Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 159/ШШ2022/0030

 

                                                                                              

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа би, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******гийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар дүгнэлттэй Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******д холбогдох “... *******од шийтгэл оногдуулсан 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0066306 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гаргасан тайлбарыг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******гийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар дүгнэлттэй танилцлаа. Тус дүгнэлтийг хариуцагч миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0066306 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ******* нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан шалгалтын явцад хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******ы 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0066306 дугаар шийтгэлийн хуудаст “... 1 дэх заалтад “150 нэгжээр торгох”, 2 дахь заалтад оногдуулах шийтгэлийг бэлэн эсвэл бэлэн бусаар сайн дураар биелүүлэх хэлбэрийг тусгах” гэж өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч ******* прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******ы 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0066306 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурорын “... *******од шийтгэл оногдуулсан 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0066306 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХЗАЯА