Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/205

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Оюунцэцэг /томилолтоор/

Шүүгдэгч Б.Эрдэнэдалай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт Бат-Эрдэний Эрдэнэдалайд холбогдох эрүүгийн 2421000000176 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар баг Өлзийтийн 74 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Харгана овогт Бат-Эрдэний Эрдэнэдалай. /РД: ЖК97030137/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэдалай нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Beat шөнийн цэнгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн харилцааны улмаас Б.Бат-Ерөөлттэй маргалдаж улмаар хамар ясны бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, уруул завжинд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Эрдэнэдалай шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Бат-Ерөөлт “бид нар олуулаа явж байгаа” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би Бат-Ерөөлтийг цохисондоо харамсаж байна...” гэв.

Хохирогч Б.Бат-Ерөөлтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Гантөгс ахын хамтаар 23 цаг өнгөрөөгөөд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Beat нэртэй бааранд ороход тухайн баар нь хааж байна гээд сүүлийн дуугаа тавьж байсан. Тухайн үед уух юм захиалалгүйгээр бүжгийн талбайд би ганцаараа очоод бүжиглэж байснаа санаж байгаа юм. Тэгтэл нэг мэдсэн чинь гадаа таксин дотор Гантөгс ах болон манай боомтын 2 гэрээт цэрэг /нэрийг нь мэдэхгүй/ дөрвүүлээ машинд явж байгаад БОЭТ-д яаралтай хүлээн авах дотор намайг өргөөд оруулсан. Ингээд би хөмсгөндөө 10 оёдол, уруулдаа 3 оёдол тавиулаад дэмийрээд болохгүй байна гээд хүлээн авахад эмчилгээ хийлгээд хоносон. Ингээд 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Гантөгс ах намайг Beat баарны бүжгийн талбайд 1 хүнтэй юм яриад зогсож байсан. Тэгээд өөр юм харж байгаад над руу харсан чинь би бүжгийн талбайд хэвтэж байсан гэж хэлсэн. Тухайн залуугийн араас Гантөгс ах гүйхэд нөгөө залуу баарнаас гараад цагаан өнгийн жижиг машинд суугаад яваад өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

Гэрч Б.Гантөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед баарны бүжгийн талбай тусгаарласан хаалтын ард зогсож байгаад хэсэг хугацаанд өөр тийш хараад Бат-Ерөөлт рүү харахад бүжгийн талбайн шалан дээр хэвтэж байсан. Ингээд би гүйж очоод юу болсон талаар хараад баарны гадагш гүйгээд гарахад тухайн үед баар хааж байсан болохоор олон хүмүүс бужигналдаад хэн цохисон нь мэдэгдээгүй юм. Би буцаж баар руу ороод Бат-Ерөөлтийг татаад босгоход ухаан алдсан байдалтай, толгойн тус газраас нь нэлээдгүй цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд би тухайн бааранд таарсан зүс таних 2 залуугаас гуйгаад Бат-Ерөөлтийг ариун цэврийн өрөөнд өргөж оруулаад цус гарсан хэсгийг нь угаалгаад би өөрөө цохисон залууг хайхаар гадагшаа гарсан. Ингээд ...ойролцоо зогсож байсан 175-178 орчим см-н өндөртэй биедээ таарсан махлаг залуу найзуудын хамтаар баарны үүдэнд зогсоод "би буцаж ороод дахиад зодъё, газар унасан уу" гээд чанга, чанга яриад байсан. Тэгэхээр нь "хөөе чи хүн цохичхоод нааш ир" гэхэд тухайн залуу над руу чиглэж ирээд намайг цохих гээд гараа явуулах үед би цохилтыг нь гаргатал араас үл таних хүн намайг тэврээд салгасан. Энэ хооронд нөгөө Бат-Ерөөлтийг цохисон залуу баарны хашаанаас гараад машинд суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Гэрч Б.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн ажлын байр буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Beat бааранд зохион байгуулагчийн ажлаа хийгээд нэлээн орой 23 цаг 40 минутын орчимд сүүлийн дуугаа зогсоогоод үйлчлүүлэгч нараа гаргаад байж байтал бүжгийн талбайгаас 2 залуу хоорондоо юм яриад бууж байсан. Ингээд би тухайн 2 залууг ажиглаж байтал нэг залуу нь нөгөөгөө гараараа нүүрэн тус газарт нь цохиод унагачихсан. Ингээд би юу болов гээд нөгөө цохисон залуугийн араас хальт харахад Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Далай гээд сагсан бөмбөг тоглодог залуу байсан. Тухайн үед би нөгөө цохиулаад газар шалан дээр унадаг залууд хандаад "чи цагдаад мэдэгдээрэй, эхлээд эмнэлэгт очиж үзүүл, миний таньдаг залуу байна” гэж хэлээд гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Шүүгдэгч Б.Эрдэнэдалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сүүлийн ая гээд хөгжим тавьтал үл таних 180 см өндөртэй, туранхай 25-26 насны залуу миний хажууд зогсож байгаад “намайг цаашаа бүжиглэчих” гэж хэлээд хоорондоо үл ялих зүйлээр маргалдахад нөгөө залуу надад хандаад “миний хамууд олон, би бол чамайг ална” гээд баарны 2 давхар руу заагаад байсан. Тэгэхэд нь би тухайн залууд “гараад учраа олъё” гээд орхиод гарах гэхэд миний араас “чи бөгсний хүүхэд” гээд чихэн дээр шивнэсэн. Ингээд тухайн залуу нөгөө хэллэгээ 3-4 удаа давтаж хэлээд байхаар нь би тэсгэл алдаад баруун гараа зангидаж байгаад нөгөө залуугийн шанаан тус газарт нь цохисон чинь газар шалан дээр унаад өгсөн. ...Ингээд баарны үүдэнд явах гээд зогсож байтал үл таних 30 орчим насны залуу баарнаас гарч ирээд “энэ мөн байна, чи хүрээд ир” гээд миний араас бариад авахад нь би гарыг нь салгаад эргэж хараад цохих гэсэн боловч онож цохиогүй. Тэгээд би баарны баруун талын төв замыг хөндлөн гараад манай сумын Энхтөр гэх ахын машинд суугаад Хэрлэн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг То-ван нэртэй буудалд орж амарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 205 тоот дүгнэлтэд:

1. Б.Бат-Ерөөлтийн биед хамар ясны бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, уруул, завжинд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх шинэ гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27-28/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/
- Хохирогч Б.Бат-Ерөөлтийн Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 07/
- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29/
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 45-47/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50-53/
- Хохирогчоос шүүх хуралдааны өмнө хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /задгай/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Эрдэнэдалайд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэдалай нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Beat шөнийн цэнгээний газарт таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Бат-Ерөөлттэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж биед нь хамар ясны бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, уруул завжинд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун мөрөнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Эрдэнэдалайгийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бат-Ерөөлт, гэрч Б.Гантөгс, Б.Отгонжаргал нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 205 тоот “...Б.Бат-Ерөөлтийн биед хамар ясны бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, уруул, завжинд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх шинэ гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бат-Эрдэний Эрдэнэдалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэдалай нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөөс 4,000,000 төгрөгийг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Б.Эрдэнэдалай нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Харгана овогт Бат-Эрдэний Эрдэнэдалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар  шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Эрдэнэдалай нь хохирогч Б.Бат-Ерөөлтийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай тул хохирогчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

Хохирогч Б.Бат-Ерөөлт өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн ба шүүх хуралдааны өмнө эм, эмчилгээний зардалд нийт 4,889,000 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг ирүүлсэн байна. Хохирогчийн шүүхэд ирүүлсэн баримтыг шинжлэн судалж үзэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 2,912,880 төгрөгийн баримт, хохирогч Б.Бат-Ерөөлтийн хувиасаа гаргаж эмчилгээндээ зарцуулсан 2,378,321 төгрөгийн зардлын баримт байна.

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлтэй гэж тогтоон ирүүлжээ. Энэхүү гэмт хэрэг нь 2024 оны 04 дүгээр сард үйлдэгдсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 3,300,000 төгрөг, баримтаар нэхэмжилсэн хохирогчийн эмчилгээний зардал 2,378,321 төгрөг, нийт 5,678,321 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Үүнээс шүүгдэгч Б.Эрдэнэдалай шүүх хуралдааны өмнө 4,000,000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлэн төлсөн баримтыг гаргаж өгсөн бөгөөд хохирогчид төлөх 5,678,321 төгрөгөөс уг мөнгийг хасаж, энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Эрдэнэдалайгаас 1,678,321 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бат-Ерөөлтөд олгох нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 2,912,880 төгрөгийн зардлыг нэхэмжилсэн баримт байхгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

     Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Харгана овогт Бат-Эрдэний Эрдэнэдалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бат-Эрдэний Эрдэнэдалайг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.


3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэдалай нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.


4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэдалайгаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг 1,678,321 /нэг сая зургаан зуун далан найман мянга гурван зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бат-Ерөөлтөд олгосугай.

5. Хохирогч Б.Бат-Ерөөлт нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд Б.Эрдэнэдалайгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА