Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 154/ШШ2021/00029

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 154/ШШ2021/00029

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Б багт оршин суух, РД:, ******* овогт*******ын*******ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Оюунбилэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ж.Оюунбилэг нь 1970 онд төрсөн. 1985 онд 7 дугаар ангиа төгсөөд хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад аавыгаа дагаж мал маллаж байсан. 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Жаргалын зам нэгдлийн гишүүнээр элсэж мал хүлээн авч нэгдлийн малчнаар ажиллаж эхэлсэн. 1992 он хүртэл тасралтгүй ажиллаж байгаад Жаргалын зам ХК-д саалчнаар ажиллаж байсан.

Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1986-1993 оныг дуустал малчин, саалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Оюунбилэгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Ж.Оюунбилэг нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид тус тус малчин, саалчнаар ажиллаж байсан болох нь:

- түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Ж.Оюунбилэгийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1986-1990 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд тэмдэглэгдсэн,

- 1990 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1991-1993 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд тэмдэглэгдсэн,

- Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11 тоот албан бичиг,

- К.Төмөржөөний шүүхэд гэрчээр өгсөн: ...Ж.Оюунбилэг нь 1986 онд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан. Ж.Оюунбилэг нь бог мал маллаж байсан. Нэгдлийн даргаар М.Баавдай, Байтаг багийн даргаар Т.Дорж нар ажиллаж байсан. Малчид 200-300 төгрөгний цалин авдаг байсан. Ж.Оюунбилэг нь 1986 оноос 1994 оныг дуустал тасралтгүй мал маллаж байсан. 1992 онд Жаргалын зам нэгдэл тарж компани болоход компаний мал маллаж байсан... гэх мэдүүлэг,

- Д.Цэцэгмаагийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1972 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Байтаг багт саалчнаар ажиллаж байсан. Ж.Оюунбилэг нь 1986 оноос эхлэн хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийн хамт мал маллаж байсан. Ж.Оюунбилэг нь 500 гаруй бог мал маллаж байсан. ...Жаргалын зам нэгдэл 1993 онд тараад Жаргалын зам хувьцаат компани болсон. Ж.Оюунбилэг 1986 оноос 1994 оныг дуустал Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам хувьцаат компанид тасралтгүй малчин, саалчин байсан юм гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Ж.Оюунбилэг нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт*******ын*******ийг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ