Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
Хэргийн индекс | 154/2021/00026/И |
Дугаар | 154/ШШ2021/00030 |
Огноо | 2021-01-28 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 154/ШШ2021/00030
2021 оны 01 сарын 28 өдөр | Дугаар 154/ШШ2021/00030 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суух, РД:, Б овогт З гийн Б ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, хүсэлт гаргагч З.Батдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Батдэлгэр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1981 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч Мөст сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Би 1984 онд цэргийн албанд татагдаад 1987 онд халагдсан. Цэргээс ирээд мөн Туяа нэгдэлдээ мал маллаж байсан ба 1991 оныг дуустал ажиллаж байсан. 1988 онд Н.Наранцэцэгтэй гэр бүл болоод эхнэрийн хамт үржлийн хонь маллаж байсан юм.
Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1981-1984, 1987-1991 онд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
З.Батдэлгэрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
З.Батдэлгэр нь 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, мөн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 52 тоот: Ховд аймгийн Мөст сумын 3 дугаар бригадын 1983-1984, 1987-1991 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв гэх лавлагаа,
- З.Батдэлгэрийн 1983-1984, 1987-1991 онд Ховд аймгийн Мөст сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн хөлс /70 дугаар данс/-ний түүвэр ,
- Ховд аймгийн Мөст сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 тоот албан бичиг,
- Ж.Лхагвадоржийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1987 оноос эхлэн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд зоо техникчээр ажиллаж байсан. З.Батдэлгэр нь 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Баянхайрхан багт эцэг эхийн хамт бог мал маллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдаж яваад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт 1991 оныг дуустал мал малласан. Нэгдлийн даргаар Алтангэрэл ажиллаж байсан. З.Батдэлгэр нь сайн малчин байсан, сайшаалын үнэмлэх, баярын бичгээр шагнуулж байсан... гэх мэдүүлэг,
- А.Сүхбаатарын шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1976 оноос эхлэн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан. З.Батдэлгэр нь 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Баянхайрхан, Баянзүрх багт эцэг эхийн хамт бог, бод мал маллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдаж яваад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд мөн нэгдлийн мал маллаж байсан. З.Батдэлгэр 1981-1991 оныг дуустал малчнаар ажиллаж байгаад 1992 оноос эхлэн Баянзүрх багийн даргаар ажилласан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Балигаа овогт Зальдаагийн Батдэлгэрийг 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, мөн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ