Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/47

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, * овогт *д холбогдох эрүүгийн * тоот хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19** оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, * *-р хороо, * хороолол, * дугаар байр* тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, * овогт * /РД:*/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Энхмандал нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Энхмандал нь 2024 оны 02 дугаар сарын 18-ний өдөр  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 115- 116 дахь км-т * улсын дугаартай  “*” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хашлага мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчиж явсан * биед баруун нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний зөөлөн эдийн няцрал, ил шарх, сээрний 9-р нугалмын хугарал гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:   

Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

1.2024 оны 03 дүгээр сарын 14-ний өдрийн хохирогч * өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад хамаатны хүүхэд болох Э.Энхмандал намайг Дархан-Уул аймгаас аваад Орхон аймаг цаашаа Хөвсгөл аймаг орохоор явсан. Тээврийн хэрэгслийг Э.Энхмандал жолоодож явсан. Тэгээд Хөтөл өнгөрөөд нэлээн явсан. Би замдаа ээж нь сайн явж байна гээд мессеж бичээд явж байсан. Гэтэл жолооч охин орилоод машин гэнэт далийгаад явчихсан. Тэгээд замын хажуугийн хашлага мөргөсөн. Миний нүүр хэсгээс цус гарсан. Жолооч охиныг яаралтай эмч дууд гэж хэлчхээд яачих ваа миний дүү гэсэн чинь машин гулгаад орчихлоо гэж хэлсэн. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Тэгсэн Баруунбүрэн сумын цагдаа, эмнэлэг ирсэн юм..., Би хамгаалах бүс зүүгээгүй байсан. ...Миний яг дээд талын төрсөн ах маань Хөвсгөл аймагт нас барсан гээд буяны ажилд нь оролцохоор явж байсан юм. Э.Энхмандал намайг Дарханаас аваад бид хоёр хамт явж байсан. ...Би арын суудал дээр сууж явсан учраас харсан. 70-80 км цагийн хурдтай л явж байсан... Миний баруун хөмсөг сэтэрсэн, доод зовхи урагдсан, хамрын дээд хэсгээр язарсан шархтай, зүүн хацарт шил зоогдсон, зүүн өвдөг шилбэ, гуя нэлэнхийдээ хөхөрч няцарсан, баруун шилбэ хөхөрсөн байсан. Баруун мөр хөхөрсөн, цээж хөхөрсөн зүүн шанаа хөхөрсөн байсан. ...Эмчилгээ хийлгэж дуусаагүй байна. Гарсан зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51-р хуудас/,

2. 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрч *аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 64-р хуудас/,

3. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрч *ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 66-67-р хуудас/,

4. 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03-р хуудас/,

5. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 4-р хуудас/,

6. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-9-р хуудас/,

7. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-14-р хуудас/,

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч *ийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3641 дугаартай “*ын биед баруун нүдний нулимсны сувгийн тасрал, баруун нүдний зөөлөн эдийн няцрал, ил шарх, сээрний 9-р нугалмын хугарал гэмтлүүд тогтоогдлоо, …дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,

9. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай Зам тээврийн ослын талаарх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-р хуудас/,

10.  2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 73-76-р хуудас/,

11.2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч *аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 80-р хуудас/

12. 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-84-р хуудас/

13. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 86-95-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн болно.

Прокурорын газраас шүүгдэгч Э.Энхмандал нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.Энхмандал нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, замын хашлага мөргөсний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан *гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь холбогдох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, эрх бүхий байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлтээр Э.Энхмандал нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийн бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Э.Энхмандал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Э.Энхмандал нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч Э*д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Э.Энхмандал нь хохирогч *д эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн Эрүүл мэндэд учирсан гэм хорыг барагдуулсан тухай баримтаар нотлогдож байна.

Хохирогч нь хавтаст хэрэгт эрүүл мэндэд учирсан хохиролд 1.427.159 төгрөгийн баримтыг хавсаргасан байх бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөөтээгүүр *нь бие эрүүл мэндийн байдал хэвийн болоогүй тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдэгдсэн тул хохирогчийн цаашид эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч  нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 108-р хуудас/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Энхмандалд прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч * овогт *ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхмандалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *д мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН