| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2017/00028/Э |
| Дугаар | 00030 |
| Огноо | 2017-03-16 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 00030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга М.Мөнхзаяа
Улсын яллагч Э.Энхбат
Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбажаргал
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Энхбатад холбогдох 201718020012 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 15 нас, 11 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эмээ, ээж, ах, 2 дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн ¹ 29 тоотод оршин суух, энэ хэргийг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь 2017 оны 01 сарын 17-ны өдрийн №08 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бямбажаргалын Энхбат. /РД:МЗ01241719/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.Энхбат нь давтан, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбат мэдүүлэхдээ: … 2016 оны 12 дүгээр сарын 27-ны орой замын хойно Бямбадоржтой коток дээр тоглоод гэртээ ирээд байж байхад 23 цагийн үед хүн цонх тогшоод байхаар нь эмээ цаад өрөөнд унтаж байсан болохоор яасан бэ гэсэн чинь Батцогт, Отгон-Эрдэнэ хоёр гараад ир гэсэн хаашаа явах юм бэ гэсэн чинь “Бишрэлт” дэлгүүр оръё гэсэн одоо хаагаагүй байгаа гэсэн чинь цонхных нь төмөр байхгүй байна ганцхан дотогшоо орох л ажиллагаа байгаа гэсэн очоод харахад цонхны төмөр нь байхгүй онгорхой байсан тэгээд тэр дэлгүүрт Цогтоо эхэлж ороод би араас нь орсон. Ороод шоколадь, иштэй чихэр, бохь, сникерс гэх мэт хүнсний зүйл авч гарсан. Тэгтэл Отгон-Эрдэнэ одоо би дэлгүүрлүү орно гээд Цогтоотой хамт орсон тэр хоёр орчихоод гараад ирэхээр нь бид нар гэрлүүгээ явцгаасан. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал 23 цаг өнгөрч байхад цонх тогшоод байсан тэгээд харсан чинь Отгон-Эрдэнэ, Цогтоо нар ирчихсэн байсан Цогтоо гараад ир гээд байхаар нь гараад ирсэн чинь “Бишрэлт” дэлгүүр лүү явъя чи цонхны төмрийг нь салгаад өг гэхээр нь би тэр дэлгүүрийн цонхны төмрийг нь салгаж өгсөн. Тэр хэд ороод чихэр, шоколад иштэй чихэр, бохь, бэлэн хоол, хиам, тамхи зэргийг авч гарч ирсэн тэр юмаа хувааж аваад явцгаасан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Мөрдөн байцаалтанд Хохирогч Ч.Гэрэлцэцэг мэдүүлэхдээ: … 2016 оны 12 дугаар сарын 27-ны өглөө манай нөхөр Б.Эрдэнэбаатар залгаад “дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдээд цонхыг нь хагалаад дотогш орж эд зүйлс хулгайлсан байна” гэхээр нь цагдаад мэдэгдчихээд очиход дэлгүүрийн баруун талын хойшоо харсан цонхны төмөр хаалтыг эвдэж аваад газар тавьсан, хажууд нь төмөр алх байсан ба алхаар цонхыг хагалж орсон байсан... Дэлгүүрээс алдагдсан эд зүйл болон цонх шиллүүлэх зэрэг нийлээд 536,000 төгрөгний хохирол учирсан. 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өглөө манай нөхөр залгаад “дэлгүүрт хулгай орсон байна, яг өмнөх шиг” гэж хэлэхээр нь очиход баруун талын цонхны төмөр хаалтыг хөшөөд эвдээд цонхыг нь хагалаад орсон байсан ба цонхны доор сандалны төмөр байсан. Уг төмрөөр хөшиж эвдсэн юм шиг байна лээ. Дэлгүүрээс 50 гаруй төрлийн 1,190,300 төгрөгний эд зүйл авсан байсан. Мөн вакум цонхны рамм янзлах, шил хийлгэхэд 65,000 төгрөг нийлээд 1,255,300 төгрөгний хохирол учирсан. Нийт 1,500,300 төгрөгний хохирол төлөгдсөн одоо 291,000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35-р хуудас/
Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Эрдэнбаатар мэдүүлэхдээ: … 2016 оны 12 дугаар сарын 27-ны өглөө дэлгүүр дээрээ очиход манай дэлгүүрийн баруун талын цонхны төмөр хаалтыг эвдлээд цонхыг нь хагалж ороод дотроос нь маш олон хүнсний бараа, эд зүйлс алдагдсан байсан. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр өглөө дэлгүүр онгойлгохоор очиход мөн өмнөхтэй адил нөгөө цонхны төмөр хаалтыг эвдэж цонхыг нь хагалаад орж эд зүйлс хулгайлсан байсан. Ингээд цагдаад мэдэгдэхэд ирж үзлэг, шалгалт хийгээд хулгай хийсэн хүмүүсийг олсон” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-р хуудас/
|
|
Мөрдөн байцаалтанд Б.Энхбат мэдүүлэхдээ: … 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цаг болж байхад гэрийн цонх хүн тогшихоор нь харахад Г.Отгон-Эрдэнэ, Н.Батцогт нар “Бишрэлт” дэлгүүрийн зүг заагаад толгойгоо дохиод байхаар нь гэрээс гарахад Н.Батцогт “төмөр хаалгыг нь эвдчих алх, сүх байна уу” гэхээр нь хашаанд байсан төмөр алхыг аваад бид гурав дэлгүүрийн ойролцоо очоод би баруун талын цонхны төмөр хаалтыг алхаар цохиж, хөшиж эвдээд Н.Батцогт цонхыг хагалсан. Г.Отгон-Эрдэнэ “Солонго” рестароны буланд хүн хараад зогсож байсан. Ингээд дэлгүүрийн лангуун дээрээс чихэр, жигнэмэг, шоколад, иштэй чихэр, тамхи зэрэг эд зүйлсийг авсан. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед мөн манай цонхыг тогшихоор нь харахад Н.Батцогт, Г.Отгон-Эрдэнэ нар байхаар нь хамаатны Н.Бямбадоржийг дагуулаад бид 4 “Бишрэлт” дэлгүүрийн тэнд очоод Н.Батцогт “Нархан” цэцэрлэгийн хашааг давж ороод эвдэрсэн сандал аваад ирэхээр нь хөлийг нь салгаж аваад дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг хөшөөд Н.Батцогт цонхыг нь хагалаад орсон. Н.Отгон-Эрдэнэ өмнөхтэй адил хүн хараад зогсож байсан. Авсан эд зүйлээ үзмэн ягаан өнгийн цүнхэнд хийгээд байшингийн дээвэр дээр нуусан гэх мэдүүлэг /ХХ-ийн 116-117 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-16-р хуудас/, Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 23-26-р хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 27-28-р хуудас/, Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт/ХХ-54-55, 64-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 131 дүгээр хуудас/, Төрсөний гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 132 дугаар хуудас/, Б.Энхбат нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны сангаас авсан лавлагааны хуудас /ХХ-н 123 дугаар хуудас/, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №08 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 125-127 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Энхбат нь давтан, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтанд өгсөн Хохирогч Ч.Гэрэлцэцэгийн мэдүүлэгт: … 2016 оны 12 дугаар сарын 27-ны өглөө манай нөхөр Б.Эрдэнэбаатар залгаад “дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдээд цонхыг нь хагалаад дотогш орж эд зүйлс хулгайлсан байна” гэхээр нь цагдаад мэдэгдчихээд очиход дэлгүүрийн баруун талын хойшоо харсан цонхны төмөр хаалтыг эвдэж аваад газар тавьсан, хажууд нь төмөр алх байсан ба алхаар цонхыг хагалж орсон байсан... Дэлгүүрээс алдагдсан эд зүйл болон цонх шиллүүлэх зэрэг нийлээд 536,000 төгрөгний хохирол учирсан. 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өглөө манай нөхөр залгаад “дэлгүүрт хулгай орсон байна, яг өмнөх шиг” гэж хэлэхээр нь очиход баруун талын цонхны төмөр хаалтыг хөшөөд эвдээд цонхыг нь хагалаад орсон байсан ба цонхны доор сандалны төмөр байсан. Уг төмрөөр хөшиж эвдсэн юм шиг байна лээ. Нийт 1,500,300 төгрөгний хохирол төлөгдсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Эрдэнбаатар мэдүүлэхдээ: … 2016 оны 12 дугаар сарын 27-ны өглөө дэлгүүр дээрээ очиход манай дэлгүүрийн баруун талын цонхны төмөр хаалтыг эвдлээд цонхыг нь хагалж ороод дотроос нь маш олон хүнсний бараа, эд зүйлс алдагдсан байсан. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр өглөө дэлгүүр онгойлгохоор очиход мөн өмнөхтэй адил нөгөө цонхны төмөр хаалтыг эвдэж цонхыг нь хагалаад орж эд зүйлс хулгайлсан байсан. Ингээд цагдаад мэдэгдэхэд ирж үзлэг, шалгалт хийгээд хулгай хийсэн хүмүүсийг олсон” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-р хуудас/,
|
|
Мөрдөн байцаалтанд Б.Энхбат мэдүүлэхдээ: … 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цаг болж байхад гэрийн цонх хүн тогшихоор нь харахад Г.Отгон-Эрдэнэ, Н.Батцогт нар “Бишрэлт” дэлгүүрийн зүг заагаад толгойгоо дохиод байхаар нь гэрээс гарахад Н.Батцогт “төмөр хаалгыг нь эвдчих алх, сүх байна уу” гэхээр нь хашаанд байсан төмөр алхыг аваад бид гурав дэлгүүрийн ойролцоо очоод би баруун талын цонхны төмөр хаалтыг алхаар цохиж, хөшиж эвдээд Н.Батцогт цонхыг хагалсан. Г.Отгон-Эрдэнэ “Солонго” рестароны буланд хүн хараад зогсож байсан. Ингээд дэлгүүрийн лангуун дээрээс чихэр, жигнэмэг, шоколад, иштэй чихэр, тамхи зэрэг эд зүйлсийг авсан. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед мөн манай цонхыг тогшихоор нь харахад Н.Батцогт, Г.Отгон-Эрдэнэ нар байхаар нь хамаатны Н.Бямбадоржийг дагуулаад бид 4 “Бишрэлт” дэлгүүрийн тэнд очоод Н.Батцогт “Нархан” цэцэрлэгийн хашааг давж ороод эвдэрсэн сандал аваад ирэхээр нь хөлийг нь салгаж аваад дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг хөшөөд Н.Батцогт цонхыг нь хагалаад орсон. Н.Отгон-Эрдэнэ өмнөхтэй адил хүн хараад зогсож байсан. Авсан эд зүйлээ үзмэн ягаан өнгийн цүнхэнд хийгээд байшингийн дээвэр дээр нуусан гэх мэдүүлэг /ХХ-ийн 116-117 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-16-р хуудас/, Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 23-26-р хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 27-28-р хуудас/, Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт/ХХ-54-55, 64-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбатыг давтан, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх ба ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.
Прокуророос насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбатыг давтан, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Хохирогч Ч.Гэрэлцэцэг нь хохирол төлбөр төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбатын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба өмнө нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 05 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж 01 жилийн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тоолно гэж заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн насанд хүрээгүй шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоож, арван найман насанд хүрээгүй буюу 15 нас 11 сартай, эцэг, эхийн асрамж, хараа хяналт дутагдалтай байдлаас гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл бий болсон, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой байх ба уг хугацаанд түүнийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Б.Энхбатын эх Д.Бямбажаргалд хариуцуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30.5 см урттай төмөр алх 1 ширхэг, гол хэсгээрээ мурийсан 68 см урттай хар өнгийн төмөр 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, насанд хүрээгүй шүүгдэгч энэ хэрэгт 13 хоног цагдан хоригдсонг шийтгэх тогтоолд дурьдах, бусдад төлөх төлбөргүй, Б.Энхбат нь өөрийн гэсэн хөрөнгөгүй, эрхэлсэн ажилгүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйг тус тус дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Бямбажаргалын Энхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасныг баримтлан эд хөрөнгө хураахгүйгээр Б.Энхбатыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр урьд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 05 жил 10 хоног хорих ялын зарим болох 01 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 03 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар Б.Энхбатад оногдуулсан 03 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбат нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 13 хоног цагдан хоригдсонг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт заасныг баримтлан энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30.5 см урттай төмөр алх 1 ширхэг, гол хэсгээрээ мурийсан 68 см урттай хар өнгийн төмөр 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Энхбатад 03 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
8. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Энхбатыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааанд түүний засрал хүмүүжилд анхаарч, хараа хяналтандаа байлгах үүргийг түүний ээж хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Даваажавын Бямбажаргалд хариуцуулан даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Энхбатад өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.