| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00435/И |
| Дугаар | 154/ШШ2021/00026 |
| Огноо | 2021-01-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 154/ШШ2021/00026
| 2021 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 154/ШШ2021/00026 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 4-р хороо 8 тоот Хан алтайн нуруу ББСБ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 6127053/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын 5 дугаар баг Улаантолгой хар дэнжийн 4-р гудамж -н тоотод оршин суух Б овогт Т ын О /РД /-д холбогдох зээлийн гэрээний үндсэн төлбөрт 10.691.589.90 төгрөг, зээлийн хүү 1.073.350.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.652.52 төгрөг нийт 11.786.592.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х А нББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 болон банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар Т.О ээс зээл зэлийн хүү нэмэгдүүлсэн хүү 11.786.592 төгрөгийг нэхэмжилнэ.Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн төлбөрийг бүрэн дүнгээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүгчийн захирамжинд дурьдаж өгөх. Т.О тэй 0000984 тоот зээлийн гэрээ байгуулан 36 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэй 12.000.000 төгрөгийг зээлдүүлсэн.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан 0971 УБЭ улсын дугаартай Тоyota үйлдвэрийн Prius маркийн /ГД: 02213129 арлын дугаар NHW207881362/ автомашиныг барьцаалсан. Зээлдэгч тал нь одоог хүртэл зээлээ төлөхгүй манай компанийг хохироосоор байна.
Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөрт 10.691.589.90 төгрөг, зээлийн хүү 1.073.350.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.652.52 төгрөг нийт 11.786.592.43 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг /онлайн/ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х А нББСБ нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Харилцагч Т.О нь Иргэний хуулийн 206,208-дп заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй.Харилцагч зээлээ төлөх эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн график зөрчигдөж хугацаа хэтэрсэн байх тул банк зээл, зээлийн хүүгээ шаардах эрхтэй гэж үзэж байна.
Зээлийн гэрээний 1.13-д заасны дагуу зээлийн хүү төлөх үүрэгтэй. Хариуцагчийн өмгөөлөгч 6.023.600 төгрөг төлөгдсөн байхад зээлээс хасагдаж тооцогдохгүй байна гэж тайлбарлаж байна. Хариуцагч нь 6.023.600 төгрөг төлсөн нь тогтоогдож байгаа боловч энэ нь зээл, зээлийн хүүнд төлөгдөж тооцогдсон байна.2018 онд 12.0 сая төгрөгийг 36 сарын хугацаатайгаар 2.9 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан зээл авсан. Мөн фидуцийн гэрээ байгуулсан.Гэрээний үүргээ зөрчин эргэн төлөлтийг 120 хоногоор хэтрүүлсэн байх тул манайх шүүхэд хандсан. Шүүхэд хандсанаас хойш бид зээлийн төлөлтийг 2021 оны 7 дугаар сар хүртэл хувааж төлөхөөр эвлэрэх боломжтой байсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа гэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргах тайлбарыг сонсох хүсэлттэй байна хэрвээ эвлэрэх боломжтой бол манайх дансны гүйлгээ битүүмжилснийг хүчингүй болгох хүсэлттэй байна. Шүүхэд хандсанаас хойш зээл зээлийн хүүнд нийтдээ 800.000 төгрөг төлснийг хасаж тооцоод нэхэмжлэлээ багасгасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонслоо. Мөн эвлэрэх хүсэлттэй байна гэж байгаа эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрөх санхүүгийн боломж байхгүй.нэхэмжлэгч талын нэхэмжилсэн хэмжээгээр сард төлөлт хийх боломжгүй хариуцагч Т.О нь давхар зээлтэй байгаа.
Хариуцагчийн зүгээс 6823600 төгрөг төлсөн байхад зээлийн үнийн дүнгээс хасагдаагүй байна. Иймд зээлийн нийт үнийн дүнгээ багасгах боломжтой бол эвлэрэх боломжтой өөрөөр хэлбэл үнийн дүнг тодорхой хэмжээгээр бууруулаад эргэн төлөх хугацааг хойшлуулах боломжтой бол 7 сараас эхлэн төлөлт хийхээр эвлэрэх хүсэлттэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хан алтайн нуруу ББСБ ХХК нь хариуцагч Т.О ээс зээлийн гэрээний үндсэн төлбөрт 10.691.589.90 төгрөг, зээлийн хүү 1.073.350.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.652.52 төгрөг нийт 11.786.592.43 төгрөг, зээлийн төлбөрийг бүрэн дүнгээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүгчийн захирамжинд дурьдаж өгөх гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.О нь Хан алтайн нуруу ББСБ ХХК-тай 0000984 дугаартай зээлийн гэрээ байгуулан 12.000.000 сая төгрөгийг 36 сарын хугацаатайгаар сарын 2.9 хувийн хүүтэй зээл авсан байна.Зээлдэгч нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан боловч зээлийн эргэн төлөлтийг хийхгүйгээр хугацаа хэтрүүлсэн болох нь талуудын тайлбар болон шүүхэд ирүүлсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Зээлийн гэрээний талаар талууд маргахгүй байгаа боловч зээлийн эргэн төлөлтөд маргаж хариуцагч талаас зээлийн эргэн төлөлтөд 6.823.600 төгрөг төлсөн байхад зээлийн үнийн дүнгээс хасагдаж тооцогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зээлдүүлэгч зээлдэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуульд зааснаар тухайн зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан мөн зээлийн гэрээний 2.1, 2.2-д зээлдэгч нь зээлийг гэрээний зориулалтын дагуу ашиглана.Зээлийг хуваарийн дагуу хүүгийн хамт хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч зээлийг хүүгийн хамт хуваарийн дагуу төлж нийтдээ 6,823.600 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Нийтдээ 6.823.600 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, зээлийн дансны хуулга, болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байх ба төлсөн дүнгийн талаар талууд маргаагүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчаас төлсөн 6.823.600 төгрөг нь зээл болон зээлийн хүү, хугацаа хэтэрсэн хүүнд тооцогдож байна үндсэн зээлээс хасагдаж тооцогдохгүй байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн үндсэн зээлийн үнийн дүнгээс хасагдахгүй байна гэдэг тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн зээлийн үнийн дүнгээс хасаж тооцвол эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь үндсэн зээл, гэрээний хугацааны хүү хоёр болох тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргийг хүлээнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа хариуцагчаас төлсөн 6.823.600 төгрөг нь үндсэн зээлээс хасагдаж тооцогдохгүй байна гэх тайлбар нь зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож 2.9 хувийн хүү тооцохыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтад нийцэж байх бөгөөд зээлийн хүүгийн талаар талууд маргахгүй ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар илтэд хохиролтой гэж үзэхгүй үндсэн зээлээс хасаж тооцох үндэслэлгүй юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 6.823.600 төгрөг төлсөн гэх тайлбарт нэхэмжлэгч маргахгүй бөгөөд хэрэг хянан хэлэлцэгдэх явцад 800.000 төгрөг төлөгдсөнийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа 800.000 төгрөгөөр багасгасан гэж үзэх үндэслэл болно.
Иймд нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөрт 10.691.589.90 төгрөг зээлийн хүү 1.073.350.01 төгрөг нэмэгдүүлсэн хүү 21.652.52 төгрөг нийтдээ 11.786.592.43 төгрөг нэхэмжилсэн. Шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэх явцад зээлийн төлбөрт нийтдээ 800.000 төгрөг төлөгдсөнийг хасаж 10.986.592.43 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Х А нББСБ-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлж зээлийн төлбөрийг бүрэн дүнгээр төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр 0971 УБЭ улсын дугаартай Тоyota үйлдвэрийн Prius маркийн /ГД: 02213129 арлын дугаар NHW207881362/ автомашиныг барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр 10.986.592.43 төгрөгний хэмжээнд хариуцагчийн Хаан банк дахь болон бусад банкны дансны хөдөлгөөнийг зогсоох тухай шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс 203.535.49 төгрөг төлснийг дурьдаж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Т.О ээс 10.986.592.43 төгрөгийг гаргуулан Х А нББСБ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 203.535.49 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Т.О ээс 190.735 төгрөг гаргуулан Х А нХХК-д олгосугай.
3.Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай 2020 оны 12 сарын 21-ны өдрийн 154/ШЗ32020/01135 дугаартай шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ