| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 618/2024/0167/э |
| Дугаар | 2024/ШЦТ/171 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.Бямбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/171
2024 06 14 2024/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Хохирогч Х.Гүнчин-Иш
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх
Шүүгдэгч Б.Мөнхсарнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амирд овогт Бархасбаярын Мөнхсарнайд холбогдох эрүүгийн 2321004000177 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Скайя сервис ХХК-д хүний нөөцийн менежер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Маршал хотхон 76-г-25 тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 104-44 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Амирд овогт Бархасбаярын Мөнхсарнай. /РД: ЖЮ99091201/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Мөнхсарнай нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэндли ББСБ-д харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр 47,000,000 төгрөгийн зээл гаргаж, мөнгийг хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Мөнхсарнай шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2022 оны 12 дугаар сард Сэндли ББСБ-д ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ажлаа журмын дагуу сайн хийж байсан. 2023 оны 06-08 сарын хооронд мөрийтэй тоглоом гэдэг зүйлд орж, эхлээд 10,000,000 төгрөг авч алдсан. Тухайн мөнгийг дарах гэж нэмж мөнгө авсаар байгаад 2 сарын хугацаанд ийм байдалд орсон. Өөрийн хийсэн тэнэг үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Өрөнд орсон тул нөхрөөсөө салсан ба одоо 2 настай хүүхдээ өсгөж байна. 2023 оны 10, 11 дүгээр саруудад авсан 47,000,000 төгрөгөөсөө 17,220,000 төгрөг төлсөн. Одоо 29,780,000 төгрөгийг төлөх ёстой. Хүүхэд маань жоохон учраас Улаанбаатар хотод 11 дүгээр сард бид хоёр эмнэлэгт хэвтсэн. Банк бусаас ийм асуудал гаргаж ажлаасаа гарсан тул банк, банк бус санхүүгийн байгууллагад ажиллах боломжгүй болсон. Одоо Sky serves компанид хүний нөөцийн менежерээр ажиллаад 2 сар болж байна. Миний нэр дээр одоо цалин болон аппликейшний зээл байхгүй учраас 6 сар ажиллаад цалингийн зээл авч хохирлыг төлж барагдуулна. Шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал 1,500,000 төгрөгийг нэмж төлөхөд татгалзах зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Х.Гүнчин-Иш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөнхсарнайгийн хэлсэн хохирол төлсөн төлбөрийн хэмжээ таарч байна. Манай байгууллага нь бусад банк бус болон хадгаламж зээлийн хоршоо, банкнаас санхүүжилт авч зээлээр санхүүждэг байгууллага. Мөнхсарнайгийн авсан мөнгөний хүү нь зогсоогүй байгаа. Хөдлөнгийн аудитын төлбөр 1,500,000 төгрөгийг манай байгууллага гаргасан тул нэхэмжилнэ. Энэ асуудалд Жавхлан гэх хүний нэр дурдагдахгүй байна. Энэ хүн Мөнхгэрэлийн дүү ба 01 дүгээр сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээл гаргасан байдаг. Энэ хүний бичиг баримт, материал нь бүрэн байдаг. Мөнхсарнай нь Жавхлантай нийлж залилах хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар Мөнхсарнайгаас нийт 49,447,280 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч Х.Гүнчин-Ишийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг Сэндли ББСБ-н салбарын захирлаар ажиллаж эхэлсэн. Ингээд ажил авахад манай байгууллага зээлийн 2 ажилтантай байсан. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай төв байгууллагаас хүмүүс ирж шалгалт явуулахад манай харилцааны менежер Мөнхсарнай нь өөрийн хадам өвөө Нэргүйн нэр дээр ямар нэгэн зээлийн гэрээ байгуулалгүй, харилцагч өөрийн биеэр ирж зээл хүсээгүй байхад дур мэдэж 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээл, мөн хадам ээж Сарантуяагийн нэр дээр ямар нэгэн материал бүрдүүлэлгүй 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, ах Гээпилийн нэр дээр 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, төрсөн дүү Мөнхзаяагийн нэр дээр 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, О.Мөнхгэрэл гэх хүний нэр дээр 5,000,000 төгрөг нийт 47,000,000 төгрөгийн зээлийг хуурамчаар гаргаж манай байгууллагад хохирол учруулаад байгаа юм. Манай байгууллагын зүгээс С.Нэргүй гэх хүнтэй уулзахад Мөнхсарнай гэх хүнийг танихгүй танай байгууллагаас 10,000,000 төгрөгийн зээл авч байгаагүй гэж хэлсэн. Ингээд Мөнхсарнайтай уулзахад би хүмүүсийн нэр дээр хуурамч зээл гаргаж мөрийтэй тоглоод алдсан. 2023 оны 10 дугаар сарын 01-ний дотор байгууллагыг ямар нэгэн хохиролгүй болгоно гэж хэлсэн. ...Манай байгууллагад харилцагч нь өөрөө ирж зээл хүсэгчийн анкет бөглөнө, мөн цалин ордог дансны хуулга сүүлийн 6 сарын байдлаар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, өмнө зээлтэй эсэх лавлагаа зэрэг материалыг бүрдүүлж байж зээлийн судалгаанд хамрагддаг. Зээлийн судалгаанд хамрагдаж шаардлага хангасан тохиолдолд салбарын захирлаар хянагдаж зөвшөөрөгдвөл зээлийн гэрээ байгуулж зээл олгогддог. Б.Мөнхсарнайн хувьд өөрийн танил 6 хүний хувийн мэдээллийг ашиглан зээлийн ямар ч гэрээ байгуулалгүй салбарын захирлаар хянуулахгүй шууд зээл олгож өөртөө ашигласан байгаа юм. ...Манай байгууллага хохирлоо яаралтай барагдуулж авмаар байна. Мөн санхүүгийн шинжилгээ хийлгэхэд 1,500,000 төгрөгийг Өндөрхаан Итгэл Аудитын компанид өгч байж дүгнэлт гаргуулсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57, 134-135/
Гэрч С.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Мөнхсарнайг танина, миний охин Сарантуяагийн хүү Сумъяабазарын эхнэр нь байгаа юм. 2022 оны 5 сар орчим шиг санагдаж байна, над руу утсаар яриад та зээлтэй юу гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь би таны нэр дээр хэдэн төгрөг зээлээр аваад төлөлтийг нь өөрөө төлөөд явна та санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Сити центрт байрлах Б.Мөнхсарнайн ажил дээр нь очиж гарын үсэг зураад зээл авч өгч байсан юм. ...Харин 2023 онд бол зээл авч байгаагүй санагдаж байна. Над руу утсаар ярьж хэлж байгаагүй. ...Харахад төлөв томоотой хүүхэд шиг харагддаг. Би хажууд нь байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/
Гэрч Н.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Мөнхсарнайн аав Бархасбаярын төрсөн ээж нь, Мөнхсарнайг бага байхаас нь өсгөж хүн болгосон. Надад миний нэр дээр зээл авсан талаар хэлээгүй. Би банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч үзээгүй. 2023 оны 09 сарын орчим шиг санагдаж байна, намайг эмнэлэгт хэвтэж байхад Мөнхсарнай надад хүн утсаар яриад зээлээ төлж байгаа юу гэж асуувал төлж байгаа гэж хэлээрэй гэж хэлсэн. Мөн нэг танихгүй дугаараас над руу залгаад зээлээ төлж байгаа юу гэхээр нь би зээл авч байгаагүй гэж хэлсэн. Ингээд би нөхөр Сумъяабазар руу нь утсаар ярьж миний нэр дээр Мөнхсарнай зээл авсан уу гэж асууж байж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/
Гэрч Б.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхсарнай нь миний төрсөн эгч байгаа юм. ...2023 оны 08 сард шиг санагдаж байна, Мөнхсарнай чат бичээд “Нi рау” аппликейшн татаж аваад бүртгүүлээд кодоо өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь яах гэж байгаа юм гэхэд чамд хамаагүй зүгээр өгчих гэж хэлсэн. Бүртгүүлээд баталгаажуулаад буцаад орох гэсэн чинь кодыг нь сольсон байхаар нь нууц үгээ сэргээгээд орсон чинь миний нэрээр Мөнхсарнай 2,000,000 төгрөг зээлээр авсан байсан. ...2023 оны 11 сарын орчим шиг санагдаж байна зээлийг бүрэн төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 120/
Гэрч Н.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сард Сэндли ББСБ-с хэрэглээний зээл 2,000,000 орчим төгрөг зээлээр авсан. Ингээд 2023 оны 08 дугаар сард зээлээ бүрэн төлж дуусгасан. Үүнээс хойш Сэндли ББСБ-с зээл авч байгаагүй. Ингээд 2023 оны 08 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна, манай бэр охин Мөнхсарнай над руу утсаар яриад манай ажил дээр шалгалт ирсэн, таны зээлийг арай төлж дуусгаагүй байгаа. Манай ажлаас хүн залгавал утсаа битгий аваарай. Хэрвээ авахаар бол зээлээ удахгүй төлнө гэж хэлээрэй гэж хэлсэн. Учир нь Мөнхсарнай Сэндли ББСБ-т ажилладаг байсан бөгөөд би зээлээ төлөхдөө Мөнхсарнайн данс руу шилжүүлээд хөдөө явчихсан байсан юм. ...Би 10,000,000 төгрөг огт зээлээр авч байгаагүй. Манай хүү Сумъяабазарын эхнэр Мөнхсарнай нь миний нэр дээр зээл авсныг 2023 оны 10 дугаар сард л мэдсэн. Мөнхсарнай, Сумъяабазар нар нэг гэрт амьдрахаа болиод бэр Мөнхсарнай гэртээ ирэхгүй байхаар нь би хүүгээсээ асуусан чинь Мөнхсарнай ажилладаг ББСБ-с танилуудын нэр дээр зээл гаргаад өөрөө хэрэглэсэн байна гэж надад хэлсэн. Би өөрийн авсан зээлээ бүрэн төлөөд явсан. Мөнхсарнай миний нэр дээр зээл авах гэж байгаагаа хэлээгүй. ...Одоо бол манай хүү Мөнхсарнай нар хоорондоо таарч тохирохгүй болоод 2 тийшээ болсон. Мөнхсарнай Улаанбаатар хотод амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 140/
Гэрч О.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би банк бус санхүүгийн байгууллагаас огт зээл авч байгаагүй. Миний хэрэглэдэг гар утасны аппликейшн болох Соно, Нөмөр, Лэнд.мн зэргийг ашигладаг юм. Харин Сэндли-г бол огт ашиглаж байгаагүй, хаана үйл ажиллагаа явуулдаг талаар ч мэдэхгүй. 2023 оны 10 сард шиг санагдаж байна Сэндли ББСБ-с ярьж байна, таны зээлийн хугацаа хэтэрсэн байна, та зээлээ төлөөрэй гэхэд нь би танайхаас зээл аваагүй, би зээл авсан ч хугацаандаа төлөөд явдаг гэж хэлэхэд Дорнод аймгийн салбар дээр очиж уулзаарай гээд тасалсан. Ингээд хэд хоногийн дараа ...Сэндли ББСБ-н ажилтан нь надтай ирж уулзаад миний дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг байхаар нь би танайхаас зээл аваагүй гэдгээ хэлээд явуулсан. ...Сэндли ББСБ-н ажилтан нь надтай ирж уулзаад таны нэрийн өмнөөс манай ажилтан зээл аваад өөрийнхөө данс руу шилжүүлсэн байна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 142/
Гэрч Э.Гээпэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр миний гар утас руу Дорнод аймгийн цагдаагийн газраас залгаад та зээл авсан байна гэж хэлсэн. Би Сэндли ББСБ-аас зээл аваагүй болохоор гайхаад ямар учиртай зээл юм, би зээл авсан бол өөрөө гарын үсэг зураад авсан байх ёстой, тийм зүйл болоогүй болохоор зээл аваагүй гэж хэлсэн. Би Мөнхсарнайг танихгүй, түүний ээж Лхамсүрэн эгчийг танина. Лхамсүрэн нь манай эхнэрийн үеэл нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145/
Шүүгдэгч Б.Мөнхсарнайгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Сэндли ББСБ-н Дорнод аймаг дахь салбарт 2022 оны 12 дугаар сард харилцааны менежерээр ажилд ороод ажиллаж эхэлсэн. Ингээд би цахим тоглоом тоглож мөнгө алдаад өрөнд ороод мөнгөний хэрэг гараад хадам өвөө С.Нэргүйд би таны нэр дээр мөнгө зээлж гаргуулаад төлбөрийг өөрөө төлөөд явъя гэж хэлээд үнийн дүнг хэлэлгүй 10,000,000 төгрөг нэр дээр өөрийн ажилладаг банк бус санхүүгийн байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргаж өөрөө хэрэглэсэн. Дараа нь хадам ээж Н.Сарантуяад хэлэлгүй түүний нэр дээр 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг гаргуулсан. 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эмээ Н.Долгорсүрэнд хэлэлгүй түүний нэр дээр 10,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай үеэл эгч Бадамхандын нөхөр Гээпилд хэлэлгүй 10,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өөрийн төрсөн дүү Мөнхзаяад нэр дээр чинь зээл гаргууллаа гэж хэлээд 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, танил эгч Мөнхгэрэлийн нэр дээр 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрт нь хэлэхгүйгээр 5,000,000 төгрөгийг тус тус банк бус санхүүгийн байгууллагаас гаргуулсан. ...Би энэ мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тоглоод алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 182-183, 186/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/
- Сэндли ББСБ-аас Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 15/
- Сэндли ББСБ-ын Дорнод салбарт хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлангийн хуулбар /хх-ийн 16-27/
- Б.Мөнхсарнайгийн Сэндли ББСБ-д гаргасан хүсэлт /хх-ийн 28/
- Б.Мөнхсарнайгийн эрсдэл хяналт шалгалтанд өгсөн тайлбар /хх-ийн 29-31/
- Б.Мөнхсарнайгийн ажилд орохыг хүсэгчийн өргөдөл маягт, дипломын хуулбар, хөдөлмөрийн гэрээ, туршилтын ажилтан болон үндсэн ажилтнаар томилох гүйцэтгэх захирлын тушаалууд /хх-ийн 32-52/
- Б.Мөнхсарнайгийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 73-102/
- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 103-109/
- “ӨндөрХаан Итгэл-Аудит” ХХК-ний нягтлан бодох бүртгэл санхүүгийн хөндлөнгийн хяналт, үйлчилгээний итгэмжлэгдсэн байгууллагын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121-125/
- Б.Мөнхсарнайгийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 189/
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 192-194/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 196/ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн түр оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зээл төлөлтийн талаарх баримт /8 хуудас задгай баримт/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Мөнхсарнайд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Мөнхсарнай нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэндли ББСБ-д харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа нэр бүхий 6 хүний нэр дээр 47,000,000 төгрөгийн зээл гаргаж, мөнгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Мөнхсарнайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Сэндли ББСБ-н Дорнод аймаг дахь салбарт 2022 оны 12 дугаар сард харилцааны менежерээр ажилд ороод ажиллаж эхэлсэн. Ингээд би цахим тоглоом тоглож мөнгө алдаад өрөнд ороод мөнгөний хэрэг гараад хадам өвөө Нэргүйд би таны нэр дээр мөнгө зээлж гаргуулаад төлбөрийг өөрөө төлөөд явъя гэж хэлээд үнийн дүнг хэлэлгүй 10,000,000 төгрөг өөрийн ажилладаг банк бус санхүүгийн байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргаж өөрөө хэрэглэсэн. Дараа нь хадам ээж Сарантуяад хэлэлгүй түүний нэр дээр 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг гаргуулсан. 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эмээ Долгорсүрэнд хэлэлгүй түүний нэр дээр 10,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай үеэл эгч Бадамхандын нөхөр Гээпилд хэлэлгүй 10,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өөрийн төрсөн дүү Мөнхзаяад нэр дээр чинь зээл гаргууллаа гэж хэлээд 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, танил эгч Мөнхгэрэлийн нэр дээр 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрт нь хэлэхгүйгээр 5,000,000 төгрөг тус тус банк бус санхүүгийн байгууллагаас гаргуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч Х.Гүнчин-Иш “...2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай төв байгууллагаас хүмүүс ирж шалгалт явуулахад манай харилцааны менежер Мөнхсарнай нь өөрийн хадам өвөө Нэргүйн нэр дээр ямар нэгэн зээлийн гэрээ байгуулалгүй, харилцагч өөрийн биеэр ирж зээл хүсээгүй байхад дур мэдэж 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээл, мөн хадам ээж Сарантуяагийн нэр дээр ямар нэгэн материал бүрдүүлэлгүй 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, ах Гээпилийн нэр дээр 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, төрсөн дүү Мөнхзаяагийн нэр дээр 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, Мөнхгэрэл гэх хүний нэр дээр 5,000,000 төгрөг нийт 47,000,000 төгрөгийн зээлийг хуурамчаар гаргаж манай байгууллагад хохирол учруулаад байна...” гэх мэдүүлэг, гэрч С.Нэргүйгийн “...2022 оны 5 сар орчим шиг санагдаж байна, над руу утсаар яриад та зээлтэй юу гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь би таны нэр дээр хэдэн төгрөг зээлээр аваад төлөлтийг нь өөрөө төлөөд явна та санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Сити центрт байрлах Мөнхсарнайн ажил дээр нь очиж гарын үсэг зураад зээл авч өгч байсан юм. ...Харин 2023 онд бол зээл авч байгаагүй санагдаж байна. Над руу утсаар ярьж хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Н.Долгорсүрэнгийн “...2023 оны 09 сарын орчим шиг санагдаж байна, намайг эмнэлэгт хэвтэж байхад Мөнхсарнай надад хүн утсаар яриад зээлээ төлж байгаа юу гэж асуувал төлж байгаа гэж хэлээрэй гэж хэлсэн. Мөн нэг танихгүй дугаараас над руу залгаад зээлээ төлж байгаа юу гэхээр нь би зээл авч байгаагүй гэж хэлсэн. Ингээд би нөхөр Сумъяабазар руу нь утсаар ярьж миний нэр дээр Мөнхсарнай зээл авсан уу гэж асууж байж мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнхзаяагийн “...Мөнхсарнай чат бичээд “Нi рау” аппликейшн татаж аваад бүртгүүлээд кодоо өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь яах гэж байгаа юм гэхэд чамд хамаагүй зүгээр өгчих гэж хэлсэн. Бүртгүүлээд баталгаажуулаад буцаад орох гэсэн чинь кодыг нь сольсон байхаар нь нууц үгээ сэргээгээд орсон чинь миний нэрээр Мөнхсарнай 2,000,000 төгрөг зээлээр авсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Сарантуяагийн “...2023 оны 06 дугаар сард Сэндли ББСБ-с хэрэглээний 2,000,000 орчим төгрөг зээлээр авсан. Ингээд 2023 оны 08 дугаар сард зээлээ бүрэн төлж дуусгасан. Үүнээс хойш Сэндли ББСБ-с зээл авч байгаагүй. 2023 оны 08 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна, манай бэр охин Мөнхсарнай над руу утсаар яриад манай ажил дээр шалгалт ирсэн, таны зээлийг арай төлж дуусгаагүй байгаа. Манай ажлаас хүн залгавал утсаа битгий аваарай. Хэрвээ авахаар бол зээлээ удахгүй төлнө гэж хэлээрэй гэсэн. ...Би 10,000,000 төгрөг зээлээр авч байгаагүй. Манай хүү Сумъяабазарын эхнэр Мөнхсарнай нь миний нэр дээр зээл авсныг 2023 оны 10 дугаар сард л мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Мөнхгэрэлийн “...2023 оны 10 сард шиг санагдаж байна Сэндли ББСБ-с ярьж байна, таны зээлийн хугацаа хэтэрсэн байна, та зээлээ төлөөрэй гэхэд нь би танайхаас зээл аваагүй, би зээл авсан ч хугацаандаа төлөөд явдаг гэж хэлэхэд Дорнод аймгийн салбар дээр очиж уулзаарай гээд тасалсан. ...Сэндли ББСБ-н ажилтан нь надтай ирж уулзаад таны нэрийн өмнөөс манай ажилтан зээл аваад өөрийнхөө данс руу шилжүүлсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Гээпэлийн “...Өчигдөр миний гар утас руу Дорнод аймгийн цагдаагийн газраас залгаад та зээл авсан байна гэж хэлсэн. Би Сэндли ББСБ-аас зээл аваагүй болохоор гайхаад ямар учиртай зээл юм, би зээл авсан бол өөрөө гарын үсэг зураад авсан байх ёстой, тийм зүйл болоогүй болохоор зээл аваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Сэндли ББСБ-аас Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, ӨндөрХаан Итгэл-Аудит ХХК-ний шинжээчийн дүгнэлт, Сэндли ББСБ-ын Дорнод салбарт хийсэн ээлжит иж бүрэн шалгалтын тайлан, Б.Мөнхсарнайгийн Сэндли ББСБ-д гаргасан хүсэлт, эрсдэл хяналт шалгалтанд өгсөн тайлбар, шүүгдэгчийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлжээ. Сэндли ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Одгэрэл нь Дорнод аймгийн салбарын захирал Х.Гүнчин-Ишийг уг хэрэгт хохирогчоор /хх-ийн 15/ оролцуулах итгэмжлэлийг өгсөн байна. Шүүх хуралдаанд хохирогч Х.Гүнчин-Иш “...Манай байгууллага нь санхүүгийн эх үүсвэрээ өөр банк болон банк бус санхүүгийн байгууллагаас бүрдүүлдэг тул зээлийн хүү зогсох боломжгүй байдаг. Өндөрхаан Итгэл-Аудит ХХК-ний шинжээчийн дүгнэлтэд зааснаар зээлийн үлдэгдэл дээр зээлийн хүү нэмэгдэж нийт хохирол тооцогдох болно гэсний дагуу өнөөдрийн байдлаар Б.Мөнхсарнайгаас зээл, зээлийн хүү болон аудитын газрын дүгнэлт гаргуулахад зарцуулсан 1,500,000 төгрөг нийт 49,447,280 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Мөнхсарнайг Жавхлантай нийлж залилах хэргийг үйлдсэн гэж үзэж байна...” гэж мэдүүлдэг.
Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Мөнхсарнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус хуульчилжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан завших гэмт хэрэг нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан байхыг шаарддаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөгч ба хууль ёсоор эзэмшигчийг хуурах эсхүл итгэлийг нь эвдэх замаар тэдгээрийг эзэмших, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөртөө авсан эсхүл бусдад шилжүүлсэн байдлаар үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгч Б.Мөнхсарнай 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэндли ББСБ-д харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа хадам өвөө С.Нэргүйн нэр дээр 10,000,000 төгрөг, хадам ээж Н.Сарантуяагийн нэр дээр 10,000,000 төгрөг, өөрийн эмээ Н.Долгорсүрэнгийн нэр дээр 10,000,000 төгрөг, үеэл эгч Бадамхандын нөхөр Э.Гээпилийн нэр дээр 10,000,000 төгрөг, төрсөн дүү Б.Мөнхзаяагийн нэр дээр 2,000,000 төгрөг, танил эгч О.Мөнхгэрэлийн нэр дээр 5,000,000 төгрөг нийт 47,000,000 төгрөгийн зээлийг ямар ч бичиг баримт бүрдүүлэлгүй тус банк бус санхүүгийн байгууллагаас аваад өөрөө захиран зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Мөнхсарнай нь Сэндли ББСБ-ийн Дорнод аймаг дахь салбарын харилцааны менежерээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Сэндли ББСБ-ийн гүйцэтгэх захирлын ажилд томилсон тухай тушаалууд, хөдөлмөрийн гэрээнүүд, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд Б.Мөнхсарнай нь харилцааны менежерийн хувьд зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зээлийн гэрээний материал бүрдүүлэхэд тусалж, бүрдүүлсэн материалын дагуу зээлийн судалгаа шинжилгээ хийх, эргэн төлөлтийг хянах чиг үүрэгтэй байна.
Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд Жавхлан гэх хүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгуулах талаар хүсэлт гаргаагүй, Жавхлан гэх хүнийг асуусан талаарх баримт хэрэгт байхгүй байх тул шүүгдэгчийг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна энэ гэмт хэргийн улмаас Сэндли ББСБ-д 47,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогч Х.Гүнчин-Ишийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч Б.Мөнхсарнайгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн шинжийг хангасан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Мөнхсарнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Мөнхсарнайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Мөнхсарнай нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцан арилгах үүрэгтэй байна.
Шүүгдэгч Б.Мөнхсарнайгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Сэндли ББСБ-д 47,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь уг хохирлоос 17,220,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн хохирол төлсөн баримт, шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Мөнхсарнайгаас 29,780,000 /47,000,000-17,220,000/ төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал 1,500,000 төгрөг нийт 31,280,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Сэндли ББСБ /Х.Гүнчин-Иш/-д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Мөнхсарнай нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, одоо Скайя сервис ХХК-д хүний нөөцийн менежерээр ажилладаг, тогтмол орлоготой, ам бүл 2, бага насны хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал, хохирол төлбөрөөс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 17,220,000 төгрөг төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Амирд овогт Бархасбаярын Мөнхсарнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бархасбаярын Мөнхсарнайг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхсарнайгийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Мөнхсарнайд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхсарнайгаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 31,280,000 /гучин нэгэн сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Сэндли ББСБ-д /Х.Гүнчин-Иш/ олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мөнхсарнайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА