Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
Хэргийн индекс | 154/2021/00021/И |
Дугаар | 154/ШШ2021/00027 |
Огноо | 2021-01-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 154/ШШ2021/00027
2021 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 154/ШШ2021/00027 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1961 оны 01 сарын 02-нд төрсөн 60 настай, ХААН банкны ахлах менежер ажилтай, Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, /РД:/, И******* овогт Д******* А******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Аманбай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Аманбай шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1961 оны 01 сарын 02-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын санхүүгийн тасагт нягтлангаар ажиллаж байсан. Санхүү тасгийн нягтлан нь байгууллагуудын хөрөнгийн нягтлан давхар хийдэг байсан. 1986 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл Жаргалын зам нэгдэлд нягтлан бодогчоор, 1992 оноос 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам ХК-нд төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Одоо 60 настай. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байна. Иймд миний баримтуудыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжпэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Аманбай нь 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын санхүү тасагт нягтлан бодогчоор, 1986 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд материалын тооцоо хариуцсан нягтлан бодогчоор, 1992 оны 04 саорын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалын зам ХК-нд хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 57 тоот архивын лавлагаа,
1984 онд Санхүү эдийн засгийн техникумаас Д.Аманбайд олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Баянөндөр овогт Магсарын Цэрэндоржийн шүүхэд мэдүүлсэн:...Д.Аманбай нь 1984 оноос 1986 онд Ховд аймгийн Булган сумын Санхүү тасагт нягтлангаар ажиллаж байгаад 1986 оны 06 сараас Булган сумын Жаргалын зам нэгдэлд нягтлангаар 1993 он хүртэл ажилласан. Жаргалын зам нэгдэл нь 1993 онд хувьчлагдаж Түмний зам ХК болон үйл ажиллагаа явуулахад Д.Аманбай нь үргэлжлүүлэн нягтлан бодогчоор 1994 оныг дуустал ажилласан. Санхүү тасаг нь Жаргалын зам нэгдлийн харьяанд байсан. Д.Аманбай нь 1984 оноос 1994 оныг дуустал Санхүү тасаг, Жаргалын зам нэгдэлд тус тус нягтлан бодогчоор ажиллаж байсныг нь сайн мэднэ. Д.Аманбай ажилдаа үнэнч шударга сайн ажилчин. Жаргалын зам нэгдлийн хяналтын зөвлөлд ажиллаж байсан. Би тухайн үед Жаргалын зам нэгдэлд 1983 оноос 1994 он хүртэл мужаан, цехийн ахлагч, 1994 оноос 1998 он хүртэл Түмний зам ХК-нд мужаан, цехийн ахлагчаар ажиллаж байсан. Д.Аманбай бид хоёр Түмний зам ХК тарах хүртэл хамт ажилласан. Бид нар хамт олон жил ажилласан тул бие биенээ сайн мэднэ гэх мэдүүлэг,
Гэрч Бага баруун овогт Дугаржавын Хоролсүрэнгийн шүүхэд мэдүүлсэн:....Д.Аманбай нь Ховд аймгийн Булган сумын Санхүү тасагт 1984 оноос 1986 онд нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1986 оноос Булган сумын Жаргалын зам нэгдэлд нягтлангаар 1992 оныг дуустал ажилласан. Жаргалын зам нэгдэл нь 1993 онд хувьчлагдаж Түмний зам ХК болоход Д.Аманбай нь үргэлжлүүлэн нягтлангаар 1994 оныг дуустал ажилласан. Би тухайн үед Булган сумын АДХ гүйцэтгэх захиргаанд бичээчээр ажиллаж байсан. Д.Аманбай нь ажилдаа маш сайн хариуцлагатай, шударга, идэвхтэй ажилчин байсан. Тухайн үед Д.Аманбайн Баярын бичиг, Сайшаалын үнэмлэхээр шагнуулж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Иймд Д.Аманбайг 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын санхүү тасагт нягтлан бодогчоор, 1986 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд материалын тооцоо хариуцсан нягтлан бодогчоор, 1992 оны 04 саорын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалын зам ХК-нд хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И******* овогт Д******* Аманбайг 1984 оны 07 сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын санхүү тасагт нягтлан бодогчоор, 1986 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд материалын тооцоо хариуцсан нягтлан бодогчоор, 1992 оны 04 саорын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Жаргалын зам ХК-нд хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Аманбайн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ