар ажилласан үйл баримтын тухайд маргаагүй. Талууд 2017.05.19-ний өдөр хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, 2022.10.31-ний өдөр хөдөлмөрийн гэрээгээ шинэчилсэн. Давж заалдах шатны шүүх 2017.05.19-ний өдрийн гэрээ нэг жилийн хугацаатай байгуулагдсан, уг гэрээ нэг удаа 1 жилээр дахин сунгагдаж улмаар 2019.05.19-ний өдөр дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нислэгийн үйлчилгээ эрхлэх үндсэн зорилготой хуулийн этгээдийн хувьд нисгэгчийн албан тушаал байнгын орон тоо бөгөөд түүнтэй хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан нь уг гэрээг нэг удаа уг хугацаагаар сунгагдаж, цааш үргэлжлэхгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй. Хариуцагч Э.Э нь “МИАТ” ТӨХК-д нисгэгчийн ажлын байранд ажилласаар байсны зэрэгцээ талуудад уг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор хүсэл зоригоо илэрхийлж байсан талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй. Иймд 2017.05.19-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг 2022.10.31-ний өдрийг хүртэл буюу хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах хүртэл хугацаанд үйлчилнэ гэж үзнэ. Энэ үүднээс давж заалдах шатны шүүхийн 2019.05.19-ний өдрөөс 2022.10.31-ний өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээгүйгээр ажил эрхэлж байсан гэх агуулгатай дүгнэлт хуульд нийцсэнгүй.

15.  Зохигчийн хооронд 2017.05.19-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.12-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажилтан тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачилгаар болон сахилгын шийтгэл гарган хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх үүднээс хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар компанид буцаан төлөх” гэж, 2022.10.31-ний өдөр шинэчлэн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.12-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажилтан тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачилгаар болон сахилгын шийтгэл гарган хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх үүднээс хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар компанид буцаан төлөх”, 8.5-д “Хөдөлмөрийн гэрээний үйлчлэх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачлан дуусгавар болгосон эсхүл энэхүү гэрээний 10.4 дэх хэсэгт заасны дагуу ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдан гэрээг цуцалсан тохиолдолд сүүлийн хоёр жилийн дотор хамрагдсан сургалтын зардлыг ажил олгогч талд нөхөн төлнө” гэж тус тус зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.3-т заасныг зөрчөөгүй байна.  Иймд ажил олгогч нь мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасны дагуу сургалтын төлбөрийг ажиллаагүй хугацаанд хувь тэнцүүлсэн хэмжээгээр ажилтнаас буцаан нэхэмжлэх эрхтэй.

16. Анхан шатны шүүх хариуцагч Э.Э нь 2022.02.05-ны өдрөөс 2022.02.12-ны өдрийг хүртэлх хугацаанд Нидерландын Вант Улсын Амстердам хотод, 2022.09.21-ний өдрөөс 2022.09.28-ны өдрийг хүртэл хугацаанд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотод, 2023.03.29-ний өдрөөс 2023.04.05-ны өдрийг хүртэл хугацаанд ХБНГУ-д суралцсан нөхцөл байдлыг зөв тогтоосон. Түүнчлэн эдгээр сургалт нь Иргэний нисэхийн дүрмийн 121.553-ийн (с).(4)-т заасан давтан сургалтын төрөлд багтах ба мөн дүрмийн 121.563-ийн (b).(1)-д заасны дагуу гэрчилгээ эзэмшигч нь 6 сар тутамд хамрагдах шаардлагатай сургалт болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, 6 сарын давтамжтай хамрагдах шаардлагатай энэ сургалтад хамрагдаагүй бол нислэг үйлдэх боломжгүй тухайд зохигч маргасангүй.

Энэ үүднээс “МИАТ” ТӨХК нь өөрийн зардлаар нисгэгчдээ энэхүү давтан сургалтад 6 сар тутамд заавал хамруулдаг байна.  

17. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т “Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид төлнө” гэж заасан. Энэ заалтын дагуу “...ажилтны ажиллаагүй хугацаа”-г тодорхойлохын тулд “ажиллах ёстой нийт хугацаа”, “ажиллаагүй хугацааг тоолж эхлэх өдөр”-ийг тус тус зөв тогтоох, ингэхдээ энэ хэрэгт талууд мэтгэлцсэн байдал, нисгэгчийн сурсан сургалтын төрөл, онцлогийг анхаарах шаардлагатай.

Энэ хэргийн тохиолдолд Хөдөлмөрийн хуучин ба шинэ гэрээний 6.1.12, 6.2.12, 8.5 дахь заалтуудаас ажиллах ёстой нийт хугацаа буюу сургалт авснаас хойш ажилтны тогтвортой ажиллахаар үүрэг хүлээсэн нийт хугацааг 2 жилээр тогтоосон гэж үзэхээр байна. Харин уг хугацааг дээрх гурван удаагийн сургалт тус бүр дээр адил тоолж эхлэх нь зохимжгүй талаар зохигч маргаж байх ба үндэслэлээ сургалтын заавал хамрагдах шинж болон давтамжтай холбон тайлбарлаж байна. Уг тайлбарыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, нисгэгч давтан сургалтад хамрагдсанаар дараагийн 6 сард нислэг үйлдэх эрхээ баталгаажуулж байх ба дараагийн давтан сургалтад хамрагдаагүй бол нислэг үйлдэх эрх дуусгавар болж байна. Зохигчийн хэн аль нь давтан сургалтад хамрагдсан, эс хамрагдсанаас үүсэх энэ үр дагаврын талаар маргаагүй. Эндээс үзвэл сургалтын төлбөрийг буцаан шаардах эрхийг дараагийн давтан сургалтын заавал хамрагдах хугацаа буюу 6 сартай уялдуулан тогтоох нь зөв байх бөгөөд 2 жилийн дотор төлбөрөө буцаан шаардах эрхийг дараагийн сургалтдаа тухайн ажил олгогчийн зардлаар хамрагдаагүй тохиолдолд хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Ийнхүү дүгнэсэн нь 6 сарын давтамжтай заавал хамрагдах сургалтад суусан ажилтан тухайн 6 сардаа нэг ажил олгогчийн төлөө ажилласан нь уг сургалтын үр шимийг ажил олгогч хүртсэн гэж үзсэнтэй холбоотой. Энэ дүгнэлтийн дагуу нисгэгч Э.Эын 2022 оны хавар ба намрын сургалтаас ажил олгогч хүртвэл өгөөжөө хүртсэн байх тул эдгээр сургалтын зардлыг хариуцагчаас буцаан нэхэмжлэх үндэслэлгүй болно.

18. Харин 2023.03.09-ний өдрөөс 2023.04.05-ны өдрийн сургалтын тухайд дараагийн давтамжит сургалт эхлэхээс өмнө буюу сургалт авснаас хойш 4 сарын дараа ажлаас өөрийн санаачилгаар чөлөөлөгдсөн бөгөөд дараагийн давтамжит сургалтад хамрагдаагүй, нисэх эрхийн баталгаажуулалтыг хийгээгүй нөхцөл байдал нь ажилтнаас шалтгаалсан тул энэ сургалтын тухайд сургалтын зардлыг буцаан төлөхөд шаардлагатай “ажиллах ёстой нийт хугацаа” гэдгийг хөдөлмөрийн гэрээнд заасан 2 жилээр тооцох нь зүйтэй.  

19. Ажилтны 2023 оны сургалтын зардлыг ажил олгогч 14,801,859 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн. Уг тооцооллыг хийхдээ сургалт авснаас хойш 2 жил ажиллах үүрэгтэй байсан гэж үзэн сургалт дууссан 2023.04.05-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн 2023.08.30-ны өдрийг хүртэлх 4 сар 25 хоногийг 24 сараас хасаж, үлдэх 19 сар 5 хоногт оногдох сургалтын зардлыг нэхэмжилсэн гэжээ. Тус аргачлал зөв. Гэвч сургалтын зардлыг 19 сар 5 хоногт буюу ажиллаагүй хугацаанд ногдох хэсгийг хувь тэнцүүлэн тооцохдоо онгоцны тийз, байр, хоолны үнэ буюу томилолтын зардлыг сургалтын зардалд оруулан тооцсон нь буруу байна.

Томилолтын зардлыг сургалтын зардлаас хасаж тооцох учиртай бөгөөд энэ аргачлалаар тооцвол 2023 оны хаврын сургалтын нэг суралцагчид ногдох зардал 11,765,606 төгрөг байна. Үүнээс Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасан “ажиллаагүй нийт хугацаа” буюу 19 сар 5 хоногт ногдох хувийг тогтоовол 81.25 хувь (24 сар нь 100 хувь) болно. Энэ нь ажилтны буцаан төлбөл зохих дүн бөгөөд мөнгөн хэлбэрээр илэрхийлбэл 9,559,555 төгрөгийг хариуцагч Э.Э нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК-д буцаан төлөх үндэстэй.

20. Нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтыг тооцоолон хоёр шатны шүүхээс хангасан дүнгийн тухайд зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй тул энэ тооцоололд тухайлсан дүгнэлт өгөх шаардлагагүй. Нэхэмжлэгчээс ээлжийн амралтын олговорт 10,707,879 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч 8,985,925 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Улмаар нэхэмжлэлийн нийт дүнгээс 2023 оны 8 дугаар сарын олгоогүй цалин гэх 2,264,449 төгрөгийг хасах саналыг нэхэмжлэгч гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүх хариуагчийн буцаан төлөхийг зөвшөөрсөн ээлжийн амралтын олговроос энэ дүнг төгрөгөөс хасаж тооцон 6,721,476 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг дурдаж байна.

21. Дээр дурдсан үндэслэлээр сургалтын зардалд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилж, ээлжийн амралтын олговрыг буцаан төлсөн шаардлагын талаарх шийдлийг хэвээр үлдээн хариуцагч Э.Эаас 16,281,031 /9,559,555+6,721,476/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК-д олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4, 158 дугаар зүйлийн 158.1-д заасантай нийцнэ гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00771 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/00798 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4, 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Эаас 16,281,031 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,534,109 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас 239,355 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МИАТ” ТӨХК-д олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “МИАТ” ТӨХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.30-ны өдөр 295,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦОЛМОН

                                        ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ                       

                                                                                               Н.БАТЧИМЭГ

                                                                                               Н.БАЯРМАА

                                                                                               П.ЗОЛЗАЯА