Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 202/ШЦТ/46

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч Г.Баасансүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, * ургийн овогт *д холбогдох эрүүгийн * тоот хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19* оны ** дүгээр сарын **-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, тракторчин мэргэжилтэй, ** ХХК-д тракторчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,  ** аймаг, ** сум, ** тосгон, * баг * тоотод оршин суух, Шавь ургийн овогт Гүрхүүгийн Баасансүрэн /РД:*/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Баасансүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Баасансүрэн нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 03 дугаар сарын  20-ны өдөр * аймгийн * сумын *р багийн нутаг “* төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ * улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:   

Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3 хуудас/

2. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаартай “*ийн цуснаас 0.5 промилли спиртийн агууламж илэрсэн байна, энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 12-14-р хуудас/,

3. 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 5-6 хуудас/

4. 2024 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр гэрч *аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/,

5. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрч *оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 24-р хуудас/,

6. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 26-28-р хуудас/,

7. 2024 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмын талаар яллагдагчид танилцуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 30-р хуудас/,

8. 2024 оны 06 дугаар сарын 20-ний өдөр яллагдагч *эс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 33-34-р хуудас/,

9. 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 38-р хуудас/,

10. Яллагдагч *гийн хувийн байдлыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 39-41-р хуудас/,

11. 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-43-р хуудас/,

12. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/,

13. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 45-р хуудас/,

14. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, зөрчлийн хэргийн талаарх баримтууд /хх-ийн 49-62-р хуудас/,

15. 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн яллагдагч *ийн гаргасан: “...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэгт холбогдон шалгагдсан миний бие өөрийн гэм бурууг хүлээж байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 64-р хуудас/,

16. 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтийг бүрэн /хэсэгчлэн/ хангах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 63-р хуудас/,

17. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай “Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хавтаст хэргийн 70-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн болно.

Прокурорын газраас шүүгдэгч Г.Баасансүрэн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч Г.Баасансүрэн нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 44-р хуудас/

            Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь * аймаг дахь * шүүх шинжилгээний төвийн * оны * дугаар сарын *-ны өдрийн * дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Иймд шүүгдэгч Г.Баасансүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Г.Баасансүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Г.Баасансүрэн нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч Г.Баасансүрэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 71-р хуудас/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Баасансүрэнд прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж, * аймгийн * сумын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч * ургийн овогт *г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж, * аймгийн * сумын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх хязгаарлалтыг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Баасансүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН