Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 154/ШШ2021/00031

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 154/ШШ2021/00031

Булган сум

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ БАТАЛЖ,

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл би Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух Их шарнууд овогт Нукаагийн *******ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух Түмэнээхэн овогт ******* *******д холбогдох зээлээр худалдаж авсан бараа, материалын үнэ 210.000 /хоёр зуун арван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019 оны 01 дүгээр сард иргэн Б.*******д 210.000 төгрөгний бараа материалыг зээлээр өгсөн юм. Б.******* нь зээлээр худалдаж авсан бараа, материалын үнэ 210.000 төгрөгийг төлөхгүй байгаа тул энэ мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээлээр худалдаж авсан бараа, материалын үнэ 210.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь зээлээр худалдаж авсан бараа, материалын үнэ 210.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлага 210.000 / хоёр зуун арван мянган / төгрөгийг хариуцагч Б.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6950 төгрөгийн 3475 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын төрийн сангийн данснаас, 3475 төгрөгийг хариуцагч Б.*******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ