Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

            Нарийн бичгийн дарга                     Ч.Ариунсайхан

            Улсын яллагч                                   Э.Энхбат

 Хохирогч                                          С.Хүрэлсүх

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.Хандмаа

 Шинжээч                                              Д.Золзаяа

                         Шүүгдэгч                                                В.Билэгдэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  В.Билэгдэмбэрэлд холбогдох 201618020142 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, 1994 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бул 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дугээр баг, Найрамдалын хэсгийн 1-01 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ванчинсүрэнгийн Билэгдэмбэрэл РД:/МБ:94120812/.

 

В.Билэгдэмбэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 30 минутын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Нарийн хөндий гэх газар Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг чиглэлийн төв асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн “96-98” УБЗ улсын дугаартай Тоyota Landcruiser 80 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж С.Хүрэлсүхийн жолоодон явсан “31-30” УБВ улсын дугаартай “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Н.Аман, Д.Мягмарсүрэн, Б.Цэндсүрэн нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгсэлд 10698000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Билэгдэмбэрэл мэдүүлэхдээ: … Би 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах Бороогийн алтны тээрэм ороод замаараа Батжаргал гэдэг айлынхаар ортол Атараа гэдэг эгч байсан. Тэр эгч говиос ирсэн ингэний хоормог уу гэхээр нь уугаад явах гэтэл машинд чинь Билэгээ, Төмөрөө, Анаргүль гээд 3 хүн дайгаад явуулчихъя  гэсэн. Тэгээд зам дээр гараад машинаа жолоодоод явж байтал урд Пажеро загварын машин замын хагархай дээр тормос гишгэхээр нь би араас нь мөргөх гээд байсан болохоор хажуу тийшээ дарсан. Тэгээд тоормослоод хажуу тийшээ орох гэтэл Пажеро загварын машин хажууд ирчихсэн байсан. Тэгэхээр нь замын хажуу руу үсэрчихье гэж бодоод дартал урдаас ирж явсан машинтай мөргөлдсөн. Тухайн үед миний согтуурлын хэмжээ 0,45 % гарч байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Хүрэлсүх мэдүүлэхдээ: … 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу “Toyota Prius-30” загварын “31-30” УБВ улсын дугаартай машинтай Мягмарсүрэн, Цэндсүрэн, Аман гэсэн 3 хүнтэй  оройн 20 цагийн орчим Баруунхараа өнгөрөөд Бороо-Гоулд руу явах замд явж байтал өөдөөс ногоон өнгийн Тоyota Landcruiser 80 загварын машин урд талынхаа машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад даялаад байсан. Би замын хөвөөрүүгээ /хажуу тал/ шахаад явахад хөвөө асфальт хоёрын голд мөргөлдсөн. Эхлээд цагдаа ирээд дараа нь эмнэлэгийн машин ирсэн. Би 11000000 төгрөг нэхэмжилж байгаа. Өөр зүйлгүй гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт Химийн ахлах шинжээч До.Золзаяа мэдүүлэхдээ: … Би энэ шинжилгээг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Э.Саруулын тогтоолын хамт 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Билэгдэмбэрэл 2190 гэсэн хаягтай хуруу шилтэй цусыг шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсээс хүлээж авсан. Шинжилгээгээ шинжилгээний аргачлалын дагуу хийгээд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дүгнэлтээ гаргаж өгсөн. Стандарт зааврын дагуу шинжилгээ хийхэд Билэгдэмбэрэл 2190 гэсэн цусанд этилийн агууламж илрээгүй гарсан болно. Миний хийж байгаа шинжилгээ бол цусанд нь спиртийн агууламж байна уу гэдгийг тогтоож байгаа шинжилгээ юм. Би шинжилгээгээ стандарт ажлын шаардлагын дагуу стандарт хэмжилзүйн шалгасан багажаар хийсэн. Тухайн хүнийг Драйгераар үлээлгээд 0,45 хувийн согтолттой гарсан. Хэдэн цагийн дараа цуснаас шинжилгээ авахад цусанд этилийн спирт илрээгүй. Тэгэхээр хүний биеэс тодорхой хугацааны дараа хөлс, амьсгалаар этилийн спирт гадагшлах боломжтой гэв.

 

                  Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Хүрэлсүх мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт гэртээ байж байтал Манай найз Лхагваа над руу залгаад 3 хүн Сэлэнгэ аймгаас ирж байна чи Улаанбаатар хот явахаар бол аваад явчих гэхээр нь би зөвшөөрөөд орой 19 цагийн үед нөгөө 3 хүнээ "Гялс" төвийн урдаас аваад ачаа тээшийг нь ачаад 19 цаг 22 минутанд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу хөдөлсөн. Ингээд Баянгол сум өнгөрөөд явж байтал эсрэг урсгалаас ногоон өнгийн Тоyota Landcruiser 80 загварын машин урдаа явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад болиод буцаж эгнээндээ орсоноо гэнэт буцаад урсгал сөрөөд гарч ирсэн. Тэгэхээр нь би тоормозоо гишгээд баруун гар тийш хөвөө рүү гарсан боловч өөдөөс ирээд мөргөсөн юм. Тэгээд эмнэлэг болон цагдаа ирсэн. Ослын улмаас миний зүүн талын гарын сарвуу хэсэгт маш их зүсэгдэж оёо тавиулсан. Боолт хийлгэхээр эмнэлэгийн байгууллагад нэг бус удаа очсон. Энэ гэмтэлтэй холбоотой тодорхой хэмжээний зардал гарсан, зардлын талаарх 300.000 төгрөгийн баримтуудыг цуглуулсан. Харин миний эзэмшлийн “Toyota Prius-30” загварын автомашины эвдрэлийн үнэлгээ 10.948.000 төгрөг болсон. Энэ хэрэг асуудал болсонтой холбоотой цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр Дархан-Уул аймгаас галт тэргээр 1 удаа, автомашин хөлсөлж 1 удаа, Улаанбаатар хотоос 1 удаа галт тэргээр ирсэн. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр машинаа журмын хашаанаас гаргаж авахад 40 хоногийн төлбөр хураамж 200.000 төгрөг төлсөн. Журмын хашаанаас машинаа Улаанбаатар хот руу ачуулж тээвэрлэн хүргэхэд 350.000 төгрөг зарцуулсан. Ингээд нийт зардал 13.084.000 төгрөг болсоныг нэхэмжилж байна. Билэгдэмбэрэл анх намайг тархины болон цээжний гэмтэл тодорхойлох томографикын зураг авхуулахад өөрөө 300.000 төгрөг өгсөнгэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р хуудас/

 

                  Мөрдөн байцаалтанд Хохирогч, Иргэний нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: ... 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би Оросын холбооны улсаас бараа аваад гэрлүүгээ явах гээд Дархан-Уул аймгаас машинд суугаад явж байтал төв замын өөдөөс манай машиныг чиглээд ногоон өнгийн Тоyota Landcruiser 80 загварын машин урсгал сөрж орж ирээд л мөргөсөн. Эмчилгээ сувилгаа шинжилгээнд 900000  төгрөг зарцуулагдсан байна. Уг мөнгөн дүн дээр Оросын холбооны улсаас худалдаж авсан хүнсний барааны үнэ болох 350000 төгрөгийг нэхэмжилнэ. Хөдөлмөрлөж чадахгүй өвдөж зовж байгаа учраас зээлээ төлж чадахгүй байна. Тийм учраас 3 сарын хугацаанд төлөх 1200000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Ингээд нийт 2450000 төгрөг нэхэмжилж байгаагаас Билэгдэмбэрэлээс 1200000 төгрөгийг хүлээн авсан. Одоо үлдэгдэл 1250000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-35-36-р хуудас/

 

                  Мөрдөн байцаалтанд Хохирогч, Иргэний нэхэмжлэгч Б.Цэндсүрэн мэдүүлэхдээ: ... 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би Мягмарсүрэн, Аман нарын хамт Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот явах гээд Хуяг гэх жолооч залуутай тохироод Сэлэнгээс бараагаа ачаад явж байтал Дархан-Уул аймаг дээр ирээд би явахаа болилоо гээд өөр машин дуудаад суулгасан. Ингээд 19 цагийн үед Дархан-Уул аймгаас гараад Баруунхараа өнгөрөөд явж байтал өөдөөс саарал өнгийн жийп ирж байтал түүний ардаас хар ногоон өнгийн жийп хурдтай гарч ирээд манай машиныг шууд мөргөсөн. Ингээд бид нар тэр газарт байж байтал эмнэлэг ирээд машин дотор сууж явсан эмэгтэйг авч яваад сүүлд ирж бид нарыг авч явсан. Рентген зураг авахуулах хагалгаанд орох эмчилгээнд шаардлагатай эм тариа авах зэрэгт 1300000 төгрөг зарцуулагдсан. Билэгдэмбэрэлийн зүгээс надад дээрх мөнгийг бэлнээр өгсөн. Би тухайн үед Оросын холбооны улсаас авсан 500000 төгрөгийн хүнсний бараа авч явсан. Эдгээр бараа осол болох үед шидэгдэн бутарч багахан хэмжээний зүйлийг бөөгнүүлж авсан. Тийм учраас 300000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-41-42-р хуудас/

 

                  Мөрдөн байцаалтанд Хохирогч, Иргэний нэхэмжлэгч Н.Аман мэдүүлэхдээ: ... Дархан-Уул аймгаас “Toyota Prius-30” загварын машинд суугаад Цэндсүрэн, Мягмарсүрэн гэх хоёр эгчтэйгээ цуг явж байтал өөдөөс урсгал сөрөөд ногоон өнгийн жийп шууд урдаас гараад иртэл манай машины жолооч хажуу тийш зам руу зогсох гэсэн боловч өөдөөс ирээд мөргөсөн. Би Налайх хотын эмнэлэгт 8 хоног хэвтсэн. Одоогоор гэртээ байгаа бөгөөд өөрөө босч чадахгүй байгаа болохоор хүнээр өргүүлж дэмжүүлж өндийн босдог. Ер нь би хүний гар хардаг болсон. Аарцагны хугаралтай болохоор хэцүү юм. Ер нь өвдөж зовиурлаад байгаа. Хэвтрийн дэглэм сахиад байж байна. Би зарим баримтуудыг цуглуулж чадаагүй. Гэхдээ цуглуулсан баримтаа тооцож барагцаалахад ойролцоогоор 1000000 орчим төгрөгний хохирол гараад байгаа. Уг хохирол дотор банкинд 1 cap зээл төлөлт 146000 орж байгаа юм. Зардалтай холбоотой нийт 14 ширхэг баримтыг таньд өгч байна. Билэгдэмбэрэлийн зүгээс 800000 төгрөг өгч тусалсан. Би Оросын холбооны улсаас 500000 төгрөгний бараа авч явсан юм. Ослын улмаас дээрх бараануудын сав баглаа боодол задарч шамбийн, ямбийгаад худалдаанд гаргах боломжгүй болсон учраас ах, дүү хамаадан садныхаа хүрээнд хувааж хэрэглэсэн. Цагаан будаа, шар будаанууд ослын улмаас холилдож газар дээрээс авах боломжгүй болчихсон байсан. Ийм учраас мөн 400000 төгрөг нэмж нэхэлжилнэ гэх мэдүүлэг /ХХ-73-74-р хуудас/

 

                  Мөрдөн байцаалтанд Гэрч С.Одгэрэл мэдүүлэхдээ: ... Уг авто машин бол миний нэр дээр эзэмшигчээр бүртгэгдсэн автомашин. Гэхдээ би уг автомашиныг хуурай дүү В.Билэгдэмбэрэлд 10000000 /арван сая/ төгрөгөөр 2016 оны 06 дугаар сарын 19-ны өдөр худалдсан. Эхний удаад түүнээс 5300000 /таван сая гурван зуун мянга/ төгрөг авсан ба үлдэгдлийг нь дараа нь авахаар тохироод машинаа түүнд өгөөд яаралтай ажил гарсан тул Архангай аймаг руу явчихсан юм. Ажил дууссаны дараа автомашин эзэмшигчийн нэр шилжүүлнэ гэсэн шийдвэртэй байсан. Би үлдэгдэл мөнгийг түүнээс нэхэмжлэхгүй ээ, харин энэ В.Билэгдэмбэрэл хохирогч нарынхаа мөнгийг төлнө биз. Миний хувьд одоо В.Билэгдэмбэрэлээс ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 80-р хуудас/

 

                  Мөрдөн байцаалтанд Гэрч Ц.Төмөр-Отгон мэдүүлэхдээ: ... Би тухайн өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байдаг "Нарт"-ын алтны тээрэм дээр ажлаа хийгээд байж байхад танил Билэгдэмбэрэл Тоyota Landcruiser 80 загварын машинтай хүрч ирсэн юм. Би түүнээс хаа хүрч яваа юм бэ, сумын төв орох уу гэж  асуухад хадлангийн газар үзчихээд явж байнаа, сумын төв орноо гэсэн. Тэгээд би найз бүсгүй Анаргүлийн хамт, мөн Билгээ эмэгтэй нарын хамт машинд суугаад "Бортолгой" гэдэг газрыг даваад төв асфальтан зам руу нийлээд хэсэгхэн явж байтал урд талд машин тоормослох чимээ сонсогдоод манай машин зүүн гар тийш мурилзаж гарахад эсрэг урсгалд өөдөөс машин гарч ирээд мөргөлдсөн юм. Би осол болох үед найз бүсгүйн хамт машины арын суудалд сууж явсан. Жолоочийн хажуугийн суудалд Билгээ эгч сууж явсан. Миний сууж явсан машинд мөргүүлсэн машин “Toyota Prius-30” загварын машин байсан. Дотор нь сууж явсан хүмүүс бэртэж гэмтсэн байсан. Удалгүй эмнэлэг, цагдаа нар ирж үзлэг хийсэн. Ослын улмаас миний биед бол ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин Анаргүлийн баруун талын мөр мултарчихсан байсан. Ер нь яахав урьд нь мултардаг байсан мөр юм гэсэн л дээ. Тухайн орой Анаргүль бид хоёр Дархан уул аймгийн эмнэлэг дээр очиход эмч нар түүний мөрийг мултарчихсан байна гээд оруулж өгсөн. Маргааш нь Анаргүль, Билгээ эгч бид гурав Улаанбаатар хот руу орж юмыг яаж мэдэх вэ, ослын улмаас тархи, нуруу, нугасанд өөрчлөлт орсон байж болзошгүй гээд рентген зураг авхуулахад ямар нэгэн өөрчлөлтгүй байна гэсэн. Рентген зураг авхуулахад Билэгдэмбэрэлийн эгч ах нар нь хамт явж төлбөрийг төлж байсан. Билгээ эгчийн бие нь зүгээр байна гэсэн. Миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 82-83-р хуудас/

 

                  Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-8-р хуудас/

 

                  2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Шинжээчийн №36 дугаартай дүгнэлт: … Тоyota Landcruiser 80 загварын “96-98” УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ... В.Билэгдэмбэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний  дурмийн 2.7 жолоочид дор дурьдсан зуйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зуйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ... 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно ... В.Билэгдэмбэрэл ЗХД зөрчсөнөөс зам тээврийн осол гарах нөхцөл бүрдүүлсэн гэх дүгнэлт /ХХ-ийн 90-р хуудас/   

                  2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №333 тоот дүгнэлтэнд: ...

                  1. Н.Аманы биед сүүж ясны далд бяцарсан хугарал, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                  3. Дээрхи гэмтэл нь шинэ үүссэн гэмтэл байна.

                  4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                  5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 93 дугаар хуудас/

                  2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №334 тоот дүгнэлтэнд: ...

                  1. Б.Цэндсүрэнгийн биед баруун бугалга ясны том төвгөр хэсгийн зөрүүтэй ташуу далд хугарал, баруун мөрний  булчингуудын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                  3. Дээрхи гэмтэл нь шинэ үүссэн гэмтэл байна.

                  4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                  5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 96 дугаар хуудас/

 

                  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №9171 тоот дүгнэлтэнд: ...

                  1. Д.Мягмарсүрэнгийн биед бүсэлхийн  5-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, цээж, хүзүү, зүүн бугалга, хоёр талын хөх хэвлий, баруун зүүн шуу, баруун бугалга, баруун зүүн гуя, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                  3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /ХХ-ийн 102 дугаар хуудас/

 

                  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №9142 тоот дүгнэлтэнд: ...

                  1. С.Хүрэлсүхийн биед баруун гарын хуруу, алганы шарх, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                  3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /ХХ-ийн 99 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн В.Билэгдэмбэрэл нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 138 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 141 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч В.Билэгдэмбэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Нарийн хөндий гэх газар Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлийн төв асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн “96-98” УБЗ улсын дугаартай Тоyota Landcruiser 80 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж С.Хүрэлсүхийн жолоодон явсан “31-30” УБВ улсын дугаартай “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Н.Аман, Д.Мягмарсүрэн, Б.Цэндсүрэн нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгсэлд 10698000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, техникийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

 Шүүгдэгч В.Билэгдэмбэрэл нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин осол гаргаснаас Н.Аманы биед сүүж ясны далд бяцарсан хугарал, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, Б.Цэндсүрэнгийн биед баруун бугалга ясны том төвгөр хэсгийн зөрүүтэй ташуу далд хугарал, баруун мөрний  булчингуудын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, Д.Мягмарсүрэнгийн биед бүсэлхийн  5-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, цээж, хүзүү, зүүн бугалга, хоёр талын хөх хэвлий, баруун зүүн шуу, баруун бугалга, баруун зүүн гуя, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, С.Хүрэлсүхийн биед баруун гарын хуруу, алганы шарх, зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт бүхий хөнгөн  гэмтэл тус тус учирсан ба энэ хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 0.45 хувийн согтолттой үедээ үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд прокурор энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.

 

Шүүгдэгч В.Билэгдэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзаж шүүгдэгчид хуульд заасан хэмжээгээр торгох ялаар шийтгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч В.Билэгдэмбэрэл нь Хохирогч, Иргэний нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнд  1200000 төгрөг төлсөн, Б.Цэндсүрэнд 1300000 төгрөг төлсөн, Н.Аманд 800000 төгрөг төлсөн, С.Хүрэлсүхэд 350000 төгрөг төлсөн байх ба Д.Мягмарсүрэн 1250000 төгрөг, Б.Цэндсүрэн 300000 төгрөг, Н.Аман 400000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Хүрэлсүх нь шүүгдэгчээс 13,084,000 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын шаардлага хангасан 11053050 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Хүрэлсүхэд олгох нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Харин Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ зам тээврийн ослоос учирсан  гэмтэлийг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардалаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн Toyota Landcruiser 80 загварын 96-98 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн №01089810 дугаартай гэрчилгээг өмчлөгчид нь буцаан олгох, В.Билэгдэмбэрэлийн №1103119 дугаартай “В” ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн  албанд хүргүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүдэгч В.Билэгдэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрїїгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дїгээр зїйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зїйлийн 296.1, 297 дугаар зїйлийн 297.1, 298 дугаар зїйлїїдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ванчинсүрэнгийн Билэгдэмбэрэлийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар В.Билэгдэмбэрэлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12240000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар В.Билэгдэмбэрэл нь торгох ялаас ноцтойгоор зайлхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг  анхааруулсугай.

4. Энэ хэрэгт хураагдан ирсэн Toyota Landcriuser 80 загварын 96-98 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн №01089810 дугаартай гэрчилгээг өмчлөгчид нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүдэгч В.Билэгдэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн  505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар В.Билэгдэмбэрэлээс бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 11053050 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6-р бичил хороолол, 27-А-5 тоотод оршин суух /ТД87092711/ Боржигон овогт Сумъяагийн Хүрэлсүхэд олгосугай.

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ зам тээврийн ослоос учирсан  гэмтэлийг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардалаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйл 330.1.3-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц В.Билэгдэмбэрэлийн  №1103119 дугаартай “В” ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн  албанд хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол В.Билэгдэмбэрэлд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д  зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг  гардуулснаас  хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  Давж заалдах шатны  шүүхэд гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.